Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00148

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалтай,

Л.Бгийн нэхэмжлэлтэй

Н.М, Т.Мнарт холбогдох

2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.М-ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сард Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөгөөр элсэн Нямсүрэнгийн Н.Мд өгсөн. Гэтэл G Time kz гэсэн онлайн бүртгэлд бүртгэгдэж амжаагүй байхад үйл ажиллагаа нь зогссон учир мөнгийг олгохыг хүссэн өргөдөл Жи таймын Орхон аймаг дахь салбарт өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагдаагийн газарт өргөдөл авч байгааг сонсоод өргөдөл гаргахад таны код шивэгдээгүй байгаа учир та мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө олж ав гэсэн. Иймд 2 430 000 төгрөгийг Т.Мянганбаяраас гаргуулж өгнө үү, хариуцагч Н.Мг мөнгийг Т.М-ын дансанд тушаасан тул түүнээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.М нь ЖИ ТАЙМ сүлжээний бизнест 2016 оны 09 дүгээр сард өөрийн танил Оюун-Эрдэнийн урилгаар элсэн орсон. Би өөрийн садан төрлийн холбоотой буюу төрсөн ах дүүсийн хүүхдүүдийн нэг болох Л.Саранхүүг уг бизнесийг сонирхон асуухад нь өөрөө элссэн байгаа гэж хэлээд оролцох болоход нь дэмжсэн. Үүний дараа Л.Саранхүү уг сүлжээнд орсныхоо дараа өөрийн дүү Л.Бг оруулж байгаа гэж ярьж байсан. Энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч Л.Б оролцсон. Иргэн Т.М-ын данс руу мөнгө тушаагаад өгөөч гэх үед нь тодорхой мэдсэн. Учир нь биднийг Эрдэнэтэд удирдаж сүлжээний бизнесийн үйл ажиллагааг ахалж байсан хүн нь Т.М-ын ээж Ганчимэг байсан. Т.М-ын данс руу би өөрөө элсэхдээ мөнгөө хийсэн байсан тул Л.Бг өөрийн мөнгө /Булганы Сайхан сумруу унаа ирчихсэн яараад байна гээд/ болох 2 299 500 төгрөгийг уг дансруу тушаалгахаар надад өгөхөд нь тухайн мөнгийг нь тоо ёсоор нь Т.М-ын данс руу хийсэн баримтыг өөрт нь өгсөн. Мөн Б.Баясгалан гэх хуримтлалын мөнгийг нь авдаг эмэгтэйн данс руу нь 130.500 төгрөгийг нь тушаасан. Л.Б эгч Л.Саранхүүгээ дэмжиж оролцож байгаа гэж байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байгаа ч Жи Тайм сүлжээний бизнест оролцохоор мөнгө өгснийг нь мэдэж байна. Харин би уг мөнгийг аваагүй хэлсэн ёсоор нь дээрх 2 хүний данс руу тушаасан болно гэжээ.

Хариуцагч Т.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Т.Мнь Жи тайм компаний Орхон салбарт элсэн орж ажиллаж байхдаа өөрийн ээж Ц.Ганчимэгийн хүссэнээр хүмүүст компаниас код авч өгөх ажлыг хийж тус болж байлаа. Үүний төлөө ямар нэг цалин урамшуулалгүй, зөвхөн сэтгэлээрээ энэ хүмүүст тусалж байлаа. Учир нь Жи таймын бүх хүмүүст компанитай холбогдох компаний сайт руу орох чадваргүй байсан учир Худалдаа Хөгжлийн Банкинд данс нээж 13 цагаас 15 цагт мөнгийг нь аваад өдөр өдөрт нь компаний дансанд хийж кодыг нь авч өгдөг байлаа. Маш олон хүнтэй харьцаж байсан учир би энэ хүнийг танихгүй гэхдээ өдөр миний дансанд 2 299 500 төгрөг хийсэн нь үнэн би цааш нь компаний дансанд хийж кодыг нь авсан болно. Харин шивэгдэх асуудлыг би мэдэхгүй. Спонсор буюу Н.М эгч л мэдэх байх. Өнөөдөр шивэлт хийлгээгүй байхад нь компаний үйл ажиллагаа зогссон өөр олон хүмүүс байгаа. Мөнгийг нь авъя кодыг нь буцаая гэхээр компаний мөнгө нь Монгол дахь дансанд байгаа. Асуудал шийдэгдэхийг хүлээ гэсэн хариулт өгдөг. Би энэ хүнтэй огт хамааралгүй, би энэ хүнд энэ ажлыг санал болгоогүй, огт мэдэхгүй болно. Дансны хуулга, бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хавсаргав. Бүртгэлийн дэвтрийн 1956-д бүртгэгдсэн Н.М эгч өөрөө мөнгийг нь тушаасан болно. Шивэлтийн асуудлыг би мэдэхгүй болно. Кодоо авахад нь би бүртгэлийн дэвтэр дээр * тэмдэг тавьдаг. Энэ хүний код надад байгаа нь үнэн болно. Асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мянганбаяраас 2.299.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мянганбаяраас 51.742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Т.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.744 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Мхяналтын гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай магадлалтай Л.Бгийн нэхэмжлэлтэй 2 430 000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Н.М, Т.Мнарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараахь гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн 155 дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 172.2.2 дахь хэсэгт “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хариуцагч Т.Мминий бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 01 дүгээр сард Жи тайм компанийн хуримтлалын хөтөлбөрт 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөгөөр элссэн гэх ба миний бие уг 2 299 500 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан би цааш нь Жи тайм компанийн дансанд шилжүүлэн кодийг авч өгсөн. 2017 оны 01 сарын 18-нд миний Худалдаа хөгжлийн банкны дансанд нэхэмжлэгч Л.Бгээс гадна нийт 23 хүнээс тус бүр 2 299 500 төгрөг Вип хөтөлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 78 343 951 төгрөг шилжин ирсэн. Энэхүү шилжин ирсэн мөнгөнөөс тухайн өдөрт нь 78 177 492 төгрөгийг Вип барааны үнэ болгон шилжүүлсэн. Гэтэл шүүх намайг өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан мэт дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Л.Бгийн нэхэж буй 2 299 500 төгрөгийг 473018711 тоот дансанд өөрийн нь хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан депозит дансны хуулгаар нотлогдох юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Л.Бгийн 2 299 500 төгрөгийг Т.М-ын дансанд шилжүүлсэн, Т.Мнь Жи тайм компанийн Монгол дахь дансанд шилжүүлсэн үйл явдлын талаар талууд маргаагүй” гэсэн атлаа надаас 2 299 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны 407254687 данснаас 78 177 492 төгрөг буюу нэхэмжлэгч Л.Бгийн миний данс руу шилжүүлсэн 2 299 500 төгрөгийг 473018711 тоот вип барааны үнэ болгон Л.Бгийн хүсэлтийн дагуу Жи тайм компанийн дансанд шилжүүлсэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Л.Б нарын иргэдэд миний бие тус болж Жи тайм компанийн вип хөтөлбөрт элсэхийг өөрсдөө хүсэж, шилжүүлэх ёстой 2 299 500 төгрөгийг нь тэд өөрсдөө шилжүүлж чадахгүй тул өөрийн дансаар дамжуулан шилжүүлж өгснөөрөө эргээд би 2 299 500 төгрөгийг Л.Бд төлөх үүрэгтэй хэмээн шүүх үзэж шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Мөн Жи тайм компанийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн иргэдийн гомдол мэдээллийг авч шалгаж эхэлсэн ба уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал Иргэний хэргийн шүүх уг асуудлыг шийдвэрлэж намайг мөнгө төлөх ёстой гэж үзэж шийдвэр гаргасан нь надад хохиролтой төдийгүй буруу гэж үзэж байна. Жи тайм компанийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансанд байгаа мөнгө нь Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаатай холбоотойгоор битүүмжлэгдсэн болно. Компани руу удаа дараа энэ хүний кодны мөнгийг өгөөч гэсэн хүсэлтийг sкуре /скайф/-аар холбогдож тавихад мөнгө нь Монгол дахь дансанд байгаа учраас эрүүгийн хэргийн асуудал нь шийдвэрлэгдэж данс нээгдэхээр мөнгийг нь гаргаж өгье гэсэн хариуг өгсөн. Мөн компанийн сайтад нэхэмжлэгч Л.Бгийн нэрийг байршуулаагүй байгаа нь намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн мэт ойлгогдох нөхцлийг бүрдүүлж байгаад аль ч шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулж эрх зүйн байдлыг маань дордуулсан байна. Нэхэмжлэгчийн мөнгийг Н.М эгч бэлнээр авч миний дансанд хийсэн. Би Л.Бгийн кодийг авч өгсөн. Энэ кодыг бүртгүүлээгүй удсан хугацаанд тус мөнгийг би хэрэглээгүй бөгөөд уг мөнгө миний дансанд орсон өдрөө компанийн дансанд орсон байгаа нь миний дансны хуулгаар нотлогдоно. Иймд шүүхээс хууль буруу хэрэглэн хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийлгүй хэргийг шийдсэн байх тул магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н.Мгаас 2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мөнгийг авсан Т.М-ыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан байна.  

Анхан шатны шүүх хариуцагч Т.М-аас 2 299 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Т.М“...нэхэмжлэгч Л.Б Жи тайм компанийн вип хөтөлбөрт элсэхийг хүсч мөнгөө Н.Мд өгсөн, Н.М нь түүний 2 299 500 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг би Жи тайм компанийн дансанд шилжүүлсэн, ...нэхэмжлэгч нь мөнгөө шилжүүлж чаддаггүй учраас надаар дамжуулсан бөгөөд мөнгийг би аваагүй юм, ...нэхэмжлэгчийн мөнгө Жи тайм компанийн дансанд байгаа бөгөөд эрүүгийн хэргийн журмаар уг дансыг битүүмжилсэн байгаа..., шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байх ба харин шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч Л.Б нь Жи тайм компанийн сүлжээнд элсэх зорилгоор 2 430 000 төгрөгийг Н.Мд өгсөн, Н.М нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Т.М-ын Худалдаа хөгжлийн банкны 407254687 тоот дансанд 2 299 500 төгрөг, Б.Баясгалангийн худалдаа хөгжлийн банкны 466009127 тоот дансанд 130 500 төгрөг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь уг сүлжээнд нэгдэж орж, гишүүн болоогүй, Жи тайм сүлжээний байгууллагатай эрх зүйн харилцаанд ороогүй учраас мөнгөө буцаан шаардсан байна.

Хариуцагч Т.М-ын данснаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийт 78 177 492 төгрөгийг Жи тайм компанийн Монгол дахь салбарын дансанд шилжүүлсэн баримт хэрэгт байх боловч үүнд Л.Бгийн мөнгө орсон эсэх нь тодорхойгүй, Л.Б болон Жи тайм сүлжээний хооронд үүрэг үүссэн байдал тогтоогдоогүй тул шүүх хариуцагч Т.М-аас 2 299 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Харин Т.Мнь уг мөнгийг шилжүүлсэн бол компаниас шаардах эрх нь нээлттэй юм.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул Л.Бгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Л.Бгийн мөнгө Т.М-ын дансанд орсон, Т.Мнь уг мөнгийг буцааж өгөх үүрэгтэй талаар шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг бүрэн тусгаагүй, хариуцагч Н.Мд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон алдааг гаргасан байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг солиогүй, аль алиныг нь хамтран хариуцагчаар оролцуулсан тул хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх ёстой байжээ. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492.1...гэснийг 492.1.1 гэж, ...130 500 төгрөгийг гэсний дараа ...болон хариуцагч Н.Мд холбогдох нэхэмжлэлийг .... гэж нэмж, өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 52 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсгүэй.

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА