Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01470

 

 

 

 

 

 

 

 

2020 оны06 сарын02 өдөр

181/ШШ2020/01470

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.У /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И.Д /РД: /-д холбогдох,

 

1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У , хариуцагч И.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос И.Д ийг танина. И.Д 100 айлд лангуутай. Би хүнсний мухлаг ажиллуулдаг. Урд нь би түүнд мөнгө зээлдүүлдэг байсан. 2018 оны 10 сарын 07-ны өдөр хадгаламж зээлийн хоршооноос зээл авах гээд дараалал ихтэй, мөнгө зээлдүүлээч гэхээр нь 400,000 төгрөг өгсөн. 3 сарын дараа 01 сарын 07-нд хүүг нь өгье гээд 165,000 төгрөг дансаар өгсөн. Би их л ашигтай ажилладаг юм байна гэж бодсон. 3 хоногийн дараа 2019 оны 01 сарын 11-ны өдөр бараа авах мөнгө дутлаа гээд 500,000 төгрөг нэмж зээлсэн. Сар бүр 135,000 төгрөгийн хүү амласан. Нэг их итгээгүй. Яахав тусалъя гэж бодсон. Адилхан наймаа хийдэг. Би өөрт байсан мөнгөө өгч өөрөө хадгаламж зээлийн хоршооноос сарын 4 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. 01 сарын 04-ний өдөр надад 100,000 төгрөг өгөөд 01 сарын 06-ны өдөр буцаагаад гуйж авсан. 01 сарын 20-ны өдөр надаас 150,000 төгрөг гуйж аваад 01 сарын 21-ний өдөр надад 200,000 төгрөг шилжүүлж өгсөн. 01 сарын 22-ны өдөр дахиад 50,000 төгрөг авсан. Эрээн рүү бараанд явсан гэж ярьж байсан. 2019 оны 02 сарын 04-ний өдөр 14 хоногийн хугацаатай 500,000 төгрөг гуйж зээлж авсан. Гэхдээ 14 хоногийн дараа биш 11 сарын дараа буюу 04 сарын 16-нд 50,000 төгрөг, 04 сарын 18-нд 50,000 төгрөг, 05 сарын 27-нд 100,000 төгрөг, 05 сарын 30-нд 50,000 төгрөг, 06 сарын 22-нд 50,000 төгрөг, 10 сарын 31-нд 50,000 төгрөг, 10 сарын 17-нд 100,000 төгрөг, 12 сарын 01-нд 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг тус тус дансаар шилжүүлж төлж дуусгасан. 11 сард 100,000 төгрөгийн хүү төлж 600,000 төгрөгийн тооцоо дууссан. Тэгэхээр И.Д -ийн эхэлж зээлж авсан 2018 оны оны 10 сарын 07-ны 400,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-нд авсан 500,000 төгрөг, нэмж авсан 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөгдөөгүй 1 жил 5 сар болж байна. Надад эргүүлэн өгөөгүй 1,100,000 төгрөгт би сарын 4 хувийн хүү тооцож байна. И.Д 3 дахин их хүү амласан. Жил хагасын хугацаанд зээл хөөцөлдөж аваад өгнө гэж 7 удаа чулуу хөөлгөсөн. Аргаа бараад 2019 оны 04 сард 1,000,000 төгрөг өг тооцоогоо дуусгая гэж хэлэхэд шүүхдээ өг гэж надад хэлсэн. Аргаа бараад хүүнд нь чамаас бараа авъя гэсэн. Цувуулж авсан барааг жагсаалтдаа бичсэн байсан. Зөвшөөрч байна. И.Д тэр жагсаалтдаа төлж дуусгасан 600,000 төгрөгөө нэмж бичсэн байсан ба төлөөгүй 1,100,000 төгрөгөө бичээгүй байна. 1,100,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тооцоход нийт хүү нь 660,000 төгрөг болно. Энэ хүүний мөнгөнөөс 333,600 төгрөгийн барааны үнийг хасахад 326,400 төгрөг үлдэнэ. Иймд үндсэн зээл 1,100,000 төгрөг, хүү 326,400 төгрөг, нийт 1,426,400 төгрөгийг хариуцагч И.Д ээс гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У -ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.У нь надад нийт 1,100,000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 1 жил 5 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, би 2019 оны 04 сард хүү тооцолгүй өгчих гэж гуйсан, гэвч төлөөгүй, би сарын 4 хувийн хүү тооцож байгаа, иймд нийт үндсэн зээл 1,100,000 төгрөг, хүү 326,400 төгрөг нийт 1,426,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч И.Д миний бие 2016 оноос эхлэн нэхэмжлэгч Ц.У ыг таньдаг болсон. Бид нэг нэгнээ таньдаг, яаралтай мөнгөний хэрэг гарсан тохиолдолд мөнгө зээлж, зээлдүүлдэг харилцаатай хүмүүс байгаа юм. Миний бие И.Д нь нэхэмжлэгч Ц.У аас 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг нийт 1,150,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч Ц.У нь дээрх зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэлийг гаргасанд гомдолтой байна. Учир нь И.Д би Хаан банкны өөрийн эзэмшлийн 5009127126 тоот данснаас, Хаан банкны Ц.У -ын эзэмшлийн 5016020819 тоот данс руу 2018 оны 11 сарын 11- ний өдөр 60,000 төгрөг, 2019 оны 01 сарын 07-ны өдөр 165,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 03 сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 06 сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, нийт 8 удаагийн шилжүүлгээр 875,000 төгрөгийг түүнд өгсөн. Мөн дээрх 8 удаагийн шилжүүлгээр төлсөн 875,000 мянган төгрөг дээр нэмээд надаас Ц.У -ын авсан бараа материалын үнэ болох 333,600 төгрөгийг нэмж тооцоод нийт 1,208,000 төгрөгийг Ц.У ад өгч, авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Ц.У нь ямар ч үндэслэлгүйгээр зээлсэн мөнгөндөө хүү тооцож аль хэдийн төлж дууссан зээлийг 1 жил 5 сарын хугацаанд огт төлөөгүй мэтээр шүүхэд худал мэдүүлж, нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу Ц.У нь надад дээрх мөнгийг зээлдүүлэхдээ бид ямар нэгэн байдлаар хүү тохиролцоогүй, мөн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад нэхэмжлэгч Ц.У нь зээлсэн мөнгөндөө сарын 4 хувийн хүү тооцож, зээлийн хүүнд 326,400 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илтэд үндэслэлгүй байгааг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд хариуцагч И.Д миний зүгээс нэхэмжлэгч Ц.У ад төлөх зээлийн үлдэгдэл төлбөр байхгүй, бүрэн төлсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч И.Д эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 326,400 төгрөг, нийт 1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 1,150,000 төгрөгийг зээлж авсныг буцаан төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохироогүй тул хүү төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ц.У нь И.Д эд 2018 оны 10 сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, үүн дээр нэмж 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан бол И.Д нь Ц.У аас 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг зээлж авсан гэж хариу тайлбартаа дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу И.Д -ийн Хаан банкин дахь дансны хуулга /хх-22-32 тал/-аар түүний 5009127126 тоот дансанд 5016020819 тоот данснаас 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөг шилжиж орсон болох нь тогтоогдож байна.

5016020819 тоот данс нь Ц.У -ын Хаан банкин дахь данс мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хх-11-14 тал/-аар тогтоогдсон.

Иймд Ц.У аас И.Д эд 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж үзнэ.

Дээрх мөнгөн шилжүүлэгтэй холбоотой талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

И.Д нь Ц.У аас 1,150,000 төгрөгийг зээлж авснаас 2018 оны 11 сарын 11-ний өдөр 60,000 төгрөг, 2019 оны 01 сарын 07-ны өдөр 165,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 03 сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 06 сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, нийт 8 удаагийн шилжүүлгээр 875,000 төгрөгийг төлж, 333,600 төгрөгийн бараа өгсөн тул зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарладаг ба хэрэгт нотлох баримтаар авагдсан И.Д -ийн Хаан банкин дахь дансны хуулга /хх-22-32 тал/, Ц.У -ын Хаан банкин дахь дансны хуулга /хх-11-14 тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-33 тал/-аар И.Д ээс Ц.У ад 2018 оны 11 сарын 11-ний өдөр 60,000 төгрөг, 2019 оны 01 сарын 07-ны өдөр 165,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 03 сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 06 сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, нийт 875,000 төгрөгийг шилжүүлсэн байдал тогтоогдож байна.

Мөн И.Д нь Ц.У ад зээлийн төлбөрт тооцон 333,600 төгрөгийн бараа өгсөн гэдэгт нэхэмжлэгч маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч И.Д зээл буцаан төлсөн гэх төлбөрийн дүнд 2019 оны 02 сарын 04-ний өдөр зээлж авсан 500,000 төгрөгийн зээлийн төлөлтийг оруулан тооцсон байх тул зээл бүрэн төлөгдөөгүй гэж маргаж байх боловч хариуцагч И.Д нь уг 500,000 төгрөгийн зээлийг буцаан төлөхдөө бэлнээр төлж барагдуулсан бөгөөд тухай бүрт нь гараар баримт үйлдэж байсан, тэр баримт нь Ц.У ад байгаа гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан гараар бичсэн баримт /хх-9 тал/-д 4/16 Дэжид 50,000 өгөв, 4/18 Дэжид 50,000 өгөв, 5/27 Дэжид 100,000 өгөв, 5/30 Дэжид 50,000 өгөв гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байх бөгөөд уг баримт нь нэхэмжлэгч Ц.У -ын зүгээс шүүхэд гаргасан баримт бөгөөд баримт дахь огноо нь банкны дансаар төлсөн зээлийн төлбөрийн огноотой давхцахгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс алт нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж заасан, хариуцагч И.Д нь 2018 оны 11 сарын 11-ний өдөр төлсөн 60,000 төгрөг, 2019 оны 01 сарын 07-ны өдөр төлсөн 165,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр төлсөн 200,000 төгрөг, 2019 оны 03 сарын 03-ны өдөр төлсөн 100,000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр төлсөн 150,000 төгрөг, 2019 оны 06 сарын 22-ны өдөр төлсөн 50,000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр төлсөн 100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр төлсөн 50,000 төгрөг, нийт 875,000 төгрөгийн төлбөр болон 333,600 төгрөгийн барааны үнийг Ц.У аас 2018 оны 10 сарын 18-ны өдөр зээлж авсан 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр зээлж авсан 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр зээлж авсан 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр зээлж авсан 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр зээлж авсан 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн гэсэн тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгч Ц.У -ын гаргасан хариуцагч И.Д зээл буцаан төлсөн гэх төлбөрийн дүнд 2019 оны 02 сарын 04-ний өдөр зээлж авсан 500,000 төгрөгийн зээлийн төлөлтийг оруулан тооцсон гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч И.Д ийг нэхэмжлэгч Ц.У аас зээлж авсан үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 326,400 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хариуцагчаас авсан 333,600 төгрөгийн барааны үнийг мөн зээлийн хүүгийн төлбөрт тооцсон гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

Ц.У аас И.Д эд 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг зээлдүүлэх үед талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх бөгөөд 2019 оны 02 сарын 04-ний өдөр талуудын хооронд Зээлийн гэрээ нэртэй баримт /хх-10 тал/ үйлдэгдэж, уг баримтад И.Д миний бие Ц.У эгчээс 2018 оны 10 сарын 07-нд 400,000 зээлж авсан. Мөн сар бүр уг мөнгөний хүү хийхээр тохирсон. Дараа нь 2019-01-11-нд 500,000 төг нэмж авсан. 2019 оны 02 сарын 11-нд хүүгийн тооцоо хийнэ. Нийт 900,000 төгрөг зээлсэн. Нийт зээлийн хүү сард 135,000 төгрөг төлнө. Одоо нэмж 190,000 авсан. Үүнийг 2019 оны 02 төлнө. Дүн:1,100,000. 2019-02-04-нд 500,000-ийг 14 хоногийн хугацаатай зээл авсан. 2019-02-19-нд 600,000 буцааж өгөхөөр зээлэв гэж бичигдсэн байна.

Дээрх баримтад дурдагдсан 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 500,000 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр хариуцагчаас шаардаагүй тул шүүх уг зээлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд 2018 оны 10 сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг зээлдүүлэх үед талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хожим буюу 2019 оны 02 сарын 04-ний өдөр талууд баримт үйлдэхдээ өмнө зээлсэн 900,000 төгрөгт сард 135,000 төгрөгийн зээлийн хүү буюу сард 15 хувийн хүү төлөх тохиролцоо хийснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан шаардлага хангасан тохиролцоо гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас төлсөн үндсэн төлбөрөөс 333,600 төгрөгийн барааны үнийг зээлийн хүүгийн төлбөрт хасаж тооцон, үлдэгдэл зээлийн хүүгийн төлбөрт 326,400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.У -ын хариуцагч И.Д эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 326,400 төгрөг, нийт 1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.У -ын хариуцагч И.Д эд холбогдуулан гаргасан 1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 05 сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.У аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,600 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР