Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00855

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 274 дүгээр магадлалтай

Б.Бийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

Урамшуулал 153 208 331 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл “К” ХХК-д хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын захиргааны удирдлага, хууль зүй, хүний нөөцийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албуудыг удирдахаас гадна ТУЗ-ийн нарийн бичгийн даргын болон Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын банкны холбоо, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоонд байгууллагын гишүүнчлэлийн төлөөллийг хариуцан ажилладаг байсан. Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн үндсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албаны ажиллагааг удирдан зохион байгуулж, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх албаар болон компанийн шугамаар зээл төлүүлэх ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэн, тайлагнадаг, “К” ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах тухай журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн дүнгээс урамшуулал авдаг байсан.

Гэтэл тус байгууллагын шинэ гүйцэтгэх захирал У.Барсболд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тушаал гаргаж, намайг ажлаас халсан боловч, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэрээр намайг өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Мөн өөрийн эзэмшдэг дугаарыг минь шилжүүлж өгөхийг хүсэхэд, манай компанийн өмч, өгөхгүй гэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэрэгжиж байгаа боловч захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Хариуцагч “К” ХХК, Гүйцэтгэх захирал У.Барсболдод холбогдох энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 5, 9 дүгээр сард шүүхэд гаргасан боловч, хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй, У.Барсболд нь шүүхээс зайлсхийж байснаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “К” ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболдыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр У.Барсболдын байнга оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулж байгаа газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг надад мэдэгдсэн. 2015 онд “К” ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгч У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий, Д.Энхзул нарын зээлийг хариуцан шүүхэд нэхэмжлэл гаргаж Д.Бат-Өлзий шийдвэрийг сайн дураар биелүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн, Д.Энхзул шийдвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн төлсөн, У.Эрдэнэзулын төлбөрийг төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийж байгаа. Эдгээр зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн, зарим зээлүүд бүрэн барагдсан. “К” ХХК-ийн Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон дараах урамшуулал авсан. Үүнд:

1. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөг гаргуулсны урамшуулал 127 121 870 төгрөг,

2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дүгээр шийдвэрээр Д.Энхзулаас 165 374 025 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний урамшуулал 8 268 701 төгрөг,

3. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356 355 207 төгрөг гаргуулж шийдвэрлэж, Д.Бат-Өлзий нь уг мөнгийг бүрэн төлсөн тул урамшуулал 17 817 760 төгрөг,

4. Шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласны хураамж 27 500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 19 200 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг “К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.Б.Б нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг буруу тооцоолж, урамшууллын гэрээгүйгээр урамшуулал авах ёстой гэж нэхэмжилсэн нь хууль болон нийгмийн ёс суртахуунд нийцэхгүй.

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөг гаргуулсны урамшуулал 127 121 870 төгрөгийг шаардсан тухайд:

Уг зээлийн маргаан нь “К” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 25-нд У.Эрдэнэзулын авсан 2 зээлийн гэрээтэй холбоотой. Дээрх зээлийг төлүүлэхийн тулд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Б нь ажилтан Д.Нямдаваагийн хамт “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс оролцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4534 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүx 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Бийг ажлаас гарснаас хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 101/ШШ2016/01693 дугаартай шийдвэр гаргаж шийдвэрлэхэд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Далайжаргал, С.Чинзориг, Б.Баднайсүрэн нар оролцсон. Мөн хариуцагчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхэд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Даваатулга оролцсон.

2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр Д.Энхзулаас 165 374 025 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсний урамшуулал 8 268 701 төгрөг шаардсан тухайд:

К ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Энхзулд холбогдох иргэний хэрэгт тус байгууллагыг төлөөлж Б.Далайжаргал, Б.Б нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс оролцсон ба хэргийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллагын удирдлагаас хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг байгууллага төлөөлөн оролцож байгаа ажилтнууддаа байнга илэрхийлдэг байсан. Уг маргааныг удирдлагын зүгээс хурдан шийдвэрлүүлэх чиглэл өгч байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэргийг 230 хоногт шийдвэрлүүлсэн.

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356 355 207 төгрөг гаргуулж, “К” ХХК-д олгуулахаар шийдвэрлүүлсний урамшуулал 17 817 760 төгрөгийг шаардсан тухайд:

Нэхэмжлэгч “К” ХХК нь Б.Бид Д.Бат-Өлзийн зээлийн асуудлын талаар шүүхэд хандах итгэмжлэл олгож, эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дүгээр захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч энэхүү үр дүн нь зөвхөн Б.Бийн ажлын үр дүн байгаагүй.

Учир нь “К” ХХК нь 2014 оноос чанаргүй зээлийн нийт зээлийн дүнд эзлэх хувь өсч, байгууллага эрсдэлд орж 2015 оноос зээл бүрийг хэвийн төлөлтөд оруулах, чанаргүй зээлийг шүүхийн байгууллагаар шуурхай шийдвэрлүүлэхийг байгууллагын удирдлагаас ажилтан бүрт чиглэл өгч ажилласан. Мөн Д.Бат-Өлзий болон бусад хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын материалд удирдлагаас тухай бүр анхаарч, зээлдэгч нартай биечлэн уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан.

Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дүгнэхэд “К” ХХК-ийн зүгээс дээрх 3 зээлдэгч болох У.Эрдэнэзул, Д.Энхзул, Д.Бат-Өлзий нарын зээлийн асуудлыг тухайн үеийн хуулийн ажилтан иргэн Б.Боор шийдвэрлүүлэхээр тусгайлан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийг эрсдлийн хувь хэмжээгээр дүгнэн тооцож, захирлын урамшуулал олгох тушаал гаргаж, тушаалд дурдсан урамшуулал буюу мөнгөн хөрөнгийг иргэн Б.Бид өгөөгүй асуудал oгт байхгүй бөгөөд зөвхөн ажилтан нь удирдлагын даалгасан ажлыг чанартай, чанаргүй гүйцэтгэсэн асуудал л байсан. “К” ХХК нь иргэн Б.Бийг байгууллагаас ажилтны хөнгөлөлттэй зээлийн журамд хамрагдаж авсан 2 зээлийн гзрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд тодорхойгүй үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэл, түүнийг нотолсон баримтгүй нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж, байгууллагыг шүүхэд хариуцагчаар оролцуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг залхаах, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоо гүйцэлдүүлэхээр ажиллаж байгаа.

Хариуцагчийн зүгээс иргэн Б.Бийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэлд тооцогдох ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох гэрээ буюу үүрэг гүйцэтгэхийг нотлох баримт бичиг огт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байгааг харгалзалгүйгээр иргэний хэрэг үүсгэжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Бийн эрх зүйн үндэслэлгүй 153 255 031 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн “К” ХХК-иас хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153 208 331 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927 038 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 274 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсдавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна

1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг буруу тогтоосон тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тогтоож, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтад алдаатай дүгнэлт хийснийг Нийслэлийн шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон хэрэгт авагдсан баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл болох урамшуулал нэхэмжилсэн байна гэж үзсэн. Аль аль шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй урамшууллын хөлс шаардаж байна гэж харж шийдсэн байдаг.

Хэрэв шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй цалин түүний бүрдэл хэсэг урамшуулал хөлс шаардаж байна гэж дүгнээд маргааныг шийдвэрлэх тохиолдолд маргалдагч талуудын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний тохиролцоог үндэслэж шийдвэрлэх байсан. Хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт авагдаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааны зохицуулалт дээр тулгуурласан өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр “Хөдөлмөрийн тухай”хуулийн 5.2 дугаар зүйл: ”Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй”-д гэж хуульчилсныг үндэслэснээс тодорхой харагдаж байна.

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 04/55 дугаар тушаалаар батлагдсан “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын 5.6-д “Салбар бие дааж эрсдэлтэй зээлийг төлүүлэх үйл ажиллагааг явуулах хугацаа 180 хоног байх бөгөөд энэ хугацаанд ТАА, хуулийн зөвлөхтэй хамтарч ажиллана”, 5.6.1-д “Хэрэв эрсдэлтэй зээлийг төлүүлэх ажиллагаа 180 хоног дотор шийдвэрлэгдсэн тохиолдолд зээлийн хорооны шийдвэрээр ТАА-д тухайн зээлийн эрсдэлийн хувь тооцсон үнэлгээний 5 хувиар тооцож урамшуулал олгоно” гэж заасан байдаг.

Магадлалын Хянавал хэсэг, 8 дугаар нүүрний сүүлийн догол хэсэг “...Харин нэхэмжлэгч нь эрсдэлтэй болон чанаргүй зээл барагдуулах ажиллагаанд хуулийн зөвлөхийн ажил үүргийн хүрээнд бус Тусгай активын албаны ажилтны байр суурьнаас оролцож байсан, мөн ажил олгогчтой урамшуулал авах талаар тохиролцсон гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна.” гэж дүгнэсэн.

Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тус ББСБ-ийн Тусгай активын газрын даргаар ажиллаж байсныг хүлээн зөвшөөрч тайлбар өгч мэтгэлцдэг бөгөөд гэрч Б.Номин, Д.Нямдаваа нарын “Б.Б нь манай ТАА-ны дарга байсан, би удирдлага доор нь ажилладаг байсан” гэх мэдүүлгээр шаардах эрхтэй байсан, эрх зөрчигдөж байгаа нь тогтоогддог.

Хариуцагч татгалзалаа баримтаар нотолдоггүй бөгөөд цалин хөлс авдаг байсан хөдөлмөрийнхөө төлөө үндэслэлгүй урамшуулал давхардуулан нэхэж байна, иймээс үүнийг хэрэгсэхгүй болгох ёстой гэх ойлголт, дүгнэлтээр шүүхийн журмаар шаардсан нотлох баримтыг нуух, шүүхэд гаргаж өгөхгүй байх хэлбэрээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэрч О.Самааранзийн “байгууллага ажилтан Б.Бтой Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байдлаар байгуулагдсан байсан нь надад хадгалагдаж байсан, тийм гэрээ байх ёстой гэх тайлбар мэдүүлгээр нэгэнт харилцаа үүссэн үргэлжилж байсныг нотолдог.

Нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваариас зөвхөн хугацаа хэтэрсэн, чанаргүй, муу зээлийг төлүүлэх үүрэгтэй холбоотой хэсгийг сонгон авч, үнэлсэн нь бусад үндсэн ажил үүргийг үнэлээгүй, зөвхөн сонгосон хэсэгт ногдох буюу муу чанаргүй зээлийг төлүүлсний төлөө цалин хөлс авдаг байсан гэж буруу дүгнэхэд хүргэсэн байна.

Энэ нь цаашилбал нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, ажил үүрэг гүйцэтгэсний төлөө ногдох шударга урамшууллын асуудлыг хөдөлмөрийн харилцааны асуудалтай хольж, хутган ойлгох улмаар төөрөгдөх үр дагаварт хүргэсэн.

Хэрэв цалин хөлснөөс өөр урамшуулал олгогдохгүй, хугацаа хэтэрсэн зээл төлүүлсний урамшуулал олгох тухай журам үйлчилж байсан, үйлчилж байгаа бол нэхэмжлэгч Б.Б 923 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөн байж эрсдэл хийн өөрт ногдох урамшууллаа нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн санал бодол яагаад бодитой бус байх ёстой вэ, үүнийг үгүйсгэхийн тулд яаж тайлбарлах вэ.

“Хөдөлмөрийн тухай” хуулийн Ажил олгогчийн эрхэд тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол “Иргэний хууль”-ийн 343.2 дугаар зүйлд: “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажльн үр дүн байна” гэсэн хуулийг яах вэ. Бүр энэхүү хуультай бүрэн нийцэх Д.Бат-Өлзийгийн хугацаа хэтэрсэн зээлийн талаар Б.Б ба Бат-Өлзийгийн төлөөлөгч хоёрын хооронд “Эвлэрлийн гэрээ” хийгдсэн, гэрээний дагуу Бат-Өлзий зээлээ,хүүгийн хамт шүүхэд нэхэмжилсэн дүнгээр нь хариуцагчид бэлэн мөнгөөр төлсөн үйл баримтыг хэрхэн үнэлэх вэ.

Шүүхийн шийдвэрийн хуудас 8 дороосоо 5-6 мөрөнд: “У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий ...зээлийг өөрийн үйл алсилагаагы үр дүнд бодитойгоор бүрэн төлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй өрөөсгөл дүгнэлт болсон.

Хариуцагч Д.Бат-Өлзийгийн төлсөн хугацаа хэтэрсэн зээл,хүүгийн төлбөрийг хүлээн авсан, энэ талаар ямарваа нэгэн гомдол санал гаргаагүй, Б.Бийн хийсэн ажиллагааны үр дүнд Д.Бат-Өлзийгийн зээл хүү бүрэн төлөгдсөн, үүнээс олгох урамшууллыг Гүйцэтгэх захирал У.Барсболдын дүү Даваатулга хүлээн авсан үйл баримт, гэрч Самааранзаагийн мэдүүлэг нь ажил үүрэг эрхийн болон үр дүнгийн ямар нэгэн доголдолгүй байсан, урамшуулал шагнал ямар ч байсан олгогдох учиртай байсан гэдгийг нотлож байна.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу Д.Бат-Өлзий нь 356 сая төгрөгийг бэлэн мөнгөөр хариуцагчид хугацаанд нь төлсөн, хариуцагч зээл төлснөөс олгох урамшууллыг олгохгүйн тулд нэхэмжлэгч Б.Бийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халсан үйл баримт хэрэгт авагдсан.

Хариуцагчаас шүүхийн журмаар шаардсан гаргаж өгөөгүй Гүйцэтгэх захирлын тушаал түүнтэй байгуулсан гэрээ, засч хассан журам зэрэг нь ИХШХШТХ-ийн үндсэн зарчим болох хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах татгалзлаа өөрөө нотлох. үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байхад түүний өмнөөс өрөөсгөл дүгнэлт хийх, хариуцагчийг буруугүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний шатны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02377 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 274 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б “К” ХХК-д холбогдуулан урамшуулал 153 208 331 төгрөг, архивын болон нотариатын үйлчилгээний төлбөр 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Б.Б нь 2003 оноос “К” ХХК-д хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан байна.

Ажиллаж байх хугацаандаа Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн үндсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх албаны ажиллагааг удирдан зохион байгуулж, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад зээл төлүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэн тайлагнадаг, Эрсдэлтэй зээлтэй ажиллах журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн дүнгээс урамшуулал авдаг байсан гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2015 онд хугацаа хэтэрсэн зээлдэгч У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий, Д.Энхзул нарын зээлийг хариуцан харьяа шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр шийдвэрлүүлсэн, зээлдэгч Д.Бат-Өлзий шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж бүрэн төлсөн, зээлдэгч Д.Энхзул шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөрийг бүрэн төлсөн, У.Эрдэнэзулын төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийж байгаа. Иймд дээрх зээлдэгч нарын төлбөрийг шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5%-иар тооцож, нийт 153  208  331 төгрөгийг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардлыг хамт гаргуулна ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  “...дээрх гурван зээлдэгчийн зээлийн асуудлыг хуулийн ажилтан Б.Боор шийдвэрлүүлэхээр тусгайлан ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажилтан өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажлыг чанартай, чанаргүй гүйцэтгэсэн асуудал л байсан. Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох гэрээ буюу үүрэг гүйцэтгэхийн нотлох баримт бичиг байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Аливаа ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн ажлын чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэж, оронд нь цалин хөлс авдаг. Б.Б нь ажилласан үр дүндээ сар бүр цалин хөлс авч байсан...” гэжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Б.Бийг “К” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж, тохирсон цалин хөлсөө авч байсан, тусгайлан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсантай маргаагүй боловч тэрээр Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн гэрээ, тухайн албан тушаалд ямар ажил үүрэг хамаарах тухай ажлын байрны тодорхойлолт хэрэгт байхгүй байхад шүүх Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ажил үйлчилгээ гүйцэтгэсэн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн урамшуулал олгож байсан нь Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн, ажил олгогчоос олгосон цалингийн хэмжээгээр нотлогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар, түүний үндэслэлийг нотолсон хэрэгт байгаа баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр тохирсон, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан шагнал урамшууллыг нэхэмжилж байгаа алин болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг тодорхойлох, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 274 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД