Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/01464

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр          Дугаар 182/ШШ2017/01464          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5350891/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ЭТТ” ХК-д холбогдох,

 

“2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг болон зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал болох Нүүрсний пүү, саравчны 107,051,324 төгрөг, нийт 5,009,287,090.16 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.Ц, Д.Ц, гэрч Т.Л, Л.Т, М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэжидмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХАКМС ХХК нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас авах өр төлбөртөө “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн “ЭТТ” ХК-иас авах дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5,009,287,090.16 төгрөгийн авлагыг шаардах эрхийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлэн авсны дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

“Монгол уурхайчид” Түншлэл буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-тай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, Таван Толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг гэрээнд заасан хэмжээгээр хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн байдаг.

Баруун цанхийн уурхайн нүүрс анх 2013 оны 7 дугаар сард олборлогдож борлуулалтын томоохон гэрээнүүд байгуулагдсан 9 сараас экспортод гарах болсон учир тухайн үед нэн яаралтай нүүрсний тээврийн машины хүлээлгийн талбай, технологийн замууд, пүүний талбай, хучилтын байгууламжуудыг байгуулах шаардлагатай болсон. Энэ үед “...Нүүрс экспортолж эхлэхийн тулд яаралтай энэ байгууламжийг баримаар байна, төлбөр мөнгөний хувьд дараа нь асуудалгүй шийднэ” гэж захиалагч компанийн удирдлагуудын зүгээс “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүсэлт тавьсны дагуу төрийн компани гэдэг утгаар итгэж тус компани нь шуурхай ажилласан. Гэтэл тухайн пүүний болон хучилтын байгууламжийн материал татах, түүнийг тээвэрлэх ажлын 107,051,324 төгрөгийн төлбөр одоог хүртэл захиалагчаас шийдээгүй, төлбөрийг төлөөгүй байгаа болно.

Мөн талуудын дунд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-тэй холбоотойгоор нэмэлтээр хийлгэсэн ажил буюу нүүрсний овоолгоос нүүрс ачилтын ажлыг яаралтай хийх шаардлага гарч, тонн тутмыг нь уулын ажлын 40 хувиар тооцож гаргасан гүйцэтгэгчийн үнийг хүлээн зөвшөөрч хийлгүүлсэн байдаг.

Уулын ажлын үндсэн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл гарч, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамгаа даран баталгаажуулаад захиалагч компани руу төслийг явуулсан боловч гэрээний баталгаажсан хувь нь гүйцэтгэгч компанид ирээгүй. Ингээд уг нүүрс ачилтын төлбөрийг 1 тонн тутмыг 3535.2 төгрөгөөр (НӨАТ-тай) тооцож гүйцэтгэгч компани ажил үүргийг 2013 оны 09 сараас 2014 оны 03 сар хүртэл хийж гүйцэтгэж, захиалагчаас гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч байсан болно.

Түүнчлэн 2013 оны 09 сараас 2013 оны 12 дугаар сар дуустал нүүрс ачилтыг хийж гүйцэтгэсэн төлбөрийг гүйцэтгэгчээс нэхэмжилснийг захиалагч тал хүлээн авч 4,198,669,974.80 төгрөгийн төлбөрийг төлсөн байсныг болон 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 03 дугаар сар хүртэлх нүүрс ачилтын төлбөр 703,565,791.36 төгрөг төлөгдөөгүй авлагыг “ЭТТ” ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1550 тоот албан бичгээр нүүрс ачилтын төлбөр маргаантай, асуудал шийдэгдтэл “Хишиг Арвин Индустриал” ХХК-д өгөх өглөгөөс хасаж тооцохыг мэдэгдсэн.

Хариуцагч компаниас төлбөрийг нэхэмжлэх болон төлбөрийн асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд уулзалт хийхэд нүүрс ачилтын төлбөрийг 1 м3 уулын цулын ажлыг хийж гүйцэтгэхэд анх санал болгосон 8838 төгрөгийн 40 хувь байх, эсхүл сүүлд хөнгөлөлт үзүүлсэн 7954.2 төгрөгийн 40 хувиар тооцох эсэх дээр маргаж, 2013 оны 09 сараас 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгж үнийн тооцооллыг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөрийг төлсөн атал, дараа нь нэг тн тутмын ачилтыг 3535.2 төгрөг байхаар тооцсон гүйцэтгэгчийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, асуудлыг зөвшилцлийн замаар  шийдвэрлэж чадалгүй өдийг хүрсэн байна.

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриап” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг болон зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал болох Нүүрсний пүү саравчны 107,051,324 төгрөг буюу нийт 5,009,287,090.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хишиг Арвин Индустриал” ХХК, “ЭТТ” ХК-ийн хооронд ачилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тухайд: Дээрх талуудын хооронд байгуулагдсан “ЭТТ” ХК-тай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгойн ордын цахийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 3.7-д “... шаардлагатай тохиолдолд зарим нэмэлт ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Нэмэлт ажлын төлбөрийг талууд хоёр талын хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн, гүйцэтгэлийг баталгаажуулж харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан  байдаг.

Талууд 2013 оны 9, 10, 11, 12 сар, 2014 оны 1, 3 сарын нүүрсний овоолгоос нүүрс ачилт хийсэн ажлын тоо хэмжээ, мэдээг хүлээлцсэн баримтууд хийсэн ажлын тоо хэмжээний нийлбэр дүн нийт 1,387,414.40 тн болох нь тодорхой ба 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн болон 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актуудаар тухайн саруудад холбогдох төлбөрийг хүлээн зөвшөөрч нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Энэхүү нөхцөл байдал баримтуудын дагуу нүүрс ачилтын 1 тн тутмын нэгж үнэ нь 3535.20 төгрөг болохыг захиалагч “ЭТТ” ХК хүлээн зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, холбогдох төлбөрийг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Мөн талуудын дунд нүүрс ачилтын ажилтай холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулагдахаар болж “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаад захиалагч компани руу төслийг явуулсан боловч хариу тамга дарагдсан гэрээний баталгаажсан хувь нь гүйцэтгэгч компанид ирээгүй байдаг.

Хэдий тамга дарагдсан гэрээ ирээгүй ч нүүрс ачилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналыг “ЭТТ” ХК-иас тавьж, “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас хариу үнийн дүнг тохирч хүлээн зөвшөөрөх санал гаргасан нь хүсэл зоригийн бодит илэрхийллийн хувьд тухайн гэрээ байгуулагдсан болохыг харуулж байна.

Харин бодитоор хүсэл зориг нь илэрхийлэгдэж, мөн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, холбогдох төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэрээний бичгэн хэлбэрт нөгөө тал тамга дарж хариу баталгаажуулах хэлбэрийн ажиллагаа нь хожим захиалагчийн дотоод үйл ажиллагаанаас хамаарсан асуудал ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулах хуулийн шаардлага байхгүй юм.

Хоёр: Тооцоо нийлсэн акт болон 2013 оны 9-12 сарын нүүрсний овоолгоос нүүрс ачилтын ажлын төлбөр 4,198,669,974.80 төгрөгийн төлбөрийг төлж байсан нь 3535.20 төгрөгийн нэгж үнийн дүн бүхий гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдох тухайд: Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэжээ.

Гүйцэтгэгч болон захиалагч тал нь 1 тн тутмын нүүрс ачилтын нэгж үнийг 3535.2 төгрөгөөр тогтоож, нүүрс ачилтын төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. “Нүүрс овоолгоос нүүрс ачилт хийсэн 2013 оны 09 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар хүртэлх ажлын төлбөр 4,198,669,974.80 төгрөгийг “ЭТТ” ХК-иас Хишиг Арвин Индустриал ХХК-д шилжүүлж байсан болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдох ба энэ нь тухайн нөхцөлөөр гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн бодит нөхцөл байдал юм.

Мөн нүүрсний пүү саравч хийхэд шаардагдах материалыг “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас гаргаж, мөн өөрсдийн тоног төхөөрөмжөө ажиллуулж зардал гаргасан, тухайн нүүрсний саравчийг “ЭТТ” ХК одоог хүртэл ашиглаж байгаа тул энэхүү төлбөрийг төлөхгүй, гэрээгүйгээр гүйцэтгэсэн гэх тохиолдолд тухайн 107,051,324 төгрөгийн материал, тээврийн зардлаар боссон нүүрсний пүү саравчны хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Х” ХХК-иас “Эрдэнэс-Таван толгой” ХК-д холбогдуулан гаргасан ...нүүрсний ачилтын төлбөр 4,902,235,766.16 төгрөг, нүүрсний пүүний саравчны 107,051,324 төгрөг, нийт 5,009,287,090.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай... иргэний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нүүрс ачилтын тухайд: “Эрдэнэс-Таван толгой” ХК 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх” ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээг нэг жилийн хугацаатайгаар “Монгол уурхайчид” түншлэлтэй байгуулсан. “Хишиг Арвин Индустриал” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК болон “Мера” ХХК-иуд “Монгол уухайчид” түншлэл байгуулж оролцсон.

Уг гэрээгээр уулын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэлтээр нүүрс ачилтын ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-иар гүйцэтгүүлсэн.

Ажлын үнэ тохиролцох явцын тухайд:

Хоёр компани нүүрс ачилтын үнийг тохирох талаар удаа дараа уулзалт зохион байгуулж байсан ч одоог хүртэл ямар нэг хэлбэрээр тохиролцоонд хүрээгүй байгаа билээ. Энэ хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК дангаараа 1 тонн нүүрс ачилтын хөлсийг 3535.2 төгрөг гэж ямар ч тооцоо судалгаагүйгээр тооцон, зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас нэхэмжилж байгааг манай компани хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай нүүрсний үнийг бодитоор тогтооё гэсэн саналыг байнга тавьсан ч тохиролцоонд хүрээгүй.

“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хууль бус шаардлагын тухайд:

“Хишиг Арвин Индустриал” ХХК нь уул уурхайн салбарын томоохон үндэсний компани бөгөөд уурхайн уулын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг Монгол Улсын хамгийн том оператор компани юм. Уг зах зээлд томоохон байр суурь эзэлдэг тус компаниас 1 тонн нүүрс ачилтын ажлыг 3535.2 төгрөг гэж хэт өндөр үнээр тооцон “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас нэхэмжилж байгаа нь Монгол Улсын дараах хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл болж байна. Тухайлбал:

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.2-д ...бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;.... мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-д ...Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй..., 344 дүгээр зүйлийн 344.2-д Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж, өөрсдийн бодит бус үнийг хүчээр тулгаж байна.

Өөрөөр хэлбэл “Хишиг Арвин Индустриал” ХХК нь зэх зээл дээрх давамгай байдлаа хууль бусаар ашиглан 1 тонн нүүрс ачилтын төлбөрийг Иргэний хууль, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин ...бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавьсан, тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож тооцоогүй зэрэг хууль бус үйлдлийг гарган, өөрсдөө зах зээлийн үнээс хэд дахин өндөр, бодитой  бус үнэ тогтоон, их хэмжээний төлбөрийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас хууль бусаар нэхэмжилж байна.

Төлбөрийн шилжүүлгийн тухайд: Нэхэмжлэлд дурдсан ...гүйцэтгэгчээс нэхэмжилснийг захиалагч тал хүлээн авч 4,198,669,974.80 төгрөгийн төлбөрийг төлсөн... гэж бичжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага ханган, шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн, Худалдаа хөгжлийн банкны “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Дансны хуулганы гүйлгээний утга нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас Нүүрс овоолгын ажлын хөлс /2013 оны 9,10, 11,12с/ гэсэн байна.

Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д гүйцэтгэгч талын  Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт гүйцэтгэх ажлыг тодорхойлж өгсөн. Үүнд: Уулын цулыг тэслэх, Хөрс болон шимт хөрс хуулах, Нүүрс олборлох, Зам засах, Нүүрсний овоолго хийх гэсэн ажлуудыг гүйцэтгэхээр гэрээгээр тохирсон.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 1.1-д заасан Нүүрс овоолгын ажлын хөлсний төлбөр юм.

Нүүрсний пүү саравчны тухайд:

“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн нүүрсний пүү саравчны төлбөр 107,051,324 төгрөгийн зардалд талууд харилцан тохиролцоогүй, акт үйлдэж хүлээн аваагүй болно. /Нүүрсний пүү саравч бус хучилтын саравч/

Иймд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““Х” ХХК, “Хишиг Ариун Индустриал” ХХК-иас шаардах эрхээ шилжүүлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тайлбарыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “ЭТТ” ХК нь төрийн өмчид компани. Үйл ажиллагаа нь төрийн болон орон нутгийн өмчөөр манай ажил үйлчилгээ Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу явагддаг. Эрдэнэс таван толгойн ордын цанхийн баруун талын хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх талаар Тендерийн хуулийн дагуу тендер зарлаж, “Хишиг Ариун Индустриал” ХХК нь Монгол уурхайчин түншлэлтэй гэрээ байгуулж гэрээний нэг тал болж орсон. Тендерт 1м3 уулын цулын 8838  төгрөг, түүнээс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж 7954 төгрөгөөр тохиролцоод гэрээ байгуулсан. Гэрээг 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдаад гэрээний дагуу ажил гүйцэтгэж байх явцад нүүрс ачилтын ажил хийлгэхээр захиалагч талын зүгээс хүсэлт тавьсны дагуу “Хишиг Ариун Индустриал” ХХК нүүрс ачилтын ажлын хийсэн ажлын тухайд маргах зүйлгүй. Хамгийн гол нь “Хишиг Ариун Индустриал” ХХК нь өөрөө нүүрс ачилтын ажлын төлбөрийг гэрээний үнийн дүнгийн 40 хувь гэдэг саналыг өөрсдөө гаргасан. “ЭТТ” ХК үнийн дүн хэт өндөр байна гээд ажил хийлгэсэн өдрөөс хүлээн зөвшөөрөөгүй. Гүйцэтгэх удирдлага болон хоёр компанийн хүрээнд гэрээнд оролцсон ажлын хэсгүүд үнийн дүнг хэт өндөр байгаа талаар уулзаж ярилцаж байсан. “ЭТТ” ХК-иас ажлын хэсэг байгуулагдаж зах зээлийн нөхцөл байдал, техник хэрэгсэл, дизель түлш бодитой техникүүдийн мото цагийн судалгааг гаргасны үндсэн дээр 1 тонн нүүрс ачилтын төлбөрийг 1800 орчим байх юм бол манайх хүлээн зөвшөөрөх боломжтой гэх байр суурийг анхнаасаа илэрхийлж байсан. “Хишиг Ариун Индустриал” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд маргаантай байна. Нүүрс ачилтын ачсан тонн, хэмжээний тухайд аль аль тал нь маргаан үүсгээгүй, харин нүүрсний үнийн дүн дээр маргаан үүсгэдэг. Нүүрс ачилтын төлбөртэй холбоотойгоор 4,1 тэрбум төгрөгийг “ЭТТ” ХК хүлээн зөвшөөрч шилжүүлж байсан гэж ярьж байгаа боловч, хоёр компани хоёр удаа тооцоо нийлсэн актын дагуу “ЭТТ” ХК, “Хишиг Ариун Индустриал” ХХК-д 2013 оны 09-11 дүгээр сар хүртэлх хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шилжүүлэхдээ нүүрсний овоолгын ажлын хөлс гэсэн нэрээр шилжүүлсэн. Шилжүүлсэн төлбөрийг “Хишиг Ариун Индустриал” ХХК  хүлээж аваад нүүрс ачилтын төлбөртөө суутгаж авлаа гэсэн хариу ирсний дагуу “ЭТТ” ХК бодит үнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад бодитой үнээ шилжүүлж авлаа гэдэг байр сууринаас эргээд уг компанид төлж байгаа төлбөрөөс авах байдлаар гэрээний үнийн дүнг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг талууд хоорондоо харилцан тохиролцож чадахгүй байгаа. Үнийг жагсаасан баримт жишиг үнэ байхгүй байгаа учраас тухайн зах зээлийн дунджаар тооцно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний дараа 2014 онд уулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд нүүрс ачилтын төлбөрийг өөрсдийнхөө бодит зах зээлийн үнэ болох 1800 төгрөгөөр хийж гүйцэтгэж өнөөдрийг хүртэл уг компани манай баруун уурхай дээр хамтран ажилладаг олборлогч компаниар ажилладаг. “Хишиг Ариун Индустриал” ХХК 1 тонн нүүрсний үнэ болох 3535 төгрөгийг хэт өндөр байна гэж хүлээн зөвшөөрөөгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Хишиг Ариун Индустриал” ХХК-иас үнийн дүнгийн санал ирүүлсэн боловч албан ёсоор баталгаажсан зүйл байхгүй.  Пүү гэдэг нь нүүрсийг жинлэх хэрэгсэл. Нүүрсний пүүний саравч барьсан ажлыг 107 сая төгрөгөөр гүйцэтгэсэн гэж байгаа боловч “Эрдэнэс таван толгой” компани нь өөрөө төрийн өмчит компани аливаа ажил үйлчилгээ авахдаа зайлшгүй тендер зарлаж батлагдсан зураг төслийн хүрээнд явагдах ёстой байдаг. Харин батлагдсан зураг төсөл зөвшөөрөгдсөн хэмжээний төсөв болон ямар нэгэн зургийн баримт манай компанид ирээгүй байгаа учраас пүү саравч буюу хучилтын саравчийг барьсан гэх төлбөрийг өгөх боломжгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан “2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг болон зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал болох Нүүрсний пүү саравчны 107,051,324 төгрөг, нийт 5,009,287,090.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1. 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

 

“ЭТТ” ХК нь “Монгол Уурхайчид” түншлэл түүнийг төлөөлж “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг хавсралт №2-т заасан хэмжээгээр хугацаанд нь хийж гүйцэтгэх, захиалагч тал “ЭТТ” ХК хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр талууд тохиролцож, гүйцэтгэгч тал 1 м3 уулын цулын ажлыг 8838 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналдаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлж 7954.2 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг захиалагч тал зөвшөөрч талууд “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, түүний хавсралтууд, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” №0014/13 зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18-22, 23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХАК/05/17 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “Х” ХХК нь “Хишиг арвин индустриал” ХХК-иас 3,510,888,217 төгрөгийн авлагатай бөгөөд тус авлагадаа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “ЭТТ” ХК-иас авах 5,009,287,090.16 төгрөгийн авлагыг шаардах эрхийг шилжүүлж харилцан төлбөр тооцоог дуусгавар болгохоор талууд тохиролцож, эрх шилжүүлэгч болон “ЭТТ” ХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-тэй холбоотойгоор нэмэлтээр хийлгэсэн ажил буюу 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг, тус гэрээг хэрэгжүүлэхэд гарсан нэмэлт зардал буюу нүүрсний пүү, саравчны төлбөр 107,051,324 төгрөг, нийт 5,009,287,090.16 төгрөгийг “ЭТТ” ХК-иас шаардах эрх, төлбөр хүлээн авах эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 7-8, 9-10, 11-12 дугаар тал/

 

Мөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ЭТТ” ХК болон “Хишиг Арвин Индустриал” ХХК нарын хооронд “ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр талууд дараах зүйлийг харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 7.3, 7.4 дүгээр зүйлийг үндэслэн, талуудын хооронд байгуулсан №2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгойн Ордын цанхийн баруун хэсэгт ажил үйлчилгээ үзүүлэх”-ний хавсралт 2-ийг энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралтаар өөрчлөн батлахаар талууд тохиролцож, уг хавсралтын 2-т нүүрсний борлуулалтын явц байдалд тааруулан нүүрсний овоолгын буюу ачилтын ажлыг хийж гүйцэтгэх, нүүрсний овоолгын ажлын үнэлгээг уулын цулын нэгж үнийн 40 хувиар тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болох “ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ, түүний хавсралт зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК болон “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 1.2-т “Тус гэрээний зорилго нь ХАКМС ХХК нь “Хишиг арвин индустриал” ХХК-иас 3,510,888,217 төгрөгийн авлагатай бөгөөд тус авлагадаа “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн “ЭТТ” ХК-иас авах 5,099,287,090.16 төгрөгийн авлагыг шаардах эрхийг шилжүүлж төлбөр тооцоог дуусгавар болгоход оршино.”, 1.3-т “Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь Эрх шилжүүлэгч болон “ЭТТ” ХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №ЭТТ-2013/05-36/НТШ дагуу  дугаартай “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-тэй холбоотойгоор нэмэлтээр хийлгэсэн ажил буюу 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр болох 4,902,235,766.16 төгрөг тус гэрээг хэрэгжүүлэхэд гарсан нэмэлт зардал буюу нүүрсний пүү саравчны төлбөр 107,051,324 төгрөг буюу нийт 5,009,287,090.16 төгрөгийг “ЭТТ” ХК-иас шаардах эрх, төлбөр хүлээн авах эрхийг  тус тус холбогдох материалын хамт Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид эдлэх эрх, хүлээх үүргийг энэхүү гэрээгээр тодорхойлно”, 2.1-д “Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь гэрээний 2.7-д “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн “Хишиг Арвин Индустриал” ХХК болон “ЭТТ” ХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүрэг болон түүнтэй холбоотой бусад үүргийн хувьд “ЭТТ” ХК /үүрэг гүйцэтгэгч/ нь Эрх шилжүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж, Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч болсон гэж үзнэ” гэж заасны дагуу “ЭТТ” ХК болон “Монгол уурхайчид” түншлэлийг төлөөлж “Хишиг арвин индустриал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний гүйцэтгэгч нь “Х” ХХК болжээ.

 

            Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно”, 123.4-т “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

            Иймд “Хишиг Арвин Индустриал” ХХК, “ЭТТ” ХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасан зохицуулалттай нийцжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захиалагч компанийн удирдлагуудын зүгээс “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүсэлт тавьсны дагуу төрийн компани гэдэг утгаар итгэж тус компани нь шуурхай ажилласан. Талуудын дунд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ЭТТ-2013/05-36/НТШ11 дугаартай “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-тэй холбоотойгоор нэмэлтээр хийлгэсэн ажил буюу нүүрсний овоолгоос нүүрс ачилтын ажлыг яаралтай хийх шаардлага гарч, тонн тутмыг нь уулын ажлын 40 хувиар тооцож гаргасан гүйцэтгэгчийн үнийг хүлээн зөвшөөрч хийлгүүлсэн байдаг.

Уг нүүрс ачилтын төлбөрийг 1 тонн тутмыг 3535.2 төгрөгөөр (НӨАТ-тай) тооцож гүйцэтгэгч компани ажил үүргийг 2013 оны 09 сараас 2014 оны 03 сар хүртэл хийж гүйцэтгэж, захиалагчаас гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч байсан болно.

Түүнчлэн 2013 оны 09 сараас 2013 оны 12 дугаар сар дуустал нүүрс ачилтыг хийж гүйцэтгэсэн төлбөрийг гүйцэтгэгчээс нэхэмжилснийг захиалагч тал хүлээн авч 4,198,669,974.80 төгрөгийн төлбөрийг төлсөн байсныг болон 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 03 дугаар сар хүртэлх нүүрс ачилтын төлбөр 703,565,791.36 төгрөг төлөгдөөгүй авлагыг “ЭТТ” ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1550 тоот албан бичгээр нүүрс ачилтын төлбөр маргаантай, асуудал шийдэгдтэл “Хишиг Арвин Индустриал” ХХК-д өгөх өглөгөөс хасаж тооцохыг мэдэгдсэн.

Хариуцагч компаниас төлбөрийг нэхэмжлэх болон төлбөрийн асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд уулзалт хийхэд нүүрс ачилтын төлбөрийг 1 м3 уулын цулын ажлыг хийж гүйцэтгэхэд анх санал болгосон 8838 төгрөгийн 40 хувь байх, эсхүл сүүлд хөнгөлөлт үзүүлсэн 7954.2 төгрөгийн 40 хувиар тооцох эсэх дээр маргаж, 2013 оны 09 сараас 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгж үнийн тооцооллыг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөрийг төлсөн атал, дараа нь нэг тн тутмын ачилтыг 3535.2 төгрөг байхаар тооцсон гүйцэтгэгчийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, асуудлыг зөвшилцлийн замаар  шийдвэрлэж чадалгүй өдийг хүрсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...уулын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэлтээр нүүрс ачилтын ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-иар гүйцэтгүүлсэн.

Хоёр компани нүүрс ачилтын үнийг тохирох талаар удаа дараа уулзалт зохион байгуулж байсан ч одоог хүртэл ямар нэг хэлбэрээр тохиролцоонд хүрээгүй байгаа билээ. Энэ хугацаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК дангаараа 1 тонн нүүрс ачилтын хөлсийг 3535.2 төгрөг гэж ямар ч тооцоо судалгаагүйгээр тооцон, зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас нэхэмжилж байгааг манай компани хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай нүүрсний үнийг бодитоор тогтооё гэсэн саналыг байнга тавьсан ч тохиролцоонд хүрээгүй.

“Хишиг Арвин Индустриал” ХХК нь уул уурхайн салбарын томоохон үндэсний компани бөгөөд уурхайн уулын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг Монгол Улсын хамгийн том оператор компани юм. Уг зах зээлд томоохон байр суурь эзэлдэг тус компаниас 1 тонн нүүрс ачилтын ажлыг 3535.2 төгрөг гэж хэт өндөр үнээр тооцон “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас нэхэмжилж байгаа нь Монгол Улсын дараах хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл болж байна.

Өөрөөр хэлбэл “Хишиг Арвин Индустриал” ХХК нь зэх зээл дээрх давамгай байдлаа хууль бусаар ашиглан 1 тонн нүүрс ачилтын төлбөрийг Иргэний хууль, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин ...бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавьсан, тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож тооцоогүй зэрэг хууль бус үйлдлийг гарган, өөрсдөө зах зээлийн үнээс хэд дахин өндөр, бодитой  бус үнэ тогтоон, их хэмжээний төлбөрийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас хууль бусаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага ханган, шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн, Худалдаа хөгжлийн банкны “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Дансны хуулганы гүйлгээний утга нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-с Нүүрс овоолгын ажлын хөлс /2013 оны 9, 10, 11,12 с/ гэсэн байна.

Иймд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

            “Хишиг Арвин Индустриал” ХХК болон “ЭТТ” ХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, мөн гүйцэтгэгч “Хишиг Арвин Индустриал” ХХК гэрээний дагуу үүргийг гүйцэтгэсэн талаар, нэмэлтээр нүүрсний овоолгын буюу ачилтын ажлын гүйцэтгэл 1387414,40 тн нүүрс ачсан талаар талууд маргаагүй байна.

 

            Харин талууд нэмэлтээр хийгдсэн нүүрсний овоолгын буюу ачилтын ажлын нэгж үнийн талаар маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар “ЭТТ” ХК, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 3.7-д  зааснаар шаардлагатай тохиолдолд зарим нэмэлт ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэхээр, нэмэлт ажлын төлбөрийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан бөгөөд, мөн гэрээний 7.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд оруулсан өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцжээ.

 

            2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр нүүрсний борлуулалтын явц байдалд тааруулан нүүрсний овоолгын буюу ачилтын ажил хийж гүйцэтгэхээр талууд тохиролцож, нүүрсний овоолгын ажлын үнэлгээг уулын цулын нэгж үнийн 40 хувиар тооцохоор харилцан тохиролцсон болох нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгой ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна.

 

            2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 2.1-д “Гүйцэтгэгч тал 1м3 уулын цулын ажлыг 8838 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналдаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлж 7954.2 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг захиалагч тал хүлээн зөвшөөрөв” гэж заажээ.

 

            Дээрх гэрээний 2.1-д заасны дагуу талууд нэмэлтээр хийгдэх ажил болох нүүрс овоолгын ажлын хөлсийг 7954.2 төгрөгийн 40 хувиар тооцохоор тохирсон байх бөгөөд энэ нь 3,181.68 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

            Хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээг хүчин төгөлдөр бус зохих этгээдийн тамга дарагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзаж буй боловч дээрх нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд хариуцагч талын тамга дарагдах асуудал нь хариуцагчийн үйлдэлтэй холбоотой бөгөөд нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлийг баримтаар няцаагүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хэргийн оролцогчид  эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө  гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн тул захиалагч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний оролцогч талуудыг, тэдгээрийн хүлээх үүргийг хуульд тодорхой тусгасан байх ба тухайн гэрээ хоёр талын, хариу төлбөртэй, урт хугацааны хэлцэлд хамаардаг, мөн ажил гүйцэтгэх гэрээний онцлогоос хамааран гэрээний харилцаанд хоёроос дээш субъект оролцох боломжтой хэдий ч тэдгээрийн хооронд нь холбож, эрх үүргийг нь тодорхойлох гэрээнд ажил гүйцэтгэгч, захиалагч гэсэн хоёр тал зайлшгүй оролцдог бөгөөд хэрэгт авагдсан “ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот “Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын цулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд Захиалагч талаас “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, мөн захиалагчийг төлөөлж “ЭТТ” ХК-ийн Уул уурхайн газрын захирал Б.Гантулга, гүйцэтгэгч талаас “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж, гүйцэтгэгчийг төлөөлж “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн ерөнхий менежер М.Тулгат нарын гарын үсгийн бичвэр бичигдсэн байх бөгөөд хэдийгээр үндсэн гэрээний 7.4-т талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох талаар тохиролцсон хэдий ч хэрэгт авагдсан дээрх гэрээнд захиалагч талын холбогдох эрхий бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан бөгөөд тамга дарагдаагүй нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч болох хариуцагч “ЭТТ” ХК нь гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан  бөгөөд хариуцагч тал маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний  ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1., 346 дугаар зүйлийн 346.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед буюу ажлын үр дүнг хүлээн авмагц захиалагч хөлс төлөх үүрэгтэй байна.

 

            Иймд хариуцагч “ЭТТ” ХК-иас нүүрсний овоолгын ачилтын хөлс 4,441,308,648.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх хэсэг болох 460,927,117.97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            2.Зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал болох Нүүрсний пүү, саравчны 107,051,324 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баруун цанхийн уурхайн нүүрс анх 2013 оны 7 дугаар сард олборлогдож борлуулалтын томоохон гэрээнүүд байгуулагдсан 9 сараас экспортод гарах болсон учир тухайн үед нэн яаралтай нүүрсний тээврийн машины хүлээлгийн талбай, технологийн замууд, пүүний талбай, хучилтын байгууламжуудыг байгуулах шаардлагатай болсон. Энэ үед “...Нүүрс экспортолж эхлэхийн тулд яаралтай энэ байгууламжийг баримаар байна, төлбөр мөнгөний хувьд дараа нь асуудалгүй шийднэ” гэж захиалагч компанийн удирдлагуудын зүгээс “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүсэлт тавьсны дагуу төрийн компани гэдэг утгаар итгэж тус компани нь шуурхай ажилласан. Гэтэл тухайн пүүний болон хучилтын байгууламжийн материал татах, түүнийг тээвэрлэх ажлын 107,051,324 төгрөгийн төлбөр одоог хүртэл захиалагчаас шийдээгүй, төлбөрийг төлөөгүй байгаа болно.

Мөн нүүрсний пүү саравч хийхэд шаардагдах материалыг Хишиг Арвин Индустриал ХХК-иас гаргаж, мөн өөрсдийн тоног төхөөрөмжөө ажиллуулж зардал гаргасан, тухайн нүүрсний саравчийг “ЭТТ” ХК одоог хүртэл ашиглаж байгаа тул энэхүү төлбөрийг төлөхгүй, гэрээгүйгээр гүйцэтгэсэн гэх тохиолдолд тухайн 107,051,324 төгрөгийн материал, тээврийн зардлаар боссон нүүрсний пүү саравчны хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “ЭТТ” ХК  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн нүүрсний пүү саравчны төлбөр 107,051,324 төгрөгийн зардалд талууд харилцан тохиролцоогүй, акт үйлдэж хүлээн аваагүй болно. /Нүүрсний пүү саравч бус хучилтын саравч/

Пүү гэдэг нь нүүрсийг жинлэх хэрэгсэл. Нүүрсний пүүний саравч барьсан ажлыг 107 сая төгрөгөөр гүйцэтгэсэн гэж байгаа боловч “Эрдэнэс таван толгой” компани нь өөрөө төрийн өмчит компани аливаа ажил үйлчилгээ авахдаа зайлшгүй тендер зарлаж батлагдсан зураг төслийн хүрээнд явагдах ёстой байдаг. Харин батлагдсан зураг төсөл зөвшөөрөгдсөн хэмжээний төсөв болон ямар нэгэн зургийн баримт манай компанид ирээгүй байгаа учраас пүү саравч буюу хучилтын саравчийг барьсан гэх төлбөрийг өгөх боломжгүй” гэж маргажээ.

 

“Хишиг Арвин Индустриал” ХХК нь пүү, саравч хийхэд авсан материал болон тээврийн хөлсөнд нийт 107,051,324 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд болон “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн нэхэмжлэхийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 30-31, 32-36 дугаар тал/

 

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Пүү, саравчны ажил “Хишиг Арвин Индустриал” ХХК-иар хийлгэсэн болон өнөөдрийн байдлаар “ЭТТ” ХК пүү болон саравчийг ашиглаж байгаад маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ЭТТ” ХК-иас пүү саравчны материалын зардал болон тээврийн хөлс нийт 107,051,324 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хуульд зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ЭТТ” ХК-иас пүү, саравчны материалын зардал болон тээврийн хөлс 107,051,324 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул 107,051,324 төгрөгийг хариуцагч “ЭТТ” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр үйлийн 351.1.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “ЭТТ” ХК-иас 4,548,359,972.19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 460,927,117.97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,204,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭТТ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22,899,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС