Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2020/00267

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2020/00267

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, Залуус хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /-т холбогдох

Гэм хорын хохирол 5530408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09-р сарын 10-ны өдөр Бүрэнбүст багийн 8-р байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн улсын дугаартай машины жолооч О.*******т мөргүүлж гэмтсэний улмаас үүссэн гэм хорын хохиролд 2530408 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг буюу нийт 5530408 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2019 оны 09-р сарын 10 өдөр ажлаасаа цайны цагаар гэр рүүгээ орох гэж явж байхдаа Бүрэнбүст багийн 8 байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн улсын дугаартай машины жолооч О.******* нь автомашинаараа мөргөж гэмтээсний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр Д.******* миний биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал дангаараа, бусад гэмтлүүд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах хэдий ч дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн байдаг. Миний бие дээрхи гэмтлийн улмаас бүтэн 3 сарын хугацаанд эмнэлгээр явж биеийн байдал сайжрахгүй баруун талын толгой хавантай, дотор нь лугшиж өвдөж, дүүрч байнга өвдөлттэй, хүзүү хөшилттэй, даралт ихдэж, пульс /78-110 хүртэл / ихсэж, дуу чимээтэй газар байхад чих шуугих, дотор муухайрч 2 хөл дайвалзаж, 2 гар болон хөл жирвэгнэж бадайрч, мөргөж унагасан талын хөл болон зүүн хөл өвдөж, 2 хөл зарим үед өвдгөөрөө нугарч уначих гэсэн байдалтай байгаа бөгөөд эмчилгээг өнөөдрийг хүртлэх хугацаанд тогтмол хийлгэж байгаа болно. Гэвч тархинд учирсан гэмтлийн үр урхаг даамжран эдгэрэлт өгөхгүй байсаар байгаа бөгөөд тухайн үед О.******* нь таныг хурдан эрүүл саруул болгохын төлөө байнаа гэж хэлж байсан боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед гаднаас оруулах шаардлагатай гэсэн 2 тариаг, 10.000 нэгжийн хамт л авч өгсөн бөгөөд эмнэлгээс гарах үед эмчийн бичиж өгсөн эмчилгээний эм, тариаг мөнгөгүй байна гэж цааргалж байж байн байн гуйлгасны эцэст 60.000 төгрөгний эмийг авч өгсөн. Түүнчлэн миний бие Улаанбаатар хотод 13А маягтыг аваад ШУГТЭ хэвтэж эмчлүүлэхээр явахынхаа өмнө эм тариагаа авч өгөөч гэхэд аваад араас чинь явуулъя гэж хэлсэн боловч өгөөгүй, эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа эм тариа, эмнэлгийн ор хоногийн төлбөрөө нэхэж утасдахаар утсаа авахгүй, мессэж бичихээр банкны зээлээ төлж байна, төлчихөөд явуулна гэсэн боловч дахин огт холбогдоогүй бөгөөд эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүнийг өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж бэртэж гэмтээсэн байж нэг ч удаа биеийн байдлыг асуухгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Энэ 3 сарын хугацаанд миний хувьд эрүүл мэнд, банкны зээл төлөлт, сэтгэл санаа, санхүүгийн байдлаар маш их хохирч эрүүл саруул болохын төлөө өөрийн болон ах дүү найз нараасаа мөнгө гуйж ломбарданд юм тавьж эмчилгээ хийлгэж байгаа боловч сайн сайжрахгүй байна. Өөрөө ганцаараа явах боломжгүй толгой эргэж дайвалзах, баруун талын толгойн хэсэг өвдөж хүзүүгээр хөшилттэй, даралт, пульс байнга ихсэж, одоо 2 хөл өвдөж явж чадахгүй хажуудаа заавал нэг хүнтэй явж байна. Аймгийн БОЭТ-ийн гэмтэл, мэдрэлийн эмчийн хяналтанд байнга үзүүлж, эмчилгээ хийлгэсээр байна. Хариуцагч О.*******т маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид эрүүл мэндэд маань ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт сүүлд өвчний түүхүүд авагдсан байгаа. Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв гэдэг. Тэдний дагалдах онош гэсэн дээр оросоор бичсэн учраас ойлгохгүй байгаа. Тэр нь хөнгөн гэмтэл гэж байгаа. Гэтэл эмнэлэгийн оношоор хөнгөн гэмтэл гээд яваад байдаг. Хардах, сэрдэх эрхтэй учраас эмчтэй танил талын холбоотой гэж үзэж байгаа. Дараа нь Орхон аймаг дахь зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн түүх дээр нь толгой өвдөнө, дүүрнэ, шилэн хүзүү хөшнө, зүүн өвдөг, түнхэнд өвдөлт хөндүүрлэлт үүссэн. Түнхний асуудал одоо болтол шинжээчийн дүгнэлтээр ороогүй, дүгнэлт гараагүй. Энэ яаж гарч ирсэн бэ гэхээр 3 дугаар эмнэлэгт хэвтэж, зураг авахуулснаас хойш гарч ирж байгаа. Түнхний хугарсан, сэтэрсэн нөхцөл байдлууд байгаа. Хариуцагч эмчилгээний хэдэн төгрөг, нэг хүний замын зардлыг гаргана гэж байна. Гэтэл энэ хүн ганцаараа явж чадахгүй байгаа учраас халтуур хийж мөнгө олдог нөхрөө дагуулаад явж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хорыг буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Ослын асуудлыг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, хариуцлагын асуудал яригддаг. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл энэ асуудлыг дахин дахин гаргаад, шүүх бүрэлдэхүүний зүгээс ч гэсэн тархиндаа гэмтэл авсан юм уу гэж асууж байгаа байдлыг би үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлнө гэж байгаа. Хариуцагч дээрхи осол миний буруугаас болоогүй гэдгийг юугаар нотолсон бэ, нотлоогүй. Харин ч миний буруутай үйлдлээс болсон гэж явж байгаад өнөөдөр ийм зүйл яриад явж байдаг, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөөд сууж байгаа нь байж болохгүй асуудал гэж бодож байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийг хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарах асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Энэ үүргийн чинь дагуу бид нар нэхэмжилж байгаа. Жишээлбэл ломбардны мөнгө, банкны зээл төлөхгүй гээд байх юм. Таны үйлдлийн улмаас энэ хүн ийм байдалд орсон. Тухайн хүн ажил хийсний үндсэн дээр зээл, бусад ломбардны өрнүүд суутгагдаад явах ёстой. Энэ төлбөр төлөгдөх ёстой, төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Зардлыг яагаад 2 хүнээр авах ёстой вэ гэхээр зайлшгүй зардал гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг асарч сувилсан зардлыг яагаад гаргахгүй гэж үзэж байна. Нөхөр нь эхнэрээ асарч сувилаад явж байгаа. Энэ хүн ганцаараа явбал тархи толгой нь өвдөх, биеийн байдал муу байгаа учраас нөхрөө дагуулж явсан. Энэ төлбөр бол гарах ёстой мөнгө. Бусад зураг авахуулсан, эмнэлэгийн ор хоногийн мөнгийг төлнө гэсэн учраас маргахгүй. Ломбардны төлбөрийг яагаад төлөхгүй гэж байгаа вэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зардал мөнгөө гаргахын тулд ломбарданд эд зүйлээ тавьсан. Дараа нь сэтгэл санааны хохирлыг гаргахгүй гэж байна. Манай хуульд нарийвчлан заагаагүй боловч энэ хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд явж байгаа, өнөөдрийг хүртэл хугацаанд эмчлүүлж байгаа, эмчлэгдсэн болох нь тогтоогдож байгаа нөхцөл байдалд сэтгэл санааны хохирол авах нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Тийм учраас энэ хүн сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч. Зохигчид гаргаж өгсөн нотлох баримтаа шинжлэн судлуулах эрхтэй боловч ямар зорилгоор сая хуурцаг бүхий бичлэгийг судлуулсныг гайхаж байна. Энэ нь шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх нөхцөл байдал гаргаж байна гэж үзэж байна. Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний төвийн дүгнэлтээр эмчилгээ хийлгэснээр эдгэрэх боломжтой гэж гарсан байгаа гэв.

 

Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.******* миний бие 2019.09.10-ны өдөр санамсар болгоомжгүйн улмаас иргэн *******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн *******гийн эмчилгээнд анхаарч БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн төлбөр тухайн үед гарч байсан эмчилгээний зардлууд болох 896550 төгрөгийг төлсөн. *******гийн нэхэмжилэн 5530408 төгрөгөөс эм тариа эмчилгээний зардал төлөхийг зөвшөөрч байна. Харин бусад зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт өөрийн төлж байсан эмчилгээний зардал баримтууд хэрэг болсон үеийн камерийн бичлэгийг нотлох баримтаар өгч байна. ... Тухайн өдөр би 5 дугаар микрийн 8 дугаар байрны урд замаар явж байхад өөдөөс машин ирэхээр нь би зүүн талын толио хараад ухарсан чинь баруун талд энэ эгч орж ирээд би мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад очиход эгч унасан байдалтай байхаар нь эмнэлэг дээр очиход эмч босч болохгүй сууж бай гэсэн. Маргааш өглөө нь уулзахаар болоод Медипас эмнэлэг рүү дагуулж яваад шинжилгээ өгөөд хариу гарсны дараа эмнэлэгт хэвтсэн. Би 1.325.000 төгрөгийг шинжилгээ, эм тарианы мөнгө гэж өгсөн. Осол болсон өдөр эмнэлэг рүү ороод шинжилгээний мөнгө төгрөгийг бүгдийг зохицуулж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа эм тариа, эмнэлэгийн төлбөр, нэг хүний замын зардалд нийт 691.288 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Цалингийн зээл, ломбарднаас авсан мөнгө, сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний үйлчлүүлэгчээс гэм хорын хохиролд 5.530.408 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн осол болсон өдрөөс хойш хариуцагч сайн дураараа нэхэмжлэгчид 1.350.000 төгрөгийн шаардлагатай эд зүйлийг авч өгсөн байдаг. Баримтаар авч үлдсэн 800.000 төгрөгийн баримтыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч санаа тавьж байгаагүй, эм тариа авч өгч байгаагүй гэдэг нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч Д.******* ломбардны мөнгө, хүүг нэхэмжилж байна. Яагаад эмчилгээнд зарцуулсан гэчихээд давхардуулж нэхээд байгаа вэ гэдгийг хариуцагч талаас гайхаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хамаарах эрүүл мэндэд учирсан бодит хохирол, эм тариа, эмчилгээ, нэг хүний замын зардалд 691.288 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Бусад зардлыг зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь Улаанбаатар Эрдэнэт чиглэлд 8 удаа явсан замын зардлыг төлнө. Асаргаа шаардагдахгүй, заавал хүн дагуулж явах шаардлагагүй гэж хариуцагч тал үзэж байна. Мөн сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг төлөхгүй. Энэ талаархи нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байна. Яаж тооцож энэ дүнг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай хуульд энэ талын заалт байхгүй. Ийм учраас сэтгэл санааны хохирлыг төлөхгүй. Бодит хохирол болох 691.288 төгрөгийг хариуцагч талаас төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх 4.839.120 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан гэм хорын хохирол 5530408 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа, эмчилгээний зардал, эмчлүүлэхээр явсан замын зардлыг нэг хүнийхээр тооцож 691288 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан байна.

Хариуцагч О.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-8-р байрны гадна өөрийн эзэмшлийн 40-84 ОРА улсын дугаартай Ниссан тийна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1, 10.14 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч Д.*******г мөргөж зам тээврийн осол гарган түүний биед баруун тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн црал, зүүн өвдөгт зулгаралт зүүн шилбэнд ус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулж Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-ын 51 дэх хэсэгт заасны дагуу 200000 төгрөгөөр торгох шийтэлээр шийтгүүлсэн болох нь 2019 оны 09 сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 613 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 1251 дугаартай дүгнэлт, зохигчдын тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.******* нь өөрийнхөө эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш хугацаанд гарсан эм, эмчилгээний зардал, замын зардлыг хариуцагч О.*******аас нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Үүнд нэхэмжлэгч Д.******* нь эмчлүүлэх шаардлагаар Улаанбаатар хот руу ирж очих зардалд /нөхөр хамт/ 441400 төгрөг, эмчилгээний зардалд /MRI зураг авахуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн үнэ, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр/ 292300 төгрөг, эмийн сангаас авч хэрэглэсэн эмийн үнэ 177588 төгрөг, нотариатын зардал 17000 төгрөгийн зардлуудыг тус тус гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хот хоорондын зорчих тасалбар, зорчих тасалбар цахимаар захиалсан баримт, эм авсан НӨАТ-ын баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтөний түүх, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа дутуу алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан ба харин нэхэмжлэгч Д.******* нь Хаан банкны цалингийн зээлийн төлбөр 904800 төгрөг, ломбардны хүү болон үндсэн мөнгө 667520 төгрөг, мобикомын үнэгүй ярих ярианы эрх авсан үнэ 28000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн нь тодорхойгүй, цалингийн зээл болон ломбарднаас авсан мөнгийг эмчилгээндээ зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул дээрх зардлуудыг хохирогчид шууд учирсан, түүнд зайлшгүй гарсан гэм хорын хохирлын зардалд тооцохгүй боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Д.******* нь зам тээврийн ослын улмаас гэмтэл авч 2019 оны 09 сарын 10-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт тогтоолгож, цалин хөлсөө бүрэн хэмжээгээр авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд түүний тайлбараар тогтоогдож байгаа болно.

 

Мөн нэхэмжлэгч Д.******* нь дээрх зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд хохирол учирч түүний улмаас сэтгэл санаанд мөн хохирол учирсан гэж хариуцагч О.*******аас сэтгэл санааны хохиролд 3000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Хуульд заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хуульд тусгайлан заасан тохиолдолд хамаарахгүй байх ба нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 3000000 төгрөгийг яаж тооцсон энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.*******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 928288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4602120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 26829 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шүүхийн шийдвэрт заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, заасныг баримтлан хариуцагч О.*******аас 928288 /есөн зуун хорин найман мянга хоёр зуун наян найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4602120 /дөрвөн сая зургаан хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26829 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ХИШИГДАВАА