Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2022/00004

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2022/00004

 

 

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг,

 Хариуцагч Ц.Цэцэгээд холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч Ц.Цэцэгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нэхэмжлэлдээ:

 Ц.Цэцэгээгээс 8.000.000 төгрөг гаргуулах тухай

 

Ц.Цэцэгээ нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад нэмж 5.000.000 төгрөг 2021 оны 02 дугаар сарын 17-нд авсан. Ингээд Ц.Цэцгээ нь надаас нийтдээ 8.000.000 төгрөг зээлж авсан. Одоо мөнгөө нэхэхээр өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй сүүлдээ шүүхдээ өг гэх боллоо. Анх Ц.Цэцэгээ мөнгө авах үедээ хүү, төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Цэцэгээ хариу тайлбартаа:

 ...Энэ мөнгийг би төлөх бодолгүй байна. Баяраа эхнэр Б.Алтанцэцэгийн хамт манай гэр бүлийг 32000000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед Баяраа нь найз Банзаатайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8.000.000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь япон машиныг 3.500.000 төгрөгт Оньги" дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан япон машины хүү нь 7.500.000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25000000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13.000.000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг Баяраа, Б.Алтанцэцэг хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр Түмэнжаргал, Баяраа, Банзаа нарын хамт Ланд 80-ыг 500000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод Баяраа, Банзаа хоёр газар очиж харсан. Харин Түмэнжаргал машинаа хараад үлдсэн. Баяраа, Банзаа хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэцэгээс 8000000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэцэгээс 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ давж заалдах гомдолдоо:

 

1. Миний бие Ц.Цэцэгээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021-12-09-ны өдрийн 482 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна.

2. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан. Надад шүүх хуралдаан хийх тухай огт мэдэгдээгүй, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хэрэг шийдвэрлэхгүй байсан энэ тухай шүүхийн туслахаас хэргийг хурдан шийдэж өгөөч гэхэд нэхэмжлэгч Алтанцэцэг чинь самарт яваад ирээгүй байна байж бай гэхээр би хүлээж байгаад, өөрийн амьдрал ахуй хүнд хэцүү байсан болохоор самарт явж мөнгө олохоор шийдэж энэ тухайгаа шүүхийн туслахад хэлж мэдэгдсэн. Шүүх хурал болтол би ирээгүй надад мэдэгдэх ямар боломж байхгүй байсан, үүнийг мэдсээр байж хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийг самарт явахаар шүүх хүлээж болж байгаа мөртлөө надыг яагаад хэдхэн хоног хүлээж болоогүй юм болоо гэж бодогдож байна.

 

3. Би сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ тухай яасан талаар огт надад мэдэгдээгүй, би шүүгчийн туслах Ганцэцэг гэж хүнтэй ирж уулзаад миний сөрөг нэхэмжлэлийг буцаасан байна. Энэ нэхэмжлэлийг буцаахдаа тэмдэгтийн хураамжийг яасан юм бол гэж хэлэхэд чи өөрөө тэнэж явчихаад одоо шүүхээс юу нэхээд байгаа юм, мангар тэнэг гэж хэл амаар доромжилсон, би сөрөг нэхэмжлэлдээ 320.000 төгрөг тушаасан, шийдээгүй бол тэр мөнгө ядаж буцааж авъя гэхэд чи шүүхээс мөнгө нэхлээ гэж загнаж, уурлаж ёс зүйгүй харьцаа гаргасанд маш их гомдолтой байна. Би хууль мэдэхгүй байж болно. Ядаж учрыг нь хэлээд өгч болно шүү дээ.

Гомдол гаргаж байгаа гол үндэслэл маань надыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, би шүүхийн туслахад самарт явсан тухайгаа хэлж мэдэгдсэн, миний сөрөг нэхэмжлэлийг буцааж хэт нэг талыг барьж шийдсэн, нэхэмжлэлийг буцаасан бол улсын тэмдэгтийн хураамжийг яасан эсэх талаар шийдвэрлээгүй надыг хохироосон, Алтанцэцэг болон түүний нөхөр бид нар хамтарч самарт явж миний болон дүүгийн машиныг тавьж зардал хийж явсан ба энэ зардлаа хувааж төлөхөөр тохирсон атлаа ирээд мөнгө хуваалгүй надыг шүүхэд өгсөн. Миний барьцаанд тавьсан гээд байгаа машиныг дур мэдэн унаж яваад хураалгасан зэрэг буруутай үйлдлийг харгалзан үзээгүйгээр миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцааж хэргийг шийдвэрлэсэн буруу гэж үзэж байна.

Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021-12-09-ны өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон өгч, миний эрхийг хуулиар хамгаалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа хариу тайлбартаа:

 

Ц.Цэцэгээ гомдолдоо нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийг самарт явахаар шүүх хүлээж болж байгаа мөртлөө надыг яагаад хүлээгээгүй юм бол гэсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийг хүлээгээгүй, хүлээх ч учиргүй, өмгөөлөгч миний бие 2021.09.29-ний өдрөөс нэхэмжлэгчид хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэн нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож 2021.12.03-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болно.

2021.09.09-нд бид нэхэмжлэл гаргаж шүүх хуулийн хугацаандаа багтаж 2021.12.09-нд хуралдсан. Энэ хугацаанд хариуцагч Ц.Цэцэгээ шүүхэд ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан 3 удаа хойшилж байсан, хариуцагч Ц.Цэцэгээ гаргасан ямар нэгэн тайлбар шалтгаангүйгээр шүүхэд ирэхгүй байсан. Энэ талаар миний бие шүүгчийн туслах Ганцэцэгт шаардлага тавьж шүүхэд удаа дараа хүэслт гаргаж байсан, гаргасан хүсэлтүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Шүүхээс ар гэрт нь олон удаа очиж шүүх хуралдаан болох талаар мэдэгдэж байсан. Ц.Цэцэгээгийн шүүхийн дуудсан цаг хугацаанд ирээгүй, сөрөг нэхэмжлэлийг буцаасан нь шүүгчийн туслах Ганцэцэгээс шалтгаалаагүй, бүх юм хуульд захирагдаж шийдвэрлэгддэг болно.

Барьцаалан зээлдүүлэх газраас нэхэмжлэх машинаа Б.Алтанцэцэгээс нэхэмжилсэн, Ц.Цэцгээгээс гаргасан нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлага хангахгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг буцаасан байсан.

Ц. Цэцгээ нь 2021.01.12-нд 3.000.000 төгрөг, 2021.02.17-нд 5.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг Б.Алтанцэцэгээс өөрөө хүсэж бичгээр зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг шилжүүлэн авсан тул хуульд зааснаар 8.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ.

ИХШХШТухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ц.Цэцгээ удаа дараагийн шүүх хуралдаануудыг хойшлуулж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийм учраас хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэцгээгээс 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгох тухай Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021.12.09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Цэцгээ нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ...Гомдол гаргасан гол үндэслэл нь хариуцагчийг байхгүйд шүүх хуралдаан болоод ийм шийдвэр гаргасан байна гэж гомдол гаргасан. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Машинаа барьцаанд тавьсан гэх баримтуудаа хариуцагч сөрөг нэхэмжлэл дээрээ гаргасан байсан. Үүнийг шүүх харгалзан үзээд шүүх хуралдааны товыг насанд хүрсэн хүнд мэдэгдсэн гэх үндэслэлээр шүүх хуралдаан явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Мандал дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг зээлийн гэрээний үүрэг 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Цэцэгээ уулнаас самар түүх ажилд хамтран явах үед гаргасан зардлаа надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Алтанцэцэг түүний нөхөр Баяраа нарын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул 8.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа болжээ.

Шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149 тоот захирамжаар 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдуулахаар товлож, хариуцагч Ц.Цэцэгээд мөн өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдэхээр түүний оршин суух хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч Ц.Цэцэгээг ууланд самарт явсан эзгүй байгаа талаар түүний эцэг н.Даваадорж хариуцагч Ц.Цэцэгээд товыг мэдэгдэх боломжгүй байгааг мэдэгдэх хуудасны буцах хэсэгт гараар бичиж тэмдэглэн буцаасан байна.

Хариуцагч Ц.Цэцэгээд тов мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан гэж шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулж, 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн хаягаар шүүх хуралдаан хойшлон товлогдсоноор мэдэгдэж мэдэгдэх хуудсыг дээрх хаягаар хүргүүлсэн боловч Ц.Цэцэгээ уулнаас ирээгүй, эцэг Д.Даваадорж уг хуудсыг хүлээн авчээ.

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагт зарласан шүүх хуралдаанд хариуцагч Ц.Цэцэгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж шүүх дүгнэж, түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцааж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байх ба сөрөг нэхэмжлэлийг буцаах үедээ хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 317950 төгрөгийг хэрхсэнийг шийдвэрлэлгүй орхигдуулж, тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавтаст хэргийн үндсэн нэхэмжлэлийн хэсэгт буюу хавтаст хэргийн 05 дугаар талд нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбарын доор нааж хэргийг буруу эмхэтгэсэн зөрчлийг гаргасныг дурьдах нь зүйтэй.

Тус шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ц.Цэцэгээд дахин шүүх хуралдааны товыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийх болсон талаар мэдэгдэх хуудас хүргүүлснийг аав н.Даваадорж хүлээн авсан ба шүүх хуралдааныг өмнөх захирамжаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан атлаа дахин шүүх хуралдааныг хэрхэн товлож мэдэгдэж байгаа эсэх нь тодорхойгүй, байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулах хүсэлтийг хүлээн авч, 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Ц.Цэцэгээд хуралдааны товыг мэдэгдэлгүй, хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангалгүй шүүх хуралдааныг явуулсан баримт тогтоогдож, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийг зарчим алдагдсан байна.

Хариуцагч Ц.Цэцэгээ анхан шатны шүүх түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 3-д зааснаар хариуцагч Ц.Цэцэгээгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ