Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02442

 

 

 

 

 

 

 

 

 

2020 09 29 181/ШШ2020/02442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГБ ХХК-иас миний бие Д.Рад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаартай шүүхийн шийдвэрээр 165,821,495.53 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220328138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Автозамчидын гудамж, 40-р байрны 3 тоотод байршилтай, 88,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болж, Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх хөрөнгийг 204,809,600 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг надад 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Миний бие тус орон сууцыг анх 1м.кв-ыг нь 2 600 000 төгрөг буюу нийт 228 930 000 төгрөгөөр тооцон авч байсан. Энэхүү орон сууц нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлагатай байр юм. Гэтэл НШШГГ томилсон шинжээчийн үнэлгээгээр орон сууцны 1м.кв-ыг 2 326 060 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцны олон нийтэд худалдан борлуулахаар зарлуулсан зарыг үндэслэн эцсийн үнэлгээг гаргасан нь хангалтгүй, мөн орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас багаар үнэлсэн гэж үзэж байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн үнэлүүлсэн хэмжээгээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулахыг миний бие зөвшөөрөхгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу ийнхүү шүүхэд хандан гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 599 дүгээр тогтоолоор Д.Раас 152 357 204 төгрөгийг гаргуулж Голомт банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Рад Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Мөнх-Оргил трейд ХХК-аар хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай мэдэгдлийг 2020 оны 07 сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Д.Р хүлээн авч, 2020.08.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгч Д.Р нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх-7, 120х/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00599 дугаар тогтоолоор Д.Раас 151 442 044 төгрөгийг гаргуулж ГБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Рын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах, Д.Рын эзэмшлийн ГБ ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос төлбөр гаргуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэжээ. /хх-48-61х/

НШШГГ үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 19280927/150 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 19280927/150-04 тоот тогтоолоор хураажээ./хх-71-72, 76-77, 79х/

 НШШГГ үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч Д.Рад 2020.07.21-ны өдөр мэдэгдсэн /хх-81-82х/, төлбөр авагч ГБ ХХК нь орон сууцны үнийг төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй гэх үндэслэлээр 2020 оны 07 сарын 22-ны өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-83х/-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 7/360 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, хөндлөнгийн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 204 800 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-84-118х/

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Р шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хөрөнгийн шинж байдал, гадаад орчны нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлт зэрэг нь зах зээлийн үнэ хамааралтай байдаг тул орон сууцыг анх худалдан авсан үнээс доогуур үнээр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа нь зах зээлийн үнэд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Рын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Д.Рын НШШГГт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Автозамчидын гудамж, 40-р байрны 3 тоотод байрлах, 88,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 204 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА