Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01005

 

 

                                                         Д.Р-ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2297 дугаар магадлалтай,

Д.Р-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржхандын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Р-аас 165,821,495.53 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220328138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болж Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход уг үл хөдлөх хөрөнгийг 204,809,600 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг 2020.07.30-ны өдөр мэдэгдсэн. Уг орон сууцыг анх 1 м.кв-ыг нь 2,600,000 төгрөг буюу нийт 228,930,000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү орон сууц нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлагатай байр юм. Гэтэл шинжээчийн үнэлгээгээр орон сууцны 1 м.кв-ыг 2,326,060 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 599 дүгээр тогтоолоор Д.Р-аас 152,357,204 төгрөгийг гаргуулж Голомт банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019.08.09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Р-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-иар хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 зааснаар Д.Р-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Д.Р-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2297 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2297 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.07.21-ний өдрийн 4/150/27254 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Д.Р-д төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 2020.07.22-ны өдөр ирүүлэх талаар түүний бэр Б.Ариунзаяад мэдэгдэн, мэдэгдлийг гардуулж, түүний гэр бүлийн хүнд утсаар мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол  мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу түүний гэр бүлийн гишүүнд нь мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй...” гэжээ. Өөрөөр хэлбэл Д.Р нь “Голомт банк”-тай дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзсэн байна. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь ийнхүү харилцан тохиролцоогүй гэдгийг бэр Б.Ариунзаяад мэдэгдсэнээр тооцож, эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэс тогтоогдохгүй байна. Б.Ариунзаяа нь Д.Р-ыг төлөөлөхгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

“Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй байна.” гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг баримтлаагүй байгааг харгалзан үзэлгүй зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх ёстой гэж үзсэн нь өрөөсгөл байна. “Мөнх-Оргил трейд” ХХК нь зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч үнэлэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгийн анх худалдаж авсан үнийг огт тооцоололдоо оруулалгүй үнэлсэн. Үнэлгээний зүйл болох орон сууц нь 2013 онд ашиглалтад орсон, харьцангуй шинэ орон сууц юм. Иймд анх худалдан авсан үнийг үнэлгээчин харгалзаж үзээгүйг шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх зарчмаа баримтлаагүй.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Р Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байр, 3 тоотод байрлах, 88.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 204,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржхандын гаргасан “...Б.Ариунзаяа нь Д.Р-ыг төлөөлөхгүй, ... Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг баримтлаагүй, ...худалдаж авсан үнийг огт тооцоололдоо оруулалгүй үнэлсэн...” гэх утгатай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00599 дүгээр тогтоолоор Д.Р-аас 151,442,044 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Д.Р-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байр, 3 тоотод байрлах, 88.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээг тогтоолгоно.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.07.21-ний өдрийн тэмдэглэлээс үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.07.21-ний өдрийн 4-150/27254 дүгээр албан албан бичгээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон мэдэгдлийг Д.Р-ын бэр Б.Ариунзаяад танилцуулж, гардуулан өгсөн, тухайн үед энэ талаар түүний нөхөрт мөн утсаар мэдэгджээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, ...байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Д.Р мэдэгдлээр тогтоосон хугацаанд хураагдсан орон сууцанд үнийн санал ирүүлээгүй, “Голомт банк ХХК үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэж хариуцагч 2020.07.28-ны өдрийн 7/360 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2020.07.28-ны өдөр шинжээч томилохдоо түүнд шинжилгээ хийх, дүгнэлт гаргахад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.07.30-ны өдрийн Ш-1/09 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 204,800,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн болохыг бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байхаас гадна тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог дурдсан байх тул шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг баримтлаагүй гэж үзэхгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржхандын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2297 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржхандын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                       Х.СОНИНБАЯР

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Д.ЦОЛМОН