Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2021/00490

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2021/00490

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо, Ажилчдын гудамж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Од/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, ...................тоотод оршин суух, /РД:............... утас:85050510/ Барч овогт ******* *******ад холбогдох

Бага оврын тракторын үнэ 2500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Од, хариуцагч А.*******, гэрч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас иргэн А.******* нь 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая/ төгрөгийн үнэ бүхий РТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 5 тэнцүү хувааж буюу жилд 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг, анз 1 250 000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 3 750 000 /Гурван сая долоон зуун тавин мянган /төгрөгийг иргэн А.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...А.******* би 2012 оны 04 дүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5000000 төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан. Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид үхрийн махаа 5000 төгрөгөөр тушааж тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан болно. 2012 оны 07 дугаар сард уг техникээ авахаар Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр очиход мах өгөөгүй хүмүүс нэг сая төгрөг тушааж үлдсэн 4000000 төгрөгийг нь 4 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр, харин мах нийлүүлсэн малчид 2500000 төгрөгийг төлсөн гэж үзэж үлдсэн мөнгийг нь 5 тэнцүү хувааж жил бүр төлөхөөр тохиролцсон гэрээ хийж трактороо авч байсан. Мах нийлүүлсэн иргэд яагаад үлдсэн мөнгийг нь төлөх юм бэ, уг нь бол 50 хувь хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авна гэж махаа тушаасан болохыг хэлтэл одоо энэ гэрээгээр трактораа авчих дараа нь учир нь олдоно гэж хэлсэн болохоор уг гэрээг хийж трактороо авсан. Хавын тарчиг цагт аль тарганаас нь үхэр малаа төхөөрч, зах зээлийн ханшнаас илт доогуур /2500 төгрөгийн зөрүүтэй/ махаа үнэлж өгсөн нь бидэнд хохиролтой байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугийн улмаас ийм асуудал үүсэж байна. Аймгийн хэмжээнд 70 гаруй, сумын хэмжээнд 11 малчин өрх хохирч байна. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж хариу тайлбар, аймгийн засаг даргын албан тоотын 1 хувийг тус шүүхэд гаргаж өглөө. Мах тушаасныг гэрчлэх баримтыг тус сумын Хөдөө аж ахуйн тасгаас авч өгөх болно.... гэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлага болох 3750000 төгрөгийг иргэн А.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь хуучнаар тариалан эрхлэлтийн дэмжих сан буюу одоогийн хөдөө аж ахуйг дэмжих сангаас иргэн А.******* нь 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 182 дугаартай гэрээ байгуулж 5000000 төгрөгийг FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт худалдан авсан. Трактор авахдаа урьдчилгаа 2500000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2500000 төгрөгийг 2013,2014,2015,2016,2017 онуудад 5 тэнцүү хувааж 500000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй төлөөгүй байна. өнөөдрийн байдлаар 2500000 төгрөгийн өртэй дээрээс нь үүргийг гүйцэтгэл биелэгдээгүй байгаа учраас иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз тооцоход 1250000 төгрөг болж байна. Ингээд үндсэн төлбөр 2500000 төгрөг, анз 1250000 төгрөг нийт 3750000 төгрөгийг иргэн А.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...гэжээ.

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Энэ асуудал 2012 оны 03 дугаар сард тавигдсан асуудал. Тухайн үед манай Мандал сумын телевизороор 500кг махыг зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу 5000 төгрөгөөр өгсөн мал бүхий иргэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тракторыг авах боломжтой гэсэн зар явсан. Тэгээд би Мандал сумын хөдөө аж ахуйн тасаг дээр ирээд уулзахад үнэхээр мах өгсөн хүнд 50 хувийн хөнгөлөлттэй трактор өгнө гэсэн. Тэгээд тэр зарын дагуу би 500 кг махыг 5000 төгрөгөөр бодож үхрийн мах тушаасан. Тэр үед трактор хараахан ирээгүй байсан дараа нь 07 дугаар сарын 15,16-ны үед мах тушаасан хүмүүсийн трактор ирсэн гэсний дагуу мах тушаасан хүмүүс бүгд Мандал сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Бүжинлхамтай хамт Улаанбаатар хот явсан. Тэгээд очоод трактораа авах гэтэл та нар ийм гэрээ хий гээд тэр гэрээг нь бид нар нэхэмжлэгч талтай хийсэн. Би тухайн үед мах өгсөн 2500000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөхгүй гэж хэлж байтал за аяндаа учир нь олдоно та нар гэрээгээ хийгээд трактораа авчих гэхээр нь би гарын үсгээ зураад трактораа авсан. Тэгээд би үнийн дүнгийн 50 хувиар трактор авсан гэж бодоод байж байтал 2019 онд хөдөө аж ахуйн тасгаас нэг хүн дуудаад та трактор авсан байна та үлдсэн мөнгөө төлөөгүй байна гэхээр нь би мах өгсөн гэж хэлэхэд аан мах өгсөн хүмүүстэй юм ярихгүй та тайлбараа бичээд өгчих гэхээр нь би тайлбараа бичээд өгсөн. Гэтэл гэнэт энэ жил 2500000 төгрөг анз нийт 3750000 төгрөгийг төлбөр над дээр гарсан үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Мандал сумаас 11 хүн Сэлэнгэ аймгийн засаг дарга Эрдэнэбатын явуулсан албан тоотын дагуу 500кг мах тушаасан. Хамгийн гол алдаа нь гэрээ хийж гарын үсэг зурсан нь л алдаа болсон байна. Би хөдөө аж ахуйн яаманд хэлж байсан тухайн үед мах тушаагаад 50 хувийн хөнгөлөлттэй авах ёстой гэхэд одоогоор тийм гэрээний нөхцөл алга байна энэ дээр гарын үсгээ зураад авчих гэж хэлээд надад тракторыг олгосон. Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. Намайг мах тушаасныг гэрчлэх хүн тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөө аж ахуйн тасагт ажиллаж байсан Бүжинлхам гэдэг хүн ирсэн байгаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан гэдэг чинь тухайн үед Мандал сумын засаг даргатай хамтраад зар өгсөн байсан. Засгийн газрын 53 дугаар тогтоолын дагуу мах өгсөн иргэд 50 хувийн хөнгөлөлттэй бага оврын тракторыг авч болно гэсэн шийдвэрийн дагуу би мах өгсөн. Хэрвээ 50 хувийн хөнгөлөлттэй гээгүй байсан бол би зах зээлийн ханшаар буюу 75 хувийн илүү зарах боломж надад байсан. Би тэр шийдвэрийн дагуу 500 кг махыг 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч тракторыг авсан. Би сумын телевизээр явсан зар, сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнд итгэхгүй өөр хэнд итгэх юм бэ. Та өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байна. Яг тухайн үед мах өгч байхад та байхгүй байсан. Энэ одоо төрийн байгууллагын уялдаа холбоо гэж юм байдаггүй юм уу. Аймгийн засаг дарга нь хөдөө аж ахуйн яамтай ярилцаагүйн улмаас өөрийгөө хохирч байна гэж бодож байна. Тэрнээс надад төлөх үндэслэл байхгүй. Би аймгийн засаг даргын албан тоотойн шийдвэрийн дагуу махаа төлөөд авсан. Түүн дээр бүүр тодорхой заасан байгаа...гэжээ.

Гэрч Д.Бүжинлхам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Анх 2012 оны 03 дугаар сард тэр өвөл их хатуу өвөл байсан. Малчид болон тариаланчдад 2500000 төгрөгт мах өгсөн иргэдэд тракторын 50 хувийн хөнгөлөлттэй өгнө гэсэн албан тоот ирсэн. Манай Зүүнхараагаас 11 хүн мах өгсөн тэр махыг би өөрөө очиж тушаасан. Тэгээд наадмын дараа санаж байна би 11 хүнээ дагуулаад трактораа авахаар Улаанбаатарт очсон. Тэгээд трактораа авах гэтэл гэрээ нь юу гэж гарсан бэ гэхээр 2500000 төгрөгт мах өгсөн малчин, тариаланч трактораа авахдаа үлдсэн 2500000 төгрөгөө 5 жилийн дотор хэзээ ч хамаагүй төлж болно гэсэн гэрээ хийсэн. Тэнд очсон хүмүүс чинь бантаад гэрээ хийгээд гарын үсгээ зураад бүгд сэтгэлийн хөөрлөөр трактораа ачаад ирцгээсэн. Тэр 11 хүнээс бид нар махаа тушаасан бид нар ийм гэрээ хийхгүй гэсэн нэг ч хүн гараагүй. Тэгээд уржнангаас эхлээд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүмүүсээ мөнгийг нь төлүүлээч гэсэн албан тоот ирээд эхэлсэн. 2021 онд мал их туранхай байсан энэ ******* гэх хүн тэр үед 4 үхэр нядалж байсан шиг санаж байна...гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба хариуцагч А.*******ад холбогдуулан /Foton Lovol/ FT-250 загварын бага оврын трактор /анжисны хамт/ үнэд 25000000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ийг хүссэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: ...иргэн А.******* нь 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5000000 төгрөгийн үнэ бүхий FТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2500000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2500000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 5 тэнцүү хувааж буюу жилд 500000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2500000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1250000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2500000 төгрөг, анз 1250000 төгрөг нийт 3750000 төгрөгийг иргэн А.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн ба хариуцагч А.******* нь ... би 2012 оны 04 дүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5000000 төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан. Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид 500 кг үхрийн махаа 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр үнэлэн тушааж, тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан болно. Иймд одоо надаас нэхэмжилж байгаа тракторын үнэд 2500000 төгрөг, анз 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон хариуцагч А.******* нар 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 152 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж нэхэмжлэгчийн зүгээс 5000000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн тракторыг анжисны хамт А.*******ын эзэмшилд худалдан борлуулж шилжүүлсэн ба уг эд хөрөнгийг А.******* хүлээн авсан нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт болох Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-ны нотариатаар батлуулсан хуулбар, Хадгаламж банкны Мөнгөн шилжүүлэг-ийн баримтын хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ биш байх бөгөөд харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

Учир нь зохигчдын тохиролцоо нь талууд шилжүүлсэн эд хөрөнгө буюу бага оврын тракторын үнийг урьдчилгаа 50 хувь буюу 2500000 төгрөгийг худалдан авагч А.******* төлж, үлдэгдэл 50 хувь буюу 2500000 төгрөгийн төлбөрийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 5 тэнцүү хувааж төлөн нийт 500000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан буюу тодорхой хугацааны дараа эд зүйлийн нийт үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувийг төлөхөөр тохирсон байх ба энэ нь тухайн эд хөрөнгийг түрээслэх нөхцөлтэй, түрээсийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж үзэж хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан борлуулсан гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг нь хугацаандаа бүрэн төлөөгүй тул Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас бага оврын тракторын үнэд 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээ илт их байна гэж үзэн нэхэмжлэлээс үлдэх 1250000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч тайлбартаа:...Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид 500 кг үхрийн махаа 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр үнэлэн тушааж, тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан.., тэр үед трактор хараахан ирээгүй байсан дараа нь 07 дугаар сарын 15,16-ны үед мах тушаасан хүмүүсийн трактор ирсэн гэсний дагуу мах тушаасан хүмүүс бүгд Мандал сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн *******тай хамт Улаанбаатар хот явсан. Тэгээд очоод трактораа авах гэтэл та нар ийм гэрээ хий гээд тэр гэрээг нь бид нар нэхэмжлэгч талтай хийсэн. Би тухайн үед мах өгсөн 2500000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөхгүй гэж хэлж байтал за аяндаа учир нь олдоно та нар гэрээгээ хийгээд трактораа авчих гэхээр нь би гарын үсгээ зураад трактораа авсан... гэсэн, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч *******ын мэдүүлэгт энэ талаар мэдүүлж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 152 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч А.*******аас бага оврын тракторын үнэд 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1250000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч А.*******аас 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1250000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.*******аас 54950 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАT.