Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01763

 

 

 

 

 

 

 

 

 

С.Блийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Блийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ОНӨААТҮГ-т холбогдох,

 

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Бль

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бль би Зийн гуравдугаар баазад архивч, хүний нөөцийн менежерээр 2014 онд ажилд орон ажиллаж байгаад 2016 оны 12 сард жирэмсний амралтаа авч, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/377 тоот тушаалаар хүүхдээ 2 нас хүртэл хугацаагаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 тоот тушаалаар хүүхдээ 3 нас хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан.

Хөдөлмөрийн хуульд заасан эрхийн хүрээнд 2020 оны 03 сард ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бөгөөд Захиргаа, удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга хүний нөөцийн менежерээр ажиллуулах боломжгүй байгаа учраас жирэмсний амралтаа авсан хүний оронд Сургалтын менежерээр түр ажиллах санал тавьсан.

Уг саналыг би хүлээн зөвшөөрөхгүй үндсэн ажлын байран дээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн ажиллуулах тухай Б/85 тоот тушаал гаргасан байсан. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үндсэн ажлын байран дээр өөр хүн ажилласаар байгаа.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай заалтыг зөрчин нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хохироож байгаа үйлдэл юм.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг З ОНӨААТҮГ-т даалгаж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэдболон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна.

Тухайн үед З ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын ажилчид манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд архивч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд жирэмсний амралттай 1 ажилтан байсан ба Ц.Булгантамир ажилтныг архивч, хүний нөөцийн менежерээр үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан.

Иймээс ажил олгогч С.Блийг ажилдаа орох хүсэлт гаргахад түр сургалтын менежерээр ажиллаж бай удахгүй хугацаагүй гэрээ байгуулна 1 хүний эрх ашиг хөндөгдөөд байна аль алиныг нь хохироохгүйгээр зохицуулна гэж нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй гэсэн тайлбарыг гаргаагүй, сургалтын менежерийн ажлыг түр хийж бай 1 ажилтны ажлын байрыг зохицуулаад хугацаагүй гэрээ байгуулна гэдэг шийдвэрийг хэлсэн болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан З ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 дугаартай С.Блийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Блийг З ОНӨААТҮГ-ын Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч З ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 619 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бльд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Блийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 862 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс цалин хөлсийг бодохдоо Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн ажилтны нэг өдрийн цалин хөлсийг жишиг болгон үндсэн цалин болох 880 000 төгрөгөөр бодсон нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй юм.

Учир нь хавтаст хэргийн 13, 14 дүгээр талд авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас жирэмсний амралт авахаас өмнөх 3 сарын цалингаас дундаж цалин хөлсийг бодвол 810 712 + 1 154 000 + 827 000 = 2 791 712 төгрөг үүнээс ээлжийн амралттай байсан болон өвчтэй байсан хугацааг хасаж тооцоход 51 хоног 2014 оны 9, 10, 11 сард ажилласан. Тэгэхээр нэг хоногийн цалин хөлс 2 791 712 / 51 = 54,740 төгрөг болно.

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажлын 64 хоногт бодвол нийт 54 740 * 64 = 3 503 360 төгрөг болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “З" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна.

Тухайн үед “З” ОНӨААТҮГ-ын Гуравдугаар баазын ажилчид манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд Архивч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд жирэмсний амралттай 1 ажилтан байсан ба Ц.Булгантамирыг архивч, хүний нөөцийн менежерээр үндсэн ажилтнаар шилжүүлсэн байсан. Иймээс ажил олгогч С.Блийг ажилдаа орох хүсэлт гаргахад түр сургалтын менежерээр ажиллаж бай удахгүй хугацаагүй гэрээ байгуулна 1 хүний эрх ашиг хөндөгдөөд байна аль альныг нь хохироохгүйгээр зохицуулна гэж нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан.

Бид нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй гэж хэлээгүй сургалтын менежерийн ажлыг түр хийж бай 1 ажилтны ажпын байрыг зохицуулаад хугацаагүй гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан болно.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Бль нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Бль нь “З” ОНӨААТҮГ-ын автобус гуравдугаар баазын Архивч, Хүний нөөцийн менежрээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажилласан, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

З ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/377 тоот тушаалаар С.Бль хүүхэд асрах чөлөө авсан байх ба Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 тоот тушаалаар мөн оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 дугаар 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөөг сунгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Ажил олгогч нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 тоот тушаалаар 1 жилийн хугацаатай чөлөө олгосон байдлыг хүүхэд асрах чөлөө олгосон гэж дүгнэнэ.

 

Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 тоот тушаалаар С.Блийг мөн оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтэст сургалтын менежерээр түр шилжүүлэн ажиллуулахаар томилжээ. /хх11/

 

Нэхэмжлэгч С.Бль нь хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь ажилтаныг захиргааны чөлөөтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд ажилтны зөвшөөрөлгүйгээр түүнийг өөр ажилд шилжүүлэхгүй юм.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/85 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Блийг тус байгууллагын захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажлын байраар нь хангахыг даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

С.Блийн үндсэн цалинг 880 000 төгрөг гэж жижиг болгон анхан шатны шүүх тодорхойлж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 64 хоногийн олговор 2 619 520 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд 3 503 360 төгрөгийн олговрыг авах байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА