Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2019/0004

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2019/0004

 

 

Н.Н-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01249 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв, БС сум, ЗД холбогдох,

“Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н , түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Батсүмбэр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тоот захирамжаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар намайг 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ажил тасалж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 9 дүгээр сарын 7-ний өдрөөр тасалбар болгон Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан. Тухайн 2016 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил болоогүй. Миний бие тухайн өдруудөд өвчтэй байсан. Өвчин зовлон хүнд хэлж ирэхгүй. Миний цөс өвдөөд хотод Эхо-д харуулах гэж явсан. Би Батсүмбэр сумын эмч Мөнхзулд үзүүлж 2 хоногийн акт авсан байсан. Намайг энэ өдрүүдэд ажлаагүйгээс болж Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд ноцтой үр дагавар тухайлбал хүний амь нас эрсдсэн, хүнд хор уршиг учирсан зүйл огт болоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явдгаараа явагдсан. Мөн тушаалд намайг халах гол үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан заалтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний энэ заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3-н өдөртэй тэнцэж байвал гэж бичсэн байна. Гэтэл энэ заалт надад хамаарахгүй гэж үзэж байна. Мөн миний цалин дээрээс хоёр хоногийн мөнгийг суутгаж авч тооцсоноор мөн дээрх заалт үгүйсгэгдэж байна. Би урьд нь шүүхээр заргалдаж ажилдаа эгүүлэн орсон болохоор сумын Тамгын газрын дарга Отгонжаргал, манай эмнэлгийн зарим надад дургүй хүмүүсийн хов живээр засаг дарга ажлаа явуулдагт гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнд оборт хийсэн мөнгөө өөрөө хувьдаа авдаг байсан миний халсан эмч Нандинцэцэг нь сумын ИТХ-ийн тэргүүлэгч гишүүн, намайг халахаас хэд хоногийн өмнө засаг дарга намайг тэр хүнийг эргүүлж ажила гэж зөндөө шаардсан. Би шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа авна гээд аваагүй. Нандинцэцэгтэй холбоотой анхан шатны шүүх хурал нэг ч удаа урьд нь хийгээгүй байж мөн хариуцагчид хурлын зарыг албан ёсоор мэдэгдээгүй байж талуудыг мэтгэлцүүлж нотлох баримт гэрч оролцуулахгүй шийдвэр гаргасан үндэслэлээр би давж заалдсан. Гэтэл засаг дараг давж заалдах шатны хурлаас өмнө намайг халж өөр эмч томилж мөн Нандинцэцэгийн шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй байхад ажилд нь авсан юм. Мөн миний цагийг байнга хяналт тавьж бүртгэдэг. Шуурхайд байнга суу гэдэг. Миний үндсэн чиг үүрэг хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах болохоос биш Засаг даргын шуурхайд суух биш юм. Гэтэл шуурхайд суух нь чиний үндсэн ажил гэж байнга загнадаг. Төв аймгийн Батсүмбэр сумын харъяа Асрамжийн газарт 2018 оны 8 дугаар сард гэдэсний халдварт суулгалт өвчин гарч 30-40 хүн өвчилсөн. Энэ арга хэмжээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам гэсэн 4-н байгууллагын зааварчилгаар 8 дугаар сарын 21-нээс эхлэн аймгийн эрүүл мэндийн даргын заавар чиг үүргийн дагуу би 7 хоног баг бүрэлдэхүүнд орж тэнд ажилласан. Гэтэл засаг дарга Д.Ганболд надруу мессеж бичиж эндээ ажилла. Тэнд улсаас цалин авч байгаа эмч нар байгаа ажлаа хийсэнгүй гэж бичсэн. Би энд хүнд өвчтэй хүн байна явж болохгүй байна гэж бичихэд чи тэр чигээрээ зайлаарай гэсэн хариу надад бичсэн. Энэ байдлаар намайг аймгийн Засаг дарга болон бусад хүнд ажлаа хийдэггүй гэж хэлж ойлгуулсан байсан. Би мөн аймгийн Эрүүл мэндийн даргын заавар чиг үүргээр ажиллах ёстой хүн. Мөн сумандаа дуудлагад байнга явдаг. Намайг эхо-д цөсөө үзүүлээд явж байхад манай эмнэлгийн ажилтан гэрээ архи уугаад байж байгаа гэж захиргаанд очиж хэлсэн байдаг. Энэ мэдээллийн дагуу Засаг дарга баг бүрэлдэхүүн гаргаж тэр өдөр сумын орлогч дарга Булган, ИТХ-ийн дарга Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын ажилтан Хулан, хууль эрх зүйн ажилтан Отгонжаргал нар сумын 2 цагдааг дагуулан манай гэрт нэгжлэг хийх зорилгоор намайг ажлаас халах баримт бүрдүүлэхээр очиж сумын цагдааг миний амьдардаг цонхоор оруулж бусад хүмүүс нь гадаа манай байшинг бүсэлж байсан байдаг. Манай эмнэлэг камертай учир энэ талаар надад бичлэг бий. Цагдаа манай гэрт цонхоор орж хаалга онгойлгоход би гэртээ байхгүй байсан. Энэ мэт намайг байнга тагнаж миний араас байнга хяналт тавьдаг юм. Би ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2018 оны 8 дугаар сарын байдлаар манай эмнэлгийн ажлын үзүүлэлт сайн явж ирсэн. Манай эмнэлэг эх хүүхдийн дэд хөтөлбөрт 80-90 хувь, Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээнд 86 хувь, элэгний В, С элэг бүрэн Монгол эрт илрүүлэлтэнд сум ард иргэдийг сайн хамруулсан үзүүлэлт гарсан. Би ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н г 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын А/646 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжаар ажлаасаа халагдсан байгаа. Дээрх Засаг даргын захирамжийг хууль бус захирамж гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Н.Н г удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/21, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Б/17 тоот шийдвэрээр сануулах болон цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байдаг. Зөвхөн нэг сарын дотор ижил зөрчлөөр 2 удаа шийтгэл ногдуулсан нь хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг гэж харж байна. Бидний өнөөдөр маргаж байгаа байгаа зүйл нь тушаал юм. Тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г үндэслэн ажлаас нь халсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 б-д заасан ажилтан 3 хүртэл хоног ажлаа тасалсан бол ажлаас хална гэх үндэслэлийг баримтлан халсан боловч тушаалдаа энэ талаар огт тусаагүй. Зөвхөн 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдөр ажлаа тасалсан гэж үзсэн байдаг. Тушаал дээрээ 2 хоног бичсэн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.3 Б заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт нь Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ноцтой зөрчил гэж юу хэлэх талаар гаргасан тайлбартай нийцэхгүй байгаа. Үүнд 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гарган сахилгын шийтгэл гаргасан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, байгууллагын нэр хүндийг унагаасан ажилтан ажилдаа ирээгүйгээс болоод бусдын эрх ашиг ноцтой зөрчигдсөн зэрэг байдлыг харгалзан үздэг байтал тэгээгүй. Энэ хүн ажилдаа очоогүйгээс болоод хэн нэгэн этгээд нас бараагүй, байгууллагын үйл ажиллагаа саатаагүй. Хариуцагч талаас дээрх ноцтой зөрчил гэх зүйлээ нотолж чадахгүй мөртлөө зүгээр л 2 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр л халчихсан. Миний үйлчлүүлэгч надад хэлэхдээ тухайн ажил тасалсан гэх 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өвчтэй байсан гэдэг. Байгууллагын эмч Мөнхзулд үзүүлж тамга тэмдэг бүхий эмчийн магадалгаа авсан байдаг. Энэ хүн өнөөдөр гэрчээр ирсэн байгаа тул энэ талаар ярих байх. Тэр өдөр өөрийнх нь тайлбар дээр Солонгос гаргаж өгсөн гэх зүйл хэлээгүй. Цөс өвдөөд хотруу ирж эход харуулсан гэж хэлдэг. Өнөөдрийн хуралдааныг тушаалтайгаа холбож ярьмаар байна. Тэгэхгүй хаа хамаагүй зүйл авчирж наагаад хольж хутгаад баймааргүй байна. Би энэ хүнийг олон удаа өмгөөлж байна. Гэтэл энэ хүнийг ажлаас халахын тулд байнга харуулдан дагаж явдаг. Нэг удаа бүр цагдаагаас хүртэл гэрийг нь шалгасан байдаг. Тухайн орон нутагт ажиллах их хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл өөрөө Увс аймгийн хүн юм байна лээ. Тийм учраас байнга гадуурхан хавчиж, халах өө, сэв хайж, мөрдөн мөшигдөг. Шүүхийн шийдвэрээр авна буцаагаад л халдаг. Тушаал нь гэрээгээ үгүйсгэж байна. Мөн нэхэмжлэгч нь байнга илүү цагаар ажилладаг, ажил үүргийн хувьд хүнд хувиартай байдаг. Гаргасан тушаал нь Хөдөлмөрийн хууль болон Иргэний хуулийг үндэслээгүй. Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 өдөр ажлаа тасалсан. Тухайн үед буюу 8 дугаар сард тус эмнэлэгт эх барих их эмч байгаагүй тул ажлыг Н.Н эмчид шилжүүлсэн. Тухайн үед жирэмсэн эх эмчгүйгээр төрсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад ажлаа таслаад байна, архи согтууруулах ундаа уусан байна гэсэн гомдлыг шалгахад тогтоогдсон байдаг. 1 зөрчилд 2 арга хэмжээ авсан байна гэж хэлж байна. Эхний зөрчил нь илэрснээс хойш сарын дараа дараагийн зөрчлийн арга хэмжээг авсан. Эхнийх нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу шалгасан дараагийнх нь ёс зүйн хорооноос ирсэн тушаалаар авсан арга хэмжээ байгаа. Актны тухайд гэвэл Н.Н нь Мөнгөнзул эмчийг ажлын байранд нь дарамталж байгаад акт бичүүлсэн байгаа.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н  нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тушаалаар ажлаас халагдсан байдаг. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 үндэслэсэн байгаа. Энэ нь сахилгын зөрчил давтан гаргасан мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан. Ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан болохоос зөрчил давтан гаргасан гэдэгт огт хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гэж юу юм бэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө мөн ярьж байна. Хөдөлмөрийн харилцаа нь өөрөө онцлогтой харилцаа тул заавал ажил олгогчийн нэр хүндийг гутаасан байхыг шаардахгүй. Тэр дундаа эрүүл мэндийн салбар тул нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг заавал хүн нас барсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн гэрээний 11.2.3 бг үндэслэсэн. Үүнд мөн 2 хувилбар байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан эсвэл хуанлын нэг сарын хугацаанд ажил тасалсан цаг нь 3 өдрөөс дээш цагаар байвал ноцтой зөрчил болно гэж заасан байгаа. Үүнийг зөвшөөрөөд Н.Н болон Ганболд нар гарын үсэг зурсан байгаа. Мөн мэдээж Н.Н нь тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн гэхэд маш ёс зүйгүй, ажлаа зохион байгуулах чадвар тааруу, эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэгч очих гэхээр өөрөө ажлын байран дээрээ байдаггүй гэдэг нь харагддаг. Манай зүгээс тухайн ажил тасалсан гэх өдөр нэхэмжлэгч Н.Н нь согтуу байсан гэдгийг хангалттай нотолно. Хөдөлмөрийн хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолыг өөртөө тааруулж ярьмааргүй байна. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-г үндэслэж гаргасан. Дээд шүүхийн тайлбар бол зөвхөн хувийн хэвшилд л хамааралтай. Мөн гаргасан зөрчил түүнд авсан сахилгын хариуцлага болгоныг тушаал дээрээ дурдах гэвэл 3-4 хуудас зүйл гарна. Тэгэхээр дээрх этгээд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль тогтоомжийг зөрчсөн үү, зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа зөрчсөн үү зөрчсөн. Аль аль шаардлагыг нь хангасан учраас ажлаас халагдах тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн үүн дээр энэ хүн өөрөө ёс зүйн доголдолтой хүн юм байна лээ. Өөрөө хөдөлмөрийн харилцааг мэддэггүй учраас 2 хүнийг ажлаас нь халсан төдийгүй үүний өмнө Баянхангай сумыг самарчаад ирсэн юм байна лээ. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаад өгсөн байгаа. Батсүмбэр сумын иргэд энэ хүнийг дээрэлхээд, гадуурхаад байгаа зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Н-н хариуцагч Төв, БС сум, ЗД холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ. 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “Н.Н г Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд 2018.09.06-нии өдөр А/646 тоот захирамж гаргаж Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 -д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ажил тасалж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан. Гэтэл хариуцагч тал шүүхэд өгсөн хариу тайлбартаа дээрх тушаалд онцлон дурьдсан 2018 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдээ тушаалд заасан мэтээр нэмж тайлбарлаж одоо болохоор 08 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд гэж тушаал заагдаагүй өдрүүдийг оруулж ирж тушаалаас өөр зүйл тайлбарлаж байгааг хүлээн зевшөөрөхгүй.  Нэхэмжлэгч зөвхөн тушаалтай холбогдуулан гомдол гаргасан. Н.Н  нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-д заасан онц ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Тухайлбал МУ-ын Дээд шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн зөвлөмжиин хоёрт: хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах талаар. 2.4-д "Ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах.бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ,ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон.уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл,эс үйлдэл байна гэж ойлговол зохино.

  Мөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 11.2.3.б заалт нь хүндэттэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэх үндэслэл нь дээрх тушаалын өдрүүдтэй зөрүүтэй тодруулбал 3 ба түүнээс дээш гэж заасан байхад тушаал 08, 09-ний өдрүүд гэж хоёр едөр ажил тусалснаар гарсан байна.

 Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээний тухайн заалтанд хуанлын нэг сарын хугацаанд ажил тасалсан цаг нь 3 өдрөөс дээш цагаар байвал ноцтой зөрчил болно гэж заасан тул энэ заалт хамаарна гэж маргаж байгаа боловч энэ заалтын өмнө, таслал  эсвэл  гэж дараагийн өгүүлбэр залгаж  байгааг буруугаар  мушгин тайлбарласан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс өөр чухам ямар нотлох баримтыг үнэлсэн, ямар нотлох баримтыг ач холбоглдолтой нотлох баримт гэж үзсэн талаар ойлгомжгүй байна.

 Тухайлбал хэргийн 13-р хуудсанд Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 08 дугаар сарын Н.Н-н цагийн бүртгэлтийг албан ёсны тамга тэмдэгтэй өгсөн байдаг энэ нотлох баримтаар Н.Н нь 23 хоног ажиллаж, 2 өдөр ажил таслаж цалингаас нь хоёр өдрийн суутгал хийгдсэн байдаг.  Энэ хүснэгтээр нийт 34 өдөр ажиллсан гэсэн үүнийг шүүх хурал дээр цаг бүртгэгч Д.Энхтуяагаас асуухад илүү цагтайгаа тэгж гарсан гээд энэ цагийн бүртгэлийг үгүйсгэдэггүй юм. Гэтэл хавтас хэргийн 72-р хуудсанд бас нэг өөр байдлаар бүртгэгдсэн 08 дугаар сарын 1, 2, 3 Намжилмааг чөлөө авсан гэж бүртгэсэн атлаа чөлөөнийхөө баримтыг өгөөгүй гэсэн нотлох баримт байсан гэтэл шүүх эдгээр баримтын чухам аль баримтыг нь үнэлсэн нь тодорхой харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр хавтас хэрэгт нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2, 44.4-т заасаныг зөрчсөн тодруулбал хавтас хэргийн 24-29-р хуудсанд байгаа 6 хуудас нотлох баримт нь маргаан бүхий захирамжаас өмнөх онд болсон хурлын тэмдэглэл байх ба энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. 32-р хуудсанд Л.Норвоогийн бичигийг нотолсон иргэний үнэмлэхийн хуулбар байхгүй. 57,58-р хуудсанд байгаа нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. 53, 55, 61, 66, 68-р хуудсанд байгаа нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай огт холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Байгууллагын цагийн бүртгэл ямар эх үүсвэрээс авсан эхлэл төгсгөл байхгүй. Эдгээрийг нотлох баримтаас хасуулах санал тавьсан боловч шийдвэрт алийг нь үнэлсэн алийг нь үнэлээгүй нь огт ойлгомжгүй байна. Мөн шүүх хурал дээр Тамгын газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч Отгонжаргал нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй өөрийн хамаарал бүхий Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд огт ажилладаггүй Баасан, Баярмагнай, Ундармаа зэрэг Намжилмаагийн эсрэг хүмүүсийг өөрөө авч ирж гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Энэ гэрчүүд шүүх хурал дээр “... Н.Н нь байхгүй байсан тул түүнийг архи уудаг согтуу байдаг” гэж гүтгэсэн шинжтэй мэдүүлэг өгч байсан. Энэ талаар эднээс өөр нотолсон нотлох баримт согтуурлыг шалгасан тэмдэглэл цагдаад эрүүлжүүлэгдсэн нотлох баримт хавтас хэрэгт огт байдаггүй. Мөн олон удаа Н Намжилмаагийн өмгөөөлөгчөөр оролцож явсны хувьд түүний надад ойлголт өгсөн байдал. Гэрчүүд Намжилмааг шүүх хуралд оролцоогүйг далимдуулан маш их гүтгэсэн шинжтэй мэдүүлэг өгсөн тул шүүгч нарт тодорхой хэмжээний ойлголт өгөхийн тулд дараах зүйлийг бичиж байна.

   Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн эмч эрхлэгчээр ажилладаг Нандинцэцэг, Н.Н нар нь бие биенээ ажлаас ээлж дараалан халснаас болж Батсүмбэр сумын эмнэлэг нэг хэсэг нь Намжилмаагийн хүмүүс,  нөгөө хэсэг нь Нандинцэцэг эмчийн хүмүүс гэж хоёр хуваагдсан байдаг. Эмч Нандинцэцэг нь сумын Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын гишүүн бөгөөд энэ хүнийг Засаг дарга нь Намжилмааг эргүүлж ажилд нь ав гэж өөрийг нь халахаас өмнө зөндөө шаардсан байдаг. Гэтэл Засаг дарга Нандинцэцэгийн маргаан шүүхээр эцэслэн дуусаагүй байхад ажилд нь эргүүлэн томилж Намжилмааг халсан байдаг. Нандинцэцэгийг давж заалдах шүүх хурал дээр хариуцагч тал эвлэрч урьд нь Н.Н-н авсан өмгөөлөгчөөс татгалзаж Нандинцэцэгийг ажилд авахаар эвлэрсэн байдаг. Засаг дарга Намжилмааг шүүхийн журмаар ажилд эргүүлэн тогтоогдсон мөчөөс эхлэн Тамгын дарга Отгонжаргал тус эмнэлгийн Намжилмаад дургүй хүмүүсийн хов живээр ажлаа явуулж мөн миний цагийг байнга хянаж бүртгэдэг, байнга хаана явааг тандуулдаг, Засаг даргын шуурхайд байнга суу, суусангүй гэж уурладаг, шуурхайд суух нь чиний үндсэн ажил гэж загнадаг. Н.Н-н үндсэн ажил, чиг үүрэг нь шуурхайд суух биш, сумын хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах юм. Жишээ нь Батсүмбэр сумын харъяа Асрамжийн газарт 2018 оны 08 дугаар сард гэдэсний халдварт суулгалт өвчин гарч 30-40 хүн өвчилсөн. Н.Н  нь мөн Төв аймгийн Эрүүл мэндийн даргын удирдлагаар түүний заавар чиглэлээр бас ажил үүргээ явуулдаг тул дээрх газарт Аймгийн ЭМГ, НЭМГ, ЭМЯ-ны чиг үүргийн дагуу 7 хоног тэдний баг бүрэлдэхүүнд орж ажилласан. Гэтэл тэр үед Засаг дарга Д.Ганболд надруу мессеж бичиж тэнд чинь улсаас цалин авч байгаа мэргэжлийн эмч байгаа эндээ ирж ажлаа хий гэсэн. Н.Н  би үүрэг даалгавараар энд ажиллаж байна. Өвчтэй хүнд хүн байна явж болохгүй байна гэж мессеж бичихэд чи тэр чигээрээ зайлаарай гэсэн хариу бичсэн нь одоо утсан дээр нь байгаа гэсэн. Би эмчлэгч эмчийн ажлаа бас давхар хийж алсын дуудлагад мөн явдаг. 2018 оны 8 дугаар сард би илүү цагтайгаа 34 хоног ажилласан байсан Бид дуудлагад шөнө өдөр, амралт баяр ёслол харгалзахгүйгээр явдаг.Н.Н  нь 8-р сард харин ч илүү их ачаалалтай ажилласан гэдэг. Мөн намайг нэг хүн архи уугаад гэртээ байгаа гэж хэлсэн гээд Засаг дарга эмнэлгийн байранд байрладаг гэрт бүрэлдэхүүн гаргаж цонхоор хоёр цагдаа оруулж гэрийг нь хэсэг хүмүүс бүслэн зогсож гэрт нь нэгжлэг хийгээд байхгүй байна гэж гарч ирсэн байдаг. Энэ талаар Н.Н  гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандахад түүний байрлаж байгаа гэр ороныг ажлын байр гэж үзэж хэргийг хаасан гэсэн. Батсүмбэр сумын эмнэлэгт Н.Н г даргаар ажиллах хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил гарч эмнэлэг нь уналтанд орсон зүйл байдаггүй. Харин 2018 оны 08 дугаар сарын байдлаар тус эмнэлэг эх хүүхдийн дэд хөтөлбөрт 80-90 хувьтай. Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээнд 86 хувьтай, элэгний В,С элэг бүтэн Монгол эрт илрүүлэлтэнд сум ард иргэдийг сайн хамруулсан үзүүлэлт гарсан байдаг.

Н.Н г урьд нь Батсүмбэр сумын Засаг дарга ажлаас нь халж 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 3-н шатны шүүхээр орж ажилд нь эргүүлэн тогтоосон. Энэ маргааны мөнгө төлөгдөж дуусаагүй одоо шүүх дээр явж байна. Мөн Засаг дарга Д.Ганболд, Н.Н нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Хуулиас давсан хөдөлмөрийн гэрээ гэж байх ёсгүй. Байгууллагын ажилтанаа 3-н өдөр ажил таслахад онц ноцтой зөрчил гэж үзнэ гэж гэрээ байгуулсаныг хуульд нийцээгүй ажилчины эрх ашгийг хэт дордуулсан гэрээ хийсэн гэж үзэж байна.

Иймд энэ хүний чөлөөтэй хөдөлмөрлөх эрхэд удаа дараа халдаж байгаа хууль бус үйлдлийг шалгаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халсан тулаал, түүний заалтанд дүгнэлт өгч Н.Н г Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах замаар сэргээн тогтоох шүүхийн хамгаалалтын зарчмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Н   Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Төв, БС сум, ЗД холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул  ажлаас халсан засаг даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой аливаа тушаал, шийдвэр нь  ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн  хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн, тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх эрх зүйн акт мөн юм.

 

Ажил олгогч Төв аймгийн Батсүмбэр сумын  Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/646 дугаар захирамжаар ажлаас халсныг хууль бус гэж энэхүү захирамжийн талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар гомдол гаргасан байх тул хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга нь  өөрийн гаргасан захирамжийн  хууль зүйн үндэслэлийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нотлох үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил болохыг нотлох үүрэгтэй болно.

 

Сахилгын ноцтой зөрчил нь засаг даргын захирамжийн үндэслэл болж байгаа тул ажил олгогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/646 дугаар захирамжийн  үндэслэл болгож сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил болон ногдуулсан шийтгэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх хэсгийн заалт болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тодорхойлсон сахилгын ноцтой зөрчлийн талаарх заалтад нийцээгүй байна.

 

Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн болгоныг шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчил гэж үзэх эсэх, шийтгэл хүлээлгэсэн болгоныг шийтгэл гэж үзэх эсэхийг шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд үнэлж дүгнэх учиртай.

 

Ажил олгогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/646 дугаар захирамжид эх сурвалж болгон хэрэглэсэн хөдөлмөрийн гэрээний 11.2.3-ын “б” дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан,эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал сахилгын ноцтой зөрчил гэж үзэж захиргааны санаачлагаар ажлаас шууд халахаар талууд тохиролцон тодорхойлжээ.

Дээрх захирамжид Н.Н г 2018 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдөр ажил тасалж, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3.б-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын зөрчлийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх уг захирамжид сахилгын ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогч тодорхойлоогүй зөрчлийг буюу 2018 оны 08 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд мөн ажил тасалсан гэж шүүхийн шатанд хариуцагчийн гаргасан тайлбар, энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.

Нэхэмжлэгч Н.Н  нь 2018 оны 08 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд эмнэлгийн чөлөөтэй байсан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн боловч энэ байдал нь эргэлзээтэй, цагийн бүртгэлийн баримтаар тухайн өдрүүдэд ажилдаа ирээгүй, 2 өдрийн цалинг хасч олгосныг хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн баримтаар нотлогдож байх боловч 2 өдөр ажил тасалсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 11.2.3.б-д заасан ноцтой зөрчлийн шинжийг агуулаагүй байна.   

 Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01249 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Н.Н г Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... дурьдсугай гэснийг “... дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                                   Г.БОЛОРМАА

 

                                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР