Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2560

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: К М ББСБ ХХК-д   холбогдох

 

            Хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153,208,031 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46,700 төгрөг, нийт 153,255,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, гэрч Т.Даваатулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Кредит МонголББСБ ХХК-д хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Тус компанид ажиллаж байх хугацаандаа байгууллагын Захиргааны удирдлага, хууль зүй, хүний нөөцийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албуудыг удирдан ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг байснаас гадна ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын ажил үүрэг, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Банкны Холбоо, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоонд байгууллагын гишүүнчлэлийн төлөөллийг хариуцан ажилладаг байсан юм.

Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн үндсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албаны ажиллагааг удирдан зохион байгуулж, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх албаар болон компанийн шугамаар зээл төлүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэдэг, тайлагнадаг, К М ББСБ ХХК-ийн “Эрсдэлтэй зээлтэй ажиллах тухай” журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн дүнгээс урамшуулал авдаг байсан юм.

Гэтэл тус байгууллагын шинэ Гүйцэтгэх захирал У.Барсболд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тушаал гаргаж, намайг ажлаас халсан боловч, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, Б.Б  намайг ажлаас үндэслэлгүй халагдсан тул өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан.

Мөн өөрийн эзэмшдэг дугаарыг минь шилжүүлж өгөхийг хүсэхэд, энэ бол манай компанийн өмч, өгөхгүй гэж хэлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр Мобикомын 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Б.Б  намайг болохыг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэрэгжиж байгаа боловч хариуцагч компанийн захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Хариуцагч К М ББСБ ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболдод холбогдох энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд 2017 оны 5 дугаар cap, 9 дүгээр сард гаргасан боловч, хариуцагч К М ББСБ ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягтаа оршин байрлахгүй, үйл ажиллагаа явуулахгүй, гүйцэтгэх захирал У.Барсболд нь шүүхээс зугаатаж, зайлсхийж байсан учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд К М ББСБ ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболдыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03667 тоот шийдвэрээр К М ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 хэлтэс эрэн сурвалжилж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр У.Барсболдын байнга оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулж байгаа газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл ззргийг надад мэдэгдсэн.

Иймд миний бие 2015 онд К М ББСБ ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгчид болох У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий, Д.Энхзул нарын зээлийг хариуцан харьяалах шүүхүүдэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр шийдвэрлүүлсэн ба зээлдэгч Д.Бат-Өлзий шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг К М ББСБ ХХК-д бүрэн төлсөн, зээлдэгч Д.Энхзул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн төлсөн, У.Эрдэнэзулын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийж байгаа болно.

Эдгээр ззэлдэгч нарын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн, зарим зээлүүд шүүхийн шийдвэрт тогтоосон хэмжээгээр бүрэн барагдсан тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2,542,437,404 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул К М ББСБ ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 127,121,870 төгрөгийн урамшуулал;

2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр Д.Энхзулаас 165,374,025 төгрөг гаргуулан К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул К М ББСБ ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 8,268,701 төгрөгийн урамшуулал,

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356,355,207 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн, Д.Бат-Өлзий нь уг мөнгийг бүрэн төлсөн тул К М ББСБ ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 17,817,760 төгрөгийн урамшуулал;

4. Шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласаны хураамж 27,500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 19,200 төгрөг, нийт 153,255,031 төгрөгийг К М ББСБ ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн гэрээний дагуу К М ББСБ ХХК нь ажил олгогч, Б.Б  нь ажилтанаар хөдөлмөрийн харилцаатай байсан. Аливаа ажилтан нь хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн ажлын чиг, үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг чанартай гүйцэтгэж, оронд нь цалин хөлс авах харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн суурь зарчим юм. К М ББСБ ХХК нь зээлийн үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага бөгөөд тухайн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилтан бүр нь байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд зээлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийн эрсдэлийг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Иргэн Б.Б  нь К М ББСБ ХХК-ийн хуульчаар ажиллаж байхдаа компанийн удирдлагыг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, байгууллагыг эрсдэлд оруулж буй чанаргүй зээлийг зохих хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Харин үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн амжилттай, амжилтгүй ажилласан үр дүндээ cap бүр цалин хөлс авсан бөгөөд тухайн ажил, үйлчилгээ нь байгууллагын биет бус хөрөнгө байдаг.

Б.Б  нь хийсэн ажлын үр дүнг өөрт хадгалагдахаар буруу бодож, урамшууллын /Нэхэмжлэлдээ Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн/ гэрээгүйгээр урамшуулал авах ёстой байсан гэж нэхэмжилсэн нь хууль болон нийгмийн ёс суртахуунд нийцэхгүй юм. Тухайлбал;

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2,542,437,404 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 127,121,870 төгрөгийн урамшууллыг шаардсан тухайд;

Уг зээлийн маргаан нь К М ББСБ ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 25-нд У.Эрдэнэзулын авсан 2 зээлийн гэрээтэй холбоотой асуудал юм. Дээрх зээлийг төлүүлэхийн тулд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Б  нь ажилтан Д.Нямдаваагийн хамт К М ББСБ ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс оролцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 4534 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүx 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн Б.Б ийг К М ББСБ ХХК-д ажиллахаа больсоноос хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 101/ШШ2016/01693 дугаартай шийдвэр гаргаж шийдвэрлэхэд К М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Далайжаргал, С.Чинзориг, Б.Баднайсүрэн нар оролцсон, Мөн хариуцагчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхэд К М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Даваатулга оролцсон.

2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр Д.Энхзулаас 165,374,025 төгрөг гаргуулан К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул К М ББСБ ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиас 8,268,701 төгрөгийн урамшуулалыг шаардсан тухайд;

К М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Энхзулд холбогдох иргэний хэрэгт Тус байгууллагыг төлөөлж Б.Далайжаргал, Б.Б  нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс оролцсон ба хэргийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нэхэмжпэгч байгууллагын удирдлагаас хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг байгууллага төлөөлөн оролцож байгаа ажилтнууддаа байнга илэрхийлдэг байсан. Уг маргааныг удирдлагын зүгээс хурдан шийдвэрлүүлэх чиглэл өгч байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэргийг 230 хоногт шийдвэрлүүлсэн байна.

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356,355,207 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Д.Бат-Өлзий нь уг мөнгийг бүрэн төлсөн тул К М ББСБ ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 17,817,760 төгрөгийн урамшуулалыг шаардсан тухайд;

Нэхэмжпэгч К М ББСБ ХХК нь Б.Б ид Д.Бат-Өлзийн зээлийн асуудлыг шүүхэд өгөх итгэмжлэл олгож, Эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч энэхүү үр дүн нь зөвхөн Б.Б ийн ажлын үр дүн байгаагүй юм.

Учир нь К М ББСБ ХХК нь 2014 оноос чанаргүй зээлийн нийт зээлийн дүнд эзлэх хувь өсөж, тодорхой хэмжээнд байгууллага нь эрсдэлд орж 2015 оноос зээл бүрийг хэвийн төлөлтөд оруулах, чанаргүй зээлийг шүүхийн байгууллагаар шуурхай шийдвэрлүүлэхийг байгууллагын удирдлагаас ажилтан бүрт чиглэл өгч ажилласан.

Мөн Д.Бат-Өлзий болон бусад хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын материалд удирдлагаас тухай бүр анхаарч, зээлдэгч нартай биечлэн уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд тэр зээлдэгч нарын нэг нь Д.Бат-Өлзий байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дүгнэхэд: К М ББСБ ХХК-ийн зүгээс дээрх 3 зээлдэгч болох У.Эрдэнэзул, Д.Энхзул, Д.Бат-Өлзий нарын зээлийн асуудлыг тухайн үеийн хуулийн ажилтан иргэн Б.Б оор шийдвэрлүүлэхээр тусгайлан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийг эрсдэлийн хувь хэмжээгээр дүгнэн тооцож, захирлын урамшуулал олгох тушаал гаргаж, тушаалд дурдсан урамшуулал буюу мөнгөн хөрөнгийг иргэн Б.Б ид өгөөгүй асуудал oгт байхгүй бөгөөд зөвхөн ажилтан нь удирдлагын даалгасан ажлыг чанартай, чанаргүй гүйцэтгэсэн асуудал л байсан.

К М ББСБ ХХК нь иргэн Б.Б ийг байгууллагаас ажилтны хөнгөлөлттэй зээлийн журамд хамрагдаж авсан 2 зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, шүүхэд нэхэмжпэл гаргаснаас хойшхи хугацаанд тодорхойгүй үндэслэл, шаардлага бухий нэхэмжлэл, түүнийг нотолсон баримтгүй нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж, байгууллагыг шүүхэд хариуцагчаар оролцуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг залхаах, улмаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоо гүйцэлдүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Хариуцагчийн зүгээс иргэн Б.Б ийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжпэлийн үндэслэлд тооцогдох Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох гэрээ буюу үүрэг гүйцэтгэхийг нотлох баримт бичиг огт байхгүй, нэхэмжпэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байгааг харгалзалгүйгээр иргэний хэрэг үүсгэжээ.

Иймд Нэхэмжлэгч Б.Б ийн эрх зүйн үндэслэлгүй 153,255,031 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч “К М ББСБ” ХХК-д холбогдуулан хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153,208,031 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46,700 төгрөг, нийт 153,255,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч К М ББСБ ХХК нь гэрээ байгуулаагүй тул 5 хувийн урамшуулал олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд К М ББСБ ХХК-д хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарын бичгийн даргаар ажиллаж байсан. К М ББСБ ХХК-ийн “Эрсдэлтэй зээлтэй ажиллах тухай” журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн дүнгээс урамшуулал авдаг байсан. Миний бие 2015 онд К М ББСБ ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгч У.Эрдэнэзулаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1693 дугаар шийдвэрээр 2,542,437,404 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2,542,437,404 төгрөгийн 5 хувиар тооцоход 127,121,870 төгрөгийн урамшуулал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Д.Энхзулаас 165,374,025 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу 165,374,025 төгрөгийн 5 хувиар тооцон 8,268,701 төгрөгийн урамшуулал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс  356,355,207 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу 356,355,207 төгрөгийн 5 хувиар тооцож 17,817,760 төгрөгийн урамшуулал болон нотариатын зардал 19,200 төгрөг, шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласны хураамж 27,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч К М ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...урамшууллын гэрээ байгуулаагүй тул урамшуулал авах эрхгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2,542,437,404 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэх шүүх хуралдаанд К М ББСБ ХХК-ийг Б.Далайжаргал, С.Чинзориг, Б.Баднайсүрэн нар оролцсон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд К М ББСБ ХХК-ийг төлөөлж Т.Даваатулга оролцсон, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Д.Энхзулаас 165,374,025 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Т.Даваатулга ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийн тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж байсан, мөн К М ББСБ ХХК-д хуулийн зөвлөх, тамгын газрын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан талаар талууд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг урамшуулал нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг амжилттай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэнтэй холбоотой олгох урамшуулал юм.

 

К М ХХК-ийн “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын 5.6-д “Салбар бие дааж эрсдэлтэй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа явуулах хугацаа 180 хоног байх бөгөөд энэ хугацаанд ТАА, хуулийн зөвлөхтэй хамтарч ажиллана”, 5,6,1-д “Хэрэв эрсдэлтэй зээлийг төлүүлэх ажиллагаа 180 хоног дотор шийдвэрлэгдсэн нөхцөлд зээлийн хорооны шийдвэрээр урамшуулал ТАА-нд тухайн зээлийн эрсдэлийн хувь тогтоосон үнэлгээний 5 хувиар тооцож урамшуулал олгоно”, 6.5.3.2-д “Баг нь Компанитай эрсдэлтэй зээл барагдуулах талаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах бөгөөд...” гэж заажээ.

 

Дээрхи журмын зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэсний төлөө олгох хөдөлмөрийн гэрээний харилцааны урамшуулал бус, харин эрсдэлтэй зээлийг төлүүлэх ажиллагаа 180 хоног дотор төлүүлэх иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр талууд тохиролцох гэрээний санал, нөхцлийг илэрхийлсэн журмын зохицуулалт гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь “ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгох урамшуулал” гэж тайлбарлах боловч уг гэрээний санал, журмын зохицуулалтаас үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэхээр байна.

 

Багт ажиллаж байгаа ажилтантай эрсдэлтэй зээлийг түргэн хугацаанд шуурхай төлүүлэх ажлыг гүйцэтгэх, К М ББСБ ХХК нь хөлс  буюу гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож урамшуулах үүргийг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь гэрээ байгуулаагүй гэж тайлбарлах боловч гэрч О.Самаранз “Лав нэг гэрээ байгуулж ажиллаж байсан юм билээ., ...Тэр гэрээ нь надад байсан бөгөөд ...Барсболд захирал өөрөө надаас авч байсан” гэх мэдүүлгээс үзэхэд талууд гэрээ байгуулан ажиллаж байсан гэж үзэхээр байна.

 

Мөн, эрсдэлтэй, хугацаа хэтэрсэн зээлийг 180 хоногт багтаж барагдуулсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцсон урамшуулал буюу хөлсийг төлөх үүргийг К М ББСБ ХХК нь хүлээхээр заасан байна.

 

1. Б.Б  нь У.Эрдэнэзулд холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4534 дүгээр шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2,359,091,448 төгрөг гаргуулах шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2,542,437,404 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Б.Б  оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “У.Эрдэнэзулд холбогдох маргаанд миний бие нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг боловсруулж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/223 тоот албан бичгээр нэмэгдүүлж байсан дүнгээр шүүх шийдвэрлэсэн” гэх тайлбар нь үндэслэл муутай байна. Учир нь “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын 5.6-д заасан 180 хоногт багтааж зээлийн маргааныг шийдвэрлүүлэх, мөн зээлийн төлүүлэх ажиллагааг гүйцэтгээгүй байх тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2,542,437,404 төгрөгийн 5 хувиар тооцоход 127,121,870 төгрөгийн урамшуулал шаардах эрхгүй байна.

 

2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Д.Энхзулаас 165,374,025 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэх шүүх хуралдаанд Б.Б , Б.Далайжаргалын хамт оролцсон боловч уг зээл төлүүлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Т.Даваатулга оролцсон болох нь баримтаар нотлогдож байх тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 165,374,025 төгрөгийн 5 хувиар тооцон 8,268,701 төгрөгийн урамшуулал шаардах эрхгүй гэж үзэв.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс  356,355,207 төгрөг гаргуулж, К М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг ажиллагаад Б.Б  оролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн бөгөөд Эрсдэлтэй зээлтэй ажиллах журамд заасан хугацаанд шүүхийн шийдвэр гаргуулсан, улмаар Д.Бат-Өлзий нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлсөн байх тул Эрсдэлтэй зээлтэй ажиллах журамд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний дагуу 356,355,207 төгрөгийн 5 хувиар тооцож 17,817,760 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч нь нотариатын зардал 19,200 төгрөг, шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласны хураамж 27,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал... хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Шүүх Д.Бат-Өлзийд холбоотой гэрээний хөлсийг хангаж шийдвэрлэсэн тул Д.Бат-Өлзийтэй холбоотой шаардлагыг нотлох зорилгоор гаргасан баримтыг гэрчлүүлэх, архивын баримттай холбоотой зардлыг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь журам заасан урамшууллын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгэр зүйлийн 44.2-д заасан хуулийн шаардлага хангуулахад зайлшгүй гаргасан нотариатын зардлыг хохиролд тооцох боломжтой юм. Шүүхийн архиваас гаргасан баримтын зардлыг Д.Бат-Өлзийтэй холбогдох хэсгийг салгаж тооцох боломжгүй байна.

 

Харин, Д.Бат-Өлзийтэй холбоотой шаардлагыг нотлох зорилгоор гаргасан баримтыг гэрчлүүлэхэд гарсан зардал болох 6.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч К М ББСБ ХХК-иас 17,823,760 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 135,431,271 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч К М ББСБ ХХК-иас 17,823,760 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 135,431,271 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К М ББСБ ХХК-иас 247,069 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б ид олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР