Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2021/00482

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2021/00482

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын  тоотод оршин суух Хатигин овгийн ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын тоотод оршин суух ******* ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.******* нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад нэмж 5000000 төгрөг 2021 оны 02 дугаар сарын 17-нд авсан. Ингээд Ц.Цэцгээ нь надаас нийтдээ 8000000 төгрөг зээлж авсан. Одоо мөнгөө нэхэхээр өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй сүүлдээ шүүхдээ өг гэх боллоо. Анх Ц.Цэцгээ мөнгө авах үедээ хүү, төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8000000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Ц.Цэцгээ миний бие Б.*******ийн шүүхэд гаргасан 8000000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ мөнгийг би төлөх бодолгүй байна. Баяраа эхнэр Б.*******ийн хамт манай гэр бүлийг 32000000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед Баяраа нь найз Банзаатайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8000000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь Япон машиныг 3500000 төгрөгт Оньги дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан Япон машины хүү нь 7500000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25000000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13000000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг Баяраа, Б.******* хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр Түмэнжаргал, Баяраа, Банзаа нарын хамт Ланд 80-ыг 500000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод Баяраа, Банзаа хоёр газар очиж харсан. Харин Түмэнжаргал машинаа хараад үлдсэн. Баяраа, Банзаа хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ:.Миний бие нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Ц.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараагийн шүүх хуралдаануудад ирэхгүй байгаа учраас Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Ц.*******гийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.******* болон Ц.******* нар Цэвээн овогтой ******* би Б.*******ээс 3000000 төгрөгийг бэлэн авлаа. Төлөлтийн хугацаа 2 сарын 12-ны дотор, 1 сараар 20 хувийн хүүтэй өдрийн алдангиар төлөлтөө хийж өгөхөөр тохиролцож авлаа. Нэмж 5000000 төгрөгийг /02 сарын 17-нд/ авсан. Нийт 8000000 төгрөг авсан Ц.******* гэсэн харилцан тохирсон баримт үйлдэж нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д нийт 8000000 төгрөг шилжүүлэн өгчээ. /ХХ-н 4 дүгээр хуудас/.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.******* нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад 2021 оны 02 дугаар сарын 17-нд нэмж 5000000 төгрөг авсан, нийт 8000000 төгрөг зээлж авсан. Анх Ц.******* мөнгө авах үедээ хүү төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа ...Баяраа эхнэр Б.*******ийн хамт манай гэр бүлийг 32000000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед Баяраа нь найз Банзаатайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8000000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь Япон машиныг 3500000 төгрөгт Оньги дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан Япон машины хүү нь 7500000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25000000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13000000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг Баяраа, Б.******* хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр Түмэнжаргал, Баяраа, Банзаа нарын хамт Ланд 80-ыг 500000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод Баяраа, Банзаа хоёр газар очиж харсан. Харин Түмэнжаргал машинаа хараад үлдсэн. Баяраа, Банзаа хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй... гэж тайлбарлаж байх ба Б.*******т холбогдуулан 2021 оны 10-р сарын 07-нд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Б.******* нь нөхөр Баяраагийн хамтаар ууланд самар ихтэй газар үзэж хараад ирлээ. Хурдан явъя, хүнсэнд манайх 8000000 төгрөг гаргая, барьцаанд нь манай эхнэр хүүхэд самар оруулж тушаагаад тооцоо хийтэл Приусс 30 машиныг чинь унаж байя гээд хүчээр банк бусад барьцаанд тавьсан машиныг минь аваад явсан. Манай дүү Нанзадын машиныг хэлж яриад өгье. Нутгийн сайн найз гээд Оньги дэлгүүрт барьцаанд 3500000 төгрөгөөр тавиулсан. Өнөөдрийг хүртэл төлбөр мөнгө нь 7500000 төгрөг хол давсан. Б.******* нь нөхрийн хамтаар хүнсэнд зориулсан 12000000 төгрөг, ломбардад тавиулсан машины төлбөрт 7000000 төгрөг, нийт намайг болон миний гэр бүлийг өрөнд оруулж унагаагаад хохироогоод байгаа Б.*******ээс 32000000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Б.*******т сөрөг нэхэмжлэлийг гардуулсан, зохигчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Ц.******* удаа дараа шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэхээ илэрхийлээгүй, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6-д зааснаар Ц.*******гийн оршин суугаа гэрийн хаягаар хүргүүлсэн, түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэнд мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр ирээгүй тул сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар буцаасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 09-ны 14 цагт хэлэлцэхээр товлон шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар дахин мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар /ХХ-н 4 дүгээр хуудас/ нотлогдсон, мөн Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц.******* 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5000000 төгрөг нийт 8000000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс хүлээн авсан нь тогтоогдсон бөгөөд зээлдэгч нь зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Ц.*******с 8000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******с 8000000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******с 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.