Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/01666

 

 

 

 

 

2020 оны 06 сар 16 өдөр

181/ШШ2020/01666

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  З.Т ОНӨААТҮГ //-т холбогдох

 

2020 оны 03 сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б би Зорчигч тээврийн нэгтгэлийн Гуравдугаар баазад Архивч, хүний нөөцийн менежерээр 2014 онд ажилд орон ажиллаж байгаад 2016 оны 12 сард жирэмсний амралтаа авч, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн Б/377 тоот тушаалаар хүүхдээ 2 нас хүртэл хугацаагаар 2019 оны 02 сарын 21-ний өдрийн Б/56 тоот тушаалаар хүүхдээ 3 нас хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан. Хөдөлмөрийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрхийнхээ дагуу 2020 оны 03 сард ажилдаа эргэн орох хүсэлтээ З.Т ОНӨААТҮГ-ын захиралд гаргасан бөгөөд Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Амартүвшин нь хүний нөөцийн менежерээр ажиллуулах боломжгүй байгаа учраас жирэмсний амралтаа авсан хүний оронд Сургалтын менежерээр түр ажиллах санал тавьсан. Энэхүү саналыг би хүлээн зөвшөөрөхгүй үндсэн ажлын байран дээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл 2020 оны 03 сарын 19-ний өдөр шилжүүлэн ажиллуулах тухай №Б/85 дугаар бүхий даргын тушаал гаргасан байсан. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үндсэн ажлын байран дээр маань өөр хүн ажилласаар байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай заалтыг зөрчин нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашгийг хохироож байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэгч Сандагийн Байгаль намайг урьд эрхэлж байсан ажилд минь үргэлжлүүлэн ажиллуулахыг З.Т ОНӨААТҮГ-т даалгаж, Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн С.Б нь З.Т ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаж 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. З.Т ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан. 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна. Тухайн үед ҮҮҮ-ын Гуравдугаар баазын ажилчид манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд Архивч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд жирэмсний амралттай 1 ажилтан байсан мөртлөө Ц.Булгантамир гэдэг ажилтныг Архивч, хүний нөөцийн менежерээр үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан. Иймээс ажил олгогч С.Байгалийг ажилдаа орох хүсэлт гаргахад түр сургалтын менежерээр ажиллаж бай удахгүй хугацаагүй гэрээ байгуулна 1 хүний эрх ашиг хөндөгдөөд байна аль алиныг нь хохироохгүйгээр зохицуулна гэж нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй гээгүй сургалтын менежерийн ажлыг түр хийж бай 1 ажилтны ажлын байрыг зохицуулаад хугацаагүй гэрээ байгуулна гэдэг шийдвэрийг хэлсэн болно. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч З.Т ОНӨААТҮГ-т холбогдуулан 2020 оны 03 сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь ҮҮҮ-тай 2015 оны 03 сарын 05-ны өдөр ХГ100179 дугаартай Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нэртэй гэрээ /хх-4-8 тал/-г архивч, хүний нөөцийн менежерийн ажлын байранд байгуулан ажиллаж байгаад ҮҮҮ-ын захирлын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн б/377 дугаартай С.Бд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал /хх-9 тал/-аар 2019 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан байна.

С.Байгалийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 73 дугаартай Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоол /хх-44 тал/-оор Нийтийн тээврийн үйлчилгээний З.Т ОНӨААТҮГ-ыг байгуулж, ҮҮҮ-ын хөрөнгөнд бүртгэлтэй эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөнөөс балансаас балансад шилжүүлэх замаар З.Т ОНӨААТҮГ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, З.Т ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тогтоож, удирдлагыг томилох, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Улмаар З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 08 сарын 21-ний өдрийн А/02 дугаартай З.Т ОНӨААТҮГ-т ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-49 тал/-аар З.Т ОНӨААТҮГ шинээр байгуулагдсантай холбогдуулан байгууллагын захиргааны ажилчдыг хавсралт 1-ээр, нийтийн тээврийн автобусны жолооч нарыг хавсралт 2-оор, шалгагч нарыг хавсралт 3-аар тус тус батлан 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба уг тушаалын хавсралт 1 /хх-50,51 тал/ дахь ажилтан, албан хаагчдын нэрсийн жагсаалтын Хүний нөөцийн алба гэсэн хэсгийн 55 дугаарт Сандагийн Байгаль, Архивч, хүний нөөцийн менежер гэж бичигдсэн байна.

З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай С.Бд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал /хх-10 тал/-аар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст архив, хүний нөөцийн менежер ажилтай Сандагийн Байгальд гаргасан өргөдөл, хүсэлтийнх нь дагуу 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байх ба З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.Байгалийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-11 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3, 24 дүгээр зүйлийг тус тус үндэслэн жирэмсний амралтын хугацаа дуусч, ажилдаа орох хүсэлт гаргасан архивч, хүний нөөцийн менежер Сандагийн Байгалийг байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд сургалтын менежер Цэдэндамбын Батмөнхийн жирэмсний амралтын хугацаанд 2020 оны 03 сарын 18-ны өдрөөс Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтэст сургалтын менежерээр түр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь ҮҮҮ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 73 дугаартай Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Нийтийн тээврийн үйлчилгээний З.Т ОНӨААТҮГ-ыг байгуулсантай холбоотойгоор З.Т ОНӨААТҮГ-т ажиллахаар болсон байх ба хэдийгээр ҮҮҮ-тай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон баримт байхгүй, мөн З.Т ОНӨААТҮГ-тай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байх боловч нэхэмжлэгч С.Б нь ҮҮҮ-тай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, З.Т ОНӨААТҮГ-тай хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ажил олгогч нарын зүгээс зохих тушаал шийдвэрийг гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг зохих журмын дагуу байгуулаагүй явдал нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй.

З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай С.Бд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст архив, хүний нөөцийн менежер ажилтай Сандагийн байгальд гаргасан өргөдөл, хүсэлтийнх нь дагуу 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгож байсан нь С.Байгалийг З.Т ОНӨААТҮГ нь Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст архив, хүний нөөцийн менежерээр ажиллуулсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.Байгалийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар С.Байгалийг Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтэст сургалтын менежерээр түр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дахь заалтад зааснаар ажилтан хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол ажил олгогч ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэг хүлээх ба ҮҮҮ-аас ажилчдыг шилжүүлэхдээ С.Б жирэмсний амралттай байхад Ц.Булгантамир гэж ажилтныг түүний ажлын байранд үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан тул нэгэнт үндсэн ажилтнаар шилжиж ирсэн ажилтны эрх ашгийг хөндөхгүйн үүднээс С.Байгалийг өөр ажилд түр шилжүүлсэн гэх тайлбар, үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 2020 оны 04 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Иймд З.Т ОНӨААТҮГ нь С.Байгалийг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзэж З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.Байгалийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 08 сарын 24-ний өдрийн А/04 дугаартай Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал /хх-45 тал/, түүний хавсралт /хх-46-48 тал/-д заасан ажил албан тушаалд буюу Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд С.Байгалийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг  олгоно.

С.Б нь З.Т ОНӨААТҮГ-аас цалин хөлс авч байгаагүй бөгөөд хүүхэд асрах чөлөө дууссаны дараа ажилд орох хүсэлт гаргахад нь түүнийг өөр ажилд буруу шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шилжүүлсэн ажлын байранд ажиллаж цалин хөлс аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсний хэмжээг тохиролцоогүй байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн ажилтны цалин хөлсийг жишиг болгон үндсэн цалин болох 880,000 төгрөгөөс тооцон нэг өдрийн цалин хөлсний хэмжээг 40,930 /880000/21.5=40930/ төгрөгөөр тооцож, 2020 оны 03 сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэлх ажлын 64 хоногт нийт 2,619,520 төгрөгийг хариуцагч З.Т ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Байгалийн 2020 оны 03 сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З.Т ОНӨААТҮГ-т даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан З.Т ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.Байгалийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Байгалийг З.Т ОНӨААТҮГ-ын Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч З.Т ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,619,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Байгалийн 2020 оны 03 сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З.Т ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч З.Т ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,862 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР