Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Л.Баянхүүгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Мөнхтуяа, Т.Мянганбаяр нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Л.Баянхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Мөнхтуяа, Т.Мянганбаяр нарт холбогдох,

 2.430.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т.Мянганбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранхүү, хариуцагч Н.Мөнхтуяа, Т.Мянганбаяр, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Баянхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 01 дүгээр сард Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт 130 500 төгрөг, вип хөтөлбөрт 2 299 500 төгрөг нийт 2 430 000 төгрөгөөр элсэн Нямсүрэнгийн Мөнхтуяад өгсөн. Гэтэл G Time kz гэсэн онлайн бүртгэлд бүртгэгдэж амжаагүй байхад үйл ажиллагаа нь зогссон учир мөнгийг олгохыг хүссэн өргөдөл Жи таймын Орхон аймаг дахь салбарт өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагдаагийн газарт өргөдөл авч байгааг сонсоод өргөдөл гаргахад таны код шивэгдээгүй байгаа учир та мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө олж ав гэсэн. Иймд 2 430 000 төгрөгийг Т.Мянганбаяраас гаргуулж өгнө үү, хариуцагч Н.Мөнхтуяаг мөнгийг Т.Мянганбаярын дансанд тушаасан тул түүнээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Миний бие Н.Мөнхтуяа нь ЖИ ТАЙМ сүлжээний бизнест 2016 оны 09 дүгээр сард өөрийн танил Оюун-Эрдэнийн урилгаар элсэн орсон. Би өөрийн садан төрлийн холбоотой буюу төрсөн ах дүүсийн хүүхдүүдийн нэг болох Л.Саранхүүг уг бизнесийг сонирхон асуухад нь өөрөө элссэн байгаа гэж хэлээд оролцох болоход нь дэмжсэн. Үүний дараа Л.Саранхүү уг сүлжээнд орсныхоо дараа өөрийн дүү Л.Баянхүүг оруулж байгаа гэж ярьж байсан. Энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч Л.Баянхүү оролцсон. Иргэн Т.Мянганбаярын данс руу мөнгө тушаагаад өгөөч гэх үед нь тодорхой мэдсэн. Учир нь биднийг Эрдэнэтэд удирдаж сүлжээний бизнесийн үйл ажиллагааг ахалж байсан хүн нь Т.Мянганбаярын ээж Ганчимэг байсан. Т.Мянганбаярын данс руу би өөрөө элсэхдээ мөнгөө хийсэн байсан тул Л.Баянхүүг өөрийн мөнгө /Булганы Сайхан сумруу унаа ирчихсэн яараад байна гээд/ болох 2 299 500 төгрөгийг уг дансруу тушаалгахаар надад өгөхөд нь тухайн мөнгийг нь тоо ёсоор нь Т.Мянганбаярын данс руу хийсэн баримтыг өөрт нь өгсөн. Мөн Б.Баясгалан гэх хуримтлалын мөнгийг нь авдаг эмэгтэйн данс руу нь 130.500 төгрөгийг нь тушаасан. Л.Баянхүү эгч Л.Саранхүүгээ дэмжиж оролцож байгаа гэж байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байгаа ч Жи Тайм сүлжээний бизнест оролцохоор мөнгө өгснийг нь мэдэж байна. Харин би уг мөнгийг аваагүй хэлсэн ёсоор нь дээрх 2 хүний данс руу тушаасан болно гэжээ.

Хариуцагч Т.Мянганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Т.Мянганбаяр нь Жи тайм компаний Орхон салбарт элсэн орж ажиллаж байхдаа өөрийн ээж Ц.Ганчимэгийн хүссэнээр хүмүүст компаниас код авч өгөх ажлыг хийж тус болж байлаа. Үүний төлөө ямар нэг цалин урамшуулалгүй, зөвхөн сэтгэлээрээ энэ хүмүүст тусалж байлаа. Учир нь Жи таймын бүх хүмүүст компанитай холбогдох компаний сайт руу орох чадваргүй байсан учир Худалдаа Хөгжлийн Банкинд данс нээж 13 цагаас 15 цагт мөнгийг нь аваад өдөр өдөрт нь компаний дансанд хийж кодыг нь авч өгдөг байлаа. Маш олон хүнтэй харьцаж байсан учир би энэ хүнийг танихгүй гэхдээ өдөр миний дансанд 2 299 500 төгрөг хийсэн нь үнэн би цааш нь компаний дансанд хийж кодыг нь авсан болно. Харин шивэгдэх асуудлыг би мэдэхгүй. Спонсор буюу Мөнхтуяа эгч л мэдэх байх. Өнөөдөр шивэлт хийлгээгүй байхад нь компаний үйл ажиллагаа зогссон өөр олон хүмүүс байгаа. Мөнгийг нь авъя кодыг нь буцаая гэхээр компаний мөнгө нь Монгол дахь дансанд байгаа. Асуудал шийдэгдэхийг хүлээ гэсэн хариулт өгдөг. Би энэ хүнтэй огт хамааралгүй, би энэ хүнд энэ ажлыг санал болгоогүй, огт мэдэхгүй болно. Дансны хуулга, бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хавсаргав. Бүртгэлийн дэвтрийн 1956-д бүртгэгдсэн Мөнхтуяа эгч өөрөө мөнгийг нь тушаасан болно. Шивэлтийн асуудлыг би мэдэхгүй болно. Кодоо авахад нь би бүртгэлийн дэвтэр дээр * тэмдэг тавьдаг. Энэ хүний код надад байгаа нь үнэн болно. Асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мянганбаяраас 2.299.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Баянхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мянганбаяраас 51.742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Баянхүүд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Мянганбаяр давж заалдсан гомдолдоо:

 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд нэхэмжлэгч Л.Баянхүүгээс гадна нийт 23 хүнээс тус бүр 2 299 500 төгрөг Вип хөтөлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 78 343 951 төгрөг шилжин ирсэн. Энэхүү шилжин ирсэн 78 343 951 төгрөгнөөс би тухайн өдөрт нь 78 177 492 төгрөгийг вип барааны үнэ болгон шилжүүлсэн. Гэтэл шүүх намайг өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан мэт дүгнэж шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Учир нь миний бие Л.Баянхүүгийн нэхэж буй 2 299 500 төгрөгийг 473018711 тоот дансанд Л.Баянхүүгийн өөрийнх нь хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн. Дээрх нөхцөл байдлыг нотлох баримт болох деспозит дансны хуулга хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нотлогдох юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Л.Баянхүүгийн 2 299 500 төгрөгийг Т.Мянганбаярын дансанд шилжүүлсэн, Т.Мянганбаяр нь Жи тайм компанийн Монгол дахь дансанд шилжүүлсэн үйл явдлын талаар талууд маргаагүй” гэсэн атлаа надас 2 299 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны 407254687 данснаас 78 177 492 төгрөг буюу нэхэмжлэгч Л.Баянхүүгийн миний данс руу шилжүүлсэн 2 299 500 төгрөгийг 473018711 тоот вип барааны үнэ болгон Л.Баянхүүгийн хүсэлтийн дагуу Жи тайм компанийн дансанд шилжүүлсэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Л.Баянхүү нарын иргэдэд миний бие тус болж Жи тайм компанийн вип хөтөлбөрт элсэхийг өөрсдөө хүсэж, шилжүүлэх ёстой 2 299 500 төгрөгийг нь тэд өөрсдөө шилжүүлж чадахгүй тул өөрийн дансаар дамжуулан шилжүүлж өгсөнөөрөө эргээд би 2 299 500 төгрөгийг Л.Баянхүүд төлөх үүрэгтэй хэмээн шүүх үзэж шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Мөн Жи тайм компанийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн иргэдийн гомдол мэдээллийг авч шалгаж эхэлсэн ба уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал Иргэний хэргийн шүүх уг асуудлыг шийдвэрлэж намайг мөнгө төлөх ёстой гэж үзэж шийдвэр гаргасан нь надад хохиролтой төдийгүй буруу гэж үзэж байна.Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Баянхүү нь хариуцагч Н.Мөнхтуяад холбогдуулан Жи тайм компанийн хуримтлалын хөтөлбөрт 130.500 төгрөг, вип хөтөлбөрт 2.299.500 төгрөг төлж элссэн нийт 2.430.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мянганбаяраас 2.299.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Баянхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Баянхүү нь Жи тайм компаний хуримтлалын хөтөлбөрт 130.500 төгрөг, вип хөтөлбөрт 2.299.500 төгрөг нийт 2.430.000 төгрөг төлж элсэн орохоор төлбөрийг Н.Мөнхтуяад өгчээ. Н.Мөнхтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Т.Мянганбаярын худалдаа хөгжлийн банкны 407254687 дугаартай дансанд 2 .299. 500 төгрөг, Б.Баясгалангийн худалдаа хөгжлийн банкны 466009127 дугаартай дансанд 130.500 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд, Т.Мянганбаярын депозит дансны хуулга зэргээр нотлогдож байна. / х/х-ийн 4, 5, 45 дугаар хуудас/,

Хариуцагч Т.Мянганбаяр нь шүүхийн 24 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч өөрөө нотолж чадаагүй байна.

Шүүх жи тайм компаниас 2.299.500 төгрөг нэхэмжлэх эрх үүсээгүй байх тул гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мянганбаяраас 2.299.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Баянхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байх ба хэргийг хянан шийдвэрлэхдээ  хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Т.Мянганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.744 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Мянганбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Т.Мянганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.744 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР