Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1795

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Б

 

Хариуцагч: С.Б  нарт холбогдох,

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, хариуцагч Ш.Б , нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “2018 оны 09 дүгээр сард А ХХК-ийн зүгээс хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх 20 хувийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийг хүчингүй болгосон байгаа. Үүнээс хойш 1 жил өнгөрч, бүх зүйл тодорхой болсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын гол зүйл нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл байгаа. Түүнд зурагдсан гарын үсэг шижээчийн дүгнэлтээр таарахгүй, нийцэхгүй байна гэж гарсан. Тиймээс тийм хурал болоогүй гэх н.Шагдаргүнтэвийн батлан өгүүлснийг нотолж байна. Тус компанийн хувьцааны 20 хувийг 200,000 төгрөгөөр авсан гэх гэрээ хийсэн байгаа. Гэтэл өөрөө шүүх хуралдаанд тайлбар хэлэхдээ би 200 сая төгрөгөөр авсан гэж хэлдэг. Тиймээс энэ нь ямар нэгэн үйлдэлийг халхавчилсан үйлдэл байсан ба үүнийг шүүгч хүлээж авч, халхавчилсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Мөн шинжээчийн дүгнэлт гарснаар илүү тодорхой болж байна. Иймд А ХХК-ийн 20 хувийн хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж байгаа. Халхавчилж буй асуудал нь Иргэний хуулийн 276.1-т зааснаар бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байдаг гэх үндэслэлээр тус гэрээ хүчин төгөлдөр бус юм гэж тооцсон. Хоёрт Иргэний хуулийн 56.1.10-т заасан заалтыг үндэслэж байгаа. Энэ нь бидний хийсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байхад түүнийг үндэслэж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тус эрх шилжүүлэх гэрээ давхар хүчин төгөлдөр бус болно. Иймд Иргэний хуулийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа өгөх ёстой. Гэтэл хариу тайлбар өгөхгүйгээр, өөр эрүүгийн хэрэгт хамааралтай баримт гаргаж ирээд хүсэлт өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцно гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т заасан үндэслэлээр зөвшөөрсөн гэж үзэж байна. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2892 тоот шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эдгээр хүмүүсийн гарын үсэг биш гэдгийг тогтоочихсон. Өөрөөр хэлбэл 2019 оны 8 сард гарсан дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Иймд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2892 дугаартай шинжээчийн дүгнэлт нь н.Шагдаргүнтэвийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэж заасан тул хүчин төгөлдөр бус гэрээний үндэслэлийг бүрдүүлж байгаа. Иймд Иргэний хуулийн 56.1.3, 56.1.10-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ш.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус гэрээг Би С.Б тай хийсэн. Тэр үед би А ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Ингээд сүүлдээ тус гэрээ хүчингүй болж таарсан. Учир нь надад өгсөн итгэмжлэл өөр хүнд шилжүүлэх эрхгүй учир хүчин төгөлдөр бус болсон байна лээ. Мөн анхнаасаа С.Б  гэх хүн тус компанид өөрөө хүсэлт гаргаж орж ирсэн. Мөн манай бичиг баримт, тамга тэмдгийг булаан авч, үйл ажиллагааг зогсоож А ХХК-ийн нэр дээр байсан 15000 га талбайг алдсан. Энэ бүх үйлдэлийг үзээд С.Б  гэх хүнээс 20 хувийг буцааж авахаар болсон. С.Б  бид нараас 600 сая төгрөг нэхэмжилж, компанийн бүх бичиг баримтыг булааж, тамгыг хулгайлж авч, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Анх надад хэлэхдээ би танай компанийг дампууруулна гэж хэлсэн. Үнэхээр дампууруулж чадсан. Мөн юм ярихдаа ална гээд хүчирхийллийн аргаар явдаг. Иймд энэ компанийн үйл ажиллагааг явуулж, 20 хувийг буцаан олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Б  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хувьцаа шилжүүлэх үедээ гадаадад амьдарч байсан. Тэр үедээ аавдаа 90 хувиа шилжүүлээд аавынхаа нэр дээр авсан . Өөрөө захиран зарцуулах эрхтэй байсан  Миний эрх ашиг хөндөгдөөд мөнгө ч байхгүй. Хувьцаа  ч байхгүй болох ийм эрсдэл үүсч байгаа юм байна.  Аав хүү хоёр бие биенээ мэдээгүй байхад шилжүүлсэн гэдэг бодит байдал дээр үнэмшилгүй асуудал ярьж байна. Мөн зээл авах гэтэл миний гарын үсэг дутаад гэж ярьж байна. Надтай ярьсан бол боломжтой байх байсан.  Зээл авах гэж байгаа бол аваад би мөнгөө аваад салж болно.  Нэгэнт хуурч, үгсэн хуйвалдсан үйлдэл тодорхой болж байгаа тул хохирлын хэмжээг тогтоолгоод энэ хүний үйлдэл дээр цагдаагийн байгууллагаар шалгуулах тухай хүсэлтийг гаргаж  байна. Энэ бол цэвэр эрүүгийн гэмт хэрэг байна. Цагдаа юу гэж тогтооосон тэр гарын үсэг зэргийг хуурамч гэж бичсэн байна. Гарын үсгийн шинжээч томилуулах тул цагдаагийн байгууллагаар шалгуулах захирамж гаргаж шилжүүлж өгнө үү. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Мөн шүүхэд Ш.Б  нь бичгээр хариу тайлбар өгөөгүй байсан учраас огт ойлгоогүй. Одоо орж ирээд би хүлээн зөвшөөрч байна. Аавынхаа хувьцааг өгсөн гэж хэлж  байна.

Нэхэмжлэлийн шаардлага яг аль гэдгийг тогтоох байх. Шүүх хуралдааны дэг зөрчигдсөн гэж ойлгож байна. Шүүх хуралдааныг хойшлуулаад нэхэмжлэгч талаас гаргасан С.Баярт гэдэг хүнийг оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон байна. Миний хувьд С.Баярт гэдэг хүнийг гэрчээр оролцуулж гарын үсэг хэнийх вэ ? гэдгийг тогтоох зүйлүүд харагдаж байна. Хурлын тогтоолд П.Шагдаргүнтэв , С.Баярт гэдэг хоёр хүний гарын үсгийг хуурамчаар зурсан асуудал яригддаг. Хурлын тогтоол хуурамч учраас улсын бүртгэлийн газар дээр очоод хуурамч бүртгэлээр явсан гэж ойлгож байгаа. Хуурамчаар гарын үсэг зурсан гэдэг асуудлыг заавал шалгах шаардлагатай гэж үзэж байгаа” гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХКнь хариуцагч С.Б , Ш.Б  нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Ш.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.

 

Хариуцагч С.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-ийн 90 хувь, 10 хувийн хувьцааг эзэмшигч П.Шагдаргүнтэв, С.Баярт нар А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг бүрэн төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Ш.Б д 3 жилийн хугацаагаар олгосон,  мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1/14 дугаартай итгэмжлэлээр “...Нийт хувьцааны 50 хувийн хүртэлх хувийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулах...” эрхийг олгож итгэмжлэл олгожээ.

 

А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Тус компанийн хувьцаа эзэмшигч болох П.Шагдаргүнтэв нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцаанаасаа 20 хувь буюу 200,000 төгрөгийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг хувьцаагаа С.Б д 2014 оны 12 дугаар сарын 01-д  эрх шилжүүлэх болон хувьцаагаа бэлэглэлийн гэрээний журмаар бүрэн шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11 дэх тал/

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б , С.Б  нарын хооронд А ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, А ХХК-ийн 20 хувийн хувьцааг С.Б д бэлэглэж, улмаар компанийн 20 хувийн эрхийг түүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компаниас нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.”, 62 дугаар зүйлийн 62.1.8-д “энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх” гэж тус тус заажээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2842 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “...2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хурлын тэмдэглэл,  2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх баримтын доод хэсэгт П.Шагдаргүнтэв гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь П.Шагдаргүнтэвийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай, уг баримтуудын доод хэсэгт “С.Баярт” гэсний урд зурсан шинжилж буюу гарын үсгүүд нь С.Баяртын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тус тус тохирохгүй байна” гэж дурдсан байна.

 

Гэрч С.Баярт “Би 10 хувийг эзэмшихдээ эзэмшигч мөн гэж хурлын протоколд гарын үсэг зурсан. Түүнээс хойш би ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй,...2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх хуралд оролцоогүй” гэж мэдүүлсэн.

 

Хэдийгээр 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1/14 дугаартай итгэмжлэлээр “...Нийт хувьцааны 50 хувийн хүртэлх хувийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулах...” эрхийг Ш.Б д олгосон явдал нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан хувьцаа эзэмшигчдийн компанийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээсээ татгалзаж гэж үзэхгүй.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хувьцааг бусдад шилжүүлэх эсэх асуудал хамаарахгүй боловч хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэхийг хурлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хурлын тэмдэглэл,  2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд хувьцаа эзэмшигч П.Шагдаргүнтэв, С.Баярт нарын гарын үсгийг хуурамчаар зурсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч нар нь хувьцаа эзэмшигч нарын хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хангасан мэт харагдуулахаар баримт үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 38 дугаар зүйлийн 38.1, 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээг байгуулах болсон үндэслэл нь С.Б  болон Ш.Б  нарын хооронд амаар хийгдсэн 200,000,000 төгрөгийн хэлцэл хийсэн тул компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн үйл баримтыг хариуцагч нар тайлбарлах бөгөөд Ш.Б ын тухайд А ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байхад бусадтай хийсэн хэлцлийг баталгаажуулах зорилгоор бусад А ХХК-ийн 20 хувийн хувьцааг шилжүүлэх үйлдэл хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

А ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Шагдаргүнтэв, С.Баярт нараас Ш.Б д 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлээр А ХХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрх олгоогүй, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлээр 50 хувийн хувьцааг захиран зарцуулах эрхийг олгосон боловч нь хувьцаа эзэмшигч нарын хэн, хэний хувьцаанаас хэдэн хувийн бусдад шилжүүлэх нь тодорхойгүй, түүнчлэн хувьцаа эзэмшигч нар захиран зарцуулах хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан хүсэл зоригийг илэрхийлээгүй тул уг итгэмжлэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагч нарын хооронд анх 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдах байсан атал 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б , С.Б  нарын хооронд хийгдсэн “компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй байх хуулийн үндсэн зохицуулалтад нийцэхгүй гэрээ байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар компанийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус компанийн хувьцаа бэлэглэх гэрээний үндсэн дээр хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.” гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч С.Б д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч С.Б гийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Мөн хариуцагч С.Б д 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамж гарсан болохыг утсаар мэдэгдсэн боловч С.Б  нь уг захирамж болон хэргийн материалтай танилцаагүй болно.

 

Шүүх хэргийн оролцогч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг эдлүүлэх боломжоор хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т зааснаар хариуцагч Ш.Б , С.Б  нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 76,850 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.