Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2019/00014

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Арима Фарм ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Арима Фарм ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8.939.638 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-нд Арима Фарм ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Гэтэл дараа нь 2018 оны 05 дугаар сарын 01-нд дахин тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай, тооцооны нягтлангийн ажилд томилсон. Би саналаа хэлж байгаад хөдөлмөрийн гэрээг нэг жил болгосон. Ингээд ажлаа хийгээд явж байтал намайг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр маргааш ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгээд би тэр хэлсэн өдөр нь ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс хойш халагдсан тушаалаа авъя гэж олон удаа захиралд хандсан боловч тушаал гаргаж өгөөгүй байна. Хариуцагч Арима Фарм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар өгсөн байсан бөгөөд харин миний цалинг тодруулж бичсэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй, мөн 7 дугаар сарын цалинг одоо хүртэл надад өгөхгүй байгаа тул би нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа дэмжиж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах 2 дахь шаардлагаа тодруулж, 2018 оны 7 сарын цалингаа гаргуулах гэж нэмэгдүүлж байна. Миний бие 2018 оны 5 дугаар сард 1.844.989 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 2.070.898 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 1.594.418 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 3 сарын нийт цалин 5.510.305 төгрөг болж байгаа бөгөөд 1 сарын дундаж цалин 1.836.305 төгрөг болж байгаа юм. Ажилгүй байсан хугацаа маань шүүх хурал болох хүртэл 4 сар гэж үзвэл \1.836.305 х 4 сар = 7.345.220 төгрөг болж байгаа юм. Тийм учраас ажилгүй байсан хугацааны энэ цалинг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодруулж байна. Мөн би 2018 оны 7 дугаар сард 1.594.418 төгрөгийн цалинтай ажилласан боловч намайг ажлаас халснаас хойш цалинг маань надад өгөхгүй байгаа тул энэ цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд дурьдсан цалингийн хэмжээг миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотлох юм. Иймд намайг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халж, улмаар халсан тушаалаа ч гаргаж өгөхгүй хохироож байгаа тул ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Арима Фарм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна цалингийн хэмжээг зөвшөөрөх боломжгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийг анх ажилд ороход ажил албан тушаалын цалинг 700.000 төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан, захирлын тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн үр дүнгийн нэмэгдэл, бонус, хоолны мөнгө, илүү цагийн хөлс зэрэг нэмэгдлүүд орж үндсэн цалин хөлснөөсөө илүү нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Тиймээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож, компанийн цалингийн сүлжээнд заасны дагуу сарын цалинг 700.000 төгрөгөөр тооцон олгоно. *******ийн 2018 оны 7 дугаар сарын цалин урьдчилгаа 400.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Арима Фарм ХХК-д холбогдуулан гаргасан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3034883 /гурван сая гучин дөрвөн мянга, найман зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч Арима Фарм ХХК-с гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.504.755 /таван сая таван зуун дөрвөн мянга, долоон зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Арима Фарм ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 133.708 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар бүхий шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан нэхэмжлэлээс үлдэх 5.504.755 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.... гэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ******* миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-нд Арима Фарм ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. Энэ өдөр байгууллагатай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 01 хүртэл 3 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссаны дараа тооцооны нягтлангийн ажлын албан тушаалд үндсэн цалин 1.000.000 төгрөг урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл цалингийн 20 хувиар бодож олгохоор тохирч 2018 оны 05 дугаар сарын 01-нээс дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд ажлаа хийж байтал 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өг гэсэн. Үүний дагуу би ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгчихөөд халагдсан тушаал шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймээс би анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж, цуглуулж бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэжээ. Миний бие өөрийн цалин хөлс авч байснаа нотлох үүднээс нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар өгсөн. Нэгэнт ажил олгогч надтай хийсэн хөдөлмөрийн гэрээг нуун дарагдуулж шүүхэд гаргаж өгөхгүй байсан учраас нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн цалинг үндэслэж сарын дундаж цалинг тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинг тооцож нэхэмжилсэн. Ингэж нэхэмжлэхдээ 1 сарын дундаж цалинг 1.836.305 төгрөгөөр тооцож үүнээс хоолны мөнгө /өдрийн 2.500 төгрөгөөр тооцож өгдөг байсан/ 440.000 төгрөг болон 07 дугаар сарын цалингийн урьдчилгаа гэж орж ирсэн 400.000 төгрөгийг тус тус хасч 7.699.838 төгрөгийн цалинг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.-т заасныг үндэслэж гаргасан нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05 ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын 1-д ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү харилцааг өөрөөр зохицуулаагүй бол энэхүү журмыг мөрдөж болохоор заасан байдаг. Арима Фарм ХХК-нд цалин хөлс тодорхойлох тухай тусгайлан гаргасан журам байдаггүй учраас би хуулиа дагаж мөрдөн өөрт байгаа нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн цалинг дээрх журмын дагуу дундажлан бодсон. Гэтэл анхан шатны шүүх нь хөдөлмөрийн гэрээнд тохирсон цалин нь 700.000 төгрөг байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт Арима Фарм ХХК бид 2-ын дунд сарын цалинг 700.000 төгрөгөөр тохирсон хөдөлмөрийн гэрээ огт байхгүй бөгөөд шүүх ямар гэрээг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч намайг 2018 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөгөөр нийгмийн даатгал төлж бичилт хийсэн байх тул түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалинг баримтлах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа нийгмийн даатгалын тухай хуульд иргэн сайн дураар даатгал төлж болох тухай эрхийг нээж өгсөн үүний дагуу би ажилгүй болмогцоо даатгалаа тасалдуулахгүй төлсөн нь шүүхэд буруу ойлгогдож шийдвэрт нөлөөлсөн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Арима Фарм ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8.939.638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Арима Фарм ХХК-д холбогдуулан гаргасан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.034.883 /гурван сая гучин дөрвөн мянга, найман зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч Арима Фарм ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.504.755 /таван сая таван зуун дөрвөн мянга, долоон зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Арима Фарм ХХК-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05 ны өдрийн А/07 дугаар тушаалаар *******ийг 02 дугаар сарын 01 ний өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд сарын 700.000 төгрөгийн үндсэн цалинтай, 2018 оны 05 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан томилон ажиллуулжээ.

*******ийг 2018 оны 08 дугаар сарын 05 ны өдөр үүрэгт ажлаас нь халсан бөгөөд энэ тухай тушаал гаргаж ажилтанд өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцэх тухай акт /х/х-ийн 13 дугаар хуудас / зэргээр тогтоогджээ.

Шүүх хуралдаан болохын өмнө Арима Фарм ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийн 26 дугаар тушаалаар *******ийг 2018 оны 11 дүгээр сарын 27 ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан тооцооны нягтлан бодогчийн ажилд сарын 700.000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн хариуцагч Арима Фарм ХХК-д холбогдуулан гаргасан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, цалингийн сүлжээ батлах тухай, ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* сард 700.000 төгрөгийн үндсэн цалин авч байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн цалинг 700.000 төгрөгөөр бодож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон нь үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан ажлын үр дүнгийн нэмэгдэл, илүү цаг ажилласны цалин, хоолны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч энэ нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо ..гэрээний хугацаа дууссаны дараа тооцооны нягтлангийн ажлын албан тушаалд үндсэн цалин 1.000.000 төгрөг урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл цалингийн 20 хувиар бодож олгохоор тохирч 2018 оны 05 дугаар сарын 01-нээс дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан... гэжээ. Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР