Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00649

 

                                                            ****ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэр,                                         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1313 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

2014.12.01-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****гийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортүүний өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагч ****нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, **** нарт холбогдуулан 2014.12.01-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **** хүлээн зөвшөөрч, **** эс зөвшөөрч маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул ****, **** нарт холбогдох 2014.12.01-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1313 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 276 дугаар зүйлийн 276.2-т зааснаар ****, **** нарт холбогдох 2014.12.01-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай гэж,тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... ****д “АХХ” ХХК-ийн 20 хувийн хувьцааг хууль ёсны дагуу бэлэглэсэн нь 2014.12.01-ний өдрийн 1/14 тоот итгэмжлэл, 2014.12.03-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт, 2019.08.26-ны өдрийн 3826 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогддог бөгөөд энэ тухай нэхэмжлэгч тал маргадаггүй. Мөн хурлын тэмдэглэл, шийдвэрийг **** өөрөө үйлдсэн. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д заасан үндэслэлээр **** нь ****, **** нараас авсан 2014.12.01-ний өдрийн 1/14 тоот итгэмжлэлийн дагуу тус компанийн хувьцааг бэлэглэх, худалдах эрх, бусад эрхийг авсан байгаа тул тус хурлын тэмдэглэл, шийдвэрт мөн ****, **** нарыг төлөөлөн гарын үсэг зурсан байгаа тул шинжээчийн 2842 дугаар дүгнэлтэд хурлын тэмдэглэл, шийдвэрт С.Баяртаа **** нарын гарын үсэг биш тухай тогтоогдсон нь тус хэрэгт ач холбогдолгүй юм. Мөн үүний адил дээрх 2014.12.01-ний өдрийн 1/14 тоот итгэмжлэлийн дагуу **** нь ****д компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г тус тус нотариатаар орж баталгаажуулж УБЕГ-т өгсөн энэхүү гэрээнд **** гарын үсэг зурснаа маргаагүй атлаа зөвхөн хурлын тэмдэглэл, шийдвэрийн гарын үсэг ****, ****ийнх биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. **** нь ****, **** нараас авсан 2014.12.01-ний өдрийн 1/14 тоот итгэмжлэлээс гадна компанийн дүрэмд заасан тус компанийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага байсан. Гэтэл дээрх итгэмжлэлийн дагуу хийсэн хурлын тэмдэглэл, шийдвэрт ****, **** нарын гарын үсэг биш тухай шинжээчийн 2842 дугаар дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үнэлсэн нь огт үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т тус тус заасныг зөрчсөн.

4.1. Мөн тус маргаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хариуцагч **** өөрөө тайлбарлаж маргасаар ирсэн. Учир нь анх ****, **** нар ****д өгсөн итгэмжлэлийн дагуу “АХХ” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр ****г 2014.12.03-ны өдөр өгч албажуулсан. Гэтэл нэхэмжлэлийг 2018 онд гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг хэлцэл хийгч тал болох ****, **** нар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хийсний дараа цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэлд тулгуурлан хүчин төгөлдөр эсэхэд шууд хамаатуулах боломжгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэсэн нь өөрөө хууль зөрчсөн. Нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үндэслэл болон дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус ноцтой зөрчиж үндэслэлгүй шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****гийн гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан, түүнтэй холбоотой үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

8. Нэхэмжлэгч ****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****, **** нар АХХ ХХК-ийн 2014.12.01-ний өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл, 2014.12.03-ны өдрийн 11 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх хуурамч, хууль бус тогтоол шийдвэр гарган гарын үсгийг дуурайлган зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ... ****д компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн баримт дээр гарын үсэг зураагүй. ...Шинжээчийн 2842 тоот дүгнэлтээр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл дэх гарын үсэг хуурамч гэдгийг тогтоосон. ...итгэмжлэл дэх гарын үсэгт шинжилгээ хийсэн тул хэрэгт хамааралгүй. 2014.12.01-ний өдрийн 1/14 дугаартай итгэмжлэл болон уг дүгнэлттэй маргахгүй. Мөн 2014.12.01-ний өдрийн гэрээнүүд дэх гарын үсэг ****ынх гэдэгт маргахгүй. ****гаас мөнгө зээлээгүй. 200,000,000 төгрөгөөр 20 хувийн хувьцааг худалдан авсан хэрнээ гэрээнд 200,000 төгрөг гэж бичин бэлэглэлийн гэрээ хийсэн тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т зааснаар дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах...” гэх агуулгаар тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “... ****ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг гаргажээ. 

Харин хариуцагч **** “... **** өрөнд орж, орон байраа хураалгах дээрээ тулж надаас тусламж гуйсан учир би найзын хувьд тусалсан. Ингээд түүнд 200,000,000 төгрөг зээлж, мөнгө зээлсний хариуд надад “АХХ” ХХК-ийн хувьцааны 20 хувийг шилжүүлсэн. ...2014 онд АХХ ХХК ашиг, орлого байхгүй, Өмнөговь аймагт Хайгуулын зэс, алтны ордны 16.000 га талбай бүхий X лицензтэй, Оюу толгойгоос 25 км зайтай 100 га хайрганы талбай бүхий X лицензтэй тус тус газар байгаа. Зэс, алтны ордын X лицензийг А болгож ашиглах асуудлыг ****, ****, С.Баярт нар бид хариуцна. Хайрганы X лицензийг А лиценз болгох асуудлыг хариуцаад одоо компанийн 20 хувийг эзэмш, хайрганы тусгай зөвшөөрлөө авсны дараа өөрийн 20 хувьд ногдох ашгаа АХХ ХХК-аас ав гэсэн. ...Ингээд MV-020435 дугаартай X лицензийг 2016.01.12-ны өдөр А лиценз болгож бүртгүүлсэн. ...MV-020435 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лиценз, газрыг хувьцаа эзэмшигч **** надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул тус компанид хөрөнгө оруулалт болгож өөрийн өмчлөлийн 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 91-93УНМ улсын дугаартай автомашиныг АХХ ХХК-ийн өмчлөлд 2016.09.06-ны өдөр шилжүүлэн өгсөн. **** намайг тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд тус компанийг ашигтай ажиллах бүх ажлыг хариуцан гүйцэтгэсний дагуу ашигт малтмалын А лицензийг ашигтай ажиллуулахын тулд 2018.04.10-ны өдрийн 2018/01 дугаартай хамтран ажиллах гэрээг МКАТ ХХК-тай байгуулж, тус компаниас манай хайрга боловсруулах, гаргах ажлын тоног төхөөрөмж болон тэсэлгээний ажилд 1,000,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн. ...”Оюутолгой ХХК-д хайрга нийлүүлэх гэрээг 2018.07.10-ны өдөр байгуулж, 2,000,000,000 орчим төгрөгийн ажлын хөлс 2018 онд АХХ ХХК-ийн Капитрон банкны дансаар орж ирсэн. ...20 хувийг шилжүүлэхдээ бүрэн хууль ёсны компанийг төлөөлөх итгэмжлэлийн дагуу **** ****ийн гарын үсгийг төлөөлөн зурах итгэмжлэлийн дагуу хийсэн. 20 хувийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд **** гарын үсэг зурсан нь өөрөө хууль ёсны дагуу хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, зарим үйл баримтын талаар зохигчийг мэтгэлцүүлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал: 

11.1. ****, С.Баярт нар 2014.03.20-ны өдөр АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг бүрэн төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх, мөн 2014.12.01-ний өдөр 1/14 дугаартай итгэмжлэлээр хувьцаа эзэмшигч ****, С.Баярт нар хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ийн даргын эрх эдэлж, үүрэг хүлээх, компанийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлүүдийг ****д гурван жилийн хугацаатай тус тус олгожээ. 

Дээрх итгэмжлэлүүдийг олгогдох үед “АХХ ХХК-ийн хувьцааны 90 хувийг ****, 10 хувийг С.Баярт нар эзэмшдэг байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. 

11.2. “АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн2014.12.01-ний өдрийн 11 тоот хурлын тэмдэглэл, 2014.12.03-ны өдрийн 11 тоот тогтоолоор компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр ****г нэмж, хувьцаа эзэмшигч ****ийн хувьцааг 90 хувь байсныг 70 хувь болгон, 2014.12.03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулжээ. 

Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.06.06-ны өдрийн 2842 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2014.12.01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2014.12.03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх баримтын доод хэсэгт **** гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь ****ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай, уг баримтуудын доод хэсэгт С.Баярт гэсний урд зурсан шинжилж буюу гарын үсгүүд нь С.Баяртын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тус тус тохирохгүй...” гэж тусгагдсан байна. 

11.3. АХХ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2014.12.01-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар компанийн 100 ширхэг энгийн хувьцааны хувь нийлүүлэгч **** 70, **** 20, С.Баярт 10 хувийг тус тус хувьцаа эзэмшигч байхаар дүрмийг баталж, түүнд хэн аль нь гарын үсгээ зурж улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Түүнчлэн “АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016.01.22-ны өдрийн №15/11 дугаартай шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаар тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч ****г томилсон баримт хэрэгт авагдсан байна. 

11.4. Цагдаагийн байгууллагад гэрч **** “...200,000,000 төгрөгийг дансаар авч АХХ ХХК-ийн 20 хувийг ****д хуулийн дагуу шилжүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2016 оны хавар ****д компанийн бүрэн эрхийг өөрт нь өгч чи ажил хийж мөнгөө ав гэж хэлээд ашиглалтын лиценз дээрээ итгэмжлэх хийж компанийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг өгсөн. ... “АХХ ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга **** 70, **** 20, С.Баярт 10 хувийг тус тус эзэмшдэг... ” гэж мэдүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай 2020.01.22-ны өдрийн 96 дугаартай тогтоолд хохирогч ****гийн “...зээл 200,000,000 төгрөгийг ****д өгсөн. Хэсэг хугацааны дараа компанийн үйл ажиллагаанд хэрэглэх машин хэрэгтэй байна гэсний дагуу 60,000,000 төгрөгийн үнэтэй Форшей маркийн автомашиныг өгсөн, ...компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр намайг оруулж...”, гэрч ****ын “...200,000,000 төгрөгийг дансаар авч АХХ ХХК-ийн 20 хувийг ****д хуулийн дагуу шилжүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн...”, гэрч ****ийн “... ****д “АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн талаар тухайн үед нь мэдээгүй 2016 оны 12 дугаар сарын үед л мэдсэн. Тухайн үед миний өмнөөс бүх итгэмжлэлийг миний хүү **** хүлээж байсан учраас гарын үсэг дуурайлгаж зурсан, надад маргах зүйлгүй...” гэх мэдүүлгүүд бичигдсэн байна. 

11.5. **** 2016.09.06-ны өдөр өөрийн өмчлөлийн 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 91-93УНМ улсын дугаартай автомашиныг АХХ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээ авагджээ. 

12.  “АХХ ХХК-ийн2014.12.01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2014.12.03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд зурагдсан ****, С.Баярт нарын гарын үсэг тохирохгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч энэхүү тогтоолын 11.1, 11.3, 11.4-т дурдсан итгэмжлэлүүд, компанийн дүрэм, хохирогч ****, гэрч ****, **** нарын мэдүүлэг, мөнгөн төлбөр, эд хөрөнгө шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлж, компанийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийн хүчинтэй байдлыг шүүхээс бүрэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болсон байна. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм. 

13. Талуудын хооронд байгуулсан 2014.12.01-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тохиолдолд үр дагаварт энэ тогтоолын 11.4, 11.5-д бичигдсэн 91-93УНМ улсын дугаартай автомашин, зээл 200,000,000 төгрөг хамаарах эсэх, түүнчлэн “АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцаа ****д хэрхэн, ямар замаар шилжсэнийг тодорхой болголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна. 

14.  Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1313 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,850төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ  

                                            ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД