Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 30

 

 

Ч.Бын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Бт холбогдох,

“Ажлын хөлс 10.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Б нь 2016 оны 04 сараас 2016 оны 07 сар хүртэл З сар Бурхан бумбын амралтын баазад байрлаж амралтын газрын доторхи тохижилтын мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд 200м2 шалны хуучин банзыг хуулж аваад эргүүлж тэгшилж хадаад дээр нь хар панелыг өнгөлж хадсан, гэрэн байшингийн 8 баганыг тойруулж 70см өндөртэй тааз хийж түүнийгээ тойруулж хана босгосон ба хананы дагуу модоор 4 метрийн шат хийж шатны доор 12м2 тэк хийсэн, цонхны дээд доод тавиур 12ш, гал тогоог тусгаарлаж 2метрийн өндөртэй 4м урттай ханыг модоор босгосон, шатны гоёог сийлбэр гарган хийсэн. Эхний ажлыг 7 сард хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө нэхэхэд удахгүй мөнгө орж ирнэ гээд хойш тавьсаар жил болсон. Тэгээд сүүлд нь намар нэг адуу өгөхөөр болсон боловч Булган аймгийн ингэт толгойн нутаг руу адуу оторт гарсан тул одоо өгч амжихгүй гэсэн нэрээр өнгөрсөн юм. Хавар нь адуугаа авъя гэтэл шүдлэн байдас өгөхөд л болно гэхээр үнэ тохирохгүй юм байна гэтэл тэгвэл өгдөг газраа өг би юу ч өгч чадахгүй гэсээр 2018 он боллоо. Миний тохирч хийсэн ажлын хөлс нийтдээ 5 сая төгрөг болсон бөгөөд өдийг хүртэл нэг ч төгрөг аваагүй л байгаа билээ. Эдгээр ажлуудыг тус тусад нь үнэлбэл үнэлгээ нь бүр ч илүү болно бөөндөж багцлаад зарим жижиг засварын ажлуудыг үнэлгээнд тооцоогүй болно. Иймээс уг ажлуудын хөлсийг Батбаяртай эр хүний ёсоор тохирч авч чадахгүй байгаа тул танай байгууллагад хандсан билээ. Уг асуудлыг тунгаан үзээд миний хөдөлмөрийн хөлсийг олгож өгч туслана уу гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

Ч.Б миний бие нь хариуцагч Д.Бын эзэмшлийн Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбын орон амралтын баазын дотор талын тохижилтыг хийж гүйцэтгэсэн юм. Би хариуцагч Ч.Б-аас миний ажлын хөлсийг тооцож төлбөрийг өгөхийг хүсэхэд надад юу ч өгөхгүй гэсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж, ойролцоогоор 5 сая төгрөг нэхэмжилсэн болно. Учир нь миний хийсэн ажлын хөлсийг яг тэд болно гэж тохиролцсон зүйлгүй байсан ба надад хэлэхдээ та бүгдийг нь хийчих би ажлын хөлсийг чинь хангалттай өгнө, хамгийн гол нь гоё сайхан хийх ёсто гэсэн болохоор нь хэлснээр нь бүгдийг нь хийж гүйцэтгэсэн юм. Гэвч өгөхгүй байсаар бараг 2 жил өнгөрсөн тул шүүхэд хандаж, хийсэн ажлаа мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 10.800.000 төгрөгөөр үнэлсэн болно. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 5.800.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч Д.Баас нийт 10.800.000 төгрөг нэхэмжилж байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч.Бтай харилцан тохиролцож Бумбын орон амралтын ресортанд Ч.Бын нэхэмжлэлд дурдсан ажлууд дээр нэмээд шат, шатны бариул, цонхны тавцан зэргийг модны лакаар лакдах ажлуудыг хийлгэх байсан. Бүх ажлуудыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон ба 5 сая төгрөг гэж огт тохиролцоогүй. Энэ талаар гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаанд ийм, тийм мөнгө хэрэгтэй боллоо гэж тохирсон ажлын хөлснөөсөө цувуулан авсаар ажлын хөлсөө авч дуусгасан. Хөлсийг Ч.Б болон түүний дагуулан ирж ажиллаж байсан н.Даваасүрэн, түүний эхнэр Н.Оюунчимэг нарт хүлээлгэн өгч энэ талаар баримт үйлдсэн болно. Мөн хийх ёстой ажлыг бүрэн хийж дуусгаагүй бөгөөд үйлдсэн жижиг ажлуудыг орхисныг би өөрөө хийсэн. Харин нэхэмжлэгч нь хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөлгүй явсан. Ямар нэгэн байдлаар адуу өгнө гэж огт ярьж байгаагүй болно. Иймд Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Б нь Ч.Бын хүсэлтийн дагуу ажил, орлогогүй байсан тул харилцан ярилцаад 1.200.000 төгрөгөөр амаар тохиролцож, ажил хийх тухай ярилцсан байдаг. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тохиролцож, урьдчилгаа авсан ба цөөн хоног ажлаад 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллаагүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөлгүй дутуу орхиод Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар ажлаа явсан байдаг. Нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, мөн өдөр дахин 200 000 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 06 дугаар сарын 06-ны өдөр бэлэн мөнгөөр 200 000 төгрөг, хоолны материал гэж 24 000 төгрөгний үнэ бүхий гурил, тос, 06 дугаар сарын 07-ны өдөр 100 000 төгрөг тус тус хүлээн авсан байдаг. Ийнхүү сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар яваад эргэж ирээгүй ба хариуцагч нь түүний дутуу орхисон хийгээгүй ажлуудыг өөрөө хийж дуусгасан гэдэг. Ажлын хөлсийг бүрэн төлсөн хэдий ч гэрээ бичгээр байгуулаагүй тул Д.Б нь буцааж нэхэмжлэх боломжгүй гэдгээ ойлгоод шүүхэд хандаж мөнгөө эргүүлэн нэхэх боломжгүй болсон. Иймээс Ч.Бын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон анхны шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 344 дүгээр зүйлийн 344.2.-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас 3.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас 300.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Д.Б нар харилцан тохиролцосны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж ажлын хөлсийг 1.200.000 төгрөгөөр, ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс гүйцэтгэх ажлыг дуусах хүртэлх хугацаанд хийхээр тохиролцсон. Гэтэл Ч.Б нь ажлын эхний өдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдрөөс урьдчилгаа 200.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, тус өдрөө нэмж 200.000 төгрөг, 06 дугаарс сарын 04-ний өдөр 300.000 төгрөг, 06 дугаар сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 06 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөг зэргээр нийт 1.300.000 төгрөгийг Д.Баас авсан. Улмаар хийж гүйцэтгэх ажиллаа хагас дутуу орхин 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өөрийн дэмждэг Ардчилсан намын сонгуульт ажлаа хийх болсон ба Д.Б нь өөрөө үлдсэн ажлаа хийж дуусгасан юм. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүйг өөртөө давуу байдал үүсгэн анх хэлэлцэн тохирсон ажлын үнэ хөлсийг 5.000.000 төгрөг мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийд вэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар Д.Б нь Ч.Бтай амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж тохирсон хөлсийг Ч.Быг ажил гүйцэтгэч байх хугацаанд олгосон, Ч.Бодбаатарын үлдээсэн ажлыг өөрөө дуусгасан зэрэг хууль зүйн факт байсаар байтал шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн татгалзлыг орхигдуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь илт үндэслэлгүй шийдвэр болсон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас 300.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлхээр хуульчилсан байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу бүхэлд нь хангаагүй байтал хариуцагчаас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль ёсны болж чадаагүйн байна. Учир нь нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа 5.000.000 төгрөгөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 10.800.000 төгрөг болгосон. Гэтэл анхан шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анх шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан мэтээр хариуцагчаас шүүхийн зардлыг бүхэлд нь гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нээмжлэгч Ч.Б нь хариуцагч Д.Баас ажлын хөлс 10.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл Д.Бын эзэмшлийн Булган аймаг, Хангал сумын нутагт байрлах “Бумбын орон” амралтын баазын дотоод тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр түүнтэй тохиролцсон байна.

Талууд тухайн ажлыг гүйцэтгэх болон ажил гүйцэтгэсний хөлсний талаар бичгийн гэрээ байгуулаагүй амаар ярилцан тохиролцжээ. Харин ажил гүйцэтгэсний хөлсийг нэхэмжлэгч 5.000.000 төгрөгөөр хариуцагч 1.200.000 төгрөгөөр тохирсон гэж маргалдаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ч.Б нь “Бумбын орон” амралтын газрын доторхи мужааны ажлыг 2016 оны 04 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэхдээ шалны хуучин банзыг хуулж аваад тэгшилж дээр нь панелаар өнгөлсөн, гэр байшингийн 8 ширхэг баганыг тойруулж 70 см өндөртэй тааз хийж тойруулан хана босгосон, хана дагуу шат хийж түүний дор тек хийсэн, шатны гоёл хийж сийлбэр гаргасан, цонхны дээд, доод 12 ширхэг тавиур хийж гүйцэтгэсэн. Миний тохирч хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нийтдээ 5.000.000 төгрөг болсон. Ажил хийж гүйцэтгэх хугацаандаа хоолны зардалд 1.200.000 төгрөг авсан гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн ба ажлын үр дүн хэрэгт авагдсан фото зураг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хариуцагч Д.Б нь ажлын хөлсийг 5.000.000 төгрөгөөр тохироогүй, хөлсийг төлж 1.200.000 төгрөг өгсөн, ажлаа дуусгаагүй явсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй боловч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн зохигчид ажил гүйцэтгэсний хөлсийг өөрөөр тодорхойлж буй тул шүүх гүйцэтгэсэн ажлын үр дүн хэрэгт авагдсан фото зурагт үндэслэн сийлбэрийн хийц, “Донойн бар” ХХК-ийн мужааны цехэд мөрддөг үнийн тариф, урчуудын эвлэлийн уран бүтээлийн үнэлгээ, үнэлгээчний үнэлгээ зэргийг харьцуулан үзэж ажлын хөлсийг анх тодорхойлсон 5.000.000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн анх нэхэмжилсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 75.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ