Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Н.Хоньчин,

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж

Шүүгдэгч Б.Лхагвацэрэн, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигин овогт Болормаагийн Лхагвацэрэн нарт холбогдох 201525030946 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 38-ын задгай гэх газар амьдардаг гэх, төрөөс авсан гавъяа шагналгүй,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

            -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан (РД:УШ76022611),

            2.Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хойт эцэг, эх, 2 дүү, 2 хүүхэд нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 27 дугаар гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Болормаагийн Лхагвацэрэн (РД:ТЕ92022544),

яллах дүгнэлтэд тэмдэглэснээр шүүгдэгч И.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр хоёр хүнийг алсан буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын (саравч) сааданд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн маргалдан түлхэж унагаан зодож санаатай алсан,

-2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Лхагвацэрэнтэй бүлэглэж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин болох биеэ хамгаалж чадахгүй 1 сар 20 хоногтой Л.Энхцэцэгийг уйллаа гэх шалтгаанаар санаатай алсан,

Шүүгдэгч Б.Лхагвацэрэн нь 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдрагч И.Энх-Амгалантай бүлэглэж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин болох биеэ хамгаалж чадахгүй 1 сар 20 хоногтой Л.Энхцэцэгийг уйллаа гэх шалтгаанаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:-

            1.И.Энх-Амгалангаас:-2015 оны 7 дугаар сарын 20-21-д шилжих шөнө Лхагвацэрэнтэй цуг Сүхбаатар дүүрэгт байрлах байгалийн түүхийн музейн хажуугаар өнгөрч байтал Лхагвацэрэн бие засах гэж нарийхан гудамж руу гүйж орсон.  Тэгтэл Лхагвацэрэн талийгаач Цэнгэл ах, Тулгабаатартай цуг гарч ирсэн. Цэнгэл ах надад чамайг гарч ирснийг чинь сонссон одоо ахад нь юм алга байна гэж хэлсэн. Би хэрэггүй дүүд нь нэг шил архи байгаа гэж хэлээд саад руу Тулгабаатар, Цэнгэл ах, Лхагвацэрэн нарыг дагуулж саад орсон. Надад 0.5 л тал шил архи байсан, тэр архийг бид 4 хувааж уусан. Би тэгээд дахиж хүнсний дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгтэл талийгаач хоёр гараа ээлжлэн цохиод босоод ирсэн. Би тэгэхээр нь эхний удаа талийаачийг боль гэж суулгасан. Талийгаач дахиж босч ирээд намайг барьж авахаар нь түлхтэл Тулгабаатар талийгаач бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Тэгтэл талийгаач газарт унасан. Би Тулгабаатараас архи байна уу гэж асуусан Тулгабаатар архи байна гэхээр нь надад нэг хийгээд өг гэж хэлсэн. Тулгабаатар надад нэг аягаар архи хийж өгөхөөр нь уусан мөн Лхагвацэрэнд архи хийж өгөхөөр нь одоо боль наадах чинь уух тэнхэлгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд Тулгабаатараас дахиж архи байна уу гэж асуухад байхгүй гэж надад хэлсэн. Би Лхагвацэрэнг хүүхэдтэйгээ дагуулаад цааш явсан. Тэнд талийгаачтай Тулгабаатар үлдсэн. Тулгабаатар бол тэнд болсон бүх асуудлын талаар мэдэж байгаа. Тулгабаатар хоёр удаа мэдүүлэг өгөхдөө “хэрүүл маргаан үүсгээд байхаар нь явсан” талаар мэдүүлдэг. Гэрч Мөнх-Үйлсийн мэдүүлэгт нэг эрэгтэй хүн байсан, тэр хүн нь аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу гээд зодоод байсан талаар мэдүүлдэг. Мөн 2 дахь удаагийн мэдүүлэгт нэг эмэгтэй хүн байсан талаар мэдүүлсэн байдаг. Нэг эмэгтэй хүн нааш цаашаа яваад байсныг мэдсэн юм бол ямар учраас хүүхэдтэй байсныг олж хараагүй юм бэ, цүнх үүрсэн хүүхэд тэвэрсэн хүнийг олж хараагүйг гайхаж байна. Мөн архины шил хагарсан байсныг харсан байсан. Ганзориг байцаагч надтай 02 дугаар сарын 04-ний өдөр ирж уулзсан. Мөрдөн байцаагч тухайн хэрэг гарах үед ганцаараа байсан юм уу гэж асуусан. Би эхнэр хүүхэдтэйгээ явж байсан талаар хэлсэн. Гэрч Мөнх-Үйлс бол мөрдөн байцаагчид хөтлөгдөж худлаа мэдүүлэг өгсөн. Тулгабаатарын өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хурал дээр Тулгабаатарын талаар мэдүүлэг өгсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талийгаач охины хэргийн зүйлчлэлийг өгч задалсан. Охины хэргийг гаргаж ирэн мөрдөн байцаах шатанд буцаасан. Талийгаач охины хэргийн хувьд Цэнгэл ахтай таарсны дараа салаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ард талд “Кибер” захын 3 давхарт буудал байсан. Тэр буудалд мөнгө байхгүй талаар хэлээд нэг өрөөнд оруулчих гэж гуйсан. Тэгтэл тэр буудлын хүн нялх хүүхэдтэй 2 согтуу хүнийг буудалд хонуулахгүй гэж хэлсэн. Лхагвацэрэн бид хоёр буудлаас гараад 50 дугаар байрны орцонд хонохоор явсан. 50 дугаар байрны орцонд байж байхад шөнө 2 цагдаа ирсэн. Яг хэдэн цагийн үед цагдаа ирснийг хэлж мэдэхгүй байна. Цагдаа эхэлж намайг дуудаад охиноо авчих, явъя гэж хэлэхээр нь би хөхүүл учраас явж чадахгүй гэдгээ хэлсэн. Цагдаа Лхагвацэрэнг сэрээгээд одоо та хоёр хүүхдээ аваад яв гэж хэлэхэд бид хоёр хүүхдээ аваад орцноос гарсан. Тэгтэл гадаа их бороо ороод байхаар нь Лхагвацэрэнд би буцаж орцондоо оръё өглөө эрт явах уу гэж хэлэхэд Лхагвацэрэн зөвшөөрч орцонд орсон. Лхагвацэрэн хүүхдээ хажуугаараа тавиад би Лхагвацэрэнгийн хөлийг дэрлээд унтсан. Тэгтэл би хөлийн чимээнээр сэрсэн. Тэгээд би Лхагвацэрэнгийн цаана байсан охиныхоо хартал царай нь их сонин болсон байхаар нь Лхагвацэрэнг сэрээж охиноо өнгөрсөн байсныг мэдсэн. Тэгээд бид хоёр яах учраа олохгүй их цочирдсон. Бид хоёр шууд парк орохоор явсан. Явах замдаа “Гурван гал” худалдааны төвд ажилладаг ахтайгаа уулзах гэж парк дотор нилээн суусан. Тэгээд ах дүүдээ юу гэж хэлэх юм бэ гэж бодоод Лхагвацэрэнтэй ярилцаж байгаад талийгаач охиноо аятайхан газар олоод нутаглуулая гэж бодсон. Талийгаач охиноо паркийн урд дунд голын хавьд газарт нутаглуулсан. Лхагвацэрэн надад хоёул харья гэж хэлж байсан. Би тэгэхээр нь охиноо ах дүүдээ яачихлаа гэж хэлэх юм бэ гэж хэлсэн. Лхагвацэрэн бол намайг дагаад яваад байсан. Бид хоёр хүүхдийнхээ мөнгийг авах гэж явж байтал таньдаг найзтайгаа таарахад чамайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хайж байна гэж надад хэлсэн. Тэгээд буян хийх гэж явж байгаад цагдаад баригдсан гэв.

            2.Б.Лхагвацэрэнгээс:-Миний охин 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эцэг нь Энх-Амгалан, 7 дугаар сарын 03-ны өдөр төрсний гэрчилгээ авсан. Би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхонд ээжийн гэрт амьдарч байсан. 2015 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Байгалийн түүхийн музейн тэр хавьд бие зассан. Тэгтэл Энх-Амгалан намайг дуудсан, тэгтэл Энх-Амгалангийн хамт талийгаач, Тулгабаатар хоёр хамт тал шил архи хувааж уугаад зогсож байсан. Би тэр ууж байсан архинаас уугаагүй, дараа нь авсан архинаас нь нэг удаа татчихаад дээрх хүмүүсээс охинтойгоо хол суусан. Тухайн үед би уусан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд Энх-Амгалан, талийгаач, Тулгабаатар нар хажууд ирсэн байсан. Би талийгаачийг хэн түлхсэнийг хараагүй. Тулгабаатар намайг зам хөндлөн гаргаж өгсөн байх гэж боддог. Тэгээд Энх-амгалан талийгаач охин бид гурав 50 дугаар байрны орцонд орсон. Би охиноо хөхүүлээд хажуугаар тавиад унтсан миний хөлийг Энх-Амгалан дэрлэж унтсан. Шөнө орцонд унтаж байхад 2 цагдаа ирээд хүүхдээ аваад яв гэж хэлсэн. Байрны орцноос гарахад гадаа их бороо ороод байхаар нь Туул ресторан хүртэл алхаад охины өлгий норсон болохоор буцаж орцонд орж хоносон. Өглөө Энх-Амгалан намайг сэрээгээд охин эвгүй болчихсон байна гэж хэлсэн. Би охиныхоо хацар дээр нүүрээ наагаад үзтэл хүйтэн болчихсон байсан. Би тухайн үед яах ч учраа олохгүй байсан. Тэгээд Энх-Амгалантай ярилцаж байгаад хүүхдээ дунд голын тэнд оршуулсан гэв.

            Б.Лхагвацэрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би тэр өдөр Нандиа, болжмор Болдоо, Нэргүй, онгорхой Төмөрөө нарын хамт Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хойд талд өдөржингөө архи уусан. 0.75 граммын 5 шил архи хувааж уусан. Бид нарыг архи ууж суутал Батцэнгэл ах хажуудаа нэг гороочинтой цуг хүрч ирсэн. Батцэнгэл ахыг ирэх үед Нандиа, Болдоо, Нэргүй, Төмөрөө нар манай нөхөр бид хоёроос салаад явчихсан байсан юм. Батцэнгэл ахыг ирэхээр нь манай нөхөр 0.5 граммын Бурхан халдун архи аваад Байгалийн түүхийн музейн хажуу талын саадан дотор хувааж ууцгаасан. …Тэр гороочинг урьд нь харж байгаагүй шинэ хүн байсан. Гороочин гэж сав суулга түүдэг хүнийг хэлээд байгаа юм. Тэр архинаас нь би 1 удаа татчихаад 2 сар хүрээгүй хүүхдээ тэврээд тэд нараас холдоод суусан. Гэхдээ нэг их холгүй суусан. Тэр 3 архи уугаад сууж байгаад аав агсам тавих гээд, хоб хоб гээд 2 гараа хооронд цохиод орилоод босоод ирэхэд нь Энх-Амгалан хол бай гээд түлхээд унагаасан. Аав гэж Батцэнгэл ахыг хэлээд байгаа юм. Настай хүн болохоор нь хүндлээд аав гэж дууддаг болсон гэжээ.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаагаас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Насанд хүрээгүй хохирогч Энхцэцэг нь 01 сар 20 хоногтой байсан. Хохирлын хувьд гомдолгүй. Энэ хүмүүс эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Эрхийг хангаагүй байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…миний эх Рэнцэнханд, эцэг Б.Батцэнгэл нар нь гэр бүл болоод би 1986 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн. Тэгээд намайг 4, 5 настай байхад миний ээж аав салсан. Тэр цагаас хойш аавтайгаа уулзаагүй 20 гаран жил болсон. Хүмүүсээс л хааяа сургийг нь сонсоход Бөмбөгөр орчмоор архи уугаад явж байна лээ охиноо асуугаад байна лээ гэдэг байсан. Ер нь их архи уудаг хүн гэж сонссон. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эцгийг алсан хүнд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Б.Мөнх-Үйлсээс:-2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ байсан. Ойролцоогоор шөнийн 01 цагийн үед гэрээсээ гараад 2 дугаар орцны урд зогсоол дээр байрлуулсан өөрийн эзэмшлийн 85-29 УНП улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээс бичиг баримтаа авах гээд гарсан юм. Тэгэхэд миний машинаа байрлуулсан зогсоолоос зүүн хойшоо байрлах саравчны урд 2 хүн хоорондоо маргалдсан байдалтай нэг нь газар хажуу тийш хараад хэвтчихсэн нөгөө нь хажууд нь хагас суусан байдалтай “аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж чангаар дуугараад байсан. Тэгээд би машинаасаа бичиг баримтаа аваад гэр рүүгээ орсон. Тухайн үед миний харснаар хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ дээр нь гарчихсан байсан хоёр хүн нь хоёулаа муухан хар бараан өнгийн хувцастай харагдаж байсан. Тэр 2 хүний гадаад дүр төрхийг нь анзаарч харж чадаагүй. …тухайн үед харагдах орчин муу харанхуй байсан гэхдээ миний санаж байгаагаар хөгшин настай байрын хүн нь газар хажуу тийшээ харчихсан нуруу юм уу бөгсний хэсэг нь ил гарчихсан, харин арай залуу байрын хүн нь хажууд нь хагас суух байрлалтай “аав хүү 2 ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Би яг цохиж зодож байгааг нь хараагүй юм. Тэр юм яриад байсан залуу нь архи уучихсан байдалтай орилж хэлж байсан. Тухайн үед угаасаа өшиглөөд цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тэр хоёр хүн хоёулаа согтуу байсан бөгөөд архины шил хагарчихсан байсан гэдгийг хэлмээр байна. Миний мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад архины шилний хагархай байсан. Тухайн үед л би анзаарч хараагүй өнгөрсөн байсан юм шиг байна лээ. Тухайн үед саадан дээр 2 л хүн байсан юм. Бас нэг эмэгтэй хүн ирж очоод л яваад байсан гэдгийг хэлмээр байна гэжээ.

            2.Х.Тулгабаатараас:-Цэнгэл ах бид 2 Байгалийн түүхийн музейн тэнд явж байхад сааданд Цэнгэл ахын таньдаг 2 хүн архи уугаад сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь эмэгтэй ба бага насны өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн байсан. Нөгөө эрэгтэй нь нөхөр нь гэсэн. Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд архиа дуусгачихаад дахиад нэг шил 0.5 граммын Бурхан халдун нэртэй архи авч задлаад уугаад сууж байхдаа Цэнгэл ахын таньдаг гэх залуу нь тэр хавиар бариа хийдэг, хамт бариа хийх үү гээд янз бүрийн юм яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Тэр үед Цэнгэл ах тэр хоёртой архи уугаад үлдсэн. Би тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэр хоёрын эрэгтэй нь 40 орчим насны 170-173 см орчим нуруутай хөх өнгийн подвалктай байсан. Харин эмэгтэй нь бараан өнгийн хувцастай байсан. Тэр 2 гадуур тэнэмэл байдлаар амьдардаг бололтой зүс царайтай байсан ба Сүхбаатарын талбай орчмоор тэнэмэл байдлаар амьдардаг гэж байсан. Тэнд байсан эрэгтэйгийнх нь нэрийг Амгаа (Амгалан) гэсэн байхаа. Бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Харин тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан гэжээ.

            3.Б.Алтанцэцэгээс:-Би 2015 оны 6 сарын 23-нд гадуур үзлэг хийж яваад Мандал-Овоо 38-задгайд шинэ нярай байгаа гэхээр нь очиж үзсэн. Тэр үед эцэг эх хоёр нь байсан ба нярайг үзэх үед гарын алга, хөлийн ул шар туяатай байсан тул хэвтүүлэх гэхэд эцэг эх хоёр нь эмнэлэгт хэвтүүлэхгүй гэж татгалзсан. Ямар учраас татгалзаж байгаа талаараа хуудас бөглөх хэрэгтэй гэхэд эцэг эх хоёр нь ярьж байгаад эцэг нь хамт явж өрхийн эмнэлэг дээр ирж хуудас бөглөсөн ба тэр үед нь нярайг эмнэлэгт хэвтээгүйгээс болж гарах хүндрэл гарна гэдгийг тайлбарлаж өгсөн. Татгалзах хуудсаа бөглүүлж аваад үлдсэн гэжээ.

            4.Б.Янжинлхамаас:-Миний хариуцсан хэсэг болох Мандал-Овоо 38-
ын задгайд Лхагвацэрэнгийн Энхцэцэг гэх нярай байгаа гэснээр эргэлтийнхээ дагуу 2015 оны 6 дугаар сарын 25-нд гэрээр нь очиж үзсэн. Тухайн үед эмнэлэгт хэвтэхээс татгалзсан байсан ч гэсэн шарлалтыг арилгах эм авч ууж байсан ба шарлалт нь арай арилаагүй байсан. Түүнээс хойш 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 07, 7 дугаар сарын 17-нд гэрээр очиж үзлэг хийхэд шарлалт арилсан байсан ба хүүхэд хэвийн бойжиж байсан. Тухайн хүүхдийг 8 дугаар сарын 02-нд 2 сартайн вакцинд товлоод дуудсан боловч хүүхдийн ар гэрийн утас холбогдоогүй. Гэрээр очих үед гэртээ эцэг эх хүүхэд байгаагүй. /нярай Энхцэцэгийг үзэх үед архаг хууч өвчин байгаагүй/ гэжээ.

            5.Ж.Үүрийнтуяагаас:-Энэ өдрийн шөнө би Солонгос улсад байдаг нөхөртэйгөө гар утсаараа холбогдоод байж байхад шөнийн 01 цагийн үед хүүхэд уйлаад гэнгэнээд 20-30 минут болсон. Тэгэхээр нь би дүү Отгонсүрэнгийн хамт гар чийдэн бариад доошоо 1 давхарт очсон. Подвалын шатаар доошоо буухад доор шалан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хэвтэж байсан. Хажууд нь манцуйтай хүүхэд уйлаад байж байсан. Эмэгтэйн өмд нь бага зэрэг тайлагдсан байдалтай байсан. Би эмэгтэйг татаж сэрээсэн. Тэр хоёрыг хөөе гэж дуудсан чинь сэрэхгүй байсан. Би дуудаад байсан чинь эхлээд эрэгтэй нь сэрсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёроос архины муухай нэвшсэн үнэр үнэртэж байсан. Манцуйтай хүүхэд рүү гэрэл тусгаж харахад удаан уйлаад уруул нь хөхөрсөн байсан. Эрэгтэй нь сэрээд эмэгтэйгээ пизда минь сэрээч гээд өшиглөж байсан. Би тэгээд цагдаа дуудсан гэжээ.

            6.Н.Мэндсайханаас:-Дуудлага аваад Тагнуулын 50 гэдэг байрны подвалд хэвтэж байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг хэвтэж байхад нь босгож гаргасан. Намайг подвалд ороход тэр 2 зэрэгцэн хэвтээд унтаж байсан. Намайг тэр подвалд ороход хүүхэд уйлах ч юмуу, нялх хүүхэд дуугарах ч юмуу ямар нэгэн чимээг сонсоогүй. Эхлээд эрэгтэй нь босоод нэг өлгийтэй хүүхэд тэврээд гарч ирсэн, араас нь эмэгтэй нь гарч ирсэн. Энэ үед тэр өлгийтэй хүүхэд ямар нэгэн чимээ гаргаагүй. Би тэр өлгийтэй хүүхдийг унтаж байна л гэж бодсон. Тэр 2 хүүхдээ тэврээд гэр ойрхон байдаг гээд явсан. Би тэгээд тэр хоёрыг явуулаад дуудлагаа “гэр рүү нь явуулсан” гэж хаасан гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ /Батцэнгэлийн цогцост/ хийсэн 2015.8.14-ний ¹1314 тоот актын дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дээд хана, дух, зулай, суурь ясны хугарал, тархины дух, зулай, зүүн чамархай, дагз, суурь хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, суурь, зүүн чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 6 гаран цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.9.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаачийн цусанд 1.9 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно.

7.Талийгаач нь АII бүлгийн цустай байна.

8.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй гэжээ.

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Долгормааг асуусан тэмдэглэлд:-Б.Батцэнгэлийн биед үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Талийгаачийн толгойд учирсан ясны хугарал нь хоёр өөр газар өөр өөр хүч үйлчилж үүссэн байх боломжтой. Уг хугаралууд нь нэгнээсээ нөгөө рүүгээ салаалж дамжсан хугарал биш тус тусдаа хүчээр үүсгэгдэсэн хугарал байгаа юм. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь зулай хэсгийн хугаралаас болж үүссэн байх боломжтой эсвэл нүдний хэсэгт тусдаа хүчний үйлчилсэний улмаас үүсэх боломжтой. Тухайн ясны гэмтэлүүд нь хүний гараар цохиход үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэг нь галт зэвсгээс бусад болон хурц ир үзүүртэй зүйл болон хүний гараас бусад зүйлийг хэлнэ гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ /1 сар 20 хоногтой Лхагвацэрэнгийн Энхцэцэгийн цогцост/ хийсэн 2015.08.17-ны №1353 тоот актын дүгнэлтэд:

1.2.3.4.Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

5.8.Архаг хууч өвчин болон нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

6.Талийгаач нь АВО системээр АВ /IY/ бүлгийн харъяалалтай цустай байна.

7.Талийгаач нь анхны үзлэг хийгдсэнээс 72 цагаас өмнөх хугацаанд нас барсан байна гэжээ.

Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 2016.07.07-ны №422 тоот актын дүгнэлтэд:

1.ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч О.Болороогийн гаргасан №1353 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

3.Архаг хууч өвчин болон нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4.Талийгаачид 2015.07.30-ны өдөр үзлэг шинжилгээ хийгдсэн ба үүнээс 72 цагийн өмнөх хугацаанд нас барсан байна гэжээ.

Шинжээч эмч О.Болороог асуусан тэмдэглэлд:-Цогцос нь газар доор 7 хоносон байсан учир эд эрхтэнд ялзрал явагдсан байсан учир үхлийн шалтгааныг нарийвчлан гаргах боломжгүй байна гэжээ.  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.9.22-ны ¹813 тоот дүгнэлтэд:

1.2.И.Энх-Амгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

3.И.Энх-Амгалан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна гэжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.02.07-ны ¹102 тоот дүгнэлтэд:

1.Б.Лхагвацэрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Лхагвацэрэн нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Б.Лхагвацэрэн нь гэмт үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Лхагвацэрэн нь өөрийнхөө үйлдлийг ухамсартайгаар удирдаж чадаж байсан байна.

3.Б.Лхагвацэрэн нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Лхагвацэрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4.Б.Лхагвацэрэн нь сэтгэцийн хувьд болсон үйл явдлыг бодитоор тусган авч өөрийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Лхагвацэрэн нь тухайн үед хэрэг учрал болох үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинжгүй байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэж үзвэл:

Нэг: Прокуророос шүүгдэгч Б.Лхагвацэрэн, И.Энх-Амгалан нарыг бүлэглэж 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин болох биеэ хамгаалж чадахгүй 1 сар 20 хоногтой Л.Энхцэцэгийг уйллаа гэх шалтгаанаар санаатай алсан хэмээн тэдгээрт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.08.17-ны №1353 тоот актад “Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Архаг хууч өвчин болон нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн байх ба хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийг санаатай алсан гэх гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн нь тогтоогдоогүй байх тул тэдгээрийг бүлэглэж биеэ хамгаалж чадахгүй 1 сар 20 хоногтой Л.Энхцэцэгийг уйллаа гэх шалтгаанаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан эцэг, эх асран хамгаалж байгаа хүнээ шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.      

Хоёр: Шүүгдэгч И.Энх-Амгалан нь 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын саравчинд Б.Батцэнгэлтэй архи ууж согтуурсан үедээ түүнийг агсраад босоод ирэхэд нь түлхэн унагааж, улмаар “аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн зодсоноос хохирогч нь зүүн нүдний ухархайн дээд хана, дух, зулай, суурь ясны хугарал, тархины дух, зулай, зүүн чамархай, дагз, суурь хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, суурь, зүүн чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл авч, гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “Тэр над руу агсараад босоод ирэхэд нь би биеэсээ холдуулж жаахан түлхэхэд тэр хөлөндөө тээглээд өөрөө унасан гэж би боддог” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Үйлсийн “… хөгшин настай байрын хүн нь газар хажуу тийшээ харчихсан нуруу юм уу бөгсний хэсэг нь ил гарчихсан харин арай залуу байрын хүн нь хажууд нь хагас суух байрлалтай “аав хүү 2 ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Тухайн үед угаасаа өшиглөөд цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тухайн үед саадан дээр 2 л хүн байсан юм. Бас нэг эмэгтэй хүн ирж очоод л яваад байсан гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг, гэрч Х.Тулгабаатарын “…Цэнгэл ах бид 2 Байгалийн түүхийн музейн тэнд явж байхад сааданд Цэнгэл ахын таньдаг 2 хүн архи уугаад сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь эмэгтэй ба бага насны өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн байсан. Нөгөө эрэгтэй нь нөхөр нь гэсэн. Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд архиа дуусгачихаад дахиад нэг шил 0.5 граммын Бурхан халдун нэртэй архи авч задлаад уугаад сууж байхдаа Цэнгэл ахын таньдаг гэх залуу нь тэр хавиар бариа хийдэг, хамт бариа хийх үү гээд янз бүрийн юм яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Тэр үед Цэнгэл ах тэр хоёртой архи уугаад үлдсэн. Би тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Харин тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Лхагвацэрэнгийн “…Батцэнгэл ахыг ирэхээр нь манай нөхөр 0.5 граммын Бурхан халдун архи аваад Байгалийн түүхийн музейн хажуу талын саадан дотор хувааж ууцгаасан. Тэр 3 архи уугаад сууж байгаад аав агсам тавих гээд хоб хоб гээд 2 гараа хооронд цохиод орилоод босоод ирэхэд нь Энх-Амгалан хол бай гээд түлхээд унагаасан.” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-5-7), гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-8-9), амь хохирогч Б.Батцэнгэлийн цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-10), гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-11-13), задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2015.8.14-ний ¹1314 тоот дүгнэлт, түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-19), гэрч Б.Мөнх-Үйлсийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (1-р хх-51-54), шүүгдэгч И.Энх-Амгалангийн сэтгэц шалгасан шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.9.22-ны ¹813 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Лхагвацэрэнгийн сэтгэц шалгасан шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.02.17-ны ¹102 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч И.Энх-Амгаланг Б.Лхагвацэрэнтэй бүлэглэж 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин болох биеэ хамгаалж чадахгүй 1 сар 20 хоногтой Л.Энхцэцэгийг уйллаа гэх шалтгаанаар санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч уг гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүгдэгч И.Энх-Амгаланг хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15-д заасан гэмт хэрэгт ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч И.Энх-Амгалан нь 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтайд тооцогдох хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул шүүгдэгчийг 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө анх удаа Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 граммын шилтэй Бурхан халдун нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 300 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ишцэрэнгийн Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

-Шүүгдэгч Болормаагийн Лхагвацэрэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, мөн эцэг, эх асран хамгаалж байгаа хүнээ шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигин овогт Болормаагийн Лхагвацэрэнг эцэг, эх асран хамгаалж байгаа хүнээ шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Лхагвацэрэн, И.Энх-Амгалан нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг уг хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч И.Энх-Амгаланг 10 (арав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч И.Энх-Амгаланд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч И.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 667 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Лхагвацэрэн нь 182 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 граммын Бурхан халдун нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч, хүүхдийн ягаан эрээн өнгийн өлгий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

9.Шүүгдэгч Б.Лхагвацэрэнг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

10.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Лхагвацэрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргасугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

              ШҮҮГЧИД                                          С.БАТГЭРЭЛ

 

       Н.БАЯРМАА