Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00820

 

Н.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01249 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/0004 дүгээр магадлалтай

Н.Нгийн нэхэмжлэлтэй,

ТЗ-д холбогдох,

Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТЗын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тоот захирамжаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар намайг 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ажил тасалж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 9 дүгээр сарын 7-ний өдрөөр тасалбар болгон Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан. Тухайн 2016 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил болоогүй. Миний бие тухайн өдруудөд өвчтэй байсан. Өвчин зовлон хүнд хэлж ирэхгүй. Миний цөс өвдөөд хотод Эхо-д харуулах гэж явсан. Би Батсүмбэр сумын эмч Мөнхзулд үзүүлж 2 хоногийн акт авсан байсан. Намайг энэ өдрүүдэд ажлаагүйгээс болж Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд ноцтой үр дагавар тухайлбал хүний амь нас эрсдсэн, хүнд хор уршиг учирсан зүйл огт болоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явдгаараа явагдсан. Мөн тушаалд намайг халах гол үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, ТЗатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-д заасан заалтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний энэ заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3-н өдөртэй тэнцэж байвал гэж бичсэн байна. Гэтэл энэ заалт надад хамаарахгүй гэж үзэж байна. Мөн миний цалин дээрээс хоёр хоногийн мөнгийг суутгаж авч тооцсоноор мөн дээрх заалт үгүйсгэгдэж байна. Би урьд нь шүүхээр заргалдаж ажилдаа эгүүлэн орсон болохоор сумын Тамгын газрын дарга Отгонжаргал, манай эмнэлгийн зарим надад дургүй хүмүүсийн хов живээр засаг дарга ажлаа явуулдагт гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнд оборт хийсэн мөнгөө өөрөө хувьдаа авдаг байсан миний халсан эмч Нандинцэцэг нь сумын ИТХ-ийн тэргүүлэгч гишүүн, намайг халахаас хэд хоногийн өмнө засаг дарга намайг тэр хүнийг эргүүлж ажила гэж зөндөө шаардсан. Би шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа авна гээд аваагүй. Нандинцэцэгтэй холбоотой анхан шатны шүүх хурал нэг ч удаа урьд нь хийгээгүй байж мөн хариуцагчид хурлын зарыг албан ёсоор мэдэгдээгүй байж талуудыг мэтгэлцүүлж нотлох баримт гэрч оролцуулахгүй шийдвэр гаргасан үндэслэлээр би давж заалдсан. Гэтэл засаг дараг давж заалдах шатны хурлаас өмнө намайг халж өөр эмч томилж мөн Нандинцэцэгийн шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй байхад ажилд нь авсан юм. Мөн миний цагийг байнга хяналт тавьж бүртгэдэг. Шуурхайд байнга суу гэдэг. Миний үндсэн чиг үүрэг хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах болохоос биш Засаг даргын шуурхайд суух биш юм. Гэтэл шуурхайд суух нь чиний үндсэн ажил гэж байнга загнадаг. Төв аймгийн Батсүмбэр сумын харъяа Асрамжийн газарт 2018 оны 8 дугаар сард гэдэсний халдварт суулгалт өвчин гарч 30-40 хүн өвчилсөн. Энэ арга хэмжээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам гэсэн 4-н байгууллагын зааварчилгаар 8 дугаар сарын 21-нээс эхлэн аймгийн эрүүл мэндийн даргын заавар чиг үүргийн дагуу би 7 хоног баг бүрэлдэхүүнд орж тэнд ажилласан. Гэтэл засаг дарга Д.Ганболд надруу мессеж бичиж эндээ ажилла. Тэнд улсаас цалин авч байгаа эмч нар байгаа ажлаа хийсэнгүй гэж бичсэн. Би энд хүнд өвчтэй хүн байна явж болохгүй байна гэж бичихэд чи тэр чигээрээ зайлаарай гэсэн хариу надад бичсэн. Энэ байдлаар намайг аймгийн Засаг дарга болон бусад хүнд ажлаа хийдэггүй гэж хэлж ойлгуулсан байсан. Би мөн аймгийн Эрүүл мэндийн даргын заавар чиг үүргээр ажиллах ёстой хүн. Мөн сумандаа дуудлагад байнга явдаг. Намайг эхо-д цөсөө үзүүлээд явж байхад манай эмнэлгийн ажилтан гэрээ архи уугаад байж байгаа гэж захиргаанд очиж хэлсэн байдаг. Энэ мэдээллийн дагуу Засаг дарга баг бүрэлдэхүүн гаргаж тэр өдөр сумын орлогч дарга Булган, ИТХ-ийн дарга Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын ажилтан Хулан, хууль эрх зүйн ажилтан Отгонжаргал нар сумын 2 цагдааг дагуулан манай гэрт нэгжлэг хийх зорилгоор намайг ажлаас халах баримт бүрдүүлэхээр очиж сумын цагдааг миний амьдардаг цонхоор оруулж бусад хүмүүс нь гадаа манай байшинг бүсэлж байсан байдаг. Манай эмнэлэг камертай учир энэ талаар надад бичлэг бий. Цагдаа манай гэрт цонхоор орж хаалга онгойлгоход би гэртээ байхгүй байсан. Энэ мэт намайг байнга тагнаж миний араас байнга хяналт тавьдаг юм. Би ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2018 оны 8 дугаар сарын байдлаар манай эмнэлгийн ажлын үзүүлэлт сайн явж ирсэн. Манай эмнэлэг эх хүүхдийн дэд хөтөлбөрт 80-90 хувь, Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээнд 86 хувь, элэгний В, С элэг бүрэн Монгол эрт илрүүлэлтэнд сум ард иргэдийг сайн хамруулсан үзүүлэлт гарсан. Би ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 өдөр ажлаа тасалсан. Тухайн үед буюу 8 дугаар сард тус эмнэлэгт эх барих их эмч байгаагүй тул ажлыг Н.Н эмчид шилжүүлсэн. Тухайн үед жирэмсэн эх эмчгүйгээр төрсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад ажлаа таслаад байна, архи согтууруулах ундаа уусан байна гэсэн гомдлыг шалгахад тогтоогдсон байдаг. 1 зөрчилд 2 арга хэмжээ авсан байна гэж хэлж байна. Эхний зөрчил нь илэрснээс хойш сарын дараа дараагийн зөрчлийн арга хэмжээг авсан. Эхнийх нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу шалгасан дараагийнх нь ёс зүйн хорооноос ирсэн тушаалаар авсан арга хэмжээ байгаа. Актны тухайд гэвэл Н нь Мөнгөнзул эмчийг ажлын байранд нь дарамталж байгаад акт бичүүлсэн байгаа. Энэ талаараа гэрч хэлэх байх гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н нь ТЗын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/646 тушаалаар ажлаас халагдсан байдаг. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 үндэслэсэн байгаа. Энэ нь сахилгын зөрчил давтан гаргасан мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан. Ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан болохоос зөрчил давтан гаргасан гэдэгт огт хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гэж юу юм бэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө мөн ярьж байна. Хөдөлмөрийн харилцаа нь өөрөө онцлогтой харилцаа тул заавал ажил олгогчийн нэр хүндийг гутаасан байхыг шаардахгүй. Тэр дундаа эрүүл мэндийн салбар тул нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг заавал хүн нас барсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн гэрээний 11.2.3.”б”-г үндэслэсэн. Үүнд мөн 2 хувилбар байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд ажил тасалсан цаг нь 3 өдрөөс дээш цагаар байвал ноцтой зөрчил болно гэж заасан байгаа. Үүнийг зөвшөөрөөд Н болон Ганболд нар гарын үсэг зурсан байгаа. Мөн мэдээж Н нь тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн гэхэд маш ёс зүйгүй, ажлаа зохион байгуулах чадвар тааруу, эмнэлэгийн байгууллагад үйлчлүүлэгч очих гэхээр өөрөө ажлын байран дээрээ байдаггүй гэдэг нь харагддаг. Манай зүгээс тухайн ажил тасалсан гэх өдөр нэхэмжлэгч Н нь согтуу байсан гэдгийг хангалттай нотолно. Хөдөлмөрийн хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолыг өөртөө тааруулж ярьмааргүй байна. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.2.3 б-г үндэслэж гаргасан. Дээд шүүхийн тайлбар бол зөвхөн хувийн хэвшилд л хамааралтай. Мөн гаргасан зөрчил түүнд авсан сахилгын хариуцлага болгоныг тушаал дээрээ дурдах гэвэл 3-4 хуудас зүйл гарна. Тэгэхээр дээрх этгээд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль тогтоомжийг зөрчсөн үү, зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа зөрчсөн үү зөрчсөн. Аль аль шаардлагыг нь хангасан учраас ажлаас халагдах тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн үүн дээр энэ хүн өөрөө ёс зүйн доголдолтой хүн юм байна лээ. Өөрөө хөдөлмөрийн харилцааг мэддэггүй учраас 2 хүнийг ажлаас нь халсан төдийгүй үүний өмнө Баянхангай сумыг самарчаад ирсэн юм байна лээ. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаад өгсөн байгаа. Батсүмбэр сумын иргэд энэ хүнийг дээрэлхээд, гадуурхаад байгаа зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01249 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Нгийн хариуцагч ТЗад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/004 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01249 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Н.Нг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... дурьдсугай” гэснийг “... дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч ТЗын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч нотлох баримт тайлбарынхаа үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Н.Нгийн 2018 оны 08 сарын 01, 02, 03-ны өдөр болон 2018 оны 08 сарын 08, 09-ний өдрүүдэд албан үүргээ гүйцэтгээгүй ажил тасалсан гэдгийг хариуцагчийн зүгээс зөрчил шалгасан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, цагийн бүртгэл, ажилчдын хурлын тэмдэглэл, үйлчлүүлэгч иргэдийн гомдол зэрэг нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ,явцад ч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Үүнийг шүүх харгалзаж үзээгүй хариуцагч тайлбарынхаа үндэслэлийг хуулийн дагуу гаргаж өгөөгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч нотлох үүрэгтэй гэжээ. МУ-ын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2 дахь хэсэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан. Үүний дагуу ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3.6 дэх заалтад “хуанлийн нэг сарын хугацаанд ажил тасалсан цаг нь 3 өдрөөс дээш цагаар байвал” ноцтой зөрчил байхаар зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь дээр үйлдлийг гаргаж Нгийн 2018 оны 08 сарын 01, 02, 03-ны өдөр болон 2018 оны 08 сарын 08, 09-ний өдрүүдэд албан үүргээ гүйцэтгээгүй нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад дээрх хуулийн заалтыг шүүх буруу хэрэглэсэн.

Магадлалд хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018.09.06-ны өдрийн А/646 дугаар захирамжийн үндэслэл нь ноцтой зөрчлийн талаарх заалтад нийцээгүй гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 11.2.3.6 дэх заалтад ноцтой зөрчил гэдгийг тодорхой байдлаар заасан байтал шүүх авч үзээгүй хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Н.Н нь ТЗад холбогдуулан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Нг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байхад нь сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/646 тоот захирамжаар “...2018 оны 08 дугаар сарын 08., 09.-ний өдрүүдэд ажил тасалж, Хөдөлмөрийн гэрээний 11.2.3.“б”-д заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана.

Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11.2.3.“б”-д: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэж ойлгоно гэжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Н.Н нь 2018 оны 08 дугаар сарын 08., 09.-ний өдрүүдэд ажил тасалсан...” гэж тодорхойлсон байх ба ажилтны 2 хоног ажил тасалсан зөрчил нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.3.“б”-д заасан  “...3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан...” гэх ноцтой зөрчилд тооцогдох боломжгүй тул ажил олгогчийн тушаал хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагч хариу тайлбартаа ажилтныг 2018 оны 08 дугаар сарын 01., 02., 03.-ны өдрүүдэд мөн ажил тасалсан гэж тайлбарлах боловч дээрх зөрчлийг ажлаас чөлөөлсөн тушаалд тусгагдаагүй тул энэ нь ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, ажилтныг ажлаас халсан тушаалд заасан үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/0004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД