Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2018/01249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Төв аймаг, ............., Мандал 1 дүгээр баг, Эмнэлгийн байранд оршин суух, эмэгтэй, 42 настай, .....................................-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ............., Мандал 1 дүгээр баг...................... холбогдох,

Төв аймаг, .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, гэрч Г.Мөнхзул, Д.Энхтуяа, Б.Сарантуяа, Б.Баасан, Г.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............ын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тоот захирамжаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар намайг 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ажил таслаж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 9 дүгээр сарын 7-ний өдрөөр тасалбар болгон .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан. Тухайн 2016 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил болоогүй. Миний бие тухайн өдруудөд өвчтэй байсан. Өвчин зовлон хүнд хэлж ирэхгүй. Миний цөс өвдөөд хотод Эхо-д харуулах гэж явсан. Би .............ын эмч Мөнхзулд үзүүлж 2 хоногийн акт авсан байсан. Намайг энэ өдрүүдэд ажлаагүйгээс болж .............ын Эрүүл мэндийн төвд ноцтой үр дагавар тухайлбал хүний амь нас эрсдсэн, хүнд хор уршиг учирсан зүйл огт болоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явдагаараа явагдсан. Мөн тушаалд намайг халах гол үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, Төв аймгийн .............ын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан заалтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний энэ заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3-н өдөртай тэнцэж байвал гэж бичсэн байна. Гэтэл энэ заалт надад хамаарахгүй гэж үзэж байна. Мөн миний цалин даараас хоёр хоногийн мөнгийг суутгаж авч тооцсоноор мөн дээрх заалт үгүйсгэгдэж байна. Би урьд нь шүүхээр заргалдаж ажилдаа эгүүлэн орсон болохоор сумын Тамгын газрын дарга Отгонжаргал, манай эмнэлгийн зарим надад дургүй хүмүүсийн хов живээр засаг дарга ажлаа явуулдагт гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнд оборт хийсэн мөнгөө өөрөө хувьдаа авдаг байсан миний халсан эмч Нандинцэцэг нь сумын ИТХ-ийн тэргүүлэгч гишүүн, намайг халахаас хэд хоногийн өмнө засаг дарга намайг тэр хүнийг эргүүлж ажилдав гэж зөндөө шаардсан. Би шүүхийн эцсийн шийдвэр гарсаны дараа авна гээд аваагүй. Нандинцэцэгтэй холбоотой анхан шатны шүүх хурал нэг ч удаа урьд нь хийгээгүй байж мөн хариуцагчид хурлын зарыг албан ёсоор мэдэгдээгүй байж талуудыг мэтгэлзүүлж нотлох баримт гэрч оролцуулахгүй шийдвэр гаргасан үндэслэлээр би давж заалдасан. Гэтэл засаг дараг давж заалдах шатны хурлаас өмнө намайг халж өөр эмч томилж мөн Нандинцэцэгийн шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй байхад ажилд нь авсан юм. Мөн миний цагийг байнга хяналт тавьж бүртгэдэг. Шуурхайд байнга суу гэдэг. Миний үндсэн чиг үүрэг хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах болохоос биш Засаг даргын шуурхайд суух биш юм. Гэтэл шуурхайд суух нь чиний үндсэн ажил гэж байнга загнадаг. Төв аймгийн .............ын харъяа Асрамжийн газарт 2018 оны 8 дугаар сард гэдэсний халдварт суулгалт өвчин гарч 30-40 хүн өвчилсөн. Энэ арга хэмжээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам гэсэн 4-н байгууллагын зааварчилгаар 8 дугаар сарын 21-нээс эхлэн аймгийн эрүүл мэндийн даргын заавар чиг үүргийн дагуу би 7 хоног баг бүрэлдэхүүнд орж тэнд ажилласан. Гэтэл засаг дарга Д.Ганболд надруу мессеж бичиж эндээ ажилла. Тэнд улсаас цалин авч байгаа эмч нар байгаа ажлаа хийсэнгүй гэж бичсэн. Би энд хүнд өвчтэй хүн байна явж болохгүй байна гэж бичихэд чи тэр чигээрээ зайлаарай гэсэн хариу надад бичсэн. Энэ байдлаар намайг аймгийн Засаг дарга болон бусад хүнд ажлаа хийдэггүй гэж хэлж ойлгуулсан байсан. Би мөн аймгийн Эрүүл мэндийн даргын заавар чиг үүргээр ажиллах ёстой хүн. Мөн сумандаа дуудлагад байнга явдаг. Намайг эхо-д цөсөө үзүүлээд явж байхад манай эмнэлгийн ажилтан гэрээ архи уугаад байж байгаа гэж захиргаанд очиж хэлсэн байдаг. Энэ мэдээллийн дагуу Засаг дарга баг бүрэлдэхүүн гаргаж тэр өдөр сумын орлогч дарга Булган, ИТХ-ийн дарга Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын ажилтан Хулан, хууль эрх зүйн ажилтан Отгонжаргал нар сумын 2 цагдааг дагуулан манай гэрт нэгжлэг хийх зорилгоор намайг ажлаас халах баримт бүрдүүлэхээр очиж сумын цагдааг миний амьдардаг цонхоор оруулж бусад хүмүүс нь гадаа манай байшинг бүслэж байсан байдаг. Манай эмнэлэг камертай учир энэ талаар надад бичлэг бий. Цагдаа манай гэрт цонхоор орж хаалга онгойлгоход би гэртээ байхгүй байсан. Энэ мэт намайг байнга тагнаж миний араас байнга хяналт тавьдаг юм. Би ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2018 оны 8 дугаар сарын байдлаар манай эмнэлгийн ажлын үзүүлэлт сайн явж ирсэн. Манай эмнэлэг эх хүүхдийн дэд хөтөлбөрт 80-90 хувь, Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээнд 86 хувь, элэгний В, С элэг бүрэн Монгол эрт илрүүлэлтэнд сум ард иргэдийг сайн хамруулсан үзүүлэлт гарсан. Би ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н..............г 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн .............ын Засаг даргын А/646 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжаар ажлаасаа халагдсан байгаа. Дээрх Засаг даргын захирамжийг хууль бус захирамж гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Н..............г удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжэээ авч байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/21, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Б/17 тоот шийдвэрээр сануулах болон цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байдаг. Зөвхөн нэг сарын дотор ижил зөрчлөөр 2 удаа шийтгэл ногдуулсан нь хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг гэж харж байна. Бидний өнөөдөр маргаж байгаа байгаа зүйл нь тушаал юм. Тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г үндэслэн ажлаас нь халсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 б-д заасан ажилтан 3 хүртэл хоног ажлаа тасалсан бол ажлаас хална гэх үндэслэлийг баримтлан халсан боловч тушаалдаа энэ талаар огт тусаагүй. Зөвхөн 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдөр ажлаа тасалсан гэж үзсэн байдаг. Тушаал дээрээ 2 хоног бичсэн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 Б заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт нь Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ноцтой зөрчил гэж юу хэлэх талаар гаргасан тайлбартай нийцэхгүй байгаа. Үүнд 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гарган сахилгын шийтгэл гаргасан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, байгууллагын нэр хүндийг унагаасан ажилтан ажилдаа ирээгүйгээс болоод бусдын эрх ашиг ноцтой зөрчигдсөн зэрэг байдлыг харгалзан үздэг байтал тэгээгүй. Энэ хүн ажилдаа очоогүйгээс болоод хэн нэгэн этгээд нас бараагүй, байгууллагын үйл ажилгаа саатаагүй. Хариуцагч талаас дээрх ноцтой зөрчил гэх зүйлээ нотолж чадахгүй мөртлөө зүгээр л 2 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр л халчихсан. Миний үйлчлүүлэгч надад хэлэхдээ тухайн ажил тасалсан гэх 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өвчтэй байсан гэдэг. Байгууллагын эмч Мөнхзулд үзүүлж тамга тэмдэг бүхий эмчийн магадлагаа авсан байдаг. Энэ хүн өнөөдөр гэрчээр ирсэн байгаа тул энэ талаар ярих байх. Тэр өдөр өөрийнх нь тайлбар дээр Солонгос гаргаж өгсөн гэх зүйл хэлээгүй. Цөс өвдөөд хотруу ирж эход харуулсан гэж хэлдэг. Өнөөдрийн хуралдааныг тушаалтайгаа холбож ярьмаар байна. Тэгэхгүй хаа хамаагүй зүйл авчирж наагаад хольж хутгаад баймаагүй байна. Би энэ хүнийг олон удаа өмгөөлж байна. Гэтэл энэ хүнийг ажлаас халахын тулд байнга харуулдан дагаж явдаг. Нэг удаа бүр цагдаагаас хүртэл гэрийг нь шалгасан байдаг. Тухайн орон нутагт ажиллах их хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл өөрөө Увс аймгийн хүн юм байна лээ. Тийм учраас байнга гадуурхан хавчиж, халах өө, сэв хайж, мөрдөн мөшигдөг. Шүүхийн шийдвэрээр авна буцаагаад л халдаг. Тушаал нь гэрээгээ үгүйсгэж байна. Мөн нэхэмжлэгч нь байнга илүү цагаар ажииладаг, ажил үүргийн хувьд хүнд хувиартай байдаг. Гаргасан тушаал нь Хөдөлмөрийн хууль болон Иргэний хуулийг үндэслээгүй. Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 өдөр ажлаа тасалсан. Тухайн үед буюу 8 дугаар сард тус эмнэлэгт эх барих их эмч байгаагүй тул ажлыг ............. эмчид шилжүүлсэн. Тухайн үед жирэмсэн эх эмчгүйгээр төрсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад ажлаа таслаад байна, архи согтууруулах ундаа уусан байна гэсэн гомдлыг шалгахад тогтоогдсон байдаг. 1 зөрчилд 2 арга хэмжээ авсан байна гэж хэлж байна. Эхний зөрчил нь илэрснээс хойш сарын дараа дараагийн зөрчлийн арга хэмжээг авсан. Эхнийх нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу шалгасан дараагийнх нь ёс зүйн хорооноос ирсэн тушаалаар авсан арга хэмжээ байгаа. Актны тухайд гэвэл ............. нь Мөнгөнзул эмчийг ажлын байранд нь дарамталж байгаад акт бичүүлсэн байгаа. Энэ талаараа гэрч хэлэх байх гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.............. нь Төв аймгийн .............ын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тушаалаар ажлаас халагдсан байдаг. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон Монгол улсын Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 үндэслэсэн байгаа. Энэ нь сахилгын зөрчил давтан гаргасан мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан. Ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан болохоос зөрчил давтан гаргасан гэдэгт огт хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гэж юу юм бэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө мөн ярьж байна. Хөдөлмөрийн харилцаа нь өөрөө онцлогтой харилцаа тул заавал ажил олгогчийн нэр хүндийг гутаасан байхыг шаардахгүй. Тэр дундаа эрүүл мэндийн салбар тул нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг заавал хүн нас барсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн гэрээний 11.2.3 бг үндэслэсэн. Үүнд мөн 2 хувилбар байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан эсвэл хуанлын нэг сарын хугацаанд ажил тасалсан цаг нь 3 өдрөөс дээш цагаар байвал ноцтой зөрчил болно гэж заасан байгаа. Үүнийг зөвшөөрөөд ............. болон Ганболд нар гарын үсэг зурсан байгаа. Мөн мэдээж ............. нь тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн гэхэд маш ёс зүйгүй, ажлаа зохион байгуулах чадвар тааруу, эмнэлэгийн байгууллагад үйлчлүүлэгч очих гэхээр өөрөө ажлын байран дээрээ байдаггүй гэдэг нь харагддаг. Манай зүгээс тухайн ажил тасалсан гэх өдөр нэхэмжлэгч ............. нь согтуу байсан гэдгийг хангалттай нотолно. Хөдөлмөрйн хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолыг өөртөө тааруулж ярьмааргүй байна. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-г үндэслэж гаргасан. Дээд шүүхийн тайлбар бол зөвхөн хувийн хэвшилд л хамааралтай. Мөн гаргасан зөрчил түүнд авсан сахилгын хариуцлага болгоныг тушаал дээрээ дурдах гэвэл 3-4 хуудас зүйл гарна. Тэгэхээр дээрх этгээд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль тогтоомжийг зөрчсөн үү, зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа зөрчсөн үү зөрчсөн. Аль аль шаардлагыг нь хангасан учраас ажлаас халагдах тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн үүн дээр энэ хүн өөрөө ёс зүйн догогдолтой хүн юм байна лээ. Өөрөө хөдөлмөрийн харилцааг мэддэггүй учраас 2 хүнийг ажлаас нь халсан төдийгүй үүний өмнө Баянхангай сумыг самарчаад ирсэн юм байна лээ. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаад өгсөн байгаа. .............ын иргэд энэ хүнийг дээрэлхээд, гадуурхаад байгаа зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.............. хариуцагч Төв аймаг, .............ын Засаг даргад холбогдуулж Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу Н.............. нь хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Дээрх нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэйг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч Н.............. Төв аймаг .............ын засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/364 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд мөн засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 дугаар захирамжаар үүрэгт ажлаас халагдсан байна.

 

Дээрх үйл баримтын талаар Төв аймгийн .............ын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 дугаар захирамж, хөдөлмөрийн гэрээ, Н..............гийн 0987537 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн баримт авагдсан байх ба тухайн баримтуудаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. /хх 4-7, 9/

 

Төв аймгийн .............ын Засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн Н..............г 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдөр ажил тасалсан зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний 11.2.3.б-д заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэгч Н..............г Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаас дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г үндэслэн ажлаас нь халсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 б-д заасан ажилтан 3 хүртэл хоног ажлаа тасалсан бол ажлаас хална гэх үндэслэлийг баримтлан халсан боловч тушаалдаа энэ талаар огт тусаагүй. Зөвхөн 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдөр ажлаа тасалсан гэж үзсэн. Тушаал дээрээ 2 хоног бичсэн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 б заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт нь Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ноцтой зөрчил гэж юу хэлэх талаар гаргасан тайлбартай нийцэхгүй байна гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-г үндэслэж гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль тогтоомжийг зөрчсөн үү, зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа зөрчсөн үү зөрчсөн. Аль аль шаардлагыг нь хангасан учраас ажлаас халагдах тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж маргаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу үнэлсэн болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг нэхэмжлэгч Н.............. гаргасан болох нь Н..............гийн цагийн бүртгэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эмч А.Мөнхзулын үзлэгийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

гэрч А.Мөнхзулын шүүх хуралдаанд мэдүүлсэн Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвд дотрын эх эмчээр ажилладаг. 1 жил ажиллаж байна. ............. эмч нь 2018 оны 8 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд байгаагүй нь үнэн. 2018 оны 8 дугаар сарын 9-ний өглөө надад акт бич гэж хэлсэн. Тэгэх үедээ согтуу ярьсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны орой буюу тушаал гарсны дараа 1 дэх өдрийн өглөө надаар акт бичүүлсэн. Акт бичихгүй бол ажлаас хална гэж дарамталсан гэх,

гэрч Д.Энхтуяагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвд нярав болон вакцинатраар 34 жил ажиллаж байна. Би нярав гэдэг утгаараа цагийг бүртгэдэг. 2018 оны 8 дугаар сарын 1, 2, 3, 8, 9-ний өдрүүдэд ирээгүй. Ямар шалтгаантай талаар би мэдээгүй гэх,

гэрч Б.Сарантуяагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн 8 дугаар сарын 1, 2, 3-нд байгаагүй. Яагаад гэвэл тэр өдөр ............. эмчийг хүмүүс сураглаад яваад байсан. 8, 9-нд мөн ажилдаа байгаагүй. Хүмүүс тамга даруулах гэсэн юм дарга чинь хаана байгаа юм бэ гээд асуугаад байсан гэх мэдүүлгүүд зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл: Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Н.............. нь 2018 оны 8 дугаар сарын 1, 2, 3, 8, 9-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажил тасалсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.............. 2018 оны 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд өвчтэй гэх .............ын Эрүүл мэндийн төв эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хот руу цөсөө үзүүлэхээр явсан гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ажил олгогчийн санаачилгаар Н..............гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь ажил тасалсан зөрчил гаргасантай холбоотой байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхийг заасан ба хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болохоор заасан байна.

Ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б.-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гэж тусгасан байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал захирамж/ гаргах нь ажил олгогчийн үүрэг юм.

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бүрэн эрхтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н.............. нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдож байхад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон захирамжид 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ажил тасалж гэх бичвэрээр уг захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н..............гийн Төв аймгийн .............ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.............. нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н..............гийн хариуцагч Төв аймгийн .............ын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.............. улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ