Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00188

 

                                     ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01470 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1498 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 1,426,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдуулан гаргасан 1,426,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1498 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01470 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 481,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 945,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “... 36,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж”, гэсний дараа “хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 15,092 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад олгож”, гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.05-ны өдрийн 1498 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 2018.10.07-ны өдөр 400,000 төгрөг, 2019.01.11-нд авсан 500,000 төгрөг, нэмж авсан 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 1,100,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тооцоход хүү нь 660,000 төгрөг болно. Энэ хүүний мөнгөнөөс 333,600 төгрөгийн бараа авч хасахад 326,400 төгрөг үлдэнэ, үндсэн зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, хүү 326,400 төгрөг буюу нийт 1,426,400 төгрөгийг гаргуулах”-аар шаардсан юм. Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 2018.10.18-ны өдөр 100,000 төгрөг, 2018.10.31-ний өдөр 300,000 төгрөг, 2019.01.06-ны өдөр 100,000 төгрөг, 2019.01.11-ний өдөр 500,000 төгрөг, 2019.01.20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг зээлсэн. Дээрх төлбөрөөс 2018.11.11-ний өдөр 60,000 төгрөг, 2019.01.07-ны өдөр 165,000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 200,000 төгрөг, 2019.03.03-ны өдөр 100,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 150,000 төгрөг, 2019.06.22-ны өдөр 50,000 төгрөг, 2019.10.17-ны өдөр 100,000 төгрөг, 2019.10.31-ний өдөр 50,000 төгрөг, нийт 875,000 төгрөгийг төлсөн. Мөн нэмж бараагаар 333,600 төгрөгийг төлж, нийт 1,208,600 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь үндсэн зээлийн төлбөр болох 1,150,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан баримтын үндсэн дээр үнэн зөв шийдвэрлэсэн.

4.2. Гэтэл нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэлд дурдаагүй үйл баримтаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “үндсэн зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, хүү 326,400 төгрөг буюу нийт 1,426,400 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн атлаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөр үндэслэл, шаардлага зааж “...,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 1 жил, 5 сарын хугацаанд 5-7 удаа мөнгө гуйж зээлж авсан. Нэхэмжлэлд хавсаргасан хуулбар баримтын материалд бичсэн 883,400 төгрөг бол бидний эцсийн нийлсэн тооцоо юм. 1 жил, 5 сарын хугацаанд авсан 1,600,000 төгрөгөөс дээрх мөнгийг авч, үлдэх 716,400 төгрөгийг нэхэмжилсэн ...” гэж давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан. Мөн шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэрэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдсөн бол хариуцагч мөн тухайн өөрчлөгдсөн үндэслэл, шаардлагад хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах зэргээр мэтгэлцэх боломжоор хангагдах ёстой байтал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс огт өөрөөр шаардлагаа томьёолж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авсан нь талуудын эрх тэгш, мэтгэлцэх зарчмыг хөндсөн шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”,  мөн зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан.

4.3. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийг гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хүү шаардах эрхгүй тул хүүд тооцон авсан 333,600 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцон нийт 1,208,600 төгрөг төлсөн, энэ талаар шүүх дүгнэлт хийсэн хэдий ч давж заалдах шатны шүүх шаардлагад байхгүй 500,000 төгрөгийг оруулан тооцож байгаа бол миний бие өмнө нь хүүд тооцон төлсөн төлбөрөө мөн уг зээлийн төлбөрт тооцуулахаар маргах эрхтэй юм. Нэгэнт нэхэмжлэгч 2018.10.07-ны өдрийн 400,000 төгрөг, 2019.01.11-нд авсан 500,000 төгрөг, нэмж авсан 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг хүү 326,400 төгрөгийн хамт буюу нийт 1,426,400 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв тул нэхэмжлэлд дурдаагүй үндэслэл, шаардлага зааж гаргасан гомдлыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний төлбөрт 481,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 1,426,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 481,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн харилцаа үүссэн, гэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн. Харин хэрэгт авагдсан баримтыг зөрүүтэй дүгнэснээс шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл өөр болжээ.

9. Тодруулбал, анхан шатны шүүх “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 1,150,000 төгрөгийг зээлж авсан, үүнээс нийт 8 удаагийн шилжүүлгээр 875,000 төгрөгийг төлж, 333,600 төгрөгийн бараа өгсөн тул зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарладаг ба энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, 2019.02.04-ний өдрийн 500,000 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр хариуцагчаас шаардаагүй тул шүүх уг зээлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд 2018.10.18-ны өдөр 100,000 төгрөг, 2018.10.31-ний өдөр 300,000 төгрөг, 2019.01.06-ны өдөр 100,000 төгрөг, 2019.01.11-ний өдөр 500,000 төгрөг, 2019.01.20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг зээлдүүлэх үед талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хожим буюу 2019.02.04-ний өдөр талууд баримт үйлдэхдээ өмнө зээлсэн 900,000 төгрөгт сард 135,000 төгрөгийн зээлийн хүү буюу сард 15 хувийн хүү төлөх тохиролцоо хийснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан шаардлага хангасан тохиролцоо гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

10. Харин давж заалдах шатны шүүх “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрхээс (анхан шатны шүүхийн дүгнэснээс) гадна 2018.10.07-ны өдөр 400,000 төгрөг, нэмж 190,000 төгрөг зээлж авсан талаар өөрөө зөвшөөрч бичсэн бичгийн баримт хэрэгт авагдсан, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нийт 1,690,000 төгрөгийг зээлж, 1,208,600 төгрөгийг буцаан төлсөн нь нотлогдсон, 481,400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 481,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэсэн нь үндэслэл бүхий байна.

11. Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... 2016 оноос ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг танина, би түүнд мөнгө зээлдүүлдэг байсан, зарим зээлийн тооцоо дууссан. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн эхэлж зээлж авсан 2018.10.07-ны өдрийн 400,000 төгрөг, 2019.01.11-ний өдөр авсан 500,000 төгрөг, нэмж авсан 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөгдөөгүй, 1 жил, 5 сар болсон, үүнд сарын 4 хувийн хүү тооцоход нийт хүү нь 660,000 төгрөг болно. Энэ хүүний мөнгөнөөс 333,600 төгрөгийн барааны үнийг хасахад 326,400 төгрөг үлдэнэ. Иймд үндсэн зээл 1,100,000 төгрөг, хүү 326,400 төгрөг, нийт 1,426,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэсэн, гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2018.10.07-нд хариуцагчид өгсөн гэх 400,000 төгрөг, мөн сүүлд өгсөн 190,000 төгрөгийн талаар огт дүгнэлт өгөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, дээрх мөнгийг хүлээн авснаа баталгаажуулсан хариуцагчийн өөрийнх нь үйлдсэн бичгийн баримтыг үнэлж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэжээ.  

12. Иймд, “давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, анхан шатны шүүхийн дүгнээгүй, талуудын мэтгэлцээгүй, давж заалдах гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан “...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх” эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1498 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 15,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА 

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ