Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1498

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01470 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.У-ын хариуцагч И.Д-эд холбогдуулан гаргасан 1 426 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У-, хариуцагч И.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оноос И.Д-ийг танина, 100 айлд лангуутай. Би хүнсний мухлаг ажиллуулдаг. Урд нь би түүнд мөнгө зээлдүүлдэг байсан. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хадгаламж зээлийн хоршооноос зээл авах гээд дараалал ихтэй, мөнгө зээлдүүлээч гэхээр нь 400 000 төгрөг өгсөн. 3 сарын дараа 01 дүгээр сарын 07-ны өдөр хүүг нь өгье гээд 165 000 төгрөг дансаар өгсөн. Би их л ашигтай ажилладаг юм байна гэж бодсон. 3 хоногийн дараа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бараа авах мөнгө дутлаа гээд 500 000 төгрөг нэмж зээлсэн. Сар бүр 135 000 төгрөгийн хүү амласан. Би өөрт байсан мөнгөө өгч өөрөө хадгаламж зээлийн хоршооноос сарын 4 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. 01 дүгээр сарын 04-ний өдөр надад 100 000 төгрөг өгөөд 01 дүгээр сарын 06-ны өдөр буцаагаад гуйж авсан. 01 дүгээр сарын 20-ны өдөр надаас 150 000 төгрөг гуйж аваад 01 дүгээр сарын 21-ний өдөр надад 200 000 төгрөг шилжүүлж өгсөн. 01 дүгээр сарын 22-ны өдөр дахиад 50 000 төгрөг авсан. Эрээн рүү бараанд явсан гэж ярьж байсан. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14 хоногийн хугацаатай 500 000 төгрөг зээлж авсан. 14 хоногийн дараа биш 11 сарын дараа буюу 4 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 50 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, 10 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг тус тус дансаар шилжүүлж төлж дуусгасан. 11 дүгээр сард 100 000 төгрөгийн хүү төлж 600 000 төгрөгийн тооцоо дууссан. Тэгэхээр И.Дэмжидийн эхэлж зээлж авсан 2018 оны 10 дугаар сарын 07-ны 400 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан 500 000 төгрөг, нэмж авсан 190 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөг төлөгдөөгүй 1 жил 5 сар болж байна. Надад эргүүлэн өгөөгүй 1 100 000 төгрөгт би сарын 4 хувийн хүү тооцож байна. И.Д- 3 дахин их хүү амласан. Жил хагасын хугацаанд зээл хөөцөлдөж аваад өгнө гэж 7 удаа чулуу хөөлгөсөн. Аргаа бараад 2019 оны 4 сард 1 000 000 төгрөг өг тооцоогоо дуусгая гэж хэлэхэд шүүхдээ өг гэж надад хэлсэн. Хүүнд нь чамаас бараа авъя гэсэн. Цувуулж авсан барааг жагсаалтдаа бичсэн байсан. И.Д- тэр жагсаалтдаа төлж дуусгасан 600 000 төгрөгөө нэмж бичсэн байсан ба төлөөгүй 1 100 000 төгрөгөө бичээгүй байна. 1 100 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тооцоход нийт хүү нь 660 000 төгрөг болно. Энэ хүүний мөнгөнөөс 333 600 төгрөгийн барааны үнийг хасахад 326 400 төгрөг үлдэнэ. Иймд үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү 326 400 төгрөг, нийт 1 426 400 төгрөгийг хариуцагч И.Д-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.У-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.У- нь надад нийт 1 100 000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 1 жил 5 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, би 2019 оны 4 дүгээр сард хүү тооцолгүй өгчих гэж гуйсан, гэвч төлөөгүй, би сарын 4 хувийн хүү тооцож байгаа, иймд нийт үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү 326 400 төгрөг нийт 1 426 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч И.Д- миний бие 2016 оноос эхлэн нэхэмжлэгч Ц.У-ыг таньдаг болсон. Бид нэг нэгнээ таньдаг, яаралтай мөнгөний хэрэг гарсан тохиолдолд мөнгө зээлж, зээлдүүлдэг харилцаатай хүмүүс байгаа. Миний бие И.Дэмжид нь нэхэмжлэгч Ц.У-аас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг нийт 1 150 000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч Ц.У- нь дээрх зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэлийг гаргасанд гомдолтой байна. Учир нь И.Д- би Хаан банкны өөрийн эзэмшлийн 5009127126 тоот данснаас, Хаан банкны Ц.У-ын эзэмшлийн 5016020819 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 165 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, нийт 8 удаагийн шилжүүлгээр 875 000 төгрөгийг түүнд өгсөн. Мөн дээрх 8 удаагийн шилжүүлгээр төлсөн 875 000 төгрөг дээр нэмээд надаас Ц.У-ын авсан бараа материалын үнэ болох 333 600 төгрөгийг нэмж тооцоод нийт 1 208 000 төгрөгийг Ц.У-ад өгч, авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Ц.У- нь ямар ч үндэслэлгүйгээр зээлсэн мөнгөндөө хүү тооцож аль хэдийн төлж дууссан зээлийг 1 жил 5 сарын хугацаанд огт төлөөгүй мэтээр шүүхэд худал мэдүүлж, нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу Ц.У- нь надад дээрх мөнгийг зээлдүүлэхдээ бид ямар нэгэн байдлаар хүү тохиролцоогүй, мөн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад нэхэмжлэгч Ц.У- нь зээлсэн мөнгөндөө сарын 4 хувийн хүү тооцож, зээлийн хүүнд 326,400 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илтэд үндэслэлгүй байгааг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд хариуцагч И.Д- миний зүгээс нэхэмжлэгч Ц.У-ад төлөх зээлийн үлдэгдэл төлбөр байхгүй, бүрэн төлсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.У-ын хариуцагч И.Д-эд холбогдуулан гаргасан 1 426 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.У-аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 600 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.У- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч И.Д- нь 1 жил 5 сарын хугацаанд 5-7 удаа мөнгө гуйж зээлж авсан. Нэхэмжлэлд хавсаргасан хуулбар баримтын материалд бичсэн 883 400 төгрөг бол бидний эцсийн нийлсэн тооцоо юм. 1 жил 5 сарын хугацаанд авсан             1 600 000 төгрөгөөс дээрх мөнгийг би авч, үлдэгдэл 716 400 төгрөгийг нэхэмжилсэн. Хаан банкны дансны хуулгаар 01 дүгээр сарын 04-ний өдөр 100 000 төгрөг, 01 дүгээр сарын 06-ны өдөр буцааж гуйж авсан. 01 дүгээр сарын 20-ны өдөр 150 000 төгрөг зээлээд надаас 02 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөг буцаан өгсөн. Энэ 200 000 төгрөгөө дахин 2 дахь удаагаа төлбөр төлсөн болгож бичиж байгаа юм. И.Д- нь эсрэгээр худал ярьж, залилахыг оролдож байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ц.У- нь хариуцагч И.Д-эд холбогдуулан 1 426 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч И.Д- нь нэхэмжлэгчээс нийт 1 150 000 төгрөгийг зээлж авсныг буцаан төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохироогүй тул хүү нэхэмжилснийг төлөхгүй гэж маргажээ.

 

Зээлдэгч И.Д-ийн Хаан банкны 5009127126 тоот данснаас зээлдүүлэгч Ц.У-ын 5016020819 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 165 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, нийт 875 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь Хаан банк дахь түүний эзэмшлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх22-32/

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 333 600 төгрөгийн барааг зээлд тооцон авснаа нэхэмжлэгч Ц.У- зөвшөөрсөн байх бөгөөд нийт 1 208 600 төгрөгийн зээлийг И.Д- буцаан төлжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.У- нь 2019 оны 1 дугээр сарын 6-ны өдрийн 100 000, 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 500 000, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 150 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 000, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдрийн 300 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийн зээлийг дансаар олгосон баримт хэрэгт авагдсан, мөн И.Д- нь дээрхээс гадна 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400 000 төгрөг, нэмж 190 000 төгрөг зээлж авсан талаар өөр зөвшөөрч бичсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-10/

 

Ц.У-аас И.Д- нь нийт 1690 000 төгрөгийг зээлж, 1208 600 төгрөгийг буцаан төлсөн нь нотлогдсон, 481 400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг үүссэн, харин гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул 326 400 төгрөгийг зээлийн хүү гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 481 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01470 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Д-ээс 481 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.У-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 945 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 36 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,”  гэсний дараа “ хариуцагч И.Д-ээс 15 092 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.У-ад олгож,” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 734 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ