Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

П.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02523 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Пийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох

 

Ажилласан хугацааны үндсэн цалин 1 244 873 төгрөг, нэмэгдэл цалин 309 000 төгрөг, сандлын зөрүү үнэ 54 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 1 338 692 төгрөг, нийт 2 946 565 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Авлага 454 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э ХХК группэд харуулаар 2010 оноос эхлэн ажиллаж, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс харуулын албаны даргаар дэвшин ажилласан. 3 сарын туршилтын хугацаанд алдаа дутагдал гаргаагүй тул 7 дугаар сарын 06-ны өдрөөс жинхэлсэн. Туршилтын хугацаанд 680 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамааран нэмэгдэл 170 000 төгрөгийн цалин авч байсан. Жинхлээд 760 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамаараад нэмэгдэл 190 000 төгрөгөөр цалинжсан. 2017 оны 7 дугаар сарын эхээр гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин муу ажиллаж байна, харуулуудаар хог цэвэрлүүлээгүй гэх шалтгаанаар удаа дараа ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Ингээд 7 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл өгч, 7 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон. Халагдсан тушаал гаргаж өгөхгүй шалтаг хэлсээр 8 дугаар сарын 21-нд гаргасан. 8 дугаар сарын 22-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор Хан-Уул дүүргийн халамж дээр очиход Э ХХК групп нь 2014 оны ажилчдын цалингаас суутгасан мөнгө төлөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэсэн. Мөн 7 дугаар сарын цалин 513 965 төгрөг, амралтын мөнгө 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийг шалтаг хэлж өгөөгүй ба 6, 7 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл, ажилласан 144 цагтай тэнцэх 176 000 төгрөг, 112 цагийн 133 000 төгрөгийг муу ажилласан гэх шалтгаанаар ямар ч шийтгэвэргүйгээр хассан. Миний хариуцсан эд хогшлоос 1 хуучин сандал дутсан. Тэр сандлын анхны үнэ 59 000 төгрөг боловч захирал шинэ сандлын үнэ ав гэсэн гээд суутгасан. 2014 онд ийм сандал 15 000 төгрөгөөр актлагдсан. 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл миний цалингаас 9 162 006 төгрөг суутгасан. Компани нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж 1 338 692 төгрөг авч чадаагүй. Иймд хариуцагчаас 7 сарын цалин, амралтын мөнгө 1 244 873 төгрөг, 6 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 176 000 төгрөг, 7 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 133 000 төгрөг, сандлын үнийн зөрүү 54 000 төгрөг, нийгмийн даатгалаас авах байсан 1 338 692 төгрөг нийт 2 946 565 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 7 дугаар сарын цалин амралтын мөнгө 1 244 783 төгрөг авах ёстой гэж шаардсан. Нэхэмжлэгч П.П нь харуулын ажилтнаар ажиллаж байхдаа үндсэн цалин 760 000 төгрөг болон ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 190 000 төгрөгийг захирлын тушаалаар олгодог байсан. 2017 оны 7 дугаар сард 136 цаг ажиллахаас 112 цаг ажиллаж 625 882 төгрөг бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэл, татвар хасагдаад 513 965 төгрөг олгогдох бөгөөд ээлжийн амралтын мөнгө 730 908 төгрөг олгогдох байна. Харин 6, 7 сард авах байсан ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэлд 7 дугаар сард 133 000 төгрөг, 6 дугаар сард 176 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү нэмэгдэл нь ажилтны үндсэн цалин биш, ажлын гүйцэтгэлээс хамааран гүйцэтгэлийн үнэлгээний журмаар бодогдож, гүйцэтгэх захирлын тушаалаар олгогддог нэмэгдэл хөлс бөгөөд П.Пийн хувьд 2017 оны 6, 7 дугаар саруудад нэмэгдэл олгогдохооргүй тушаал гарсан. Мөн түүний хариуцсан эд хогшлоос дутсан сандлын үнийг өөрөө зөвшөөрч 57 600 төгрөг суутгуулахаар гарын үсэг зурж, баталгаажуулсан тул сандлын зөрүү 54 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Манай компани нь ажилтны цалингийн урьдчилгаанд олгосон суутгал болон бусад төлбөрийн нийт 699 723 төгрөгийн авлагатай тул П.Пд олгогдох 7 дугаар сарын цалин болох 513 965 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгөөс хасч, үлдэх 545.150 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Пийн хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг цалингаас нь олгосон. Иймээс П.Пд олгогдох ёстой 1 244 873 төгрөгөөс 699 723 төгрөгийн төлбөрийн авлага дээр нэмэгдээд нийт 1 699 723 төгрөгийн авлагатай. Иймд 1 699 723 төгрөгөөс 1 244 873 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, үлдэх 454 850 төгрөгийг П.Пээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.П сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын сүүл хүртэл цалин өгөлгүй удааж байсан. 2015 оны 5 дугаар сарын 20-ноос ээлжийн амралтаа аваад 2-3 хонож байхад хүүхэд маань бэртэж, яаралтай мэс засалд орсон. Маргааш нь арга буюу ажиллаж байсан компанидаа хандаж 1 000 000 төгрөг авсан. Олон сар цалин авалгүй, ломбарданд тавьж болох зүйлээ тавьж, зээл авсан байсан тул өөр арга байгаагүй. Харин 7 хоногийн дараа 3-4 сарын цалин бөөндөө орсон боловч нийт 2 400 000-2 500 000 орчим төгрөг орохоос 1 700 000-1 800 000 орчим төгрөг орсон. Нягтлан н.Билгүүнээс лавлахад таны зээлсэн мөнгийг суутгасан гэсэн. Амраад ажилдаа ороход ня-бо н.Билгүүн ажлаас гарсан ба нябо н.Цэрэнзундуй нь 8 дугаар сард мөнгөө дараа сарын цалингаас суутгана, 450 000 төгрөг дутуу гээд 9 дүгээр сарын цалингаас суутгасан. Э ХХК ХХК-ийн санхүүгээс цалингийн дэлгэрэнгүй задаргааг өгдөггүй. Анхнаасаа 699 000 төгрөгийн авлагатай мэт хуурамч баримт гаргасан. 11 дүгээр сарын 26-нд нягтлан н.Долгорсүрэнтэй уулзахад 9 дүгээр сарын цалингаас нягтлан н.Цэрэнзундуй суутгасан, н.Билгүүний суутгасан баримтыг олохгүй байна гэсэн. Мөн тойрох хуудас дээр өр авлагагүй гэж гарын үсэг зурсан. Ажлаас гарахад нябо н.Долгорсүрэн компани таниас авлагатай харагдаад байна гэхэд нь үүнийхээ учрыг олоод өгөөч би олон удаа хэлсэн ч баримт үзэж өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр н.Долгорсүрэн над руу залгаж 2015 оны 11 дүгээр сарын цалин дээр 280 000 төгрөг илүү орсон байна гэсэн. Би 2013 оны 11 дүгээр сард цалингаа суутгуулж эрсдлийн мөнгө 100 000 төгрөг төлсөн. Үүнийг тэр 280 000 төгрөгөөс нь хасаад 180 000 төгрөгийг төлж болно. Харин урьдчилж авсан цалин 1 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй гэдэг нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК ХХК-аас 2 892 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 000 төгрөг болон хариуцагч Э ХХК ХХК-ийн 454 850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 935 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Пээс улсын тэмдэгтийн хураамжид 160 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч Э ХХК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 61 071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Пд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э ХХК ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Манай компани П.Пийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 583 565 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин нэмэгдэл цалин 309 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Э ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16/09 дугаар тушаалын хавсралт 6-аар ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан нэмэгдэл олгох журам батлагдсан. Уг журмын 3-д компанийн гүйцэтгэх захирал нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хянан баталсны дагуу нэмэгдэл цалин олгогддог ба 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17/20, 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/22 тоот тушаалаар П.Пд ажлын гүйцэтгэл тооцогдоогүй. Иймд нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл олгох боломжгүй. Мөн П.Пд олгогдох ёстой 1 244 873 төгрөгөөс 699 723 төгрөгийн төлбөрийн авлага дээр өөрийнх нь хүсэлтээр олгосон 1 000 000 төгрөг нийт 1 699 723  төгрөгийн авлагатай. Иймд авлагыг суутгаж, үлдэх 454 850 төгрөг болно. Гэтэл шүүх хэргийн 82-140 дэх талд авагдсан цалингийн дэлгэрэнгүй хүснэгт нь шаардлага хангахгүй, баримтууд дахь үг, үсэг, огноо гүйцэд уншигдахгүй байхад үнэлж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй. Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэж үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдэл цалин олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

        Нэхэмжлэгч П.П нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 1 553 873 төгрөг, сандлын үнэд илүү суутгасан зөрүү 54 000 төгрөг, хариуцагчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэм хорын хохиролд 1 338 692 төгрөг, нийт 2 946 565 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

        Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас ажилтны 2017 оны 7 дугаар сарын үндсэн цалин 513 965 төгрөг, амралтын олговор 703 908 төгрөг, гэм хорын хохиролд 1 338 692 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 6, 7 дугаар сарын нэмэгдэл цалин 309 000 төгрөг, сандлын зөрүү 54 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, улмаар нэхэмжлэгчээс 454 850 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

        Талуудын хооронд 2010 оноос хөдөлмөрийн харилцаа үүсч, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон үйл баримтад хэн аль нь маргаагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлээс маргаагүй хэсэг болох 2 892 565 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

        Талуудын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт нэмэгдэл цалингийн хэмжээг тодорхойлж, 5.3-т уг нэмэгдлийг “Ажил гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл олгох журам”-ын дагуу гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан дүгнэж олгохоор тохиролцжээ. /хх 12-14 дэх тал/

 

        Э ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16/09 дүгээр тушаалаар “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан нэмэгдэл олгож журам” баталж, уг журмаар ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт, дүгнэх дарааллыг тогтоосон байна. /хх 47-53 дахь тал/

 

        Ажил олгогч нь ажилтны ажил гүйцэтгэлийн үнэлгээг 0 хувь гэж дүгнэхдээ компанийн дагаж мөрдөж буй дээрх журамд заасны дагуу ямар шалгуур үзүүлэлтээр хэрхэн дүгнэж үнэлгээ гаргаснаа баримтаар нотлоогүй байна. /хх 24-25/ Иймээс хэргийн 57-58 дугаар талд авагдсан ажил гүйцэтгэлийн хуудсыг эргэлзээтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл хөлсөө шаардах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Э ХХК-иас 2017 оны 6, 7 дугаар сарын нэмэгдэл цалинд 309 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

        Нэхэмжлэгч П.П нь хариуцагч Э ХХК-аас сандлын үнэд 54 000 төгрөгийг цалингаас илүү суутгасан гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

        Хариуцагч Э ХХК, нэхэмжлэгч П.Пээс цалингийн урьдчилгаанд олгосон 1 000 000 төгрөг, авлага 699 723 төгрөг, нийт 1 699 723 төгрөг авах ёстойгоос түүний цалин хөлсөд төлөх 1 244 873 төгрөгийг суутган зөрүү 454 850 төгрөгийг гаргуулна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч П.П нь 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч компанид хүсэлт гарган 1 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан гэдэгт маргаагүй, харин уг зээлийг цалингаас суутгасан тул төлсөн гэж маргажээ.

 

        Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор шүүхэд харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн депозит дансны хуулга, цалингийн дэлгэрэнгүй хуудас зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн эдгээр нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

 

        Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 280 000 төгрөгийн цалин илүү авсныг хүлээн зөвшөөрч, үүнээс эрсдлийн санд төлсөн 100 000 төгрөгийг хасч тооцуулан, 180 000 төгрөг төлөх боломжтой гэх тайлбар /хх-218 дахь тал/ гаргасан байна. Тэрээр 100 000 төгрөгийг эрсдлийн санд суутгасан гэх баримтыг гаргаж өгөөгүй.

 

        Иймд нэхэмжлэгчээс 280 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас 2 892 565 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Пд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Пээс 280 000 төгрөг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 174 850 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч П.Пээс улсын тэмдэгтийн хураамжид 160 төгрөг гаргуулж улсын орлогод” гэсний дараа “9050 төгрөг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

 

                                       ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

 

                                                                                                       Ч.ЦЭНД