Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00711

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаар магадлалтай, 

А.А-ийн нэхэмжлэлтэй

АФ ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8.939.638 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-нд АФ ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Гэтэл дараа нь 2018 оны 5 дугаар сарын 01-нд дахин тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай, тооцооны нягтлангийн ажилд томилсон. Би саналаа хэлж байгаад хөдөлмөрийн гэрээг нэг жил болгосон. Ингээд ажлаа хийгээд явж байтал намайг 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр маргааш ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгээд би тэр хэлсэн өдөр нь ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс хойш халагдсан тушаалаа авъя гэж олон удаа захиралд хандсан боловч тушаал гаргаж өгөөгүй байна. Миний бие 2018 оны 5 дугаар сард 1.844.989 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 2.070.898 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 1.594.418 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 3 сарын нийт цалин 5.510.305 төгрөг болж байгаа бөгөөд 1 сарын дундаж цалин 1.836.305 төгрөг болж байгаа юм. Ажилгүй байсан хугацаа маань шүүх хурал болох хүртэл 4 сар гэж үзвэл \1.836.305 х 4 сар = 7.345.220 төгрөг болж байна. Мөн би 2018 оны 7 дугаар сард 1.594.418 төгрөгийн цалинтай ажилласан боловч намайг ажлаас халснаас хойш цалинг маань надад өгөхгүй байгаа тул энэ цалинг гаргуулж өгнө үү. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халж, улмаар халсан тушаалаа ч гаргаж өгөхгүй хохироож байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч АФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...А.А-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул тушаалсан гарсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс цалин гаргах боломжгүй. Ажилд томилох хүртэл хугацааны цалин гаргах боломжтой. Нэхэмжлэгчийг анх ажилд ороход ажил албан тушаалын цалинг 700.000 төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан, захирлын тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн үр дүнгийн нэмэгдэл, бонус, хоолны мөнгө, илүү цагийн хөлс зэрэг нэмэгдлүүд орж үндсэн цалин хөлснөөсөө илүү нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Тиймээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож, компанийн цалингийн сүлжээнд заасны дагуу сарын цалинг 700.000 төгрөгөөр тооцон олгоно. А.А-ийн 2018 оны 7 дугаар сарын цалин урьдчилгаа 400.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн хариуцагч АФ ХХК-д холбогдуулан гаргасан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3034883 /гурван сая гучин дөрвөн мянга, найман зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч АФ ХХК-с гаргуулж нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.504.755 /таван сая таван зуун дөрвөн мянга, долоон зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч АФ ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 133.708 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2019/00001 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж, цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн цалин хөлс авч байснаа нотлох үүднээс нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар өгсөн байдаг. Нэгэнт ажил олгогч надтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ нуун дарагдуулж шүүхэд гаргаж өгөхгүй байсан учраас нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичигдсэн цалинг үндэслэж сарын дундаж цалинг тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолж нэхэмжилсэн. Ингэж нэхэмжлэхдээ 1 сарын дундаж цалинг 1.836.305 төгрөгөөр тооцож үүнээс хоолны мөнгө /1 өдрийн 2500 төгрөг/- өөр тооцож 440.000 төгрөг болон 7-р сарын урьдчилгаа цалин гэж 400.000 төгрөг тус тусыг хасаж 7.699.838 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмыг үндэслэн нэхэмжиллээ гаргасан. АФ ХХК-д цалин хөлсийг тодорхойлох тухай тусгайлан гаргасан журам байдаггүй. Тиймээс миний бие хуулиа дагаж мөрдөн өөрт байгаа нийгмийн даатгалын дэвтэр дээрхи бичигдсэн цалинг дээрхи журмаар дундажлан бодсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь анхны хөдөлмөрийн гэрээнд тохирч байсан 700.000 төгрөгийн үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч намайг 2018 оны 8 сард 1.000.000 төгрөгөөр нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг төлж бичилт хийлгэснийг шүүх үзэхдээ баримтлах боломжгүй гэж дүнгэсэн нь үндэслэлгүй байна. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хуульд иргэн сайн дураар даатгал төлж болох тухай эрхийг нээж өгсөний дагуу би ажилгүй болмогцоо даатгалаа тасалдуулахгүй төлсөн нь шүүхэд буруу ойлгогдож шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.    Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий байж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шйидвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.А-, АФ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй  байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 7.345.220 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын олгогдоогүй цалин 1.594.418 төгрөг, нийт 8.939.638 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Цалин хөлсийг буруу тооцсон тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

А.А-, АФ ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр туршилтын 3 сарын хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажилласан, туршилтын хугацаа 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан, 8 дугаар сарын 04-ний өдрөөс хариуцагч ажлыг нь хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А-ийг урьд эрхэлж байсан тооцооны нягтлангийн ажилд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эгүүлэн томилсон тухай 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26 тоот тушаалыг нотлох баримтаар гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.

Түүнчлэн хариуцагч, нэхэмжлэгчийн ажилласан хугацааны буюу 2018 оны 7 дугаар сарын цалингаас 400.000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны үед төлсөн нь тогтоогдсон байна.

Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг бөгөөд шүүх олгогдоогүй цалингийн зөрүүг ажил олгогчийн нийгмийн даатгалын байгууллагад тайлагнасан хэмжээ буюу 1.594.418 төгрөгөөс бус үндсэн цалин 700.000 төгрөгөөс тооцсон нь буруу байна. Иймд цалингийн зөрүү 1.194.418 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэжээ.

А.А-ийг ажлаас үндэслэлгүй халсныг ажил олгогч зөвшөөрсөн тул 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Харин хоёр шатны шүүх олговрыг гаргуулахдаа нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодолгүй үндсэн цалингаар тооцсон нь хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан ажлаас буруу халсан үеийн дундаж цалин хөлсийг тооцох журмыг зөрчжээ.

Иймд 1 сарын дундаж цалин хөлсийг А.А-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 5, 6, 7 дугаар сарын цалингийн дундаж 1.836.701 төгрөгийг 3 сар ажлын 16 хоногоор бодож, нийт 6.876.935 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Дээр дурдснаар хариуцагчаас нийт 8.071.353 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “3.034.883 /гурван сая гучин дөрвөн мянга, найман зуун наян гурав/ төгрөгийг” гэснийг “8.071.353 төгрөг” гэж, “5.504.755 /таван сая таван зуун дөрвөн мянга, долоон зуун тавин тав/ төгрөгийг” гэснийг “868.285 төгрөгийн шаардлагыг” гэж, 3 дах заалтад “133.708 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг” гэснийг “144.092 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

               ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ