Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00022 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Б, С.Б нарт холбогдох

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК-ийн хувьцааг П.Шагдаргүнтэв 90 хувь, С.Баярт 10 хувиар тус тус эзэмшдэг. П.Шагдаргүнтэв, С.Баярт нар нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг бүрэн төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Ш.Бд 3 жилийн хугацаагаар олгосон. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр Ш.Б компанийн 20 хувийн хувьцааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр С.Бд шилжүүлсэн байдаг.

Энэ нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг Ш.Б эдэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүй байхад хийсэн мэтээр баримт үйлдсэн байдаг. Өнөөдөр А ХХК-ийн хувьцааг П.Шагдаргүнтэв 70 хувь, С.Баярт 10 хувь, С.Б 20 хувиар тус тус эзэмшиж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүйд хүрээд байна. Иймд компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд П.Шагдаргүнтэв, С.Баярт нар надад А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон. Эрх олгогдсон тул тус компанийн 20 хувийн хувьцааг С.Бд шилжүүлж төлбөрт нь 200 000 000 төгрөг авсан. С.Б тус мөнгийг зээл гэж үзээд одоо надаас их хэмжээний мөнгө нэхээд өгөхгүй болохоор компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад саад болж компанийн бичиг баримт, тамга тэмдгийг хууль бусаар авч өгөхгүй байгаа гэв.

 Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Шагдаргүнтэвийн хүү Ш.Бд хувьцаа эзэмшигч нар итгэмжлэл олгосон. Компанийн хувьцааг Ш.Б аавынхаа нэр дээр авсан байсан. Түүнийг надад шилжүүлсэн. Аав хүү 2 одоо ийм зүйл ярьж байгаа нь бодит байдал дээрээ худал зүйл юм. Хуурсан үйлдэл гаргаж байгаа нь тодорхой болж байгаа тул Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Намайг хохироож байгаа ноцтой асуудал тул эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байна. Ш.Б өрөнд орж, орон байраа хураалгах дээрээ тулж надаас тусламж гуйсан учир би найзын хувьд тусалсан. Ингээд түүнд 200 000 000 төгрөг зээлж, мөнгө зээлсний хариуд надад А ХХК-ийн хувьцааны 20 хувийг шилжүүлсэн. Үүнээс гадна 67 000 000 төгрөгийн машины асуудал ч байгаа. Ш.Б нь зээлээ бүрэн төлөөгүй намайг хохироож байгаа боловч өгсөн хувьцаагаа буцаан авахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хурлын тогтоол хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Хуурамчаар гарын үсэг зурсан эсэх асуудлыг шалгах шаардлагатай. Миний өгсөн зээлийг, гарсан зардлын хамт төлбөл би хувьцааг нь буцаан өгөхөд асуудалгүй гэв.

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 76 850 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

А ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Шагдаргүнтэв нь өөрийн төрсөн хүү Ш.Бтай үгсэн хуйвалдаж, мэдэн будилж, аав нь хүүгээ шүүхэд өгсөн дүр эсгэж, хууран мэхлэх байдал гаргаж байгаа байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Шүүх хуралд 10 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяртыг шүүх хуралд гэрчээр оролцуулах зайлшгүй шаардлагатай байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хариуцагч нарын шаардлагыг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Учир нь хуурамч гэх хурлын тэмдэглэлд хариуцагч Ш.Быг аавынхаа гарын үсгийг хуурамчаар зурсан, хувьцаа эзэмшигч С.Баяртын гарын үсгийг С.Б намайг хуурамчаар зурсан гэж нэхэмжлэгч илт гүжирдсэн тайлбар хийсэн юм.

Нэхэмжлэгчийн илт гүжирдсэн тайлбарыг няцаах зорилгоор хуурамч гэх гарын үсэг мөн эсэхийг тогтоох шаардлагын хүрээнд шинжээч томилох, цагдаагийн байгууллагаар шалгуулж хэн нь буруутай болохыг тогтоолгосны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн аваагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Улсын Бүртгэлийн Газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг хариуцагч нар дэмжсэн боловч шүүгч өөрийн үзэмжээр шийдвэр гаргасан нь маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх, талуудын мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шийдвэр гомдолтой байна.

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн хэлцлүүд өөр хэлцлүүдийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн шүүгч маань нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг дутуу ойлгосон байна. Учир нь 200 000 000 төгрөгөөр 20 хувийн хувьцааг зарсан болохыг нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Б нар хүлээн зөвшөөрдөг. Мөн 67 000 000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг А ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгүүлсэн. Нэр дээр нь байгаа нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Б нарын тайлбарт дүгнэлт хийгээгүй. 20 хувийн хувьцааг эзэмшихийн тулд хэн хэр хэмжээний хөрөнгийг компанид оруулсан, хэнд ямар хэмжээний хохирол учраад байгаад дүгнэлт хийгээгүй мөртлөө хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй өөр хэлцэл байгаа мэтээр өөрийн санаачилгаар хийсвэр үндэслэл гаргаж, хариуцагчийн эсрэг шийдвэр гаргасан шүүгчид гомдолтой байна. Ямар хэлцлийг ямар хэлцлээр халхавчилсан болохыг ямар нотлох баримтаар нотлож шийдвэр гаргасан болохоо шүүгч нотлож чадаагүй байж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн гэрээ хэлцэлүүдийг нотариат болон Улсын бүртгэлийн газрууд хянаж хууль зөрчөөгүй болохыг нотолсоныг шүүгч дүгнэлт хийгээгүй. Тэдгээрийг гуравдагч этгээдээр болон гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахгүйгээр шийдвэр гаргаж байгаа байдал нь "Шүүх ямар ч эргэлзээгүй нөхцөл байдлыг хангасан тохиолдолд шийдвэр гаргана" гэсэн үндсэн зарчмаа зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр шударгаар шийдвэрлэгдээгүй нөхцөл байдлууд олон байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.Б, С.Б нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, өөрөө гаргах боломжгүй тохиолдолд нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийг үндэслэн шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ.

 

            Нэхэмжлэгч тал эрх олгогдоогүй этгээдтэй хууль зөрчин компанийн хувьцааг шилжүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүй байхад хуурамч баримт үйлдсэн гэх үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг П.Шагдаргүнтэв, С.Б нарынх мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ.

           

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяртаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүх гэрчээс юу тодруулахыг хүссэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Шүүхэд хариуцагч С.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн гэж марган “...хуурамч гарын үсэг зурсан эсэх талаар шалгах шаардлагатай, С.Баяртыг гэрчээр оролцуулж...” гэж тайлбарласныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. /хх 40 дэх тал/

 

Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул хариуцагч С.Бгийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД