Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00047

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00047

 

 

Б  Г.Е-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э  ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг , Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б  Г Е-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.О нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.О , нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б  Г.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2010.07.02-ны өдөр Э  ХХК-д МТХБаазын даргаар ерөнхий захирлын Б\118 дугаар тушаалаар томилогдсон билээ. Ингээд миний бие хариуцсан ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байтал 2015 оны 5 дугаар сард үйлдвэрийн зүгээс намайг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Орхон аймгийн ЦГ-т өгч шалгагдсан. Намайг 2013, 2014 онуудад МТХБ-д хадгалагдаж байсан хайлшын орцын нэмэлт болох ферромарганец -75-ыг зохих зөвшөөрөлгүй 3 удаа 90 тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ашиг олох зорилгоор өгч үрэгдүүлсэн гэж шалгаад эцэст нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж 2015.07.04-ний өдөр Орхон аймгийн Прокурорын Газрын Б\189 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл үүнээс 2 хоногийн дараа 2015.07.06-ны өдрийн Б\750 тоот тушаалаар намайг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3. Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан. Энэ явдалд би маш их гомдолтой байна. Би урьд нь нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Намайг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Тийм учраас намайг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг Э  ХХК-ийн МТХБаазын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ОХУ-ын иргэн Б .Г.Е нь Э  ХХК-ийн Материал техник хангамжийн баазын даргын албан тушаалд ажиллаж байхдаа тус компанийн Э  ХХК-ийн МТХБ-ын агуулахуудад бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам-ыг зөрчсөний улмаас ажил олгогчид онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ОХУ-ын иргэн Б .Г.Е-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 142/ШШ2018/00162 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б  Г.Е-г Э  ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 241 877 041 төгрөг, 71 765 долларыг Э  ХХК-с -гаргуулан Б  Г.Е-д олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн-41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Э  ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 2.230.435 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар зааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.О нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б  Г.Е. нь сард 2.200.000 төгрөгийн, 2315 ам. долларын цалин авдаг тухай нотлох баримт хэрэгт байгаа. Тэгэхээр цалин 2 200 000*31сар=68 200 000 төгрөг байна. ам.долларын нэмэгдэл нь 71765 ам.доллар байгаа бөгөөд Монгол банкны ханшаар тооцоход 71765 *2420.08=173 677 041 төгрөг, нийтдээ 241.877.109 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож гаргуулж өгнө үү" гэсэн. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 241.877.041 төгрөг, 71765 ам.долларыг Б  Г.Е.-д олгохоор нэхэмжлэлийн дүнг 71765 ам.доллараар үндэслэлгүйгээр өсгөж шийдвэрлэж ИХШХШТХуулийн 63.1.1-т заасныг зөрчсөн.

Шүүх ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т: "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэснийг зөрчиж "Монгол банкнаас зарласан гадаад валютын тухайн үеийн албан ёсны ханшийн тодорхойлолт"-ын нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэлэлцэгдээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл, нотлох баримт болгож шүүхийн шийдвэрийг гаргасан.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор. 69 дүгээр зүйлийн 69.1-д: "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасан. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д: "...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан.

Шүүх нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний тодорхойлолт зохих хууль, журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад МТХБаазын орлогч дарга Ч.Өлзийбаяр, эдийн засагч Ж.Энхбат нарын гарын үсэг зурсан "МТХБаазын дарга Б  Г.Е-ийн цалингийн тодорхойлолт /хх27-28/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.О ийн гараар бичиж шүүхэд ирүүлсэн 2018.01.26-ны өдрийн "Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай" бичиг /хх/ зэргийг үндэслэж ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцож үндэслэлгүйгээр шийдвэрлэж дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь заалт болон Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -д: "Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно: 21.1.3-д үндсэн цалин буюу албан тушаалын хэмжээ" гэж заасны дагуу Ажил олгогч А.П.Фоменко болон ажилтан Б  Е.Г. нарын хооронд байгуулсан 2010 оны 57 дугаар хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т: "үндсэн цалин 1275 500 төгрөг, 2.1.3-т:нэмэгдэл сар бүр 1780 ам.доллар" гэж /хх. 10-26/ тохиролцож Талууд гарын үсэг зурсан ба уг хөдөлмөрийн гэрээнд 2010.04.27- 2015.07.06-ны өдөр ажлаас халагдах хүртэл хугацаанд нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт, сунгалт хийгдсэн боловч "үндсэн цалин болон нэмэлт цалингийн хэмжээ"-нд огт өөрчлөлт ороогүй, хэвээр байсан болно.Гэтэл шүүх Талуудын хооронд тохиролцож гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээний цалин хөлсний талаарх заалтууд бүхий нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлсэнгүй, цалин хөлсийг буруу тооцож шийдвэр гаргасан.

Шүүх ИХШХШТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчиж нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг нотолсон дараах нотлох баримтуудыг Шүүх огт үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан талаар:

Э  ХХК-ийн Дотоодын аудитын хэлтсийн хяналт шалгалтаар Б  Е.Г-ыг 2013 - 2014 онуудад 3 удаагийн давтан үйлдлээр нийт 90 тонн буюу 444,7 сая төгрөгийн үнэ бүхий Ферромарганец-75 бодисыг Э  ХХК-д мөрдөгддөг журмыг зөрчиж, эрхэлсэн албан тушаалдаа хайнга хандаж, зохих зөвшөөрөлгүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д олгосны улмаас Э  ХХК-д 444,7 сая төгрөгийн хохирол учруулсан байсныг дараах нотлох баримтуудаар нотолж буйг шүүх огт үнэлээгүй. Тухалбал:

Э  ХХК-ийн Дотоод аудитын хэлтсээс Ферромарганец-75 бодисын зарцуулалтын циклийг 2015 оны 1 дүгээр сард шалгасан шалгалтын тайлан /хх.115-117/

Э  ХХК-ийн МТХБаазын агуулахуудад бараа, материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам /хх.70-72/

-МТХБаазын дарга Б  Е.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ №57 /хх. 17-26/

МТХБаазын дарга Б  Е.Г-ын ажлын байрны тодорхойлолт /хх.83-86

Орхон аймгийн Прокурорын Газрын Тогтоолууд: 2015.07.04-ны өдрийн 5/189

/хх.29-30/, 2016.08.31-ны өдрийн 5/21 /хх /, 2016.08.31-ны өдрийн 5/40А /хх.30-32/,

2017.07.05-ны өдрийн 5/135 /хх.34-334/нийт 4 Тогтоол,

-Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Прокурорын 2017.11.01-ний өдрийн 1/77 тоот Тогтоол /хх. 56-58/

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б  Г.Е. нь гэм буруутай, Э  ХХК нь гэм буруугүй болох нь дээр дурдсан Прокурорын Тогтоолуудаар тус тус тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь заалтыг үндэслэн хариуцагч Э  ХХК-ийг гэм буруутай нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нөхөн төлөх хариуцлагаас бүрэн хэмжээгээр чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, энэхүү иргэний хэрэг болон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.09-ний өдрийн 142/ШШ2018/00162 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  Б  Г.Е-г Э  ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин олговор 241.877.041 төгрөг, 71.765 доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч ...сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн... гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Нэхэмжлэгч Б  Г.Е нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Б/750 дугаар тушаалаар Материал техникийн хангамжийн баазын даргын ажлаас халагдсан байх ба тэрээр шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэзээ гаргасан болон нэхэмжлэлийг буцаасан тухай шүүгчийн захирамжинд гаргасан гомдлыг хэлэлцсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №85 дугаар шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэзээ хүлээн авсан болох нь тодорхой бус энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан эсэхийг тодорхойлох боломжгүй байна./ хх-ийн 6,39-45 тал/

2.Шүүх нэхэмжлэгч Б ын Г.Е-ийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сар хүртэл буюу 31 сараар тооцож гаргахдаа 2018 оны 1 дүгээр сарын тухайн үеийн ханшаар тооцсон нь буруу байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс нэхэмжлэлийг буцаасан хэргийн материалыг эхээр судлуулах, нотлох баримтыг бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн № 356 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч ... тус шүүхийн архиваас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 4527 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан хэргийн материалыг эхээр судлуулах, нотлох баримтыг бүрдүүлэх...-ээр шийдвэрлэж улмаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг буцаасан тухай хэргийн материалыг шинжлэн судалж хэлэлцэгдсэн боловч давж заалдах шатны шүүхэд тухайн материалыг хүргүүлээгүй /1хавтас,182 хуудастай/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ заасныг тус тус зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.О нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.235.720 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ