Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00724

 

2017 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00724

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Н.М

Хариуцагч: Т.М

2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , хариуцагч Н.М ,Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сард Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөгөөр элсэн Нямсүрэнгийн М д өгсөн. Гэтэл G Time kz гэсэн онлайн бүртгэлд бүртгэгдэж амжаагүй байхад үйл ажиллагаа нь зогссон учир мөнгийг олгохыг хүссэн өргөдөл Жи таймын Орхон аймаг дахь салбарт өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагдаагийн газарт өргөдөл авч байгааг сонсоод өргөдөл гаргахад таны код шивэгдээгүй байгаа учир та мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө олж ав гэсэн. Иймд 2 430 000 төгрөгийг Т.М аас гаргуулж өгнө үү, хариуцагч Н.М г мөнгийг Т.М ын дансанд тушаасан тул түүнээс татгалзаж байна гэв.

Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.М нь ЖИ ТАЙМ сүлжээний бизнест 2016 оны 09 дүгээр сард өөрийн танил О ийн урилгаар элсэн орсон. Би өөрийн садан төрлийн холбоотой буюу төрсөн ах дүүсийн хүүхдүүдийн нэг болох Л.С г уг бизнесийг сонирхон асуухад нь өөрөө элссэн байгаа гэж хэлээд оролцох болоход нь дэмжсэн. Үүний дараа Л.С уг сүлжээнд орсныхоо дараа өөрийн дүү Л.Б оруулж байгаа гэж ярьж байсан. Энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч Л.Б оролцсон. Иргэн Т.М ын дансруу мөнгө тушаагаад өгөөч гэх үед нь тодорхой мэдсэн. Учир нь биднийг Эрдэнэтэд удирдаж сүлжээний бизнесийн үйл ажиллагааг ахалж байсан хүн нь Т.М ын ээж Г байсан. Т.М ын дансруу би өөрөө элсэхдээ мөнгөө хийсэн байсан тул Л.Б өөрийн мөнгө /Булганы Сайхан сумруу унаа ирчихсэн яараад байна гээд/ болох 2 299 500 төгрөгийг уг дансруу тушаалгахаар надад өгөхөд нь тухайн мөнгийг нь тоо ёсоор нь Т.М ын данс руу хийсэн баримтыг өөрт нь өгсөн. Мөн Б.Баясгалан гэх хуримтлалын мөнгийг нь авдаг эмэгтэйн дансруу нь 130 500 төгрөгийг нь тушаасан. Л.Б эгч Л.С гээ дэмжиж оролцож байгаа гэж байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байгаа ч Жи Тайм сүлжээний бизнест оролцохоор мөнгө өгснийг нь мэдэж байна. Харин би уг мөнгийг аваагүй хэлсэн ёсоор нь дээрх 2 хүний дансруу тушаасан болно гэжээ.

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Т.М нь Жи тайм компаний Орхон салбарт элсэн орж ажиллаж байхдаа өөрийн ээж Ц.Г хүссэнээр хүмүүст компаниас код авч өгөх ажлыг хийж тус болж байлаа. Үүний төлөө ямар нэг цалин урамшуулалгүй, зөвхөн сэтгэлээрээ энэ хүмүүст тусалж байлаа. Учир нь Жи таймын бүх хүмүүст компанитай холбогдох компаний сайтруу орох чадваргүй байсан учир Худалдаа Хөгжлийн Банкинд данс нээж 13 цагаас 15 цагт мөнгийг нь аваад өдөр өдөрт нь компаний дансанд хийж кодыг нь авч өгдөг байлаа. Маш олон хүнтэй харьцаж байсан учир би энэ хүнийг танихгүй гэхдээ өдөр миний дансанд 2 299 500 төгрөг хийсэн нь үнэн би цааш нь компаний дансанд хийж кодыг нь авсан болно. Харин шивэгдэх асуудлыг би мэдэхгүй. Спонсор буюу М эгч л мэдэх байх. Өнөөдөр шивэлт хийлгээгүй байхад нь компаний үйл ажиллагаа зогссон өөр олон хүмүүс байгаа. Мөнгийг нь авъя кодыг нь буцаая гэхээр компаний мөнгө нь Монгол дахь дансанд байгаа. Асуудал шийдэгдэхийг хүлээ гэсэн хариулт өгдөг. Би энэ хүнтэй огт хамааралгүй, би энэ хүнд энэ ажлыг санал болгоогүй, огт мэдэхгүй болно. Дансны хуулга, бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хавсаргав. Бүртгэлийн дэвтрийн 1956-д бүртгэгдсэн М эгч өөрөө мөнгийг нь тушаасан болно. Шивэлтийн асуудлыг би мэдэхгүй болно. Кодоо авахад нь би бүртгэлийн дэвтэр дээр * тэмдэг тавьдаг. Энэ хүний код надад байгаа нь үнэн болно. Асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н.М д холбогдуулан 2 430 000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т.М ыг оролцуулах, хариуцагч Н.М гаас татгалзах хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Т.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2017 оны 01 дүгээр сард Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт элсэж 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөг төлсөн. Уг мөнгийг Н.М д өгсөн бөгөөд тэрээр цааш нь Т.М ын дансанд тушаасан байх тул хариуцагч Н.М гаас татгалзаж байна. Цагдаагийн газарт хандахад код шивигдээгүй тул мөнгө өгсөн хүнээсээ ав гэсэн тул Т.М аас дээрхи мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

Хариуцагч Т.М нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие Л.Б танихгүй, түүнийг энэ бизнест уриагүй. Би ээждээ тусалж, энэ мэт хүмүүсийн мөнгийг төвлөрүүлэн цааш компаний дансанд хийдэг байсан бөгөөд үүнийхээ төлөө цалин хөлс, урамшуулал авч байгаагүй. Миний дансанд 2 299 500 төгрөг орсон нь үнэн боловч би цааш нь Монгол компаний дансанд өдөрт нь тушааж, код авч өгдөг. Кодоо шивээгүй байснаас мөнгө дансандаа хэвээрээ байгаа. Цагдаагийн газраас битүүмжлэл тавигдвал энэ мөнгийг эргүүлж өгөх боломжтой гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Л.Б нь Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөг төлж элсэн орохоор төлбөрийг Н.М д өгсөн, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н.М нь Т.М ын Худалдаа хөгжлийн банкны № дугаартай дансанд 2 299 500 төгрөг, Б.Баясгалангийн Худалдаа хөгжлийн банкны № дугаартай дансанд 130 500 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зохигдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд, Т.М ын депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нотлогдож байна. Мөнгө шилжүүлсэн хийгээд үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч Л.Б нь Т.М ын дансанд шилжүүлсэн мөнгөний код авч шивэлт хийгээгүй шалтгаанаар Цагдаагийн газарт хохирогчоор тогтоогдоогүй тул мөнгөө буцааж авна гэж, хариуцагч Т.М мөнгийг хувьдаа хэрэглээгүй, мөнгийг цааш нь Жи тайм сүлжээний Монгол дахь компаний дансанд шилжүүлсэн, энэ нь тухайн өдрийн гүйлгээгээр нотлогдох бөгөөд компаний үйл ажиллагааг шалгах болсонтой холбоотой данс битүүмжилсэн учир Л.Б мэтийн 14 иргэний мөнгө дансанд битүүмжлэгдсэн байгаа, битүүмжлэл цуцлагдвал гаргаж өгөх боломжтой гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Л.Б 2 299 500 төгрөгийг Т.М ын дансанд шилжүүлсэн, Т.М нь Жи тайм компаний монгол дахь дансанд шилжүүлсэн үйл ядвлын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч Л.Б Жи тайм компаниас 2 299 500 төгрөг нэхэмжлэх эрх үүсээгүй байх тул хариуцагч Т.М аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд буюу 2 299 500 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Харин Б. Б дансанд орсон гэх 130 500 төгрөгийг хариуцагч Т.М хариуцан төлөх үүрэггүй.

Иймд хариуцагч Т.М аас 2 299 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 53 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас 51 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгохоор заалаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.М аас 2 299 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас 51 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ