Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 396

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                    

 

 

 

 

 

 

 

           И.Энх-Амгаланд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч И.Энх-Амгалангийн өмгөөлөгч Г.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч И.Ганбат, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн улсын яллагчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр И.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн 201525030946 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан, 1976 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД: УШ76022611/,   

          И.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын сааданд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой болов уу” хэмээн маргалдан түлхэн унагааж, зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: И.Энх-Амгаланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч И.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зайлшгүй шалгаж тогтоох үйл баримт тогтоогдож байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч И.Энх-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирохгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зарим зүйлийг тогтоох шаардлагатай гэж үзнэ. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ...”, “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...” гэж,

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “...Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ...”, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:

-хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх...” үүргийг тус тус хуульчилж өгчээ.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт хүүхдийн амьдрах эрхийг “...Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...хүүхдийг хувцас, хоол, хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно...”, “...хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, ...дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана...” гэжээ.

Гэтэл сэжигтэн Б.Лхагвацэрэн, шүүгдэгч И.Энх-Амгалан нар нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндсэн үүргээ зохих ёсоор удаан хугацаагаар биелүүлэлгүй өөрсдийн төрсөн хүүхэд болох 1 cap 20 хоногтой Л.Энхцэцэгийг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Туул голын орчим газар булсан, охин Л.Энхцэцэг нь нас барсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн Б.Лхагвацэрэн, И.Энх-Амгалан нарын мэдүүлэг, тэдний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад Б.Лхагвацэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалах үүргээ урвуулсан гэж зүйлчлэн, түүнийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн мөрдөн байцаалтын шатанд И.Энх-Амгалан нь охин Л.Энхцэцэгийг газар булсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Иймд амь хохирогч 1 cap 20 хоногтой охин Л.Энхцэцэгт түүний эх Б.Лхагвацэрэн, эцэг И.Энх-Амгалан нар нь ямар шалтгааны улмаас шаардлагатай тусламжийг үзүүлээгүй, ямар зорилгоор эмчлүүлэхээс татгалзсан, эмчилгээ, үйлчилгээнээс татгалзсан хүсэлтийг гаргасан, хохирсон гэх үед хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байсан эсэх, мөн ямар зорилгоор хохирогчийг газар булсан эсэх, хохирогч хэрхэн яаж амь насаа алдсан шалтгааныг тогтоох, мөн Л.Энхцэцэгийн шарилд дахин шинжээчийн дүгнэлт гарах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сэжигтэн Б.Лхагвацэрэнгийн тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15, шүүгдэгч И.Энх-Амгалангийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тус тус шалгах шаардлагатай.

Амь хохирогч Л.Энхцэцэгт төрсний гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд түүний нас барсан болохыг бүртгэж, улсын бүртгэлээс хассан эсэх талаар албан ёсны лавлагааг зохих журмын дагуу авч шалгах нь зүйтэй.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж,

-мөн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална...” гэж тус тус заасан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ: 28.4.2. гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх; гэж,

-мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ: 43.1.1. Эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй.” гэж тус тус заажээ.

Эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтэн нярай охины эцэг, эх эмчилгээ хийлгэхгүй тухай татгалзах хүсэлт гаргасан хэдий боловч дээрх хуулиудад заасан үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх, эсхүл биелүүлээгүй эсэх, мөн иргэний эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд нярай охиныг хүлээн авсан эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны үйлдэлд Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах, мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоомогц тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичих зэрэг зохих ажиллагааг хийх нь зүйтэй байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Б.Лхагвацэрэнгийн “...тэр 3 архи ууж сууж байгаад аав агсам тавих гээд хоб хоб гээд 2 гараа хооронд нь цохиод орилоод босоод ирэхэд И.Энх-Амгалан хол бай гээд түлхээд унагасан.., гэрч Х.Тулгабаатарын “...тэнд байсан эрэгтэйгийнх нь нэрийг Амгаа гэсэн байх аа, бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй, харин тэнд байсан залуу над руу хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан...”, гэрч Б.Мөнх-Үйлсийн “хөгшин настай байрын хүн нь газар хажуу тийшээ харчихсан, нуруу юм уу, бөгсний хэсэг нь ил гарчихсан харин арай залуу байрын хүн нь хажууд нь хагас суух байрлалтай “аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Би яг цохиж, зодож байгааг нь хараагүй. Тэр юм яриад байгаа залуу нь архи уусан байдалтай орилж байсан.., өшиглөөд цохиод байгаа дуу нь сонсогдож байсан...” гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд амь хохирогч Б.Батцэнгэл, шүүгдэгч И.Энх-Амгалан нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх баримтгүй тул шүүгдэгч И.Энх-Амгалангийн хүнийг алсан гэмт хэргийн сэдэлтийг тогтоох, хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж үзлээ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Оюунгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч И.Энх-Амгалан, сэжигтэн Б.Лхагвацэрэн нарын төрсөн хүүхэд болох 1 cap 20 хоногтой Л.Энхцэцэгийг нас барсан шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч, шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1353 дугаартай дүгнэлтэд задлан шинжилгээгээр “ялзрал, нүүрний арьсны өнгөц давхаргын хуулрал, хэвлийн хэсгийн ногоорол” онош тогтоогдсон ба “талийгаачийн биед гэмтэл тогтоогдох боломжгүй байсан. Цаашид ямар нэгэн ажиллагаа хийгдэх боломжгүй гэж үзсэн. Шүүгдэгч И.Энх-Амгалан, сэжигтэн Б.Лхагвацэрэн нар бүлэглэж бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн иргэн Л.Энхцэцэгийн нас барсан талаар эцэг эх нь өглөө сэрээд мэдсэн бөгөөд цогцсыг нь Дунд голын эрэгт аваачиж газарт булсан байдаг тул нас барсан тухай болон оршуулсан тухай зохих байгууллагын тодорхойлолт бичиг байхгүй, нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй тухай шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээчийн болон гэрчийн мэдүүлгүүд байна. Иймд иргэн Л.Энхцэцэгийг иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгэхдээ үндэслэх ганц баримт нь тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар болох ёстой. Шүүгдэгч И.Энх-Амгалан, сэжигтэн Б.Лхагвацэрэн нар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хяналтад байдаг байсан бөгөөд сувилал болон эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлээд дахин эмчилгээ шаардлагатай эмнэлэгт хэвт гэж эмч нарыг хэлэхэд нь шүүгдэгч И.Энх-Амгалан, сэжигтэн Б.Лхагвацэрэн нар татгалзаад холбогдох баримтан дээр гарын үсэг зурсан байдаг. Иймд эмнэлгийн ажилтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр татах боломжгүй гэж үзсэн. Тухайн үед байсан, шалгавал зохих хүмүүсийг бүгдийг нь шалгасан. Шүүгдэгч И.Энх-Амгалан “талийгаач намайг цохих гээд хоб, хоб гээд босоод ирэхэд би цаашаа бай гээд түлхэхэд газар унасан” гэж мэдүүлдэг. Гэрч нар мөн адил мэдүүлэг өгдөг. Хэргийн сэдэлтийг тогтоогдох боломжгүй гэж үзсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар ял сонсгосон” гэв.

Шүүгдэгч И.Энх-Амгалангийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би И.Энх-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна.  Харин хүүхэд нас барсан асуудлыг И.Энх-Амгалантай холбоогүй гэж үзэж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

И.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын сааданд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой болов уу” хэмээн маргалдан түлхэн унагааж, зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос И.Энх-Амгалангийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн материалыг судлахад;

Шүүгдэгч И.Энх-Амгалан болон иргэн Б.Лхагвацэрэн нарын төрсөн охин Л.Энхцэцэгийн нас барсан нөхцөл байдал, шалтгааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслээр дахин шалган тогтоож, дээрх үйл баримтад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, охины нас барсан шалтгааны талаар түүний эцэг И.Энх-Амгалан, эх Б.Лхагвацэрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1353 тоот “…Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Архаг хууч өвчин болон нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна…” гэх дүгнэлтээс өөр үхлийн талаарх үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар тогтоолын “…Л.Энхцэцэгийн нас барсан шалтгааныг тодруулж, энэхүү үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг дахин нарийвчлан тогтоох…” гэсэн хэсгийг хүлээн авч, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзэж, анхан шатны шүүхийн тогтоолд дээрх заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн тогтоолд дурдсан шүүгдэгч И.Энх-Амгалангийн талийгаач Ц.Батцэнгэлийг алсан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох, Л.Энхцэцэгийг эмчилж байсан эмч, эмнэлгийн ажилтны үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах зэрэг ажиллагаа нэмэлт мөрдөн байцаалтаар хийх шаардлагагүй байна.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн улсын яллагчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт очтол И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ