Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2239

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХК-д холбогдох

2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд "Хишиг арвин индустриал" ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөрт 4 902 235 766,16 төгрөг болон нэмэлт зардал нүүрсний пүү, саравчны 107 051 324 төгрөг, нийт 5 009 287 090,16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Х" ХХК нь "Хишиг арвин индустриал" XXК-ийн хариуцагч "Э" ХК-иас авах 5 009 287 090,16 төгрөгийн авлага шаардах эрхийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-гээр шилжүүлэн авсны дагуу нэхэмжлэл гаргаж байна. "Монгол уурхайчид" түншлэл буюу "Хишиг арвин индустриал" ХХК нь "Э" ХК-тай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр "Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г нэг жилийн хугацаатай байгуулж, Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах,  нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг гэрээнд заасан хэмжээгээр хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн. Баруун цанхийн уурхайн нүүрс анх 2013 оны 7 дугаар сард олборлогдож борлуулалтын томоохон гэрээнүүд байгуулагдсан 9 дүгээр сараас экспортод гарах болж яаралтай нүүрсний тээврийн машины хүлээлгийн талбай, технологийн замууд, пүүний талбай, хучилтын байгууламжуудыг байгуулах шаардлагатай болсон үед "Нүүрс экспортолж эхлэхийн тулд яаралтай энэ байгууламжийг баримаар байна, төлбөр мөнгөний хувьд дараа нь асуудалгүй шийднэ" гэж захиалагч компанийн удирдлагуудаас "Хишиг арвин индустриал" ХХК-д хүсэлт тавьсны дагуу тус компани нь шуурхай ажилласан. Гэтэл тухайн пүүний болон хучилтын байгууламжийн материал татах, түүнийг тээвэрлэх ажлын 107 051 324 төгрөгийн төлбөрийг захиалагч төлөөгүй. Мөн талуудын дунд байгуулагдсан ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр гэрээтэй холбоотой нэмэлтээр хийлгэсэн ажил буюу нүүрсний овоолгоос нүүрс ачилтын ажлыг яаралтай хийх шаардлага гарч, тонн тутмыг уулын ажлын 40 хувиар тооцож гаргасан гүйцэтгэгчийн үнийг хүлээн зөвшөөрч хийлгүүлсэн байдаг. Уулын ажлын үндсэн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл гарч, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан захиалагч компани руу явуулсан боловч гэрээний баталгаажсан хувь гүйцэтгэгч компанид ирээгүй. Ингээд уг нүүрс ачилтын төлбөрийг 1 тонн тутмыг 3535,2 төгрөгөөр тооцож, гүйцэтгэгч компани ажил үүргийг 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 3 дугаар cap хүртэл хийж гүйцэтгэж, захиалагчаас гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч байсан болно.

   Түүнчлэн 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар cap дуустал нүүрс ачилтын хийж гүйцэтгэсэн төлбөрийг гүйцэтгэгчээс нэхэмжилснийг захиалагч хүлээн авч 4 198 669 974,80 төгрөг төлсөн болон 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 3 дугаар cap хүртэлх нүүрс ачилтын төлбөр 703 565 791,36 төгрөг төлөгдөөгүй авлагыг "Э" ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1550 тоот албан бичгээр нүүрс ачилтын төлбөрийн асуудал шийдтэл "Хишиг арвин индустриал" ХХК-д өгөх өглөгөөс хасч тооцохыг мэдэгдсэн. Хариуцагч компаниас төлбөрийн асуудлаар "Хишиг арвин индустриал" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд уулзалт хийхэд нүүрс ачилтын төлбөрийг 1 м.куб уулын цулын ажлыг хийж гүйцэтгэхэд анх санал болгосон 8838 төгрөгийн 40 хувь, эсхүл сүүлд хөнгөлөлт үзүүлсэн 7954.2 төгрөгийн 40 хувиар тооцох эсэхэд маргаж, 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгж үнийн тооцооллыг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлсөн атал, дараа нь 1 тонн тутмын ачилтыг 3535.2 төгрөгөөр тооцоолсныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, зөвшилцлийн замаар шийдвэрлэж чадаагүй байна.

     Иймд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх "Хишиг арвин индустриап" ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр 4 902 235 766,16 төгрөг болон зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал нүүрсний пүү саравчны 107 051 324 төгрөг нийт 5 009 287 090,16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э" ХК нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр "Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г "Монгол уурхайчид" түншлэлтэй байгуулсан гэрээгээр уулын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэлтээр нүүрс ачилтын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд "Хишиг арвин индустриал" ХХК-иар гүйцэтгүүлсэн. Хоёр компани нүүрс ачилтын үнийэ талаар тохиролцоонд хүрээгүй. Энэ хугацаанд "Хишиг арвин индустриал" ХХК дангаараа 1 тонн нүүрс ачилтын хөлсийг 3535.2 төгрөг гэж ямар ч тооцоо судалгаагүйгээр тооцон, зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр нэхэмжилж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу "Хишиг арвин индустриал" ХХК-тай нүүрсний үнийг бодитоор тогтооё гэсэн санал тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй.

"Хишиг арвин индустриал" ХХК нь уурхайн уулын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг Монгол Улсын хамгийн том оператор компани юм. Тус компаниас 1 тонн нүүрс ачилтын ажлыг 3535.2 төгрөг гэж хэт өндөр үнээр тооцон нэхэмжилж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, өөрсдийн бодит бус үнийг хүчээр тулгаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны "Хишиг арвин индустриал" ХХК-ийн дансны хуулганы гүйлгээний утга нь "Э" ХК-иас нүүрс овоолгын ажлын хөлс /2013 оны 9,10,11,12/ гэсэн байна. Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-т гүйцэтгэгч тал “Уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго хийх” зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байдаг. "Э" ХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-т заасан нүүрс овоолгын ажлын хөлсний төлбөр юм.

"Хишиг арвин индустриал" ХХК-ийн нүүрсний пүү саравчны төлбөр 107 051 324 төгрөгийн зардалд талууд харилцан тохиролцоогүй, акт үйлдэж хүлээн аваагүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр үйлийн 351.1.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Э" ХК-иас 4 548 359 972,19 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 460 927 117,97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 204 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Э" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22 899 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

1. Талууд нүүрс ачилтын үнийг одоог хүртэл тохиролцоогүй. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн "Э" ХК нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний нэмэлт гэх албан ёсоор баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус нэмэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг гэрээний 7.4-д зааснаар энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлийг 2 тал гэрээгээр харилцан тохиролцсон. Гэтэл шийдвэрийн 2 дахь талд ...нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлийг баримтаар няцаагүй гэж тайлбарласан нь нотлох баримтыг дутуу үнэлэн, нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. "Хишиг арвин индустриал" ХХК уурхайн уулын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг томоохон байр суурь эзэлдэг, тус компаниас 1 тонн нүүрс ачилтын ажлын хөлсийг 3535.2 төгрөгөөр тооцон "Э" ХК-иас нэхэмжилсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглээгүй. Нэхэмжлэгч талын хууль бус үйлдлийг анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3. Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-д гүйцэтгэгч талын хийх ажлын хөлсийг м.кв-аар тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч тал 1 тонн нүүрс ачилтын хөлсийг өөр хэмжигдэхүүний нэгжээр буюу м.кв-аар тохирсон үнээс бодож нэхэмжилж байгаа өөр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ажлын үнэ хөлсийг бодитоор тохирох боломж олгоогүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх хүлээн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

4. Хариуцагч тал шүүхэд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг харилцан тохиролцож чадаагүй 4 жил болсон тул 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн 1 тонн нүүрс ачилтын үнэ, нүүрсний пүүний саравчны үнийг хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилуулан, тооцоо хийлгэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүлээн авч, шинжээчийг томилсон бол 1 тонн нүүрс ачилтын хөлсийг зөв тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн аваагүй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үззж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд "Хишиг арвин индустриал" ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөрт 4 902 235 766,16 төгрөг болон нэмэлт зардал нүүрсний пүү, саравчны 107 051 324 төгрөг, нийт 5 009 287 090,16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Хариуцагч “Э” ХК нь "Монгол уурхайчид" түншлэл буюу "Хишиг арвин индустриал" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр "Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г нэг жилийн хугацаатай байгуулж, 1 м.куб уулын цулын ажлыг 8838 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналдаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлж, 7954,2 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлснийг захилагч тал хүлээн зөвшөөрч, гэрээний нийт үн 195 909 559 740 төгрөг байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр гэрээний хавсралт 2-ийг энэхүү гэрээний хавсралтаар өөрчлөн батлахдаа “Нүүрсний овоолгын ажлын үнэлгээн уулын цулын нэгж үнийн 40 хувиар тооцож бодох”-оор тохиролцсон байна. /хх 18-22, 108/

Түүнчлэн талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр "Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 7.4 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх явцад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол зөвхөн бичгээр хийгдэж талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болохоор” заасан байх боловч нэмэлт ажил хийх тохиролцоог талууд гэрээгээр тохирсон шаардлага хангасан байдлаар байгуулаагүй тохиолдолд гэрээнд зааснаар үнийг тодорхойлох боломжгүй болно. Энэ тохиолдолд 1 тн нүүрс ачилтын зах зээлийн үнэ хэд байсан байх нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь “2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн 1 тн нүүрс ачилтыг үнэ, нүүрс пүү саравчны үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан”-ыг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл талууд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтын талаар маргаагүй, харин нүүрсний үнийн өөрчлөлтийн талаар тохиролцсон эсэх, ямар үнэтэй байсан талаар маргасан байна. /хх-77-78, 87-89/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар гаргасан хүсэлт гэж хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, ажлын хөлсний талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 899 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                            Д.БАЙГАЛМАА