Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00922

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00922

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х төвд холбогдох,

Сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халсан тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Х төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг  2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00391/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ш.Д  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: 

Би 2015 оны 7 дугаар сард Х төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Түүнээс хойш тус байгууллагад үр бүтээлтэй 6 жил ажилласан билээ. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х төвийн захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь Х төвийн захирал Б нь Б/21 тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төвийн захирлын Б/21 тушаалыг тухайн үед мэдсэн, гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х төвийн захирлын дугаар Б/79 тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу билээ. Х төвийн захирал Б ажлаас намайг халах зорилготойгоор 1 жилд 2 удаа сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан гэж үзэж байна. Х төвийн захирал Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Х төвийн захирлын Б/25 тушаалаар Ш.Д намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын Ш.Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргасан. Б/25 тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл уялдаа холбоогүй тушаал гаргасан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Х төвийн захирал Б намайг ажлаас халж байсан. Би тухай үед Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилдаа эргүүлэн орж байсан. Х төвийн захирал Б нь удаа дараалан намайг ажлаас хөөх, би чамтай хамтарч ажиллахгүй гэх мэтээр дарамтладаг байсан учраас сахилгын шийтгэлийг 1 жилд 2 удаа оногдуулсан бөгөөд тус сахилгын шийтгэлүүдээ үндэслэн намайг ажлаас халсан билээ. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон-ыг үндэслэсэн байдаг. Байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байтал ямар санхүүгийн зөрчил байгууллагын удирдлага дурдсаныг хүлээн зөвшөөрхгүй байна.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлснийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Ш.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Иргэн Ш.Дтэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд авсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж, бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тухайлан заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц, дотоод ажил хариуцан ажиллаж байсан ажилтан Б.П биечлэн хүлээлгэж өгсөн байна.

Сахилгын сануулах арга хэмжээ авах болсон үндэслэл: 1. Албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг биелүүлээгүй.

1.1. Өр авлага үүсгэхгүй, хэрэв үүсвэл богино хугацаанд барагдуулж ажиллах, өр авлага үүссэн байгууллага, аж ахуйн нэгжтэй тооцоо нийлж баталгаажуулах.

1.2. Хангамж бараа материал болон агуулахад байгаа бараа материалын тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, тооцоо бодон хадгалалт эмх цэгцийг сайжруулахад анхаарах, дүнг мэдээлж байх.

1.3. Албан хаагч бүрт эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтлөх.

1.4. Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлуудыг хугацаанд нь бүрэн чанартай хийж

гүйцэтгэх, тайлагнах.

1.5. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулах, түгээх, мэдээлэх.

2.Удирдлагаас өгөгдсөн дараах үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй. Үүнд:

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах,

Байгууллага хооронд үүссэн өр, авлага ба төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж, үлдэгдлийг баталгаажуулах,

Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж, үр дүнг шийдвэрлэх.

Хоёр. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь манай байгуулагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Шаандар овогтой Ш.Д нь Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар 1 жилийн тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын Сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдснээс хойш 1 сарын дотор авсан болно.

Гурав. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон тухай. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно. Аудитын байгууллагаас МСҮТ-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд:

1. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тайлант хугацаанд оруулбал зохих 149 мэдээллээс хугацаа хоцроосон 23 мэдээлэл байна. Үүнд:

-Таван саяас дээш 883,408.8 мянган төгрөгийн 14 орлогын гүйлгээ, 323,702.2 мянган төгрөгийн 16 зарлагын гүйлгээг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлээгүй.

-Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний талаарх 293,979.8 мянган төгрөгийн мэдээллийг өссөн дүнгээр мэдээлээгүй.

-Мэдээлэл байршуулахдаа санхүүжилтын хэмжээ, нийлүүлэгчийн нэрийг алдаатай байршуулсан байна.

2. Төсвийн захирагчийн хүргүүлсэн төсвийн саналаас 179,105.4 мянган төгрөгөөр бууруулж, 1,714,717.9 мянган төгрөгөөр 2020 оны төсвийг баталсан байна. Тус байгууллага нь тайлант онд 36,669.6 мянган төгрөгийг буцаан төвлөрүүлсэн байдлаас харахад төсвийн нөхцөл байдлыг бодитой тооцож, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй байна.

3. Тайлант онд 8,591.5 мянган төгрөгийн өр, 1,015.9 мянган төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа, зөрчлүүдийг тогтоосон байна. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас дээрх зөрчлүүдийг тогтоосон нь Ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дөрөв. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна дараах зөрчлүүдийг давтан гаргасан байна.

1. 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг /жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор хийхээр заагдсан/ цаг хугацаанд нь хийгээгүй. Удаа дараалан шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 3-нд хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалт мөн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т заасан Өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана заалтын дагуу өгсөн үүргийг эсэргүүцэж, хэрэгжүүлээгүй.

3. 2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж, шивэлт хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгсөнийг Ш.Д өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж засаж, өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувь нэмж нэмэгдэл авсан, Г.Дэлгэрмөрөн, Ш.Пүрэвдалай нараас тус бүр 10 хувийг хассан нь тогтоогдсон.

4. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж, орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7.300.0 төгрөгийг төвлөрүүлэн эргэн олгогдохгүйгээр татуулж байгууллагад хохирол учруулсан.

5. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ 1.513.300 төгрөгөөр бараа, материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Ш.Д өөрийн дураар, удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн дансанд тушааж, суралцагчдыг хохироосон. Суралцагчид мөнгөө шаардаж, байгууллагад хохирол учирсан байдалтай байна.

6. 2020 онд үүссэн өр, авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7.745.0 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж, тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газар нь шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус өглөгийг дотоод хяналт шалгалтын багаар шалгуулж үзэхэд 774.105 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тав: Нэхэмжлэгч Ш.Д нь Х төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан болно. Дээрх нотлох баримтуудаар Х төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалууд нь хууль, тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 11 дүгээр сард Х төвийн захирлаар Б томилогдож ирсэн. Ирснээсээ хойш өөрийн багаа бүрдүүлж ажиллана, захирлын зөвлөлдөө байдаг хүмүүсийг солино, өөрчилнө гэх болсон ба намайг ажлаас үндэслэлгүй халж, шүүхээр би буцаан тогтоогдсон. Ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй байхад өөрийн хүнээ томилох гэсэн үндэслэлээр намайг ингэж удаа дараа дарамталж байгаа юм. Маш их хувийн ашиг сонирхолтой, тэрэнд нь намайг саад болно гэж байнга дарамт өгч байсан.Одоо ахлах нягтлангаар миний оронд томилогдон ажиллаж байгаа хүн бол хуучин намайг байхад нярваар ажиллаж байсан, ямар ч ажлын туршлагагүй хүн. Тэр хоёрын санхүүгийн идсэн уусан асуудлууд зөндөө байгаа. Тэрийг өгдөг газар нь өгч шалгуулна. Энэ чинь хувийн байгууллага биш, улсын байгууллагад ажиллаж байж хувийн байгууллагад ажиллаж байгаа юм шиг ааш, авир гаргаж байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Юу ч хийсэн ажлыг минь байнга үгүйсгэж байдаг. Болохгүй байна, бүтэхгүй байна гэж байнга буцаадаг. Маш их үүрэг даалгавар өгдөг. Ёс зүйн зөрчил гэдгийг гаргуулж нотлох гэж байнга үздэг. Өөрөө ч өгнө, өөр хүнээр ч өгүүлнэ. Бүх зүйлийг миний эсрэг байлгаж намайг яаж холдуулах вэ гэж ажиллаж ирсэн. Түүнээс энэ хүн ингэж ажиллаж байна гэсэн хүлээн зөвшөөрөх байдлаар огт ажиллаж байгаагүй. 2020 оны 4 дүгээр сард ажлаас над руу яриад арга хэмжээ авах гэж байна гэсэн. Дараа нь асуусан чинь за тэр яах вэ. больчихсон. Чи тайлангаа янзал гэж хэлсэн. Тэгээд оны жилийн эцсийн тайлан 3 дугаар сард гарахад үндэсний аудитын газраас нягтланд маань арга хэмжээ авагдсан гэсэн тоот ирсэн байсан. Тэрийг хүртэл өөрсдөө аваад нуучихсан. Арга хэмжээ чинь больсон гэсэн. Тэгээд би тухай үедээ больчихож гэж бодсон чинь 12 дугаар сарын 07-ны өдөр намайг хотод хүүхдээ төрүүлэх хугацаанд, байхгүй хооронд үнэлгээтэй маань холбоотой зүйл дээр арга хэмжээ авсан байсан. Б надад арга хэмжээ авахын тулд шүүх, прокурорт албан бичиг явуулсан байсан. Тэгээд тэр нь хувь хүний нууцтай холбоотой, өгөх боломжгүй гэхэд хөөж явсаар байгаад цагдаагаас юм гаргаад тэрийгээ үндэслэж 12 дугаар сарын 07-ны өдөр сануулах арга хэмжээ авсан байгаа юм. Ямар үндэслэлээр авсныг мэдэхгүй. Би тэрэнд үнэхээр гомдолтой байгаа.

Б сонгон шалгаруулалт нэртэй өөрийнхөө хүмүүсийг оруулж ирдэг. Тэгээд эд нарыгаа турхирдаг. Одоо тэр захирлын зөвлөлд үнэн үг хэлэх хүн нэг ч байхгүй. Тэр сургууль Бын хөрөнгө юм уу? улсын хөрөнгө юм уу аль нь ч мэдэгдэхээ байчихсан, ийм замбараагүй байдал зөндөө байгаа. Орон тоо бүтэц цомхотголын ямар ч тушаал шийдвэр гараагүй байхад аль 10 дугаар сард тооцооны нягтлан байсан Хонгорзулыг чөлөөлж хаячхаад бүх ажлыг нь он дуустал би хийсэн. Тооцооны менежерийн ажил, давхар аж ахуйн менежер, дотоод хяналтын ажлыг бүгдийг нь хийж байсан. Дотоод хяналтын хүүхэн жирэмсний амралттай байсан. Тэр хугацаанд хийсэн ажлын тайлан, хийх ажлын тайланг бүгдийг нь би гаргаж, явуулж, хийдэг байсан. 2018 онд намайг ажлаас халчхаад буцааж авахдаа цалин мөнгө гаргуулахаар байсан.

Миний хувьд 2015 онд энэ сургуульд анх ороход ямар байлаа. Санхүүгийн талаар өмнөх оны тайлангууд, зөрчил акттай холбоотой зөрчил маш их байсан ч тэрийг цэгцлээд, янзлаад явж байсан гэдэг нь он оны тайлангуудаар харагдана. Одоо 2019, 2020 онууд дан зөрчилгүй санал дүгнэлт авсан.Ийм байхад санхүүгээ дэмжээд хамтарч ажиллах байтал дан миний мууг үзэх гэж байгаа шинжтэй. Яс юман дээрээ өөрөө зөндөө замбараагүй юм хийж байгаа.

4, 12 дугаар сард авсан арга хэмжээнүүдийг үндэслэж байгаад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр намайг ажлаас халах гэж байна гэдгийг би мэдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. Би үнэхээр гайхсан, ямар нэгэн эд хөрөнгө дутаасан, ашигласан зүйл байхгүй. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байна.

Би ашиг сонирхолд нь нийцэхгүй байгаа учраас намайг халах гээд ингэж байгаа юм. Надад өөр ажил олдохгүйдээ биш 4, 5 жил ажиллаад тэтгэвэртээ гарах юм чинь энэ дассан газраа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчихъя гэсэн бодолтойгоор явж байна. Би анх сургууль төгсөж ирээд Холбоонд 6 жил нягтлан хийлээ. Дараа нь Далайван-д нягтлан бодох бүртгэлийн багшаар 9, 10 жил ажиллаад 2015 онд МСҮТ рүү орсон. Би ямар шинэ хүн орчхоод ажлаа хийж чадахгүй байгаад байгаа биш. Бүх юмыг хийх ёстойгоор нь хийдэг байсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Харин ажилгүй байсан хугацааны цалин 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт ажлын 141 хоног, 3 сарын цалингийн дунджаар бодоход 1,406,490 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног 21,5-д хуваахад 1 өдрийн 65,418 төгрөг, 3 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажлын нийт 141 хоног, 141 хоногоо 65,418 төгрөгөөр үржүүлэхэд 9,223,938 төгрөг болж байх тул дээрх мөнгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай тайлбар гаргахыг хүсэж байна. Бусдын нэр төр, ажил төрлийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсье.

Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б21 тоот тушаалаар арга хэмжээг авах болсон тухай:

Иргэн Ш.Дтэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж 2015 оны 11 сард ерөнхий нягтлан бодогчоор ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа эсэргүүцэж бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б21 тоот тушаалаар сануулах арга хэмжээг авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц дотоод ажил хариуцаж байсан ажилтан Пүрэвдорж хүлээлгэн өгсөн. Энэ тухай гэрчийн мэдүүлэгт байгаа. Сануулах сахилгын арга хэмжээ авах болсон үндэслэл нь албан тушаалын тодорхойлолтод заасан дараах чиг үүргийг биелүүлээгүй. Үүнд:

1. Өр авлага үүсгэхгүй, хэрэв үүсвэл богино хугацаанд барагдуулж ажиллах, өр авлага үүссэн байгууллага аж ахуй нэгжтэй тооцоо нийлж баталгаажуулах,

2. Хангамж бараа материал болон агуулахад байгаа материалын тооллогыг хагас бүтэн жилээр хийж тооцоо бодон хадгалалт эмх цэгцийг сайжруулахад анхаарах, дүнг тогтмол мэдээлж байх. Албан хаагч бүртэй эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтлөх, удирдлагаас өгсөн цаг үеийн ажлуудыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, тайлагнах, өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулах, бусдад түгээх, мэдээлэх.

Мөн удирдлагаас өгсөн дараах үүрэг даалгаварыг биелүүлж ажиллаагүй байгаа.

1.Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг ханган танилцуулах,

2.Байгууллага хооронд үүссэн өр авлага, төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж үлдэгдлийг баталгаажуулах,

3.Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж үр дүнг шийдвэрлэх.

Дээрх зөрчлүүдийг гаргасан болон аудитын байгууллагын тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг гаргасан учраас 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг гаргах болсон юм.

Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б79 тоот тушаалыг гаргах болсон тухай:

Ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь манай байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47/63533 тоот албан бичгээр Шаандар овогтой Ш.Д нь Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн, шинжээчээр ажиллах эрхийг 1 жил хассан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай болон аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичгийг хэрэгжүүлж ажилласан.

Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б25 дугаар тушаалын тухайд:

Ш.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар арга хэмжээ авагдсан тул Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 1 жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн аудитын байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандартыг баримтлан шилэн дансны цахим системд мэдээллийг шивж оруулах, шилэн дансны хуудсанд тавих мэдээллийг журмын дагуу мэдээлээгүй, санхүүгийн зөрчил гаргасан тухай мэдэгдэл ирсэн.

1.Аудитын байгууллагаас ирүүлсэн санхүүгийн тайлан дүгнэлтэд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тайлант хугацаанд оруулбал зохих 149 мэдээллээс хугацаа хэтрүүлсэн 23 мэдээлэл, үүнээс 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй 14 орлогын гүйлгээ, 16 зарлагын гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй.

2. 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авсан бараа ажил үйлчилгээний талаарх мэдээллийг өссөн дүнгээр мэдээлээгүй.

3. Мэдээлэл байршуулахдаа санхүүжилтийн хэмжээ нийлүүлэгчийн нэрийг алдаатай байршуулсан.

4. Төсвийн захирагчийн хүргүүлсэн төсвийн саналаас 1 тэр бум 179,105,000 төгрөгөөр бууруулж 1 тэр бум 714,717,000 төгрөгөөр 2020 оны төсвийг баталсан. Тус байгууллага нь тайлант онд 36,669,600 төгрөгийг буцаан төвлөрүүлсэн байдлаас харахад төсвийн нөхцөл байдлыг бодитой тооцож шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй.

5. Тайлант онд 8,591,500 төгрөгийн өр, 1,000,900 төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа зөрчлүүдийг аудитын байгууллагаас тогтоосон байгаа. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас дээрх зөрчлүүдийг тогтоосон ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна арга хэмжээ авагдаагүй дараах зөрчлүүдийг гаргасан. Энэ нь дотоод хяналтын багийн дүгнэлтээр тогтоогдсон.

1. 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийхээр заагдсан байхад удаа дараа шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалт байдаг. Мөн өмч хамгаалал байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т заасан өмч хамгаалах зөвлөлийн ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хэсэгт заасан загварын дагуу боловсруулж жил бүрийн 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллах гэсэн заалтын дагуу захиргаа аж ахуйн менежер үүрэг даалгавар өгсөн боловч тухай бүр хэрэгжүүлж ажиллаагүй, бусдыг доромжилсон үйлдэл гаргасан нь дотоод хяналтын багийн дүгнэлтээр тогтоогдсон.

2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж, шивж хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгснийг ерөнхий нягтлан бодогч Ш.Д өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, засаж өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувийг нэмж нэмэгдэл авсан. Ажилтан Дэлгэрмөрөн, Пүрэвдалай нараас тус тус 10 хувийг хассан нь дотоод хяналтын багийн дүгнэлтээр тогтоогдсон. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 196 толгой бог малтай байсныг өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж орлогыг оноос өмнө төсвийн нэгдсэн санд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлнэ гэж үүрэг өгсөн боловч эсэргүүцэл үзүүлж 7,300,000 төгрөгийг төвлөрүүлж эргэн төвлөрүүлэхгүйгээр татуулж байгууллагад хохирол учруулсан. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ болон 1,513,300 төгрөгөөр бараа материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Ш.Д нь өөрийн дураар удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн үндсэн дансанд тушааж суралцагчдыг хохироосон. Одоогоор суралцагчид хувцасны мөнгөө шаардсан байдалтай байгаа. 2020 онд үүссэн өр авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7,745,000 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн захирлыг гарын үсэг зурахыг шаардаж тайлан бичсэн бичгийн цаасыг захирлын нүүрэн тус газарт шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус үйлдлийг дотоод хяналтын багаар шалгуулж үзэхэд 774,000 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Ш.Д нь Х төвийн дотоод журмыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4, 41.5 дахь хэсэгт заасан ажлаас халагдах зөрчлүүд гаргасан болно. Иймд Х төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалууд нь хууль тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ш.Д  нь  хариуцагч  Х төвд холбогдуулан  2020 оны 4  дүгээр сарын 06-ны өдрийн Сануулах шийтгэл ногдуулах тухай  Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сануулах шийтгэл ногдуулах тухай  Б/79 дугаар,  2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Дг ажлаас халах тухай  Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр шаардлагаа тодруулж хэрэг шийдвэрлэгдэх өдөр хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт сарын дундаж цалинг 1,406,490 төгрөгөөр тооцон нийт 9,223,938 төгрөг гаргуулахаар өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцлоо.

Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, Ш.Д нь сахилгын болон санхүүгийн зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан тул ажлаас чөлөөлсөн ба тушаал үндэслэлтэй гэж марган итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон.

Ш.Д  Хөвсгөл аймаг дахь  Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор  томилогдон  ажиллаж  байсан  болох нь 595274 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарзохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэг. Х төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар "Ш.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч тал 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар тушаалыг гардуулж өгсөн гэх боловч нэхэмжлэгч тал гардуулж өгөөгүй, тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн гэж маргаж, тус тушаалын хуулбарыг нотлох баримтаар ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бөгөөд тус тушаалын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй тул хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар дугаарт тушаал нь эх хувиас хуулбарласан, нотариатаар гэрчлэгдээгүй хуулинд заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй юм.

Түүнчлэн хуулинд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй хэмээн заасан.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчид танилцуулах, мэдэгдэх үүрэг ажил олгогчид байгаа ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг танилцуулсан баримтгүй, гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлгийг давхар нотлосон баримт байхгүй, хариуцагч тал танилцуулснаа нотлоогүй тул нэхэмжлэгчийн уг тушаалыг мэдсэн гэх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг тушаал мэдсэн өдөр гэж тооцоход нэхэмжлэгч Ш.Д нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

Мөн мэдсэн өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ тайлбарлаагүй учир хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэртүүлсэн гэж үзэх үзэх үндэслэлгүй байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймаг дахь Х төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хоёр.Х төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай " Сануулах шийтгэл ногдуулах тухай  тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ш.Дг өөрийн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн зөрчил гаргасан  гэх  үндэслэлээр  Х төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Ш.Д нь 2020 оноос хойш шинжээчээр үнэлгээний дүгнэлт гаргаагүй. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад дахин сахилгын шийтгэл давхардуулан олгосон тул 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын сануулах шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Х төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сануулах шийтгэл ногдуулах тухай  Б/79 дугаар тушаалыг Ш.Дд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан гэх хариуцагч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба тэрээр хүлээн зөвшөөрөөгүй талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг тушаал мэдсэн өдөр гэж тооцлоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч Ш.Д нь хуулинд заасан дээрх хугацааг хэтрүүлж гомдол гаргасан гэж үзнэ.

Тодруулбал шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолох ба Ш.Дгийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр  Хөвсгөл аймаг дахь Х төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав.Х төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай "Ш.Дг ажлаас халах тухай  тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Х төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Х төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар "Ш.Дг ажлаас халах тухай  тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 05ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Ажил олгогч  Х төвийн захирал нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг баримтлан ажилтан Ш.Дг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ингэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын болон санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчилтэй гэх үндэслэлийг заажээ.

Дээрх тушаал гарснаар ажилтан Ш.Д нь тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж, улмаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Ажилтанг  ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн тохиолдолд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс аль тохирох заалтыг баримтлан тушаал гаргах хууль зүйн үр дагавар үүсгэдэг.

Ажилтан Ш.Дг ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн  Б/25 дугаар тушаал эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: тус тушаалд ажлаас халсан үндэслэлийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын болон санхүүгийн зөрчил давтан гаргасан гэх боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил давтан гаргасан нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогчоос Ш.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан ямар зөрчлийг  гаргасан тохиолдолд давтан зөрчил гэж тооцохыг нэрлэн заагаагүй байна.

Мөн ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй. Харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл давтан зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болно.

Гэтэл ажил олгогчоос Ш.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчвөл давтан зөрчилд тооцохоор тусгаагүй ба ажилтан удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй эсэх нь ойлгомжгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Х төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Дг ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Дг Хөвсгөл аймаг дахь Х төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,223,938 /есөн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сард 1.870.949 төгрөг, 2021 оны 1 дүгээр сард 1.295.375 төгрөг, 2 дугаар сард 1.053.145 төгрөг авч байсан нь түүний 595274 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин бүгд 4.219.469 төгрөг : нэг сард = 1.406.490 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 65.418 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 28ы өдөр хүртэл  буюу ажлын  нийт 141  хоногийн цалин 9,223,938  төгрөг болж байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,223,938  төгрөгийг хариуцагч байгууллагаас  гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч нь дээрх гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.  

Ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  9,223,938  төгрөг гаргуулах шаардлагад төлөх  улсын тэмдэгтийн хураамж  163,533 төгрөг, нийт 232, 733 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд:

 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Х төвийн хөдөлмөрийн дотоод журам, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлд гаргасан хүсэлт, хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын албан бичгийн хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмж хэрэгт нотлох баримт болохгүй, ач холбогдолгүй.

2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №02 дугаар, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тэмдэглэл зэрэг бусад баримтын хуулбарууд хэрэгт ач холбогдолгүй, хуулинд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Х захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Х төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Дг ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Дг Хөвсгөл аймаг дахь Х төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Х төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,223,938 /есөн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгос

угай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс  чөлөөлөгддөг  болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Х төвөөс улсын тэмдэгтийн хураамж 232,733 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ