Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00053

 

 

2021 01 19

001/ХТ2021/00053

 

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1763 дугаар магадлалтай,

 

С.*******ийн нэхэмжлэлтэй,

******* ОНӨААТҮГ-т холбогдох,

 

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.*******ь Зорчигч тээврийн нэгтгэлийн гуравдугаар баазад архивч, хүний нөөцийн менежерээр 2014 онд ажилд орон ажиллаж байгаад 2016 оны 12 сард жирэмсний амралтаа авч, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/377 тоот тушаалаар хүүхдээ 2 нас хүртэл хугацаагаар, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 тоот тушаалаар хүүхдээ 3 нас хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан. Хөдөлмөрийн хуульд заасан эрхийн хүрээнд 2020 оны 3 сард ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бөгөөд Захиргаа, удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга хүний нөөцийн менежерээр ажиллуулах боломжгүй байгаа учраас жирэмсний амралтаа авсан хүний оронд Сургалтын менежерээр түр ажиллах санал тавьсан. Уг саналыг би хүлээн зөвшөөрөхгүй үндсэн ажлын байран дээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн ажиллуулах тухай Б/85 тоот тушаал гаргасан байсан. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үндсэн ажлын байран дээр өөр хүн ажилласаар байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай заалтыг зөрчин нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хохироож байгаа үйлдэл юм. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг ******* ОНӨААТҮГ-т даалгаж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна. Тухайн үед Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын ажилчид манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд архивч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд жирэмсний амралттай 1 ажилтан байсан ба Ц.Булгантамир ажилтныг архивч, хүний нөөцийн менежерээр үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан. Иймээс ажил олгогч С.*******ийг ажилдаа орох хүсэлт гаргахад түр сургалтын менежерээр ажиллаж бай удахгүй хугацаагүй гэрээ байгуулна 1 хүний эрх ашиг хөндөгдөөд байна аль алиныг нь хохироохгүйгээр зохицуулна гэж нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй гэсэн тайлбарыг гаргаагүй, сургалтын менежерийн ажлыг түр хийж бай 1 ажилтны ажлын байрыг зохицуулаад хугацаагүй гэрээ байгуулна гэдэг шийдвэрийг хэлсэн болно гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан ******* ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ийг ******* ОНӨААТҮГ-ын Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,619,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ьд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.*******ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,862 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1763 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: С.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.16-ны өдрийн 181/ШШ2020/01666, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1763 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018.05.23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан. 2018.08.23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна. Тухайн үед Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Гуравдугаар баазын ажилчид манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд Архивч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд жирэмсний амралттай 1 ажилтан байсан Ц.Булгантамир гэдэг ажилтныг Архивч, хүний нөөцийн менежерээр үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан. Иймээс ажил олгогч С.*******ийг ажилдаа орох хүсэлт гаргахад түр сургалтын менежерээр ажиллаж бай удахгүй хугацаагүй гэрээ байгуулна 1 хүний эрх ашиг хөндөгдөөд байна аль альныг нь хохироохгүйгээр зохицуулна гэж нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй гээгүй сургалтын менежерийн ажлыг түр хийж бай 1 ажилтны ажлын байрыг зохицуулаад хугацаагүй гэрээ байгуулна гэдэг шийдвэрийг гаргасан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.*******ь нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ******* ОНӨААТҮГ-ын архивч, хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ийг ******* ОНӨААТҮГ-ын Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,619,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ьд олгож, нэхэмжлэгч С.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэргийн 16 дугаар талд ******* ОНӨААТҮГ-ын даргаас П.Ононд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл байх бөгөөд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг олгосон, энэ итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигчид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Эвлэрлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, С.*******ийг ******* ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн ажилтнаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллуулахаар тохиролцон, нэхэмжлэгч С.*******ьд ажилгүй байсан хугацааны олговорт 8,186,000 төгрөг олгогдохоос ажил олгогчтой эвлэрэн хэлэлцэж 7,000,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр улиралд багтаан 1 удаа олгохоор тохиролцож эвлэрсэн болно. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно. гэжээ.

 

Эвлэрлийн гэрээнд зохигчид болох нэхэмжлэгч С.*******ь, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон нар гарын үсэг зурсан тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1763 дугаар магадлалыг хүчингүй болгож, С.*******ийг ******* ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн ажилтнаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллуулж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 8,186,000 төгрөг олгогдохоос ажил олгогчтой эвлэрэн хэлэлцэж 7,000,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан 1 удаа олгох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, С.*******ийн ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ******* ОНӨААТҮГ-ын архивч, хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН