Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/00996

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/00996

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ц-ийн нэхэмжлэлтэй

Эрх залгамжлагч: Б.Б

Хариуцагч: Б.Б-д холбогдох

1 732 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн танил *******д 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 050 000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээ өгөхгүй байна. Иймд миний үндсэн мөнгө 1 050 000 төгрөг болон өнгөрсөн хугацааны хүү 157 500 төгрөг, алданги 525 000 төгрөг, бүгд 1 732 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Эрх залгамжлагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өмгөөлөгчийг оролцуулан намайг байлцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

******* болон түүний эхнэр ******* нар нь *******ээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 050 000 төгрөгийг зээлж аваагүй. Өмнө буюу 2017 оны 04 дүгээр сар, 2017 оны 08 саруудад нийт 1 050 000 төгрөг зээлж авч буцаан төлж, барагдуулж дуусгасан байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *******д мөнгө зээлдүүлсэн гэсэн нь бодит байдалд нийцээгүй худал тайлбар гаргажээ. ******* нь бичиг үсэг мэддэггүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******эд өмнө зээлсэн байсан мөнгөний үлдэгдэл болох 675 000 төгрөгийг өгөхөөр очиход бичиг гаргаж ирж үүн дээр гарын үсгээ зур хэмээн нэг бичиг дээр гарын үсэг зуруулсан гэж хэлж байгаа бөгөөд бичиг үсэг мэдэхгүй тул юу байсныг нь мэдээгүй байна. Ийнхүү ******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******ээс 1 050 000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр тайлбарыг уншин танилцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1 732 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн бөгөөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нас барсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0087 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-44/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг тал эрх зүйн маргаанаас гарсан бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр сольж болно гэж заасан тул нэхэмжлэгч *******ийн хууль ёсны гэр бүл *******ын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу эрх залгамжлагчаар оролцуулж, мөн хуулийн 30.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээж байна. /хх 45-47/

Эрх залгамжлагч ******* /цаашид нэхэмжлэгч гэх/ нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарын хооронд 1 050 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, хүүний төлбөр 157 500 төгрөг байхаар зээлийн гэрээ байгуулагдсан болох нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас 100 дугаартай эх баримтаар нотлогдож байна. /хх-2/

Нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 050 000 төгрөг зээлдүүлсэн гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөнгө зээлдүүлсэн гэж залруулсан болно.

Уг баримт нь хэдийгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас гэсэн нэртэй байх боловч иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал: зээлийн гэрээний мөнгөн дүн болон хүү тохирсон байдал, хугацаа заасан зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч баримтанд зурсан гарын үсэг нь өөрийнх нь мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан ба 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсгийн загвартай тохирно гэсэн байна. Мөн хариуцагч нь эхнэр *******гийн хамтаар 2017 оны 04 дүгээр сар, 08 дугаар саруудад нийт 1 050 000 төгрөг зээлж авч буцаан төлж байсан талаар тайлбар ирүүлсэн боловч буцаан төлсөн талаар баримтгүй байна. Өөрөөр хэлбэл 1 050 000 төгрөг авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд харин буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй байжээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* эрх залгамжлагчаар оролцсон үеэс эхлэн шаардах эрх түүнд шилжинэ.

Нэхэмжлэгч алдангийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх түүнийг хангахаас татгалзаж 525 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд 2 хувиар алдангийг тогтоосон нь хуульд үл нийцсэн төдийгүй талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хугацаа хэтрүүлсэн хоног нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрэхгүй байна.

Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 050 000 төгрөг, нэг сарын хүүний төлбөр 157 500 төгрөг, нийт 1 207 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /эрх залгамжлагч/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 525 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
******* нар өөрсдийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, мөн хуулийн 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 44 100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 33 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 207 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 525 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44 100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 33 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ