Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1422

 

Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Хатанбаатар  

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговор 31 176 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ганхуяг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Түвшинтулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэбулган

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Энх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Хатанбаатар нь Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөх шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тул шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргаж буй өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацаа буюу нийт хоёр жилийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 31 176 000 төгрөгийн олговор, ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тоггоосон боловч  Засгийн газраас дээрх албан тушаалд эгүүлэн томилоогүй. Учир нь Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Засгийн газрын бүтцийг шинэчилж, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон. Улсын Их  Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам (хуучин нэрээр), улмаар мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, нийтийн биеийн тамир, спортын салбарын хөгжлийн асуудал, тус салбарын үйл ажиллагаанд баримтлах бодлого зэрэг шинээр нэмэгдсэн чиг үүргийг хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон.

2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд тус албан тушаал байхгүй болсон. Ж.Хатанбаатар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил эрхэлж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдаж байна. Зөрүү мөнгөний хувьд шүүхээр тогтоогдон шийдсэн үйл баримт нь сарын дундаж хөлс 1.058.000 төгрөг, гэтэл 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5.000.000 төгрөгөөр, 2.000.000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25 414 152 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарт олгож, нэхэмжлэлээс 5 761 848 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарт олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 285 021 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг хэрэглэхдээ 2 нөхцөлөөс аль нэгийг сонгох боломжтойгоор томьёолсон байна. Үүнд: Маргаан бүхий ажил, албан тушаалаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бол ажилгүй хугацааны бүх цалинг олгуулах; ажил, хөдөлмөр эрхэлж байсан ч авсан цалин нь маргаан бүхий албан тушаалын цалингийн хэмжээнд хүрэхгүй бол зөрүүг нь олгуулах. Гэтэл  Ж.Хатанбаатар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаагаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн буюу 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын 7 000 000 төгрөгийн цалинтайгаар "Монголын санхүү хөгжлийн корпораци" ХХК-д ажиллаж байсан болох нь нотлогдсон. Ийнхүү  хөдөлмөр эрхэлж байсан нь нотлогдож байхад анхан шатны шүүх "Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл цалин шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй..." гэж нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн.  Нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлс шаардах боломжгүй юм.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ажилгүй байсан бүх хугацааны урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй  тэнцэх олговорт 31 176 000 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...Засгийн газрын бүтцээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын орон тоо хуулиар байхгүй болсон. Нэхэмжлэгч нь өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж цалин авч, нийгмийн даатгал төлүүлж байсан” гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрээр Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 691 219 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Ж.Хатанбаатарт олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 5-12/

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойшхи ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацаа хамаарах тул шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жил 7 сарыг ажилгүй байсан бүх хугацаа гэж үзэж, хариуцагчаас 25 414 152 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

           

            Хариуцагч нь Ж.Хатанбаатарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал болон түүнтэй адилтгах албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажиллаж байсныг буруутгах боломжгүй бөгөөд өөр байгууллагаас цалин хөлс авч байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс чөлөөлөгдөх, ажилгүй байсан хугацааны цалин олгохгүй байх, бууруулах, зөрүүг олгох талаар хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох заалт нь ажилтныг бага цалинтай ажилд буруу шилжүүлсэн ажил олгогчийн хууль бус шийдвэртэй холбоотой үр дагаврыг зохицуулсан тул ажлаас буруу халагдсаны улмаас өөр байгууллагад урьд авч байснаас бага цалинтай ажилд орсон тохиолдол хуулийн уг зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Ажилтныг ажлаас халсан явдлыг шүүх хууль бус гэж үзсэн бөгөөд шүүхийн уг шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй тохиолдолд Ж.Хатанбаатарт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу томилогдоогүй байгаа бүх хугацаа нь ажил олгогчийн гэм буруутай холбогдон тооцох учиртай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хэрэв ажилтаны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Ж.Хатанбаатарын өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал цомхотголд орсон эсэх асуудлаар захиргааны хэргийн  шүүх дээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан. Уг баримтыг хариуцагч няцаагаагүй байна.

 

Иймд ажилтанг урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгын газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД