Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02297

 

МАГАДЛАЛ

2020.12.07 Дугаар 2297

 

 

 

 

 

 

Д.Рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Рын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Раас 165 821 495.53 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220328138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчидын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болж, Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход уг үл хөдлөх хөрөнгийг 204 809 600 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн. Уг орон сууцыг анх 1м.кв-ыг нь 2 600 000 төгрөг буюу нийт 228 930 000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү орон сууц нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлагатай байр юм. Гэтэл шинжээчийн үнэлгээгээр орон сууцны 1м.кв-ыг 2 326 060 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 599 дүгээр тогтоолоор Д.Раас 152 357 204 төгрөгийг гаргуулж Голомт банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Рад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-аар хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Д.Рын НШШГГт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчидын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байрлах, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 204 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч Д.Р болон төлбөр авагч Голомт банк ХХК харилцан тохиролцоогүй гэж үзсэн. Гэтэл ийнхүү харилцан тохиролцоогүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон үнэлгээний олон улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийнг зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдох өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэжээ. Шинжээч нь зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч үнэлэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдаж авсан үнийг огт тооцоололдоо оруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байр, 3 тоотод байрлах, 88.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 204 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00599 дугаар тогтоолоор Д.Раас 151 442 044 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Рын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах, Д.Рын эзэмшлийн Голомт банк ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос төлбөр гаргуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-48-61х/

 

Дээрх захирамжийг үндэслэн НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-71-73, 76-77/

 

Хариуцагч НШШГГ нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/150/27254 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Д.Рад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирүүлэх талаар түүний бэр Б.Ариунзаяад мэдэгдэн, мэдэгдлийг гардуулж, түүний гэр бүлийн хүнд утсаар мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байна. /хх-81-82/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу түүний гэр бүлийн гишүүнд нь мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй.

 

Дээрхээс үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба улмаар төлбөр авагч Голомт банк ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-83/

 

Мөнх-Оргил трейд ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 80.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 204 800 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-88-118/

 

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА