Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2022/00037

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2022/00037

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 16.400.000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдаа /цахим/, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 *******гээс 8.000.000 төгрөг гаргуулах тухай

 ******* нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад нэмж 5.000.000 төгрөг 2021 оны 02 дугаар сарын 17-нд авсан. Ингээд ******* нь надаас нийтдээ 8.000.000 төгрөг зээлж авсан. Одоо мөнгөө нэхэхээр өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй сүүлдээ шүүхдээ өг гэх боллоо. Анх ******* мөнгө авах үедээ хүү, төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* хариу тайлбартаа:

 ...Энэ мөнгийг би төлөх бодолгүй байна. ******* эхнэр *******ийн хамт манай гэр бүлийг 32.000.000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед ******* нь найз *******тайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8.000.000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь япон машиныг 3.500.000 төгрөгт Оньги" дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан япон машины хүү нь 7.500.000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25.000.000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13.000.000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг *******, ******* хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр *******, *******, ******* нарын хамт Ланд 80-ыг 500.000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод *******, ******* хоёр газар очиж харсан. Харин ******* машинаа хараад үлдсэн. *******, ******* хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй гэжээ.

 Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ:

 Банк бус санхүүгийн байгууллагад би гэрээний дагуу 16400000 төгрөгийг төлсөн учир буруутай этгээд *******ээс дээрх мөнгийг гаргуулах

 ...Миний бие ******* нөхөр С.*******ын хамт *******ээс 16.400.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь ******* түүний нөхөр ******* болон манай нөхөр С.******* бид 4 хамтран ажиллаж самар бэлтгэхээр болсон юмаа. Ингээд нөхөр С.******* бид хоёр 2018-12-27-нд Ингүүн од Финанс ББСБ-аас 25.000.000 төгрөгөөр зээлийн гэрээгээр авсан Приус-30 маркийн авто машинаа *******т барьцаалуулан 8.000.000 төгрөг зээлж аваад түүнийхээ мөнгөөр самрын хүнсээ бэлдээд явсан. Бид *******ээс мөнгө зээлэхдээ бид хоёр энэ машиныг Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан ба тал үнийг нь төлсөн үлдэгдлийг нь төлөөгүй байгаа учир унаж болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл ******* нь бидний машиныг дур мэдэн номерыг нь сольж УБ хотод унаж яваад Банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж биднийг хохироосон. Бид машинаа авахаар гээд Ингүүн од Финанс ББСБ-д очиход та нар гэрээний үүргээ зөрчиж мөнгөө төлөөгүй, мөн машинд өөр номер зүүж хулгайгаар авч явсан гэж хэлээд машиныг өгөөгүй. Бид хоёр машиныг зээлийн гэрээний дагуу авсан ба 16.400.000 төгрөг төлсөн байсан, хэрэв ******* нь дээрх машиныг дур мэдэн хулгайгаар номерыг сольж унаж яваагүй бол өнөөдөр миний машин байгаад бидний хооронд ийм маргаан гаргахгүй байсан гэж үзэж байна. Иймд Банк бус санхүүгийн байгууллагад би гэрээний дагуу 16.400.000 төгрөгийг төлсөн учир буруутай этгээд *******ээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү....гэжээ.

 Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

******* нь надаас машин худалдаж авахаар хадгалж байсан 8.000.000 төгрөгийг зээлж авсан юм. Ингээд *******с мөнгөө нэхэж машин авах гэж байсан мөнгөө чамд зээлүүлсэн, машин авч чадахгүй байна гэж хэлэхэд Цэцэгээ нь чи миний машиныг түр унаж бай гээд машинаа өгсөн юм. Түүнээс би Цэцэгээгийн машиныг дур мэдэн авч яваагүй, уг машиныг унаж явтал Ингүүн од Финанс ББСБ хурааж авсан. Ингүүн од Финанс-аас авсан 16.400.000 төгрөгийн зээлийн асуудал бол надад огт хамаа байхгүй, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, энэ талаар мэдэхгүй тул миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийдвэрээр:  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урайнхай овогт Цэвхээний Цэцэгээгээс 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хатигин овогт Бямбажавын Алтанцэцэгт олгож, ******* С.******* нарын *******т холбогдуулан гаргасан 16.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг, *******, С.******* нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 97.000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж хариуцагч *******гээс 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

 1. Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2. Нэхэмжлэгч Алтанцэцэг түүний нөхөр ******* манай нөхөр ******* бид 4 уг нь хамтран ажилласан ба ууланд самар бэлтгэхээр болсон. Нөхөр бид 2 мөнгөгүй байсан тул Алтанцэцэгт машинаа барьцаалж 8.000.000 төгрөг бүгдээрээ бий болгож самартаа явсан. Алтанцэцэгийн нөхөр самаргүй газар аваачиж бид нар самар түүж чадалгүй хоосон ирж шатсанаас болж Алтанцэцэг 8.000.000 төгрөг биднээс нэмж ашиг олоогүй юм чинь гэж машин өгөөгүй.

...Нөхөр бид 2 приус 30 маркийн автомашиныг Ирмүүн Од Финанс ББСБ-аас лизингээр авсан ба сард 850.000 төгрөг төлдөг байсан ба сүүлийн хэдэн сар ковидын улмаас төлбөрөө төлж чадаагүй байтал Алтанцэцэг миний машиныг дур мэдэн дугаарыг сольж унаж яваад хураалгасан. ..Би уг машины төлбөрт 16.400.000 төгрөг төлсөн байсан, би дээрх мөнгөөр хохирсон ч шүүх ерөөсөө анхаарч үзээгүй хэт нэг талыг барин шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний сөрөг нэхэмжлэлийг анхаараагүй хэрэгсэхгүй болгосон. Энэ байдлыг харгалзан хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 тоот шийдвэрийг үл зөвшөөрч хариуцагч ******* гомдол гаргасантай танилцлаа.

 Хариуцагч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг болон гомдолдоо худлаа мэдүүлж худлаа бичээд байгаа юмаа.

Бид хамт самарт явъя гэж тохирсон зүйл огт байхгүй хариуцагч ******* нь надаас мөнгө зээлээч самарт явах гэсэн юм гэж олон удаа гуйсан учраас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцгээд 3,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 02 дугаар сарын 17-нд 5000,000 төгрөгийг бэлнээр нийт 8,000,000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч Ц. Цэцэгээ нь мөнгийг хүлээж аваад нийт 8,000,000 төгрөг авсан Цэцэгээ гэж баримт үйлдэж өгсөн юм.

Хариуцагч ******* нь надаас 8,000,000 сая төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч манай нөхөр *******г хамт самарт явъя ойрхон самар байгаа гэж авч явсан самар байгаагүй ашиг олоогүй иймд зээлсэн мөнгийг бүгдийг өгөхгүй гэж маргаж худал мэдүүлээд байгаа юм. Ийм зүйл огт байхгүй харин зээлсэн 8,000,000 төгрөгнийхөө барьцаанд ямар нэг зүйл барьцаал гэдэг шаардлага тавьсан тэгэхэд Приус-30 маркын машин барьцаалсан юм.

Хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгч надад холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлдээ ******* нь бидний машиныг дур мэдэн номерыг сольж УБ хотод унаж яваад Банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж биднийг хохироосон гэж гомдол гаргаж мэдүүлж байгаа.

Би буруу байхгүй хариуцагч *******гийн нөхөр Ингүүн од финанс ХХК -н гүйцэтгэх захирал Ц. Дашдаваа зээлдэгчийг төлөөлж С.*******, Ч.Болд-эрдэнэ нар тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 27-нд 000603 дугаартай гэрээгээр Авто машин лизингийн зээлээр авсан байсан.

Хариуцагч ******* болон нөхөр С ******* нар нь авто машиныг унаж ашиглаж байх явцдаа надад давхар барьцаалж харин намайг хуурч мэхэлж хохироосон гэж үзэж байна. Учир нь хариуцагч Ц. Цэцэгээ банк бус санхүүгээс авсан зээлээ цаг хугацаанд нь төлж байгаагүй зээл төлөх гэрээний хугацаа 2020 оны 06 сард дууссан байсан.

Хариуцагч Ц. Цэцэгээ нь миний машиныг дур мэдэн номерыг нь сольж УБ хотод унаж яваад Банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж биднийг хохироосон гэж мэдүүлж байгаа.

Энэ машиныг мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүй зээл төлөх хугацаа хэтэрсэн өөрийнхөө номертой байсан чинь хураагдах машин байсан байна лээ. Иймд Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Ц:Цэцэгээ хамтран ажилласан гэж ярьдаг боловч энэ нь огт үндэслэлгүй зүйл. Энэ нь зээл хүлээн авлаа гэсэн өөрийн гарын үсэг бүхий баримт хэрэгт байгаа. Автомашин хураалгасан гэдэг нь үнэн боловч ******* нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч машинаа барьцаанд нь тавьчихаад төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул тухайн байгууллага барьцаа хөрөнгөө авсан хэрэг. *******д байна уу Алтанцэцэгт байна уу зээлээ төлөөгүй л бол барьцаа хөрөнгийг нь хураах л байсан. Үүнийг хохирол гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мандал сум дахь сум дундын шүүх бид дөрвийг анх самрын ажилд хамтарч мөнгө зээлсэн гэдгийг харж үзээгүй. Мөн хоёр бригадын хүнс, бензин гарахад 3.000.000 төгрөгөөр дүүгийнхээ машиныг барьцаанд тавьсан. Одоо тэр бараг 7.000.000 төгрөг болсон байх. Би түүнийгээ ч авч чадаагүй. Алтанцэцэг, ******* хоёрын самранд явъя, ачаа байна гэсэн худал ярианаас асар их зардал гарсан. Өр ширээ дарж чадаагүй. Шүүх хэт их нэг талыг барьж надад үйлчилсэн. Хамтран ажилласан үйл баримтыг огт анхаарч дүгнэлт хийгээгүй. Хэрэв тухайн үед Алтанцэцэг надад машиныг буцаагаад өгсөн байсан бол би банк бусын зээлээ хаагаад, энэ хоёрын мөнгийг өгөх бүрэн боломжтой байсан. Энэ боломжийг үгүй хийсэн. Давж заалдах гомдол гаргахад 320.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ давж даалдсан мөнгийг надад буцааж олгож өгөөгүй, Шүүгчийн туслах Ганцэцэг удаа дараа очиж, уулзахад надтай ёс зүйгүй харьцсан. Ганцэцэг намайг ... чи тухайн үед шүүх хуралд ирээгүй, байж юуны чинь 320.000 төгрөг буцааж авъя гэж хэл ам хийгээд байгаа юм бэ... гэж загнаж, ёс зүйгүй харьцсан. Шүүх зөвхөн нэг талыг баримталж ажилласан тул би гомдолтой байна. ******* анх яагаад худлаа ярьж, надаас зардал гаргуулсан юм бэ, ирсэн хойноо бид учраа олох боломж өчнөөн байсан. Машиныг минь авна гэж хэлээд 7, 8 сар хүний машин тэрэг уначихаад, өнөөдөр ийм байдалд оруулсан. Шүүх яагаад энэ бүхэнд дүгнэлт хийж, анхаарч үзэхгүй байна вэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэг 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* уулнаас самар түүх ажилд хамтран явах үед гаргасан зардлаа надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* түүний нөхөр ******* нарын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 3.Хэргийг судлан үзвэл дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчжээ. Үүнд:

а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосон байна.

Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагч *******д мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүний эцэг Даваадоржид нь хурлын товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад удаа дараа ирэхгүй шүүн таслах ажиллагааг саатуулсан гэж хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах тухай саналыг гаргасныг хангахаас татгалзан шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг дахин хүргүүлж шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангах зүйтэй гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшлуулсан атлаа хариуцагч ******* шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан түүний сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Хуульд зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болох бөгөөд сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийн, нэг маргаантай холбоотой байх зэргийг харгалзан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтатган хянан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.

Шүүх нэгэнт сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэхээр хүлээн авсан бол сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан атлаа зөвхөн сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, шүүх хэргийн оролцогчийн нэг талын эрх ашгийн хамгаалсан гэж үзэх үндэслэл болно.

 б.Дээрхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан байхад дээрх зөрчлөө шүүх засаагүй, хариуцагч ******* нь нөхөр С.******* нарын хамт дахин сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч улмаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Тухайн хэргийн хувьд С.******* нь ямар оролцогч болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэх ба түүнийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргахаар заасан байхад энэ талаар шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

 в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болохоор заасан.

Шүүгч нь 2022 оны 05 сарын 04-ны өдрийн 148/ШЗ2022/00784 дугаартай захирамжаар урьд гаргасан 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 149/ШЗ2021/01356 дугаартай захирамжид өөрчлөлт оруулахдаа хуулийн үндэслэлээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан зөрчлийг арилгах гэж заасан нь учир дутагдалтай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн захирамжиндаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан ажиллагаа болжээ.

Түүнчлэн хариуцагч ******* нь удаа дараа тайлбартаа нэхэмжлэгчтэй хамтран ажиллах үйл ажиллагаандаа мөнгө гаргаж зээл хэлбэрээр бичсэн гэж удаа дараа тайлбарласан байхад зохигчдын хооронд үүссэн маргаанд огт дүгнэлт хийхгүйгээр буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулах боломжгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 3-д зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form