Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00124

 

 

 

 

 

2020 оны 01 сары09 өдөр

181/ШШ2020/00124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: *******,*******, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс ТБАГУТҮГ /Рд:9080821/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: С*******,*******,*******,*******, Гэрэгэ тауэр 302 тоот Скайпрофешнл холдинг ХХК /РД: 5162114/-д холбогдох,

нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 57,943,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрэлтунгалаг, Г.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, гуравдагч этгээд төрийг төлөөлж хяналтын прокурор Б.Нинж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Скайпрофешнл холдинг ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 38,629,268 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Дээрх шимтгэлийг төлүүлэхээр Скайпрофешнл холдинг ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам,******* дугаар зүйл*******.1.1,*******.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 38,629, 268, алданги 19,314,634, нийт 57,943,902 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Скайпрофешнл холдинг ХХК нь 2018 оныг дуустал тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ...2016, 2017 оныг дамнасан эдийн засгийн хямралын үеэр компанийн санхүүгийн нөхцөл байдал эрс муудаж огт орлогогүй хүртэл болсон ... нэгэнт үүссэн өр болох 36,629,268 төгрөгийг хуулийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд бид 2020 онд төлж барагдуулна. Харин алдангийг төлөх санхүүгийн боломж байхгүй байгаа тул 11,724,391 төгрөгийн алдангийг төлөхөөс татгалзаж байна.

-мөн тооцоолол эргэлзээтэй, хэдэн ажилтны ямар хугацааны шимтгэлийн өр үүссэн нь нотлогдохгүй байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Скайпрофешнл холдинг ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 57,943,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ...ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. ...Шимтгэлийг төлүүлэхээр ...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй... гэж,

Хариуцагч ...... нэгэнт үүссэн өр болох 36,629,268 төгрөгийг хуулийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд бид 2020 онд төлж барагдуулна. Харин алдангийг төлөх санхүүгийн боломж байхгүй байгаа тул 11,724,391 төгрөгийн алдангийг төлөхөөс татгалзаж байна. гэж тайлбар хүсэлт гаргаж, маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, алданги тооцсон хүснэгт /хх-7-12/, Скайпрофешнл холдинг ХХК ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 10-р сарын тайлан /хх-13/, Скайпрофешнл холдинг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-15-16/, иргэний мэдээлэл /хх-17-18/, Скайпрофешнл холдинг ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 12-р сарын тайлан /хх-21/, Скайпрофешнл холдинг ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-22/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-23/, алданги тооцсон хүснэгт /хх-50-51/ зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Хариуцагч Скайпрофешнл холдинг ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 38,629,268 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэгэнт үүссэн өр ...-ийг ...2020 онд төлж барагдуулна гэж тайлбарлаж маргаагүй болно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1 дахь заалтад Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Скайпрофешнл холдинг ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үүссэн 38,629,268 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх үүрэгтэй.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасны дагуу хариуцагч Скайпрофешнл холдинг ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөх үүргийг хүлээх бөгөөд 19,314,634 төгрөгийн алдангийн хэмжээ нь тооцооллын хувьд зөв байна.

Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацаанд ногдох алдангийг эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай холбон тайлбарлаж алдангийг хасуулах хүсэлтэй гэсэн тайлбарыг гаргасан байх боловч энэхүү тайлбар нь хуулиар тогтоосон алдангиас хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийн хэмжээ Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй, хуульд заасан журмын дагуу тооцогдсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Скайпрофешнл холдинг ХХК-аас 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 38,629,268 төгрөг, алданги 19,314,634 төгрөг, нийт 57,943,902 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Скайпрофешнл холдинг ХХК-аас 2018 оны дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 57,943,902 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 447,670 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон талууд уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН