Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00517

 

З.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00996 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаар магадлалтай,

З.Ц-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 1.732.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч З.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн танил Б.Б-д 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.050.000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээ өгөхгүй байна. Иймд миний үндсэн зээл 1.050.000 төгрөг, хүү 157.500 төгрөг, алданги 525.000 төгрөг, бүгд 1.732.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Б- болон түүний эхнэр М.Доржнамжирмаа нар нь З.Ц-ээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.050.000 төгрөгийг зээлж аваагүй. Өмнө буюу 2017 оны 04 дүгээр сар, 2017 оны 08 саруудад нийт 1.050.000 төгрөг зээлж авч буцаан төлж, барагдуулж дуусгасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Б.Б-д мөнгө зээлдүүлсэн гэсэн нь бодит байдалд нийцээгүй худал тайлбар гаргажээ. Б.Б- нь бичиг үсэг мэддэггүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр З.Ц-эд өмнө зээлсэн байсан мөнгөний үлдэгдэл болох 675.000 төгрөгийг өгөхөөр очиход бичиг гаргаж ирж үүн дээр гарын үсгээ зур хэмээн гарын үсэг зуруулсан гэж хэлж байгаа бөгөөд бичиг үсэг мэдэхгүй тул юу байсныг нь мэдээгүй байна. Ийнхүү Б.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр З.Ц-ээс 1.050.000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00996 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.207.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбажавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 33.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбажавт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны 142/ШШ2018/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас" №100 гэх баримтыг нэхэмжлэлд хавсарган өгсөн. Энэхүү баримтын талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр З.Ц-, Б.Б- нарын хооронд 1.050.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, хүүний төлбөр 157.500 төгрөг байхаар зээлийн гэрээ байгуулагдсан болох нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас 100 дугаартай эх баримтаар нотлогдож байна. Уг баримт нь хэдийгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас гэсэн нэртэй боловч иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал зээлийн гэрээний мөнгөн дүн болон хүү тохирсон байдал, хугацаа заасан зэргийг шүүх харгалзан үзсэн болно” гэж дүгнэж Б.Б-аас нийт 1.207.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бодит байдал дээр З.Ц-ээс 2017 оны 12 дугаар сард мөнгө аваагүй буюу зээлээгүй. Энэ талаар нэхэмжлэлд хариуцагч талаас хариу тайлбар гаргахдаа тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл Б.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 20-нд 1.050.000 төгрөгийг З.Ц-ээс хүлээн аваагүй. Харин Б.Б-ын эхнэр н.Доржнамжирмаа нь 2017 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд нийт 1.050.000 төгрөгийг авсан бөгөөд энэ мөнгийг төлж дуусгасан. Өмнө нь буюу 2017 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын хугацаанд зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр зээлж авсан 1.050.000 төгрөгийн эцсийн үлдэгдлийг Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнэзр З.Ц-эд өгөхөөр түүний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг ажлын байранд нь очих үед Б.Б-ын бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан З.Ц- нь н.Доржнамжирмаагийн авсан төлбөр дуусч байгаа талаарх баримт шүү гэж хэлээд хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсанд гарын үсэг зуруулж авсан. Энэхүү баримтаа үндэслэн нэхэмжлэл гаргасныг шүүх бодит байдалд 1.050.000 төгрөгийг хариуцагчийг хүлээн авсан мэтээр дүгнэж хариуцагчаас 1.207.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болсон. Хэргийн 2 дахь талд авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний загвар баримтыг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв уг баримтыг иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээ нь хүчин төгөлдөр болсон эсэхийг шүүх дүгнээгүй нь үндэслэл муутай шийдвэр гарахад хүргэсэн байна. Иргэний хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас 1.050.000 төгрөгийг Б.Б-д хэрхэн хүлээлгэн өгсөнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Б- нь З.Ц-ээс уг мөнгийг аваагүй харин ч З.Ц-ээс өмнө нь эхнэр н.Доржнамжирмаагийн авсан 1.050.000 төгрөгийн үлдэгдэл 500.000 төгрөгийг өгсөн. Шийдвэрт “хариуцагч нь эхнэр М.Доржнамжирмаагийн хамтаар 2017 оны 4 дүгээр сар 8 дугаар саруудад нийт 1.050.000 төгрөг зээлж авч буцаан төлж байсан талаар тайлбар ирүүлсэн боловч буцаан төлсөн талаар баримтгүй байна. Өөрөөр хэлбэл 1.050.000 төгрөг авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд харин буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна...” гэсэн нь ор үндэсгүй худал зүйл зохиож бичжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гардан авсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа З.Ц-ээс түүний үндэслэлд дурьдагдсан 1.050.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард аваагүй гэдэг тайлбарыг өгсөн. Харин өмнө нь буюу 2017 оны 4 дүгээр сараас 8 дугаар сард 1.050.000 төгрөгийг эхнэр М.Доржнамжирмаа нь авч буцаан төлсөн талаар тайлбарыг өгсөн. Үүнийг шүүх гуйвуулж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн гэж нэхэмжлэлд дурьдсан 1.050.000 төгрөгийг Б.Б- хүлээн авсан гэж тайлбар өгсөн мэт бичсэнийг ойлгохгүй байна. Мөн хэрэгт авагдсан З.Ц-ийн дансны хуулганд М.Доржнамжирмаа, Б.Б- нараас 160.000 + 75.000 + 75.000 нийт 310.000 төгргийг шилжүүлсэн нотлох баримт байгааг үнэлэлгүй нотлох баримт байхгүй гэж бичсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болохыг харуулж байна. Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Хэрэгт авагдсан дансны хуулга нь системээс хэвлэх байдлаар хуулбарласан хуулбар баримт байна. Энэхүү нотлох баримтыг шүүх бүрдүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангуулаагүй нь хэргийн оролцогчийг буруутгах үндэслэл биш юм. Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Ц-, Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.050.000 төгрөг, хүү 157.500 төгрөг, алданги 525.000 төгрөг, нийт 1.732.500 төгрөг шаардаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг хариуцагч эс зөвшөөрч, “өмнө нь тухайн мөнгийг зээлээд төлсөн, бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж хожим гэрээнд гарын үсэг зуруулсан” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч З.Ц- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан учир Б.Б-ын хүсэлтээр түүнийг эрх залгамжлагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, үүрэг гүйцэтгэх хугацаа, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

Зохигчийн байгуулсан гэрээгээр Б.Б- З.Ц-ээс 1.050.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 157.500 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэй зээлж авсан байх бөгөөд “уг мөнгийг аваагүй, гэрээнд зурагдсан гарын үсгийг минийх биш” гэж маргасан түүний татгалзал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэнээс гадна өмнө нь адил хэмжээний мөнгө зээлж, мөнгийг буцаан төлснөө нотлоогүй байна.

Иймд зээл, хүүд нийт 1.207.500 төгрөг гаргуулсан нь зөв болжээ.

Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл алданги гаргуулахаар зохигч гэрээгээр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, учир нь мөнгө зээлсэн талаарх талуудын хооронд үйлдэгдэж гарын үсэг зурагдсан бичгийн баримтын ар тал дахь “санамж” хэсэгт бичигдсэн “хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөх мөнгөний дүнгээс 2 хувийн алданги тооцно” утга бүхий хэвлэмэл бичиглэлийг талуудын хэлэлцсэн тохиролцсон гэрээний нөхцөл гэх боломжгүй юм.

Хоёр шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй хэдий ч “хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөх мөнгөний дүнгээс 2 хувийн алданги тооцно” гэх дээрхи бичиглэлд “2 хувь” гэсэн нь алдангийн ойлголтод хамаарахгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарласан нь учир дутагдалтай болсныг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00996 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 33.600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ