Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/01167

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/01167

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8939638 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-нд *******-д нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг хугацаагаар байгуулсан. Гэтэл дараа нь 2018 оны 05 дугаар сарын 01-нд дахин тушаалыг гаргаж хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай, тооцооны нягтлангийн ажилд томилсон. Би саналаа хэлж байгаад хөдөлмөрийн гэрээг нэг жил болгосон. Ингээд ажлаа хийгээд явж байтал намайг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр маргааш ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгээд би тэр хэлсэн өдөр нь ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс хойш халагдсан тушаалаа авъя гэж олон удаа захиралд хандсан боловч тушаал гаргаж өгөөгүй байна. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар өгсөн байсан бөгөөд харин миний цалинг тодруулж бичсэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй, мөн 7 дугаар сарын цалинг одоо хүртэл надад өгөхгүй байгаа тул би нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа дэмжиж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах 2 дахь шаардлагаа тодруулж, 2018 оны 7 сарын цалингаа гаргуулах гэж нэмэгдүүлж байна. Миний бие 2018 оны 5 дугаар сард 1844989 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 2070898 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 1594418 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 3 сарын нийт цалин 5510305 төгрөг болж байгаа бөгөөд 1 сарын дундаж цалин 1836 305 төгрөг болж байгаа юм. Ажилгүй байсан хугацаа маань шүүх хурал болох хүртэл 4 сар гэж үзвэл \1836305 х 4 сар = 7345220 төгрөг болж байгаа юм. Тийм учраас ажилгүй байсан хугацааны энэ цалинг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодруулж байна. Мөн би 2018 оны 7 дугаар сард 1594418 төгрөгийн цалинтай ажилласан боловч намайг ажлаас халснаас хойш цалинг маань надад өгөхгүй байгаа тул энэ цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд дурьдсан цалингийн хэмжээг миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотлох юм. Иймд намайг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халж, улмаар халсан тушаалаа ч гаргаж өгөхгүй хохироож байгаа тул ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Арима фарм ХХК-тай холбоотой 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалин гаргуулахаар нэхэмжилж байна. Сая хэргийн материалтай танилцахад намайг ажилд маань эгүүлэн тогтоосон тушаал гаргасан байна. Одоо цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна. Би ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажлаасаа халагдсан. Тухайн үед ажлаа хийж байсан бол нэхэмжилж байгаа цалингаа авах бүрэн бололцоотой байсан. Намайг ажиллаж байхад үр дүнтэй, санаачлагатай ажиллаж байна гэсний үндсэн дээр үр дүн болон илүү цагийн мөнгө олгож байсан. Өөрийнхөө нэхэмжилж байгаа цалинг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Арима фарм ХХК-д холбогдуулан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Арима фарм ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн авсан тушаалыг гаргасан байна. Энэ тушаалыг өнөөдөр үзлээ. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байсан учраас цалингийнхаа хэмжээг тодорхойлж өгсөн. Тодруулж өгсний дараа талууд эвлэрэх боломжгүй болсон. Түүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж сарын дундаж цалинг тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн цалин, хариуцагч талаас гаргаж өгсөн цалингийн дүнтэй тохирч байсан. Хоолны хөнгөлөлтийн мөнгийг нэхэмжлэгч хасахыг хүлээн зөвшөөрч байна. 440000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хас ч тооцож байна. Мөн 7 дугаар сарын цалингийн урьдчилгаа орсон гэдгийг нь мэдээгүй явсан. 7 дугаар сарын цалин гэж 1594418 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 400000 төгрөг урьдчилгаа гэж дансанд орсон байгаа учраас авсан гэж тооцож болно гээд хасахыг хүлээн зөвшөөрч байна. Ажилгүй байсан хугацааны цалин болон олгогдоогүй цалин нь 8539838 төгрөгнөөс 840000 төгрөгийг хасаад 7699838 төгрөг нэхэмжилж байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам байгаа. Энэ журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснийг үндэслэж гаргасан. Энэ тушаалаар батлагдсан журмын 7 дугаар хэсгийн а-д буруу халсан үеийн дундаж цалинг яаж тодорхойлох вэ гэхээр сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсэн байгаа. Энэ зохицуулалтыг үндэслээд хоолны хөнгөлөлтийг хасаад дундаж цалин хөлсийг тогтоох үндэслэлтэй. Илүү цагийн мөнгө, үр дүнгийн урамшуулал нь нэмэгдэл хөлс, нэмэгдэл цалин гэсэн журмын зохицуулалтанд нийцэж байна. Цалин хөлсний бүрэлдэхүүнд юу ордог вэ? гэхээр үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал орно гэсэн байгаа. Үндсэн цалин 700000 төгрөг юм. Илүү цагийн мөнгө, тухайн үедээ олгогдож байсан нэмэгдэл хөлс нь ороод дундаж цалин болж байгаа. Үүний дагуу нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна цалингийн хэмжээг зөвшөөрөх боломжгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийг анх ажилд ороход ажил албан тушаалын цалинг 700000 төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан, захирлын тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн үр дүнгийн нэмэгдэл, бонус, хоолны мөнгө, илүү цагийн хөлс зэрэг нэмэгдлүүд орж үндсэн цалин хөлснөөсөө илүү нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Тиймээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож, компанийн цалингийн сүлжээнд заасны дагуу сарын цалинг 700000 төгрөгөөр тооцон олгоно. А.*******ийн 2018 оны 7 дугаар сарын цалин урьдчилгаа 400000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч А.*******ийг тооцооны нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон. Тушаал нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж ажиллуулахаар тушаал гаргаад тушаалын нэг хувийг хавтаст хэрэгт өгсөн. Нэг хувийг А.*******ийн ******* тоот хаяг руу шуудангаар явуулсан. Шуудангийн баримтыг мөн хавсаргаж өгсөн. Нийгмийн даатгал төлөгдсөн сүүлийн 3 сараар бодож тооцоолсон. А.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн гаргасан захирлын тушаалын дагуу А.******* нь 700000 төгрөгний цалинтай байхаар талууд харилцан тохиролцсон. Үүнийг мөн А.******* хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Арима фарм ХХК-йин 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан цалингийн сүлжээ бодох тушаалаар тооцооны нягтлан бодогч нь 700000 төгрөгний цалинтай байхаар төсөвлөгдөж батлагдсан. Цалингийн сүлжээг үндэслээд хөдөлмөрийн гэрээг байгуулж захирлын тушаал гарсан.Мөн цалингийн задаргааг хавтаст хэрэгт өгсөн. А.*******ийн сүүлийн 3 сарын цалин тодорхой харагдаж байгаа. 7 дугаар сарын цалин болох 700000 төгрөгийн 400000 төгрөгийг А.*******ийн Голомт банкны дансаар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Арима фарм ХХК-иас шилжүүлж өгсөн. Хавтаст хэрэгт цалингийн тодорхойлолт болон мөн шилжүүлсэн баримтуудыг өгсөн. 2018 оны авсан цалингийн задаргааг харахаар үндсэн цалин нь 700000 төгрөг, сүүлийн 3 сард үндсэн цалингаас бодогдсон цалин бол 700000 төгрөг, 665000 төгрөг, 663000 төгрөг байна. Нийгмийн даатгалд 1800000 төгрөг 2000000 төгрөгөөр бодогдсон нөхцөл байдал яагаад харагдаад байна бэ? гэхээр компанид үр дүнгийн нэмэгдэл, хоолны мөнгө, илүү цагаар ажилласан цалин гээд 3 нэмэгдэл нэмэгдсэнээр А.*******ийн цалин нэмэгдэж гарч ирсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан бүрэлдэхүүн цалин хөлс тодорхойлох журамд ажилтанд олгож буй хөнгөлөлтийн орлого буюу унаа түлш хоолны хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж үздэг. Тийм учраас ажилгүй байсан хугацаа буюу 4 сарын хугацааны хоолны мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байна. Үндсэн цалин 700000 төгрөг байдаг. Гэтэл А.******* маань 4 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар илүү цагаар ажилласан хөдөлмөрлөсөн нөхцөл байдал байхгүй учраас илүү цагийн нэмэгдлийг өгөх боломжгүй. Мөн үр дүнгийн нэмэгдлийн хувьд компанид тодорхой үзүүлэлт байдаг. Үзүүлэлтийг хангасан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл өгдөг. Үр дүнгийн нэмэгдэл авах нөхцөл байдал 4 сарын хугацаанд байхгүй байсан учраас үр дүнгийн нэмэгдэл, хоолны мөнгө, илүү цаг ажилласан мөнгө зэргийг өгөх боломжгүй. Үндсэн цалин болон 700.000 төгрөг, сүүлийн 3 сарын цалин гэхээр 700.000 төгрөг, 665.000 төгрөг, 663.000 төгрөг, дундаж цалин гэхээр 676.052 төгрөг болж байна. Ажлын 21.5 хоногоороо бодохоор А.******* нь өдөрт 31.444 төгрөгний цалинтай. 4 сар ажилгүй байсан. Дундаж 21.5 хоног нь 4 сар гэхээр ажлын 86 хоног, 86 хоногоо 31444 төгрөгөөр үржүүлэхээр 2704184 төгрөгний цалин авах нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас манай талаас 2704184 төгрөгөөр ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгоно. Тодорхой хэмжээний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2704184 төгрөгийг өгөх боломжтой байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлсэн. Яг үнэндээ халаагүй байсан. Ажлаа хүлээлцээд явуулсан юм байна. Гэхдээ ажилд нь томилоод ажлыг нь хийлгэхээр болсон. Ажилд нь томилсон өдрөөс нэхэмжлэл зогсоно. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож цалин гаргах боломжгүй. Ажилд нь томилох хүртэлх хугацааны цалинг гаргах боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилд нь томилсон тушаал гаргаад шуудангаар өөрийнх нь гэрийн хаягаар хүргүүлсэн байна. Авах эсэх нь тухай хүний эрхийн асуудал. А.******* очоод ажлаа хийх боломжтой. А.******* цалингаа Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн хэмжээгээр авна гэж нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээнд ажилтан, ажил олгогчийн харилцааг яаж зохицуулах бэ гэхээр хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулагдаж байгаа бичгийн тохиролцоо юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан байна. Үр дүнд тохирсон цалин авна гэж зохицуулсан байна. Үр дүн гэдэг нь хөдөлмөрийн гэрээ гэсэн тодорхойлолтоос харагдана. Энэ хуулийн зохицуулалтыг тодруулж хэлвэл ажилтан ажил үүрэг гүйцэтгэж, үр дүндээ тохирсон цалин хөлс авах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд энэ хүнд үндсэн цалин дээр нь нэмэгдэл өгч байсан юм байна. Үр дүнгийн ямар нэгэн журам энэ байгууллагад байхгүй. Дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан. Энэ хэм хэмжээний акт бүртгэгдээгүй. Үүнийг шүүх эрх зүйн эх сурвалж гэж үзээд хууль шиг тайлбарлаад хэрэглэх боломжгүй. А.******* нь 700000 төгрөгний цалинтай гэдэгт маргахгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаа байгууллага өмнө өгч байсан. 2018 оны 07 дугаар сард дутуу олгосон байдал байж болохоор байна. Үндсэн цалин 700000 төгрөгний цалинтай хүн яагаад ийм хэмжээний мөнгө авах вэ? гэдэг асуудал дээр бодох ёстой. Хууль бусаар халагдсан байж болно. Гэхдээ ажиллаагүй, үр дүнгийн урамшуулал авах нөхцөл хангаагүй. Байгууллагын ашигтай ажиллагаа энэ хүнээс хамаараагүй, ажлаа хийгээгүй байхад үр дүнгийн урамшуулал, хоолны мөнгө, илүү цагийн мөнгө зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Харин хөдөлмөрийн гэрээнд тохирсон байгууллагын даргын баталсан цалингийн сүлжээний дагуу тооцох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гэсэн байгаа. Урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гэдэг нь тухайн хүний үндсэн цалин буюу 700000 төгрөгнөөс тооцох олговор бодогдохоос биш энэ хүн илүү цагаар ажиллаж таараа гэсэн ойлголтыг анхнаас нь харах бололцоогүй байна. Энэ хүн 7 дугаар сард ажилласан. 07 дугаар сарын цалин 1190000 гаруй төгрөг авна гэж яриад байх шиг байна. Энэ хүнийг 07 дугаар сард 1900000 гаруй төгрөгний цалин олгохоор үр дүн дүгнэсэн зүйл байхгүй. 1500000 төгрөгний цалин бодогдсон гэж өөрөө хэлээд байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Үр дүнг нь олгоно гэсэн шийдвэр байхгүй. 700000 төгрөгний үндсэн цалингаас нь 400000 төгрөгийг урьдчилаад өгсөн. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Үлдсэн 300000 төгрөгийг өгөх ёстой. Илүү цагаар ажилласан бүртгэл байхгүй, цагийн бүртгэл гэж байгаа бол хэрэгт хийх ёстой. Ажлаас халагдаж байгаа асуудалтай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхдээ үндсэн цалингийн сүлжээ, цалингийн тодорхойлолт хоёрыг баримталдаг. Яагаад гэвэл тухайн хүний баталгаат цалин хөлстэй холбоотой учраас цалингаас нь шүүх тооцдог. Үүнийг Хяналтын шатны шүүхээр хянуулж үзсэн. Цалингийн тодорхойлолтыг баримталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалин 8939638 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин болох 8939638 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч А.*******ийн *******-д холбогдуулан гаргасан 1 дэх шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч, *******-н захирлын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 26 тоот А.*******ийг ажилд авах тухай тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.*******ийг ажилд томилсон тушаалаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэгэнт хариуцагч байгууллага болох ******* нэхэмжлэгч А.*******ийг хууль бусаар ажлаас нь халснаа хүлээн зөвшөөрч түүнийг өмнө эрхэлж байсан тус компанийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байх тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэл бүрдэж байна.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 8939638 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 840000 төгрөгийг хасаад 7699838 төгрөг гаргуулна гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно. гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг 700000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд ажилтанд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, олговор, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичиг, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгоно. гэж заасны дагуу *******-ийн захирлын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн А/07 дугаартай ажилд томилох тухай тушаал, тус компаний ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, тус компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 03 дугаартай цалингийн сүлжээ батлах тухай тушаал зэргийг үндэслэн, нэхэмжлэгч А.*******ийн цалинг 700000 төгрөгөөр бодож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан ажлын үр дүнгийн нэмэгдэл, илүү цаг ажилласны цалин, хоолны мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ажлын үр дүнгийн нэмэгдэл, илүү цаг ажилласны цалин, хоолны мөнгө хэдэн төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж, цуглуулж бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч А.******* нь 2018 оны 08 сараас 2018 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, түүний ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй, тэрээр энэ хугацаанд илүү цагаар ажилласан байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан ажлын үр дүнгийн нэмэгдэл, илүү цаг ажилласны цалинг гаргуулах нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаа хийгээгүй, түүнийг 2018 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба тэрээр нийт 84 хоног ажилгүй байсан бөгөөд уг хугацааны цалинг түүний хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчтой тохиролцсон цалин болох 700000 төгрөгийн үндсэн цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч байгууллагын санхүүгээс түүний ажлаас халагдахаас өмнөх буюу 2018 онд авч байсан цалингийн задаргаа нотлох баримтаар авагдсан боловч дэвтэр болон цалингийн тодорхойлолтод заасан цалин зөрүүтэй, мөн 2018 оны 8 сарын 4-нөөс хойш нэхэмжлэгч ажлаа хийгээгүй, цалин хөлс аваагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь 2018 оны 8 сард 1000000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэсэн байх тул түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалинг баримтлах боломжгүй байна.

 

Мөн 2018 оны 07 дугаар сарын цалин болох 700000 төгрөгнөөс 400000 төгрөгийг нэхэмжлэгч А.******* авсан болох нь түүний тайлбар болон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Голомт банкны А.*******ийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгийг хас ч, 2018 оны 07 дугаар сарын үлдэгдэл цалин 300000 төгрөг, 8 дугаар сард ажлын 23 хоног, 9 дүгээр сард ажлын 20 хоног, 9 дүгээр сард ажлын 23 хоног, 10 дугаар сард ажлын 23 хоног, 11 дүгээр сард ажлын 18 хоног нийт 84 хоног ажилгүй байсан хугацаанд сар бүр 700000 төгрөгийн цалингаар тооцож, /21,5=1 өдрийн 32558 төгрөгийн цалин/ нийт 3034883 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тооцож *******-с гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлээс 5504755 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамж /70200+63508/= 133708 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3034883 /гурван сая гучин дөрвөн мянга, найман зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч *******-с гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5504755 /раван саян таван зуун дөрвөн мянга, долоон зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамж 133708 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ