Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 97

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Д.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-д МТХБаазын даргаар ерөнхий захирлын Б/118 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байхад нь 2015 оны 05 дугаар сард үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулжээ. Түүнийг 2013, 2014 онуудад МТХБ-д хадгалагдаж байсан хайлшийн орцын нэмэгдэл болох фөрромарганец-75-ыг зохих зөвшөөрөлгүй 3 удаа 90 тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ашиг олох зорилгоор өгч үрэгдүүлсэн гэж яллагдагчаар татаж шалгаад хэргийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын Б\189 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үүнээс 2 хоногийн дараа буюу 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Б/750 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн *******-г ажлаас нь халсан. ******* нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж байгаа учир түүнээс надад олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийг ******* ХХК-ийн МТХБ-ын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. ******* нь сард 2 200 000 төгрөгийн, 2315 ам долларын цалин авдаг тухай нотлох баримт хэрэгт байгаа. Тэгэхээр цалин 2 200 000*34 сар=74 800 000 төгрөг байна. Харин ам долларын цалин нь 2315х34 сар=78 710 доллар болж байгаа.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д зааснаар төгрөгөөр олгодог цалинг төгрөгөөр, доллараар олгодог цалинг доллараар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ОХУ-ын иргэн Бочаров.Г.Е нь ******* ХХК-ийн Материал техник хангамжийн баазын даргын албан тушаалд ажиллаж байхдаа тус компанийн ******* ХХК-ийн МТХБ-ын агуулахуудад бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам-ыг зөрчсөний улмаас ажил олгогчид онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ОХУ-ын иргэн Бочаров.Г.Е-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-г ******* ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43 367 000 төгрөг, 60 520 ам долларыг ******* ХХК-с гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 833 0000 төгрөг, 11 245 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, ******* ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 1 104 051 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжпэгч ******* нь ******* ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргаар ажиллаж байхдаа сард 2.200.000 төгрөгийн цалин, 2315 ам долларын цалин авдаг болох нь Материал техник хангамжийн баазын орлогч дарга Н.Өлзийбаяр, эдийн засагч Ж.Энхбат нарын гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн сарын цалинг энэ тодорхойлолтоор шийдвэрлэх ёстой. Хэрэв хариуцагч тал энэ тодорхойлолтыг хуурамч эсвэл дээрхи нэр бүхий хүмүүс ийнхүү тодорхойлолт гаргах эрх бүхий этгээдүүд биш. ******* нь ийм цалин авдаггүй гэж байгаа бол ийнхүү үгүйсгэж байгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө энэ цалингийн тодорхойлолтыг 2015 оны 07 дугаар сарын 21-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн баримт бөгөөд хариуцагч бүтэн 2 жил 10 сарын хугацаанд дээрхи цалингийн тодорхойлолтыг буруу гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх анх хөдөлмөрийн гэрээ байгуулах үед ажил олгогчтой тохиролцсон цалингийн дүнг үндэслэсэн нь буруу юм. Шүүх Ч.Өлзийбаяр, Ж.Энхбат нарын гаргаж өгсөн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа үндэслэлээ шийдвэртээ дурьдаагүй, нотлох баримтаас хасаагүй. Хариуцагч ажил олгогч тал цалинг тавьж олгодог учраас нэхэмжлэгч илүү цалин тодорхойлуулж авчирсан эсвэл эрх бүхий этгээд цалинг тодорхойлоогүй гэж үзсэн нөхцөлд өөрсдөө зөв гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх эрхтэй, үүрэгтэй. Гэтэл хариуцагч ийм баримтыг ирүүлээгүй учраас нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримт үндэслэлтэй, шаардлагыг нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн цалин олговрын талаархи шаардлагыг хангасан заалтыг шийдвэрт оруулна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Ж.Төгсбаяр нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх ИХШХШТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчиж нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг нотолсон дараах нотлох баримтуудыг Шүүх огт үнэлээгүй бөгөөд "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй, хэзээ, ямар зөрчил гаргасныг нотлоогүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогоогүй" гэж дүгнэснийг "Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотолж байгаа" гэж үзэж буй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал:

******* ХХК-ийн Дотоодын аудитын хэлтсийн хяналт шалгалтаар Бочаров Е.Г-ыг 2013-2014 онуудад 3 удаагийн давтан үйлдлээр нийт 90 тонн буюу 444,7 сая төгрөгийн үнэ бүхий Ферромарганец-75 бодисыг ******* ХХК-д мөрдөгддөг журмыг зөрчиж, эрхэлсэн албан тушаалдаа хайнга хандаж, зохих зөвшөөрөлгүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д олгосны улмаас ******* ХХК-д 444,7 сая төгрөгийн хохирол учруулсан байсныг дараах нотлох баримтуудаар нотолж буйг шүүх огт үнэлээгүй.

Шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр буруутгаж, нэхэмжлэлийг бүрэн хангаж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэл 34 сарын хугацаагаар тооцож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын Газар болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг төрийн хууль хяналтын байгууллагууд 2015.04.09-ны өдрөөс эхлэн 2017.11.01-ний өдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд нэхэмжлэгч Бочаров Е.Г-ын үйлдсэн удаа дараагийн ноцтой зөрчил, хэргийг хянан шалгаж, удаа дараа холбогдох Тогтоолуудыг гаргаж байсны улмаас энэхүү иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй сунжирсан нөхцөл байдалд хариуцагч ******* ХХК нь гэм буруугүй болно.

Орхон аймгийн Прокурорын Газрын 2017.07.05-ны өдрийн 5/135 дугаартай Тогтоолын Тогтоох хэсэгт: "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хайнга хандах/ зүйлчлэгдсэн яллагдагч *******., Д.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 201514000293 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь нэхэмжлэгчийг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхны нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хундэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй үндэслэлээр анхны нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017.09.29-ний өдөр дуусгавар болж нэхэмжлэлийг буцаасан.

"*******.-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах 2 дахь нэхэмжлэл"-ийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг буцаасан 2017.09.29-ны өдрөөс эхлэн 2017.10.29-ны өдөр хүртэл 1 /нэг/ сарын хугацаанд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан "Шаардах эрх үүсч, дуусгавар болсон" энэхүү нэг сарын хугацаанд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д заасны дагуу 2 дахь нэхэмжлэлийг шүүхэд гаргах үйлдэл хийх боломжтой байсан боловч 2 дахь нэхэмжлэлийг хуульд заасан нэг сарын хугацааны дотор гаргалгүй "хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн".

Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй учраас нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид гаргасан үндэслэлгүй гомдлыг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй болохыг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан. Шүүх бүрэлдэхүүн уг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар "хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан" гэж үзэ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүйн улмаас нэхэмжлэл буцаагдсан, шүүхэд үндэслэлгүй гомдол гаргасан, уг үндэслэлгүй гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон зэргээр "хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн" үйлдлүүдийг шүүх "Хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж" Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх заалтыг зөрчсөн. Шүүх хариуцагчийг хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь хариуцагч нь ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг нотариатаар гэрчлүүлсэн хувийг ирүүлсэн бөгөөд /хх-ийн /-д байгаа болно. Шүүхэд ирүүлсэн ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т: "Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 буюу түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан.

******* ХХК нь нэхэмжлэгч Бочаров Е.Г-ын гаргасан зөрчил, учруулсан хохирол нь дотоодын хяналт шалгалт, Орхон аймгийн Прокурорын Газрын 2015.07.04-ны өдрийн 5/189 дугаартай Тогтоолоор тус тус /хх.29-30/ тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтууд, Компанийн хөдөлмөрийн дотоод журам 57 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.2. дахь заалтуудыг тус тус үндэслэсэн учир Ерөнхий Захирлын 2015.07.06-ны өдрийн Б/750 тушаал нь үндэслэлтэй болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь заалтын дагуу хариуцагч ******* ХХК-ийг "гэм буруутай нь дотоодын хяналт, хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон нэхэмжлэгч *******.-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нөхөн төлөх хариуцлагаас бүрэн хэмжээгээр чөлөөлөх үндэслэл байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, энэхүү иргэний хэрэг болон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан МТХБ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/570 дугаартай тушаалд үндэслэн тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ******* ХХК-ийн материал техникийн хангамжийн баазын даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад тус үйлдвэрийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/570 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ******* ХХК-ийн дотоод журмын 8.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр материал техник хангамжийн баазын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Шүүх нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдоогүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар нэрлэн заагаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч *******-ийн ******* ХХК-ийн материал техникийн баазын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, нөхөн олговор гаргуулж шийдвэрлэсэн, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт зэрэг нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн байна.

Хариуцагч ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/570 тугаар тушаалын үндэслэл хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., дугаар зүйлтэй нийцээгүй. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа нотолж чадаагүй байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тогтоосон цалингийн хэмжээгээр тооцсон нь буруу байх тул нэхэмжлэгч *******-ийг ажлаас халагдахаас өмнө авч байсан цалин болон материал техникийн хамгамжийн баазын гаргасан цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулсан хэмжээгээр тооцон гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ... 43.367.000 төгрөг гэснийг 74.800.000 төгрөг гэж, 60.520 ам доллар гэснийг 78.710 ам доллар гэж тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 24.833.000 төгрөг, 11.245 ам доллар гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн ...2 дахь заалтанд улсын тэмдэгтийн хураамж 1.104.051 төгрөг гэснийг 1.496.147 төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.104.051 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

С.УРАНЧИМЭГ