| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2018/00752/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 274
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй
Хариуцагч К ХХК-д холбогдох
Урамшуулал 153 208 331 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл К ХХК-д хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын захиргааны удирдлага, хууль зүй, хүний нөөцийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албуудыг удирдахаас гадна ТУЗ-ийн нарийн бичгийн даргын болон Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын банкны холбоо, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоонд байгууллагын гишүүнчлэлийн төлөөллийг хариуцан ажилладаг байсан. Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн үндсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албаны ажиллагааг удирдан зохион байгуулж, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх албаар болон компанийн шугамаар зээл төлүүлэх ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэн, тайлагнадаг, К ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах тухай журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн дүнгээс урамшуулал авдаг байсан. Гэтэл тус байгууллагын шинэ гүйцэтгэх захирал У.Барсболд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тушаал гаргаж, намайг ажлаас халсан боловч, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэрээр намайг өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Мөн өөрийн эзэмшдэг дугаарыг минь шилжүүлж өгөхийг хүсэхэд, манай компанийн өмч, өгөхгүй гэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэрэгжиж байгаа боловч захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Хариуцагч К ХХК, Гүйцэтгэх захирал У.Барсболдод холбогдох энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 5, 9 дүгээр сард шүүхэд гаргасан боловч, хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй, У.Барсболд нь шүүхээс зайлсхийж байснаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд К ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболдыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр У.Барсболдын байнга оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулж байгаа газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг надад мэдэгдсэн. 2015 онд К ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгч У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий, Д.Энхзул нарын зээлийг хариуцан шүүхэд нэхэмжлэл гаргаж Д.Бат-Өлзий шийдвэрийг сайн дураар биелүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн, Д.Энхзул шийдвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн төлсөн, У.Эрдэнэзулын төлбөрийг төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийж байгаа. Эдгээр зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн, зарим зээлүүд бүрэн барагдсан. К ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон дараах урамшуулал авсан. Үүнд:
1. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөг гаргуулсаны урамшуулал 127 121 870 төгрөг,
2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дүгээр шийдвэрээр Д.Энхзулаас 165 374 025 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэний урамшуулал 8 268 701 төгрөг,
3. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356 355 207 төгрөг гаргуулж шийдвэрлэж, Д.Бат-Өлзий нь уг мөнгийг бүрэн төлсөн тул урамшуулал 17 817 760 төгрөг,
4. Шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласны хураамж 27 500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 19 200 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг К ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Б нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг буруу тооцоолж, урамшууллын гэрээгүйгээр урамшуулал авах ёстой гэж нэхэмжилсэн нь хууль болон нийгмийн ёс суртахуунд нийцэхгүй.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөг гаргуулсаны урамшуулал 127 121 870 төгрөгийг шаардсан тухайд, уг зээлийн маргаан нь К ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 25-нд У.Эрдэнэзулын авсан 2 зээлийн гэрээтэй холбоотой. Дээрх зээлийг төлүүлэхийн тулд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Б нь ажилтан Д.Нямдаваагийн хамт К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс оролцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4534 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүx 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Бийг ажлаас гарснаас хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 101/ШШ2016/01693 дугаартай шийдвэр гаргаж шийдвэрлэхэд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Далайжаргал, С.Чинзориг, Б.Баднайсүрэн нар оролцсон. Мөн хариуцагчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхэд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Даваатулга оролцсон.
2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр Д.Энхзулаас 165 374 025 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсний урамшуулал 8 268 701 төгрөг шаардсан тухайд
К ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Энхзулд холбогдох иргэний хэрэгт тус байгууллагыг төлөөлж Б.Далайжаргал, Б.Б нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс оролцсон ба хэргийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллагын удирдлагаас хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг байгууллага төлөөлөн оролцож байгаа ажилтнууддаа байнга илэрхийлдэг байсан. Уг маргааныг удирдлагын зүгээс хурдан шийдвэрлүүлэх чиглэл өгч байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэргийг 230 хоногт шийдвэрлүүлсэн.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356 355 207 төгрөг гаргуулж, К ХХК-д олгуулахаар шийдвэрлүүлсний урамшуулал 17 817 760 төгрөгийг шаардсан тухайд
Нэхэмжпэгч К ХХК нь Б.Бид Д.Бат-Өлзийн зээлийн асуудлын талаар шүүхэд хандах итгэмжлэл олгож, эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч энэхүү үр дүн нь зөвхөн Б.Бийн ажлын үр дүн байгаагүй.
Учир нь К ХХК нь 2014 оноос чанаргүй зээлийн нийт зээлийн дүнд эзлэх хувь өсч, байгууллага эрсдэлд орж 2015 оноос зээл бүрийг хэвийн төлөлтөд оруулах, чанаргүй зээлийг шүүхийн байгууллагаар шуурхай шийдвэрлүүлэхийг байгууллагын удирдлагаас ажилтан бүрт чиглэл өгч ажилласан. Мөн Д.Бат-Өлзий болон бусад хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын материалд удирдлагаас тухай бүр анхаарч, зээлдэгч нартай биечлэн уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дүгнэхэд К ХХК-ийн зүгээс дээрх 3 зээлдэгч болох У.Эрдэнэзул, Д.Энхзул, Д.Бат-Өлзий нарын зээлийн асуудлыг тухайн үеийн хуулийн ажилтан иргэн Б.Боор шийдвэрлүүлэхээр тусгайлан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийг эрсдлийн хувь хэмжээгээр дүгнэн тооцож, захирлын урамшуулал олгох тушаал гаргаж, тушаалд дурдсан урамшуулал буюу мөнгөн хөрөнгийг иргэн Б.Бид өгөөгүй асуудал oгт байхгүй бөгөөд зөвхөн ажилтан нь удирдлагын даалгасан ажлыг чанартай, чанаргүй гүйцэтгэсэн асуудал л байсан. К ХХК нь иргэн Б.Бийг байгууллагаас ажилтны хөнгөлөлттэй зээлийн журамд хамрагдаж авсан 2 зээлийн гзрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд тодорхойгүй үндэслэл, шаардлага бухий нэхэмжлэл, түүнийг нотолсон баримтгүй нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж, байгууллагыг шүүхэд хариуцагчаар оролцуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг залхаах, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоо гүйцэлдүүлэхээр ажиллаж байгаа. Хариуцагчийн зүгээс иргэн Б.Бийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжпэлийн үндэслэлд тооцогдох ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох гэрээ буюу үүрэг гүйцэтгэхийг нотлох баримт бичиг огт байхгүй, нэхэмжпэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байгааг харгалзалгүйгээр иргэний хэрэг үүсгэжээ.
Иймд нэхэмжлэгч Б.Бийн эрх зүйн үндэслэлгүй 153 255 031 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн К ХХК-иас хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153 208 331 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927 038 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэлийг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдлын талаар алдаатай дүгнэлт хийсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Б уг ажил үүргийг гүйцэтгэсний төлөө цалин хөлс олгогддог байсан" гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваариас зөвхөн хугацаа хэтэрсэн чанаргүй муу зээлийг төлүүлэх үүрэгтэй холбоотой хэсгийг сонгож үнэлсэн нь бусад үндсэн ажил үүргийг үнэлээгүй, зөвхөн сонгосон хэсэгг ногдох буюу муу, чанаргүй зээлийг төлүүлсний төлөө цалин хөлс авдаг байсан гэж буруу дүгнэхэд хүргэсэн байна. Энэ нь цаашилбал нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, ажил үүрэг гүйцэтгэсний төлөө ногдох шударга урамшууллын асуудлыг хөдөлмөрийн харилцааны асуудалтай хольж, хутган ойлгох улмаар төөрөгдөх үр дагаварт хүргэсэн. Цалин хөлс авдаг байсан хөдөлмөрийн төлөө үндэслэлгүй шагнал урамшуулал давхар нэхэж байна. Иймээс үүнийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хариуцагчаас тайлбар гаргаж, нотлох баримтуудыг үнэлэх үнэлгээний зарчмыг шүүх зөрчсөний улмаас хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэж чадаагүй. Хэрэв цалин хөлснөөс өөр урамшуулал олгогдохгүй, хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэний урамшуулал олгох журам үйлчиж байсан бол нэхэмжлэгч нь 923 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, эрсдэл хийн өөрт ногдох урамшууллаа нэхэмжлэхгүй. Шийдвэрийн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааны зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас тодорхой харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хууль дахь ажил олгогчийн эрхэд тулгуурлан нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож байгаа бол Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт "ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэсэн. Тус хуультай бүрэн нийцэх Д.Бат-Өлзийгийн хугацаа хэтэрсэн зээлийн талаар Б.Б, Д.Бат-Өлзийгийн төлөөлөгч хоёрын хооронд "эвлэрлийн гэрээ" хийгдсэн, гэрээний дагуу Д.Бат-Өлзий зээлээ, хүүгийн хамт хариуцагчид бэлнээр төлсөн үйл баримтыг хэрхэн үнэлэх вэ. Шийдвэрт "У.Эрдэнэзул, Д.Бат Өлзий ... зээлийг өөрийн үйл ажиллагааны үр дүнд бодитойгоор бүрэн төлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч Д.Бат-Өлзийгийн төлсөн хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн төлбөрийг хүлээн авсан, энэ талаар ямарваа нэгэн гомдол санал гаргаагүй. Б.Бийн хийсэн ажиллагааны үр дүнд Д.Бат-Өлзийгийн зээл хүү бүрэн төлөгдсөн, үүнээс олгох урамшууллыг Гүйцэтгэх захирал У.Барсболдын дүү Даваатулга хүлээн авсан үйл баримт, гэрч Самааранзаагийн мэдүүлэг нь ажил үүрэг эрхийн болон үр дунгийн ямар нэгэн доголдолгүй байсан, урамшуулал шагнал ямар ч байсан олгогдох учиртай байсан гэдгийг нотлож байна. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээний дагуу Д.Бат-Өлзий нь 356 сая төгрөгийг бэлэн мөнгөөр хариуцагчид хугацаанд нь төлсөн, хариуцагч зээл төлсөнөөс олгох урамшууллыг олгохгүйн тулд нэхэмжлэгч Б.Бийг ажлаас халсан.
Иймээс нэхэмжлэлийн шаардлага, хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт, хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх харилцааны онцлог зохицуулалтууд, талуудын тэгш эрхийн зарчмыг шүүх үндэслэл бүхий зөв дүгнээгүй, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн талаар буюу хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтын талаар ямар ч дүтнэлт хийсэнгүй, хариуцагч буюу ажил олгогчийн эрхийг хамгаалах тухай үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтаас дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлага, хэргийг шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх тухайн нөхцөл байдал, гүйцэтгэсэн ажлын шинж байдлыг зайлшгүй харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ шүүх гүйцэтгэсэнгүй. Хариуцагчаас гаргаж өгөөгүй журам, гүйцэтгэх захирлын тушаал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах татгалзлаа өөрөө нотлох, үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад түүний өмнөөс өрөөсгөл дүгнэлт хийх, хариуцагчийг буруугүй гэж дүгнэх хууль зүйн болон ёс суртахууны эрх биш гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч К ХХК-иас урамшуулал 153 208 331 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “... 2015 онд компанийн хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын зээлийг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ..., ... Эрсдэлтэй зээлтэй ажиллах журмын дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн 5 хувиар тооцон урамшуулал авна ...” гэж тайлбарлажээ. Хариуцагч тал “... Б.Б өөрийн ажил үүргийн дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэж цалин хөлс авч байсан, ... тусгай активын албаны ажилтан биш, ... Б.Бид урамшуулал олгох талаар захирлын тушаал гарсан асуудал байхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан байна.
Талуудын хооронд 2013 оноос хөдөлмөрийн харилцаа үүсч, Б.Б нь К ХХК-д хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хэргийн 155-164, 147-150, 180-181, 217-219 дэх талд авагдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Энэ үйл баримтад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй, харин урамшуулал шаардах эрхтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээд байна. /хх-79 дэх тал/ Тэрээр компаниас олгосон зээл, зээлийн хүүгийн эрсдлийг бууруулах зорилгоор гүйцэтгэх захирлын 2008 оны 04/55 дугаар тушаалаар “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам” баталж, эрсдэлтэй болон чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааг явуулахдаа уг журмыг мөрддөг болох нь талуудын тайлбараар нотлогджээ.
Мөн хариуцагч компанийн салбар, Тусгай активын албаны ажилтан нар чанаргүй зээл төлүүлэх ажиллагааг амжилттай явуулж зээлийн төлбөр компанийн дансанд орсон тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэн тусгай активын албаны ажилтанд урамшуулал олгодог, уг урамшуулал нь үндсэн цалин хөлс дээр нэмэгдэж тооцогддог байсан талаар зохигчид болон гэрч Д.Нямдаваа, Б.Номин нар мэдүүлсэн байна. /хх-149, 180 дахь тал/
Иймд нэхэмжлэгч Б.Бийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл болох урамшуулал нэхэмжилсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлон, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “шүүх ... ажил үүрэг гүйцэтгэсний төлөө ногдох шударга урамшууллын асуудлыг хөдөлмөрийн харилцааны асуудалтай хольсон ..., ... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг буруу олгож, үйл баримтыг буруу дүгнэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Урамшуулал шаардах эрхийн тухайд:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчаас урамшуулал 153 208 331 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлохоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 04/55 дугаар тушаалаар батлагдсан “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын хуулбар хувийг шүүхэд өгч, улмаар уг журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байна. /хх-128-132 дахь тал/ Хариуцагч К ХХК-иас шүүхэд “... санхүүгийн хүнд байдалд орсны улмаас орон тооны цомхотгол хийж, ... салбаруудаа татан буулгасан ... бичиг баримтыг нэг архивт төвлөрүүлэх шаардлагатай болж, бичиг баримтын эмх замбараатай байдал алдагдсан, ... компанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 04/55 тоот тушаалын эх хувийг олох боломжгүй ... манай байгууллагаас хүргүүлсэн .... журмын хувь нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн ... журмын хувьтай адил байгаа тул тус баримтыг үнэлнэ үү” гэсэн тайлбар ирүүлсэн байх тул талууд энэ баримтад маргаангүй гэж үзнэ. /хх-165 дахь тал/ Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн хэргийн 118-129 дүгээр талд авагдсан “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч компанийн хуулийн зөвлөх, Тамгын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа зээлдэгч У.Эрдэнэзул, Д.Энхзул, Д.Бат-Өлзий нараас зээлийн үүрэг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдсон. /хх-52-91, 113-115 дахь тал/ Харин нэхэмжлэгч нь эрсдэлтэй болон чанаргүй зээл барагдуулах ажиллагаанд хуулийн зөвлөхийн ажил үүргийн хүрээнд бус Тусгай активын албаны ажилтаны байр сууринаас оролцож байсан, мөн ажил олгогчтой урамшуулал авах талаар тохиролцсон гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс хариуцагч К ХХК-ийг нэхэмжлэгч Б.Бийн хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, гэрч Д.Нямдаваа, Б.Номин, О.Самааранзаа нарын мэдүүлэг, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ч.ЦЭНД