Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2020/00007

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2020/00007

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум *******, Нарангийн ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1959 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух ******* овгийн / регистрийн дугаар /-д холбогдох ажлын хөлс 10 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.******* нь 2016 оны 04 сараас 2016 оны 07 сар хүртэл З сар Бурхан бумбын амралтын баазад байрлаж амралтын газрын доторхи тохижилтын мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд : 200м2 шалны хуучин банзыг хуулж аваад эргүүлж тэгшилж хадаад дээр нь хар панелыг өнгөлж хадсан, гэрэн байшингийн 8 баганыг тойруулж 70см өндөртэй тааз хийж түүнийгээ тойруулж хана босгосон ба хананы дагуу модоор 4 метрийн шат хийж шатны доор 12м2 тэк хийсэн, цонхны дээд доод тавиур 12ш, гал тогоог тусгаарлаж 2метрийн өндөртэй 4м урттай ханыг модоор босгосон, шатны гоёог сийлбэр гарган хийсэн.

Эхний ажлыг 7 сард хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө нэхэхэд удахгүй мөнгө орж ирнэ гээд хойш тавьсаар жил болсон. Тэгээд сүүлд нь намар нэг адуу өгөхөөр болсон боловч Булган аймгийн ингэт толгойн нутаг руу адуу оторт гарсан тул одоо өгч амжихгүй гэсэн нэрээр өнгөрсөн юм. Хавар нь адуугаа авъя гэтэл шүдлэн байдас өгөхөд л болно гэхээр үнэ тохирохгүй юм байна гэтэл тэгвэл өгдөг газраа өг би юу ч өгч чадахгүй гэсээр 2018 он боллоо. Миний тохирч хийсэн ажлын хөлс нийтдээ 5 сая төгрөг болсон бөгөөд өдийг хүртэл нэг ч төгрөг аваагүй л байгаа билээ. Эдгээр ажлуудыг тус тусад нь үнэлбэл үнэлгээ нь бүр ч илүү болно бөөндөж багцлаад зарим жижиг засварын ажлуудыг үнэлгээнд тооцоогүй болно. Иймээс уг ажлуудын хөлсийг тай эр хүний ёсоор тохирч авч чадахгүй байгаа тул танай байгууллагад хандсан билээ. Уг асуудлыг тунгаан үзээд миний хөдөлмөрийн хөлсийг олгож өгч туслана уу гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Ч.******* миний бие нь хариуцагч Д.ын эзэмшлийн Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбын орон амралтын баазын дотор талын тохижилтыг хийж гүйцэтгэсэн юм.

Би хариуцагч Ч.аас миний ажлын хөлсийг тооцож төлбөрийг өгөхийг хүсэхэд надад юу ч өгөхгүй гэсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж, ойролцоогоор 5 сая төгрөг нэхэмжилсэн болно. Учир нь миний хийсэн ажлын хөлсийг яг тэд болно гэж тохиролцсон зүйлгүй байсан ба надад хэлэхдээ та бүгдийг нь хийчих би ажлын хөлсийг чинь хангалттай өгнө, хамгийн гол нь гоё сайхан хийх ёсто гэсэн болохоор нь хэлснээр нь бүгдийг нь хийж гүйцэтгэсэн юм. Гэвч өгөхгүй байсаар бараг 2 жил өнгөрсөн тул шүүхэд хандаж, хийсэн ажлаа мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 10 800 000 төгрөгөөр үнэлсэн болно. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 5 800 000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч Д.аас нийт 10 800 000 төгрөг нэхэмжилж байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч.*******тай харилцан тохиролцож Бумбын орон амралтын ресортанд Ч.*******ын нэхэмжлэлд дурдсан ажлууд дээр нэмээд шат, шатны бариул, цонхны тавцан зэргийг модны лакаар лакдах ажлуудыг хийлгэх байсан. Бүх ажлуудыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон ба 5 сая төгрөг гэж огт тохиролцоогүй. Энэ талаар гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаанд ийм, тийм мөнгө хэрэгтэй боллоо гэж тохирсон ажлын хөлснөөсөө цувуулан авсаар ажлын хөлсөө авч дуусгасан. Хөлсийг Ч.******* болон түүний дагуулан ирж ажиллаж байсан н.Даваасүрэн, түүний эхнэр Н.Оюунчимэг нарт хүлээлгэн өгч энэ талаар баримт үйлдсэн болно. Мөн хийх ёстой ажлыг бүрэн хийж дуусгаагүй бөгөөд үйлдсэн жижиг ажлуудыг орхисныг би өөрөө хийсэн. Харин нэхэмжлэгч нь хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөлгүй явсан. Ямар нэгэн байдлаар адуу өгнө гэж огт ярьж байгаагүй болно. Иймд Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. нь Ч.*******ын хүсэлтийн дагуу ажил, орлогогүй байсан тул харилцан ярилцаад 1 сая 200 мянган төгрөгөөр амаар тохиролцож, ажил хийх тухай ярилцсан байдаг. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тохиролцож, урьдчилгаа авсан ба цөөн хоног ажлаад 2016 оны ******* дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллаагүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөлгүй дутуу орхиод Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар ажлаа явсан байдаг. Нэхэмжлэгч Ч.******* нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, мөн өдөр дахин 200 000 төгрөг, ******* дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, ******* дугаар сарын *******-ны өдөр бэлэн мөнгөөр 200 000 төгрөг, хоолны материал гэж 24 000 төгрөгний үнэ бүхий гурил, тос, ******* дугаар сарын 07-ны өдөр 100 000 төгрөг тус тус хүлээн авсан байдаг. Ийнхүү сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар яваад эргэж ирээгүй ба хариуцагч нь түүний дутуу орхисон хийгээгүй ажлуудыг өөрөө хийж дуусгасан гэдэг. Ажлын хөлсийг бүрэн төлсөн хэдий ч гэрээ бичгээр байгуулаагүй тул Д. нь буцааж нэхэмжлэх боломжгүй гэдгээ ойлгоод шүүхэд хандаж мөнгөө эргүүлэн нэхэх боломжгүй болсон. Иймээс Ч.*******ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон анхны шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Д.т холбогдуулан ажлын хөлс 10 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.

Ч.******* 2016 оны 04 сараас 2016 оны 07 сар хүртэл З сарын хугацаанд Д.ын эзэмшлийн Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбын орон амралтын баазын дотор талын тохижилтыг хийж гүйцэтгэсэн буюу тааз, шалыг шинээр хийж, сийлбэр гарган хана, тейк хийж, цонхны дээд доод тавиур, гал тогоог тусгаарлаж ханыг модоор босгох ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Далайван Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч ажил гүйцэтгэх тохиролцоо талуудын хооронд үүссэн тухайд маргаагүй.

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч ажлын хөлсийг 5 000 000 төгрөгөөр, хариуцагч 1 200 000 төгрөгөөр тохирсон гэж хэлэлцэн тохирсон хөлсний талаар маргаж байгаа.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч Бумбын орон амралтын баазын дотор талын тохижилтыг хийж гүйцэтгэсэн буюу тааз, шалыг шинээр хийж, сийлбэр гарган хана, тейк хийж, цонхны дээд доод тавиур, гал тогоог тусгаарлаж ханыг модоор босгох ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг бий болгосон байх тул ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох ёстой.

Ч.*******, Д. нар ажил гүйцэтгэсний хөлсийг өөр өөрөөр тодорхойлж байх тул шүүх гүйцэтгэсэн ажлын шинж чанарыг тухайлбал хэрэгт авагдсан фото зурагт үндэслэн сийлбэрийн хийц, Донойн бар ХХК-ийн мужаан цехэд мөрддөг үнийн тариф, урчуудын уран бүтээлийн үнэлгээ, үнэлгээчний үнэлсэн үнэлгээ зэргийг харьцуулан үзэж ажлын хөлсийг нэхэмжлэгчийн анх тодорхойлсон 5 000 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч кассын зарлагын ордер дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргасан боловч тэрээр энэ тайлбартайгаа холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.аас 1 200 000 төгрөгийг хоол, хүнс авахад зориулж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Дээрхи 5 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 1 200 000 төгрөгийг хасч үлдэх 3 800 000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Далайван Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 10 800 000 гэж тодорхойлсон боловч дээрхи дүгнэлт нь дангаараа талуулын хэлэлцэн тохирсон хөлсийг тодорхойлж чадахгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардалд Орхон аймгийн Шүүхийн тамгын газраас төлсөн зардал 300 000 / 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2179 дүгээр захирамжийн дагуу төлсөн хөлс / төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 344 дүгээр зүйлийн 344.2.-д заасныг баримтлан хариуцагч Д.аас 3 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.аас 300 000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА