Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00769

 

 

...... дүүргийн НД

Х-ийн нэхэмжлэлтэй, иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ...... дүүргийн НД Х-ийн нэхэмжлэлтэй,СХ- ХХК-д холбогдуулан гаргасан, НД өр, алданги 57 943 902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:СХ- ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар НД шимтгэл 38 629 268 төгрөгийг төлөлгүй НД шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын НД сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Шимтгэлийг төлүүлэхээр ...... дүүргийн НД Х-ийн Улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр НД шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч төлөөгүй тул хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Иймд НД шимтгэлийн өр 38 629 268 алданги, 19 314 634 төгрөг, нийт 57 943 902 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Скайпрофешнл холдинг ХХК нь 2018 оныг дуустал тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016, 2017 оныг дамнасан эдийн засгийн хямралын үеэр компанийн санхүүгийн нөхцөл байдал муудаж орлогогүй болсон. Нэгэнт үүссэн өр болох 36 629 268 төгрөгийг 2020 онд төлж барагдуулна. Харин алдангийг төлөх санхүүгийн боломж байхгүй байгаа тул 11 724 391 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: НД тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заалтыг баримтлан хариуцагчСХ- ХХК-аас 2018 оны дуусталх НД шимтгэлийн өр, алдангид 57 943 902 төгрөгийг гаргуулан ...... дүүргийн НД хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 447 670 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал хэргийг шийдвэрлэсэн. Талууд хэргийг эвлүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэсэн. Мөн алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ...... дүүргийн НД хэлтэс нь хариуцагчСХ- ХХК-д холбогдуулан анх НД шимтгэлийн өр 38 629 268 төгрөг, алданги 11 724 391 төгрөг, нийт 50 353 659 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 19 314 634 төгрөг, бүгд 57 943 902 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

...... дүүргийн НД хэлтэсээс шимтгэл төлөгч СХ- ХХК 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  НД шимтгэлд 38 629 268 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Харин хариуцагчСХ- ХХК-ийн төлөөлөгч ажиллагсадын НД шимтгэлийн өр 38 629 268 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 19 314 634 төгрөг төлөх боломжгүй гэж маргасан байна.

 

НД тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т ..хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж зохицуулснаас үзэхэд хариуцагчСХ- ХХК нь НД шимтгэл 38 629 268 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байжээ.

 

Мөн НД тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцагчСХ- ХХК нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул

хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэгтэй. Хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх НД тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн,СХ- ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны НД шимтгэлийн өр 38 629 268 төгрөг, алданги 19 314 634 төгрөг, нийт 57 943 902 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн НД газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар Н.Ариунааг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ...... дүүргийн НД Х-ийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн авсан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 258 182 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА