Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00063

 

Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр магадлалтай,

Ч-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 57,943,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-н гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ч нь “С” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 57,943,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 2018 оны дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 57,943,902 төгрөгийг гаргуулан Ч-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 447,670 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 258,182 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг маргаанд хариуцагч нараас алданги дээр эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлалд хандан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөөр байтал шүүх хүлээн аваагүй алданги болох 19,314,634 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

6. Ч нь “С” ХХК-д холбогдуулан “...тус компани 2018.12.31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 38,629,268 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. ...өрийг төлөх талаар албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж марган, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 38,629,268 төгрөг, алдангид 19,314,634 төгрөг, нийт 57,943,902 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

7. Хариуцагч ...2016, 2017 оныг дамнасан эдийн засгийн хямралтай холбоотой компанийн санхүүгийн нөхцөл байдал эрс муудаж, орлогогүй болсноос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн, ...нэгэнт үүссэн өр болох шимтгэлийн 38,629,268 төгрөгийг төлж барагдуулна. Харин санхүүгийн боломжгүй тул 19,314,634 төгрөгийн алдангиас татгалзана гэсэн тайлбар гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...алданги дээр эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлалд хандан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөөр байтал шүүх хүлээн аваагүй, ...алдангид 19,314,634 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

10. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д ...даатгуулагч болон ажил олгогч нь ...хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, 16 дугаар зүйлийн 1-д ... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын төрөл бүрээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д ажил олгогч ...нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар хариуцагч “С” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцон, тухайн сард нь нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээжээ. 

11. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн 38,629,268 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлагыг 2017.04.18-ны өдөр, дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг 2017.11.10-ны өдөр тус тус хүргүүлж шимтгэлийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байна.   

12. Иймд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т “...дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн нийгмийн даатгалын өр болох 38,629,268 төгрөгт, хугацаа хэтрүүлсний алданги 19,314,634 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.    

13. Хоёр шатны шүүх хариуцагч С” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 38,629,268 төгрөг, алдангид 19,314,634 төгрөг, нийт 57,943,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасантай тус тус нийцсэн байна.   

14. Хариуцагчийн ...санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн... гэсэн тайлбар нь хариуцагчийг хуулиар тогтоосон алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч анхан шатны шүүх шийдвэрт энэ хуулийн холбогдох зүйл, заалтын бичвэрийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

16. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг” гэснийг “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтыг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.01.12-ны өдөр төлсөн 261,598.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                                     ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД