Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02024

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02024

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч:МУЗГ холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 46 000 922 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гг, түүний өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Э., нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Монгол Улсын иргэн Ж.Х нь Ажилгүй байсан хугацааны олговор 31 176 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан билээ. Үүнээс хойш 3 шатны шүүхээр маргааныг хэлэлцэж одоо анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр товлосон байна. Энэ хугацаанд хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн хэвээр, маргааныг эцэслэн шийдвэрлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон 14 сарын хугацааны нөхөн олговорыг шүүхээс анх тогтоосон дүнгээр буюу 1 058 923 /Нэг сая тавин найман мянга есөн зуун хорин гурав/ төгрөгөөр тооцон нийт 14 824 922 /Арван дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийн нөхөн олговорыг хариуцагчаас нэмж гаргуулж, нийгмийн даатгалын холбогдох бичилтийг мөн хугацаагаар нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Энэ хугацаанд хариуцагч болох Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд Эрүүл мэндийн яаманд ...шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай асуудлыг хэлэлээд тогтоол гаргахаар тогтов гээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрийг үндэслэн Э.Хатанбаатарт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болон Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан байдаг ба тус өдөр 228 дугаар тогтоол гаргасан. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 08 сарын 02-ны өдрийн А/273 дугаар Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргаж, Ж.Хын нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байдаг боловч өнөөдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелэгдэж хангагдаагүй байгаа тул хариуцагчийн гаргаж өгсөн эдгээр нотлох баримтуудыг нь үндэслэн шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлнэ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг дурдаж байна. 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. 2014 оны шүүхийн шийдвэрээр 1 058 000 төгрөгийн цалинтай байна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэгэнт тогтоосон үйл баримтыг бид ярихгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт хоёр өгөгдөл заасан. Хоёр өгөгдөлд түүнд ажилгүй байсан хугацааны цалин, ажил хийсэн бол зөрүү мөнгийг олгоно гэж заасан. Гэтэл Ж.Х аль ч шаардлагыг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь түүнд нээлттэй. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин яригдана.

Гэтэл 2014 оны 12 дугаар сараас Монголын Санхүүгийн корпорациас өнөөдрийг хүртэл Ж.Хын нэр дээр шимтгэл төлсөн баримт нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Ж.Х 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил эрхэлж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдаж байна. Зөрүү мөнгөний хувьд шүүхээр тогтоогдсон шийдсэн үйл баримт нь сарын дундаж хөлс 1 058 000 төгрөг, гэтэл 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 000 000, 2 000 000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байдаг.

Түүнчлэн, хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь Ж.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зохих хуулийн дагуу түүнтэй зөвшилцөж шийдвэрлэсэн талаар холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбарууд болон хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 31 176 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 сарын хугацааныхыг нэмж 14 824 922 төгрөг, нийт 46 000 922 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж эс зөвшөөрч маргав.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ж.Хыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Ж.Хыг ажилд нь эргүүлэн тогтоогоогүй ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Засгийн газраас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Х нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгохоор Монгол Улсын Засгийн газарт хандаж байсан, түүнчлэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнд захиргааны хэрэг үүсгэн хянаж байгаа болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6864 дүгээр захирамжаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Хт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойшхи буюу /нэмэгдүүлсэн шаардлага болох/ 2018 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийтдээ 46 000 922 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Төрийн албанаас чөлөөлөх тухай Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 233 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Тэтгэвэр тогтоох насанд хүрсэн тул өөртэй нь тохиролцсоны дагуу Ж.Хыг төрийн албанаас чөлөөлсөн ба тухайн өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд: ...Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтоов. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрийг үндэслэн Ж.Хт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болон Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.С даалгав гэсэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/273 дугаартай Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгох, нийгмийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар, Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4-1/215-Ө дугаартай Өргөдөлд хариу өгсөн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчид тухайн цалин олговор нь олгогдоогүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг тавьж байна.

Иймээс, зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтад: ...2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 43 сар 14 хоногийн 46.223.227 төгрөгийг нөхөн олгох, 2013 оны 02 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг яамны ахлах нягтлан бодогч /О.У/-д зөвшөөрсөн тушаал гаргасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр шаардсан 46.000.922 төгрөгийн хэмжээгээр нь хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хт олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлсэн бол нэхэмжлэгч Ж.Хын хувьд өөр ажил, албан тушаал эрхлэх шаардлага үүсэхгүй, Монголын санхүүгийн хөгжлийн корпораци ХХК-д ажиллаж байсныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ж.Хыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, ажилд нь эргүүлэн тогтоогоогүй ба ажилгүй байсан хугацааны цалин олговор нь олгогдоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр цалин шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Хын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 201оны 0дугаар сарын 19ий өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын засгийн газраас 46 000 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х олгож, цалин олговорт тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч МУЗГ даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /314 000+232 100/ 546 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Х олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387 955 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ