Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01372

 

Ж.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1422 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 31 176 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулганы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Х- нь Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тул шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргаж буй өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу нийт хоёр жилийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 31 176 000 төгрөгийн олговор, ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрээр Ж.Х-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч Засгийн газраас дээрх албан тушаалд эгүүлэн томилоогүй. Учир нь Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Засгийн газрын бүтцийг шинэчилж, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон. Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам (хуучин нэрээр), улмаар мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, нийтийн биеийн тамир, спортын салбарын хөгжлийн асуудал, тус салбарын үйл ажиллагаанд баримтлах бодлого зэрэг шинээр нэмэгдсэн чиг үүргийг хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон.

2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд тус албан тушаал байхгүй болсон. Ж.Х- 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил эрхэлж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдаж байна. Зөрүү мөнгөний хувьд шүүхээр тогтоогдон шийдсэн үйл баримт нь сарын дундаж хөлс 1 058 000 төгрөг, гэтэл 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 000 000 төгрөгөөр, 2 000 000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25 414 152 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-т олгож, нэхэмжлэлээс 5 761 848 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Х-ын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-т олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 285 021 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1422 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх нь холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг хэрэглэхдээ а/ Маргаан бүхий ажил, албан тушаалаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бол ажилгүй хугацааны бүх цалинг олгуулах, б/ Ажил, хөдөлмөр эрхэлж байсан ч авсан цалин нь маргаан бүхий албан тушаалын цалингийн хэмжээнд хүрэхгүй бол зөрүүг нь олгуулах гэсэн 2 нөхцлөөс аль нэгийг сонгох боломжтойгоор томьёолсон байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2739/с дүгээр шийдвэрээр Ж.Х- нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж байхдаа нэг сарын 1 058 923 төгрөгийн цалин хөлс авч байсныг тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Ж.Х- нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаагаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн буюу 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын 7 000 000 төгрөгийн цалинтайгаар “Монголын санхүү хөгжлийн корпораци” ХХК-д ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Ийнхүү дээрх нотлох баримтаар Ж.Х- нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингаас илүү цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байсан нь нотлогдож байхад анхан шатны шүүх “Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл цалин шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй...” гэж нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч Засгийн газраас цалин хөлс шаардах боломжгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Х-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739\с шийдвэрт талууд давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүйгээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 11.2.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг байна.

Нэхэмжлэгч Ж.Х- Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Засгийн газар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31 176 000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзахдаа  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, Эрүүл мэндийн яам үгүй болж, улмаар энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан, шинээр байгуулагдсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болсон гэж тайлбарлажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг эрх зүйн үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох ёстой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Харин мөн зүйлийн 36.2.-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан нөхөх олговор гаргуулах нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн эс үйлдэхүйгээс гарах эрх зүйн үр дагавар юм. Ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах бодит боломжгүй болсон тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр ажил албан тушаалд ажиллуулах хуульд заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй бол мөн л ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтанд төлөх үүрэгтэй юм. Харин өөр ажил санал болгох үүргээ биелүүлсэн боловч ажилтантай тохиролцож чадаагүй бол нөхөх олговор төлөх ажил олгогчийн үүрэг дуусгавар болно. Энэ утгаар ажил олгогч чухамхүү аль үүргээ биелүүлээгүй болох нь нөхөх олговор гаргуулах тухай эрх зүйн маргаанд ач холбогдолтой үйл баримт юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Х-ын эрхэлж байсан ажил, албан тушаал үгүй болсон гэж үзэх эсэх, Эрүүл мэндийн яам татан буугдсан, эсхүл  өөрчлөн зохион байгуулагдсан, шинээр байгуулагдсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал гэж үзэх эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчид өөр ажил, албан тушаал санал болгосон эсэх, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс ямар арга хэмжээ авсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Маргааны үйл баримт тодорхой болоогүй, хэргийн нөхцөл байдал баримтаар хангалттай тогтоогдоогүй байгаагаас гадна шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1422 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН