Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00219

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02239 дүгээр магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХК-д холбогдох

2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрсний ачилтын төлбөрт 4 902 235 766.16 төгрөг болон нэмэлт зардал нүүрсний пүү, саравчны 107 051 324 төгрөг, нийт 5 009 287 090.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч “Х” ХХК нь “Х” XXК-ийн хариуцагч “Э” ХК-иас авах 5 009 287 090.16 төгрөгийн авлага шаардах эрхийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлэн авсны дагуу нэхэмжлэл гаргаж байна. “М” түншлэл буюу “Х” ХХК нь “Э” ХК-тай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг гэрээнд заасан хэмжээгээр хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн. Баруун цанхийн уурхайн нүүрс анх 2013 оны 07 дугаар сард олборлогдож борлуулалтын томоохон гэрээнүүд байгуулагдсан 9 дүгээр сараас экспортод гарах болж яаралтай нүүрсний тээврийн машины хүлээлгийн талбай, технологийн замууд, пүүний талбай, хучилтын байгууламжуудыг байгуулах шаардлагатай болсон үед “Нүүрс экспортолж эхлэхийн тулд яаралтай энэ байгууламжийг баримаар байна, төлбөр мөнгөний хувьд дараа нь асуудалгүй шийднэ” гэж захиалагч компанийн удирдлагуудаас “Х” ХХК-д хүсэлт тавьсны дагуу тус компани нь шуурхай ажилласан. Гэтэл тухайн пүүний болон хучилтын байгууламжийн материал татах, түүнийг тээвэрлэх ажлын 107 051 324 төгрөгийн төлбөрийг захиалагч төлөөгүй. Мөн талуудын дунд байгуулагдсан ЭТТ-2013/05-36/НТШ-11 дүгээр гэрээтэй холбоотой нэмэлтээр хийлгэсэн ажил буюу нүүрсний овоолгоос нүүрс ачилтын ажлыг яаралтай хийх шаардлага гарч, тонн тутмыг уулын ажлын 40 хувиар тооцож гаргасан гүйцэтгэгчийн үнийг хүлээн зөвшөөрч хийлгүүлсэн байдаг. Уулын ажлын үндсэн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл гарч, “Х” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан захиалагч компани руу явуулсан боловч гэрээний баталгаажсан хувь гүйцэтгэгч компанид ирээгүй. Ингээд уг нүүрс ачилтын төлбөрийг 1 тонн тутмыг 3 535.2 төгрөгөөр тооцож, гүйцэтгэгч компани ажил үүргийг 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 03 дугаар cap хүртэл хийж гүйцэтгэж, захиалагчаас гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч байсан болно. Түүнчлэн 2013 оны 09 дүгээр сараас 2013 оны 12 дугаар cap дуустал нүүрс ачилтын хийж гүйцэтгэсэн төлбөрийг гүйцэтгэгчээс нэхэмжилснийг захиалагч хүлээн авч 4 198 669 974.80 төгрөг төлсөн болон 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 03 дугаар cap хүртэлх нүүрс ачилтын төлбөр 703 565 791.36 төгрөг төлөгдөөгүй авлагыг “Э” ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1550 тоот албан бичгээр нүүрс ачилтын төлбөрийн асуудал шийдтэл “Х” ХХК-д өгөх өглөгөөс хасч тооцохыг мэдэгдсэн. Хариуцагч компаниас төлбөрийн асуудлаар “Х” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд уулзалт хийхэд нүүрс ачилтын төлбөрийг 1 м.куб уулын цулын ажлыг хийж гүйцэтгэхэд анх санал болгосон 8 838 төгрөгийн 40 хувь, эсхүл сүүлд хөнгөлөлт үзүүлсэн 7 954.2 төгрөгийн 40 хувиар тооцох эсэхэд маргаж, 2013 оны 09 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгж үнийн тооцооллыг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлсөн атал, дараа нь 1 тонн тутмын ачилтыг 3 535.2 төгрөгөөр тооцоолсныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, зөвшилцлийн замаар шийдвэрлэж чадаагүй байна. Иймд 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр 4 902 235 766.16 төгрөг болон зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал нүүрсний пүү саравчны 107 051 324 төгрөг нийт 5 009 287 090.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХК нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “М” түншлэлтэй байгуулсан гэрээгээр уулын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэлтээр нүүрс ачилтын ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Х” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Хоёр компани нүүрс ачилтын үнийн талаар тохиролцоонд хүрээгүй. Энэ хугацаанд “Х” ХХК дангаараа 1 тонн нүүрс ачилтын хөлсийг 3 535.2 төгрөг гэж ямар ч тооцоо судалгаагүйгээр тооцон, зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр нэхэмжилж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу “Х” ХХК-тай нүүрсний үнийг бодитоор тогтооё гэсэн санал тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй. “Х” ХХК нь уурхайн уулын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг Монгол Улсын хамгийн том оператор компани юм. Тус компаниас 1 тонн нүүрс ачилтын ажлыг 3 535.2 төгрөг гэж хэт өндөр үнээр тооцон нэхэмжилж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, өөрсдийн бодит бус үнийг хүчээр тулгаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Худалдаа хөгжлийн банк”-ны “Х” ХХК-ийн дансны хуулганы гүйлгээний утга нь “Э” ХК-иас нүүрс овоолгын ажлын хөлс /2013 оны 9,10,11,12/ гэсэн байна. Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-т “гүйцэтгэгч тал уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байдаг. “Э” ХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-т заасан нүүрс овоолгын ажлын хөлсний төлбөр юм. “Х” ХХК-ийн нүүрсний пүү саравчны төлбөр 107 051 324 төгрөгийн зардалд талууд харилцан тохиролцоогүй, акт үйлдэж хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр үйлийн 351.1.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-иас 4 548 359 972.19 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 460 927 117.97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 204 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22 899 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02239 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 899 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02239 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн тухайд:

Талууд нь дараах үйл баримтуудын талаар огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно. Үүнд:

- Талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан талаар

- Уг ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт-2-д 2013.09.02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Нүүрс ачилтын ажлын хөлсний хэмжээг уулын цулын 40%-иар тогтоосон талаар

- Уг нэмэлт өөрчлөлтийг талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж, баталгаажуулсан талаар

- Нэмэлт ажил (Нүүрс ачилт)-ыг Захиалагч (Эрдэнэс таван толгой ХК)-ийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн талаар

- Гэрээгээр тохирсон Нүүрс ачилтын ажлыг “Э” ХК бүрэн хүлээн авсан талаар

- Гүйцэтгэгчид 2013.09-12 сарын нүүрс ачилтын төлбөрт 4 198 669 973.00 төгрөгийг 2014.01.16-ны өдөр шилжүүлж байсан талаар огт маргадаггүй болно.

- Харин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хавсралтад Захиалагчийн тамга дарагдаагүй тул хүчинтэй эсэх тухай л маргадаг.

- “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Уул уурхайн газрын захирал нарын баталгаажуулж, гарын үсгээ зурсан гэрээнд байгууллагын тамга нь хэний үүрэг бэ?

-... Энэ бол “Э” ХК-ийн дотоод зохион байгуулалтын асуудал юм.

Гэрээний Хавсралт-2-ийн нэмэлт өөрчлөлт байгуулагдаагүй бол ... “Э” ХК-ийн инженерүүд сар бүр тооцоо нийлэх /2013.09-12, 2014.01-03 сарын хооронд сар бүр болон жилийн эцэст нийт 7 удаа тооцоо нийлсэн/ байсан уу? “Э” ХК-ийн санхүүгийн албаны хариуцсан ажилчид санхүүгийн тооцоог ямар баримтыг үндэслэж, дүнг гаргах бэ?

- “Э” ХК нь “Х” ХХК-д 2013 оны 09-12 дугаар сарын ажлын хөлсийг шилжүүлэхдээ гэрээгүй шилжүүлэх байсан уу?

- Уг мөнгөн дүн юуг үндэслэн тогтоогдсон бэ? ... энэ бүгдийн хариулт бол гэрээний Хавсралт-2-ийн нэмэлт өөрчлөлт тухайн үед бодитоор байгуулагдаж, талууд мөрдөж байсны нотолгоо юм.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээг байгуулж, дээрх үйл баримтууд, баталгаажилтууд хийгдэж байхад гэрээний Хавсралт-2-ын нэмэлт өөрчлөлтийг “Х” ХХК-иас хүчин төгөлдөр гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, технологийн шаардлагыг биелүүлж ажиллаагүйгээс овоолгын нүүрс хийсэн, хэмжээ алдах, бороо цасанд норох, улмаар гал алдах, шатах зэрэг эрсдэлүүд бий болсон бол “Х” ХХК л хариуцна. Иймд ажлын эрсдэлийг нь хариуцуулж, ажлыг нь бүрэн хийлгүүлж, үр шимийг нь хүртчихээд гэрээгээр тохирсон хөлсөө төлөх болоход “манай тал захирлынхаа гарын үсэг дээр тамгаа дараагүй байна” гэдэг үндэслэлгүй тайлбарыг хийж, үндэсний компаниа хохироож байгаад гомдолтой байна.

Дээрх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдаж, тогтоогдсоор байтал давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар гаргасан хүсэлт гэж хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, ажлын хөлсний талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримт эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул ...” гэх дүгнэлтийг хийж, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-гийн “2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн 1 тн нүүрс ачилтын үнэ, нүүрс пүү саравчны үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах” хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь тодорхойгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-д заасан үндэслэл хамаарахгүй буюу шинжээч томилуулах хүсэлт нь хуульд заасан тусгай мэдлэг шаардагдах асуудлын хүрээнд хамаарахгүй, шаардлагагүй байх тул хүсэлтийг хангаагүй байдаг. Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсад Таван толгойн нүүрсний ордтой харьцуулах хэмжээний томоохон нүүрсний орд байхгүй, мөн тухайн 2013-2014 оны нүүрсний зах зээл дэх үнийг одоогийн нүүрсний зах зээлийн үнэтэй харьцуулах боломжгүй ба жил жилийн нүүрсний салбарын зах зээлийн үнэ, ашгаас хамаарч дагалдах олборлолт, уулын цулын болон нүүрс ачилтын төлбөрийг харилцан тохиролцож холбогдох ашгийг тооцоолсны үндсэн дээр талууд нэгж үнээ тогтоодог. Мөн үнэн хэрэгтээ 2013 оны 9 сараас 2014 оны 3 сар хүртэлх нүүрсний овоолгоос нүүрсний ачилт хийх ажлын нэгж үнийн хувьд ямар нэгэн маргаан байгаагүй ба “Э” ХК-ийн 2015.10.19-ний өдрийн 01/1550 тоот албан бичгээр нүүрс ачилтын төлбөр маргаантай асуудал шийдэгдтэл “Х” ХХК-д өгөх өглөгөөс тухайн төлбөрийг хасаж тооцохыг мэдэгдсэнээс эхлэн маргаан үүссэн. “Эрдэнэс таван толгойн” ордын олборлолтын ажлыг “Х” ХХК нь анх гүйцэтгэсэн ба дэд бүтэц, зам, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг уурхайн эдэлбэр газарт байршуулах, камп, оффисын байр, шатахуун түгээх станц барих гээд эхлэлтийн суурь ажлыг бүгдийг 2013 онд “Х” ХХК бэлтгэж байсан мөн эхний нүүрс ачилтын хүрээнд нүүрсний хуримтлагдсан их овоолго үүссэн, туулах зам хол байх зэргээс хамаараад 2013 оны нүүрс ачилттай холбогдон ихээхэн зардал гарсан ба тухайн үеийн зах зээлийн дагуу зардал, ашгаа тооцон нүүрс ачилтын төлбөрийг 1 тонн тутмыг 3 535.2 төгрөгөөр (НӨАТ-тай) тооцож гүйцэтгэгч компани саналаа өгсний дагуу захиалагч компани нь хүлээн зөвшөөрч ажлыг хийлгүүлж, холбогдох төлбөрийг хүртэл шилжүүлж байсан байдаг. Иймд шинжээч томилсноор хариуцагчийн хүссэн мэдээллийг тогтоох боломжгүй ба “Таван толгойн уурхай”-тай харьцуулах том уурхай, түүнд ашиглагдаж буй техник, гаргаж буй нүүрсний хэмжээ, нүүрсний төрөл (цорын ганц коксжсон нүүрс), нүүрсний үнэ зэрэг нь бусад уурхай, үйл ажиллагаатай харьцуулах боломжгүй, тийм жишиг одоогоор манайд байхгүй. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны 2017 оны 06 дугаар сарын 28-ны албан бичгээр “Хэрэглэгчдийн үнийн индекс тооцох зорилгоор өрхийн хэрэглээнд өндөр жин эзэлдэг 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн мэдээллийг сар бүр цуглуулдаг. Уг бараа, үйлчилгээний сагсанд нүүрс ачилтын үйлчилгээг хамруулаагүй тул нүүрс ачилтын 1 тонн тутмын дундаж үнийн мэдээлэл байхгүй болно”, 2017 оны 06 сарын 29-ний “Евро Азиа Майнз” ХХК-ийн мэдээлэл  зэргээс хариуцагчийн гаргасан хүсэлтийн хувьд шинжээч томилох шаардлагагүй бөгөөд 1 тн нүүрс ачилтын зах зээл дэх дундаж үнэ тогтоогдох боломжгүй гэдэг нь харагдаж байна.

2.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/МА2017/02239 дугаар магадлалын хянавал хэсгийн 6 дахь талын 4 дэх догол мөрөнд “... давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримт эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй ...” гэсэн дүгнэлтийг хийж, магадлалыг гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдол бий болсон байхыг шаардаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ямар тохиолдолд уг хүсэлтийг хангахыг тодорхой заасан байна.

Гэтэл манай тохиолдолд “...нүүрсний үнийг тогтоолгох...” хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй буюу гэрээгээр тохиролцсон, тогтоогдсон мэдээлэл бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хариуцагч өөрөө няцаалтын баримтаа гаргах боломжтой байсан. Нөгөө талаас энэ мэдээлэл нь хувь хүн байгууллагын нууцын асуудал биш, түүнд хамаарахгүй мэдээлэл мөн хэргийн оролцогч хэн аль нь өөрөө тооцоолол хийх, нэн ялангуяа хариуцагч байгууллага өөрөө судалгаагаа хийгээд шүүхэд хүргүүлэх бүрэн боломжтой мэдээлэл юм.

Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрийн тайлбар, татгалзлаа тайлбарлах, түүнийгээ баталсан баримтыг гарган өгөх нь түүний өөрийнх нь асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХК-д холбогдуулан 5 009 287 090.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Х” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Х” ХХК-ийн “Э” ХК-иас авах 5 009 287 090.16 төгрөгийн авлага шаардах эрхийг шилжүүлэн авсан үндэслэлээр хариуцагчаас дээрх төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6., 123.8 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “Х” ХХК, “Э” ХК-ын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ЭТТ-2013/05-36/НТШ-11 дугаартай “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэг уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”,  2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Таван толгойн ордын цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу гүйцэтгэсэн нүүрс ачилтын хөлс 4 902 235 766.16 төгрөг, зайлшгүй шаардлагын улмаас гарсан нэмэлт зардал буюу нүүрсний пүү, саравчны үнэ 107 051 324 төгрөг, нийт 5 009 287 090.16 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь нэг тн нүүрс ачилтын ажлы хөлсийг хэт өндөр үнээр тооцож нэхэмжилсэн, зайлшгүй ажлын зардлын талаар талууд харилцан тохиролцоогүй” гэж маргажээ.   

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нэг тн нүүрс ачилтын үнэ, пүү, саравчны үнийг тогтоолгох”-оор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосноор хэрэгт авагдсан баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Хариуцагчийн гаргасан хүсэлтэд хамаарах нэг тонн нүүрс ачилтын хөлсийг “Э” ХК, “Х” ХХК-иуд нь хоорондын гэрээгээр харилцан тохиролцсон, нүүсний пүү, саравчны ажлын гүйцэтгэлийн зардлыг нэхэмжлэгч нотлох баримтад үндэслэсэн гаргасныг хариуцагч няцаасан үндэслэлээ нотлоогүй бөгөөд шинжээч томилох шалтгаанаа хариуцагч тодорхой үндэслэлд тулгуурлаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг “...нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нүүрс ачилтын дундаж үнийн гаргуулах хүсэлт нь хуульд заасан тусгай мэдлэг шаардагдах асуудлын хүрээнд хамаарахгүй тул шаардлагагүй, шинжээч томилуулах хүсэлт тодорхойгүй...” гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2., 47 дугаар зүйлийн 47.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрд дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар “Э” ХК, “М” түншлэл, түүнийг төлөөлж “Х” ХХК-иудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №ЭТТ-2013/05-36/НТШ-11 дугаартай “Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ тус тус байгуулагдсан, №ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээгээр “...гүйцэтгэгч “Х” ХХК Таван Толгойн ордны цанхийн баруун хэсэгт уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг гэрээний хавсралтад заасан хэмжээгээр хугацаанд нь хийж гүйцэтгэх, захиалагч “Э” ХК хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр, гүйцэтгэгч тал 1м3 уулын цулын ажлыг 8 838 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн саналдаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлж 7954.2 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг захиалагч зөвшөөрч, гэрээг баталж, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... нэмэлт гэрээний Хавсралт 2-ын 2-т “Нүүрсний борлуулалтын явц байдалд тааруулан нүүрсний овоолгын буюу ачилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд, нүүрсний овоолгын ажлын үнэлгээг уулын цулын нэгж үнийн 40 хувиар тооцож бодно” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон байна. /хх 18-22, 108-109/

Гэрээний дагуу 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүрс ачилтын ажил гүйцэтгэгдсэн, ажлын хөлс төлөгдөөгүй, ачсан нүүрсний хэмжээний талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэн нэг тонн нүүрс ачилтын ажлын хөлсийг 3 181.68 төгрөгөөр тооцож нүүрс ачилтын ажлын хөлсийг тодорхойлон, нүүрсний пүү, саравчийг нэхэмжлэгчийн зардлаар барьж, ашиглаж байсан талаар талууд маргаагүй болохыг дүгнэж, тухайн пүү, саравч хийхэд авсан материал, гарсан зардлыг нотлосон баримтыг хариуцагч үгүйсгэж, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 548 359 972.19 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд  байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн үйл баримтад тулгуурлан хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1., 492 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг 492.1 гэж буруу бичсэн байх тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02239 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01464 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492.1 ...” гэснийг “... 492.1.1. ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 899 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД