Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00948

 

П.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02523 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалтай

П.Пийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

7 дугаар сарын цалин 513 965 төгрөг, амралтын олговор 730 908 төгрөг, 6, 7 дугаар сарын нэмэгдэл цалин 309 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон үндэслэлээр 1 338 692 төгрөг, мөн ажил хүлээлцэхэд дутсан сандлын үнэд цалингаас суутгасан 54 000 төгрөг, нийт 2 946 565 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан хугацаандаа байгууллагад төлөх ёстой 1 699 723 төгрөгийн төлбөрөөс 7 дугаар сарын цалин, амралтын олговорт олгох 1 244 873 төгрөгийг суутгаж, үлдэх 454 850 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Э групп” ХХК-д харуулаар 2010 оноос эхлэн ажиллаж, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс харуулын албаны даргаар дэвшин ажилласан. 3 сарын туршилтын хугацаанд алдаа дутагдал гаргаагүй тул 7 дугаар сарын 06-ны өдрөөс жинхэлсэн. Туршилтын хугацаанд 680 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамааран нэмэгдэл 170 000 төгрөгийн цалин авч байсан. Жинхлээд 760 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамаараад нэмэгдэл 190 000 төгрөгөөр цалинжсан. 2017 оны 7 дугаар сарын эхээр гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин муу ажиллаж байна, харуулуудаар хог цэвэрлүүлээгүй гэх шалтгаанаар удаа дараа ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Ингээд 7 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл өгч, 7 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон. Халагдсан тушаал гаргаж өгөхгүй шалтаг хэлсээр 8 дугаар сарын 21-нд гаргасан. 8 дугаар сарын 22-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор Хан-Уул дүүргийн халамж дээр очиход Э групп нь 2014 оны ажилчдын цалингаас суутгасан мөнгө төлөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэсэн. Мөн 7 дугаар сарын цалин 513 965 төгрөг, амралтын мөнгө 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийг шалтаг хэлж өгөөгүй ба 6, 7 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл, ажилласан 144 цагтай тэнцэх 176 000 төгрөг, 112 цагийн 133 000 төгрөгийг муу ажилласан гэх шалтгаанаар ямар ч шийтгэвэргүйгээр хассан. Миний хариуцсан эд хогшлоос 1 хуучин сандал дутсан. Тэр сандлын анхны үнэ 59 000 төгрөг боловч захирал шинэ сандлын үнэ ав гэсэн гээд суутгасан. 2014 онд ийм сандал 15 000 төгрөгөөр актлагдсан. 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл миний цалингаас 9 162 006 төгрөг суутгасан. Компани нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж 1 338 692 төгрөг авч чадаагүй.

Иймд хариуцагчаас 7 дугаар сарын цалин, амралтын мөнгө 1 244 873 төгрөг, 6 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 176 000 төгрөг, 7 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 133 000 төгрөг, сандлын үнийн зөрүү 54 000 төгрөг, нийгмийн даатгалаас авах байсан тэтгэмж 1 338 692 төгрөг нийт 2 946 565 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 7 дугаар сарын цалин амралтын мөнгө 1 244 783 төгрөг авах ёстой гэж шаардсан. Нэхэмжлэгч П.П нь харуулын ажилтнаар ажиллаж байхдаа үндсэн цалин 760 000 төгрөг болон ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 190 000 төгрөгийг захирлын тушаалаар олгодог байсан. 2017 оны 7 дугаар сард 136 цаг ажиллахаас 112 цаг ажиллаж 625 882 төгрөг бодогдсноос нийгмийн даатгалын шимтгэл, татвар хасагдаад 513 965 төгрөг олгогдох бөгөөд ээлжийн амралтын мөнгө 730 908 төгрөг олгогдох байна. Харин 6, 7 дугаар сард авах байсан ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэлд 7 дугаар сард 133 000 төгрөг, 6 дугаар сард 176 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү нэмэгдэл нь ажилтны үндсэн цалин биш, ажлын гүйцэтгэлээс хамааран гүйцэтгэлийн үнэлгээний журмаар бодогдож, гүйцэтгэх захирлын тушаалаар олгогддог нэмэгдэл хөлс бөгөөд П.Пийн хувьд 2017 оны 6, 7 дугаар саруудад нэмэгдэл олгогдохооргүй тушаал гарсан. Мөн түүний хариуцсан эд хогшлоос дутсан сандлын үнийг өөрөө зөвшөөрч 57 600 төгрөг суутгуулахаар гарын үсэг зурж, баталгаажуулсан тул сандлын зөрүү 54 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Манай компани нь ажилтны цалингийн урьдчилгаанд олгосон суутгал болон бусад төлбөрийн нийт 699 723 төгрөгийн авлагатай тул П.Пд олгогдох 7 дугаар сарын цалин болох 513 965 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгөөс хасч, үлдэх 545.150 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Пийн хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг цалингаас нь олгосон. Иймээс П.Пд олгогдох ёстой 1 244 873 төгрөгөөс 699 723 төгрөгийн төлбөрийн авлага дээр нэмэгдээд нийт 1 699 723 төгрөгийн авлагатай. Иймд 1 699 723 төгрөгөөс 1 244 873 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, үлдэх 454 850 төгрөгийг П.Пээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус компани 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын сүүл хүртэл цалин өгөлгүй удааж байсан. 2015 оны 5 дугаар сарын 20-ноос ээлжийн амралтаа аваад 2-3 хонож байхад хүүхэд маань бэртэж, яаралтай мэс засалд орсон. Маргааш нь арга буюу ажиллаж байсан компанидаа хандаж 1 000 000 төгрөг авсан. Олон сар цалин авалгүй, ломбарданд тавьж болох зүйлээ тавьж, зээл авсан байсан тул өөр арга байгаагүй. Харин 7 хоногийн дараа 3, 4 дүгээр сарын цалин бөөндөө орсон боловч нийт 2 400 000-2 500 000 орчим төгрөг орохоос 1 700 000-1 800 000 орчим төгрөг орсон. Нягтлан н.Билгүүнээс лавлахад таны зээлсэн мөнгийг суутгасан гэсэн. Амраад ажилдаа ороход ня-бо н.Билгүүн ажлаас гарсан ба нябо н.Цэрэнзундуй нь 8 дугаар сард мөнгөө дараа сарын цалингаас суутгана, 450 000 төгрөг дутуу гээд 9 дүгээр сарын цалингаас суутгасан. Э ХХК-ийн санхүүгээс цалингийн дэлгэрэнгүй задаргааг өгдөггүй. Анхнаасаа 699 000 төгрөгийн авлагатай мэт хуурамч баримт гаргасан. 11 дүгээр сарын 26-нд нягтлан н.Долгорсүрэнтэй уулзахад 9 дүгээр сарын цалингаас нягтлан н.Цэрэнзундуй суутгасан, н.Билгүүний суутгасан баримтыг олохгүй байна гэсэн. Мөн тойрох хуудас дээр өр авлагагүй гэж гарын үсэг зурсан. Ажлаас гарахад нябо н.Долгорсүрэн компани таниас авлагатай харагдаад байна гэхэд нь үүнийхээ учрыг олоод өгөөч би олон удаа хэлсэн ч баримт үзэж өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр н.Долгорсүрэн над руу залгаж 2015 оны 11 дүгээр сарын цалин дээр 280 000 төгрөг илүү орсон байна гэсэн.

Би 2013 оны 11 дүгээр сард цалингаа суутгуулж эрсдлийн мөнгө 100 000 төгрөг төлсөн. Үүнийг тэр 280 000 төгрөгөөс нь хасаад 180 000 төгрөгийг төлж болно. Харин урьдчилж авсан цалин 1 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй гэдэг нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02523 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 2 892 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 000 төгрөг болон хариуцагч “Э” ХХК-ийн 454 850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 935 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Пээс улсын тэмдэгтийн хураамжид 160 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 61 071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Пд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 2 892 565 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Пд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Пээс 280 000 төгрөг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 174 850 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч П.Пээс улсын тэмдэгтийн хураамжид 160 төгрөг гаргуулж улсын орлогод” гэсний дараа “9 050 төгрөг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, үндсэн нэхэмжлэлийг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1- д заасны дагуу гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх түүнийг үргэлжлүүлэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Манай компани П.Пийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 583 565 (ажилласан хугацааны цалин 1 244 873 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 1 338 692 төгрөг) төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдэл цалин 309 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16/09 дугаар тушаалын Хавсралт 6-аар ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан нэмэгдэл олгох журам батлагдсан. Уг журмын 3 дугаар зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хянан баталсны дагуу нэмэгдэл цалин олгогддог байх ба “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17/22, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17/20 тоот тушаалаар ажлын гүйцэтгэлийг тус тус гаргасан бөгөөд П.Пийн ажлын гүйцэтгэлийн нэмэгдлийг 0 хувиар тооцсон байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд захирлын тушаалаар ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл 0 хувь байгаа учраас нэмэгдлийг олгох боломжгүй юм.

Мөн хариуцагч нь П.Пээс цалингийн урьдчилгаанд олгосон 1 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын цалингийн авлага 419 723 төгрөг, нийт 1 419 723 төгрөгийн авлагатай байна. Энэ авлагыг түүний цалингаас суутгаж аваагүй тул нэхэмжлэгч П.Пийн нэхэмжилсэн ажилласан хугацааны үндсэн цалин болох 1 244 873 төгрөгийг түүний урьдчилан авсан цалин болон түүнээс авах ёстой авлагад суутгаж, үлдэгдэл 174 850 төгрөгийг авах ёстой байна. Гэтэл шүүх хавтаст хэргийн 82-140 дүгээр талд байгаа нотлох баримтаар гаргаж өгсөн компанийн цалингийн дэлгэрэнгүй хүснэгт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, баримтуудад бичигдсэн үг, үсэг, он, сар, өдөр гүйцэд уншигдахгүй байх тул нотлох баримтаар үнэлж, авлагын бүртгэлтэй харьцуулан дүгнэх боломжгүй гэж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнэж үзээгүй бөгөөд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд магадлалын нэмэгдэл цалин олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч П.П нь “Э” ХХК-д холбогдуулан 7 дугаар сарын цалин 513 965 төгрөг, амралтын олговор 730 908 төгрөг, 6, 7 дугаар сарын нэмэгдэл цалин 309 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон үндэслэлээр 1 338 692 төгрөг, мөн ажил хүлээлцэхэд дутсан сандлын үнэд цалингаас суутгасан 54 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 7 дугаар сарын цалин хөлс 513 965 төгрөг, амралтын олговор 730 908 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1 338 692 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэмэгдэл цалин 309 000 төгрөг, сандлын зөрүү 54 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгчийг ажиллаж байсан хугацаандаа байгууллагад төлөх ёстой 1 699 723 төгрөгийн төлбөрөөс 7 дугаар сарын цалин, амралтын олговорт олгох 1 244 873 төгрөгийг суутгаж, үлдэх 454 850 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2 892 565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс заримыг хангаж, нэхэмжлэгчээс 280 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

1. П.П нь 2010 оноос “Э групп” ХХК-д харуулаар ажилд орж, 2016 оноос харуулын албаны даргаар дэвшин ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн, улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл хариуцагч “Э групп” ХХК нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, өртэй үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан тул тэрээр ажилласан хугацааны цалин, нэмэгдэл цалин, амралтын олговрыг ажил олгогчоос шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 55 дугаар зүйлийн 55.1. дэх заалтыг зөрчөөгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх тул ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас ажилтны ажилласан хугацааны цалин хөлс, амралтын үеийн олговор, ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №16/09 дугаар тушаалын хавсралт 6-аар ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан нэмэгдэл олгох журмыг баталж, тус журмаар компанийн гүйцэтгэх захирал ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хянан баталсны дагуу нэмэгдэл цалин олгоно гэжээ.

Ажил олгогч ажилтны 6, 7 дугаар сарын ажлын гүйцэтгэлийг 100% гэж үнэлсэн атлаа ажлын гүйцэтгэлийн нэмэгдлийг 0% гэж тооцож гаргасан байх ба нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй тул шүүх нэмэгдэл цалин 309 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэмэгдэл цалинг үндэслэлгүй гаргасан гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

3. П.П ажил хүлээлгэж өгөх үед дутагдсан, 2014 онд актлагдсан нэг сандлын үнийг тухайн үед 5 000 төгрөгөөр үнэлэгдэх байтал 59 000 төгрөгөөр үнэлж, цалингаас суутгаж авсан үндэслэлээр зөрүү 54 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан байна.

Хэрэгт цугларсан баримтаар тэрээр 59 000 төгрөгийг цалингаас суутгуулахыг зөвшөөрч баримт үйлдсэн байх ба нэхэмжлэгчийн цалингаас тус сандлын үнийг суутгасан нь баримтаар тогтоогдоогүй, сандлын үнэ тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

4. Сөрөг нэхэмжлэлийн талаар: хариуцагч нь нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан хүсэлтийг үндэслэн 1 000 000 төгрөгийн цалинг урьдчилан олгосон, мөн түүний ажиллах явцад үүссэн авлагын үлдэгдэл 699 723 төгрөг болох нь нэхэмжлэгчийн бичиж өгсөн баримтаар нотлогдоно. Иймд энэ авлагаас хариуцагчийн төлөх ёстой цалин, амралтын олговрыг суутгаж, үлдэх 454 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2014 онд цалингийн урьдчилгаа 1 000 000 төгрөгийг авсантай маргаагүй боловч дээрх төлбөрийг удаа дараа цалингаас суутгаж авч байсан, 699 723 төгрөгийн авлага нь энэ 1 000000 төгрөгийн үлдэгдэлтэй холбоотой болохоос өөр авлага үүсгээгүй гэж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлыг үгүйсгээгүй, түүнчлэн өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасныг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Харин давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч нь 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр, нэхэмжлэгчээс 280 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Дээд дурдсан үндэслэлээр “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 610 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД