Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01270

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

Д.Б-т холбогдох,

 

Ажлын хөлс 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2016 оны 4 сараас 2016 оны 7 сар хүртэл 3 сар Бурхан бумбын орон амралтын баазад байрлаж амралтын газрын доторх тохижилтын мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд: 200м2 шалны хуучин банзыг хуулж аваад эргүүлж тэгшилж хадаад дээр нь хар панелыг өнгөлж хадсан, гэрэн байшингийн 8 баганыг тойруулж 70 см өндөртэй тааз хийж түүнийгээ тойруулж хана босгосон ба хананы дагуу модоор 4 метрийн шат хийж шатны доор 12м2 тейк хийсэн, цонхны дээд доод тавиур 12 ш, гал тогоог тусгаарлаж 2 метрийн өндөртэй 4м урттай ханыг модоор босгосон, шатны гоёог сийлбэр гарган хийсэн. Эхний ажлыг 7 сард хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө нэхэхэд удахгүй мөнгө орж ирнэ гээд хойш тавьсаар жил болсон. Тэгээд сүүлд нь намар нэг адуу өгөхөөр болсон боловч Булган аймгийн ингэт толгойн нутаг руу адуу оторт гарсан тул одоо өгч амжихгүй гэсэн нэрээр өнгөрсөн юм. Хавар нь адуугаа авъя гэтэл шүдлэн байдас өгөхөд л болно гэхээр нь үнэ тохирохгүй юм байна гэтэл тэгвэл өгдөг газраа өг би юу ч өгч чадахгүй гэсээр 2018 он боллоо. Миний тохирч хийсэн ажлын хөлс нийтдээ 5 сая төгрөг болсон бөгөөд өдийг хүртэл нэг ч төгрөг аваагүй л байгаа билээ. Эдгээр ажлуудыг тус тусад нь үнэлбэл үнэлгээ нь бүр ч илүү болно бөөндөж багцлаад зарим жижиг засварын ажлуудыг үнэлгээнд тооцоогүй болно. Иймээс уг ажлуудын хөлсийг Батбаяртай эр хүний ёсоор тохирч авч чадахгүй байгаа тул танай байгууллагад хандсан билээ. Уг асуудлыг тунгаан үзээд миний хөдөлмөрийн хөлсийг олгож өгч тусална уу гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...******* миний бие нь хариуцагч*******ын эзэмшлийн Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбын орон амралтын баазын дотор талын тохижилтыг хийж гүйцэтгэсэн юм. Би хариуцагч*******аас миний ажлын хөлсийг тооцож төлбөрийг өгөхийг хүсэхэд надад юу ч өгөхгүй гэсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж, ойролцоогоор 5 сая төгрөг нэхэмжилсэн болно. Учир нь миний хийсэн ажлын хөлсийг яг тэд болно гэж тохиролцсон зүйлгүй байсан ба надад хэлэхдээ та бүгдийг нь хийчих би ажлын хөлсийг чинь хангалттай өгнө, хамгийн гол нь гоё сайхан хийх ёстой гэсэн болохоор хэлснээр нь бүгдийг нь хийж гүйцэтгэсэн юм. Гэвч өгөхгүй байсаар бараг 2 жил өнгөрсөн тул шүүхэд хандаж, хийсэн ажлаа мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 10,800,000 төгрөгөөр үнэлсэн болно. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 5,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч*******аас нийт 10,800,000 төгрөг нэхэмжилж байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2016.5.09-ний өдөр *******тай харилцан тохиролцож Бумбын орон амралтын ресторанд *******ын нэхэмжлэлд дурдсан ажлууд дээр нэмээд шат, шатны бариул, цонхны тавцан зэргийг модны лакаар лакдах ажлуудыг хийлгэх байсан. Бүх ажлуудыг 2016.5.10-ны өдрөөс 2016.6.10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсийг 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон ба 5 сая төгрөг гэж огт тохиролцоогүй. Энэ талаар гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаанд ийм, тийм мөнгө хэрэгтэй боллоо гэж тохирсон ажлын хөлснөөсөө цувуулан авсаар ажлын хөлсөө авч дуусгасан. Хөлсийг ******* болон түүний дагуулан ирж ажиллаж байсан н.Даваасүрэн, түүний эхнэр Н.Оюунчимэг нарт хүлээлгэн өгч энэ талаар баримт үйлдсэн болно. Мөн хийх ёстой ажлыг бүрэн хийж дуусгаагүй бөгөөд үлдсэн жижиг ажлуудыг орхисныг би өөрөө хийсэн. Харин нэхэмжлэгч нь хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөлгүй явсан. Ямар нэгэн байдлаар адуу өгнө гэж огт ярьж байгаагүй болно. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 344 дүгээр зүйлийн 344.2.-т заасныг баримтлан хариуцагч*******аас 3,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан хариуцагч*******аас 300,000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 75,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******ын нэхэмжлэлтэй*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 30 дугаартай магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй тухайд: Нэхэмжлэгч хариуцагч нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээг байгуулхад хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэх ажил болон хөлсийг тохирсон. Тодруулбал гүйцэтгэх ажилд Бумбын орон амралтын баазын дотоод тохижилтыг, ажлын хөлсөнд 1,200,000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэтэл ******* нь гэрээнд тусгасан ажлыг дур мэдэн орхиж өөрийн дэмждэг намын сонгуулийн зар сурталчилгааны ажлыг хийж явсан бөгөөд дутуу орхисон ажлыг******* нь өөрөө дуусгасан. Харин тохирсон үнэ хөлсийг******* нь *******т ажил эхэлсэн үеэс буюу 2016.5.10-ны өдөр урьдчилгаа 200,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, тус өдрөө нэмж 200,000 төгрөг, 6 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг зэргээр нийт 1,300,000 төгрөгийг өгсөн. Гэтэл ******* нь ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсныг өөртөө давуу байдал болгон ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирсон мэт шүүхэд нэхэмжлэл гаргаж цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 5,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасныг шүүх хэрэглэхгүйгээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнг хүлээлгэж өгөлгүй орхиж явсан ба үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарахгүй байгаа нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг татгалзлалаа нотолж чадаагүй гэх боловч уг хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь бичгээр болон шүүх хуралдааны явцад гэрээний ажлын хөлсний талаар тохиролцоогүй тухай тайлбараа өгсөөр байхад уг тайлбарыг хариуцагчийн татгалзлалын үндэслэл нотлогдоогүй гэх байдлаар нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2, 40.3-т заасныг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 30 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь ...тохирсон ажлыг гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө төлөөгүй гэж марган, хариуцагч*******аас ажлын хөлс 10,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч*******аас 3,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, хариуцагч******* гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь*******тай харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд түүний эзэмшлийн Булган аймаг, Хангал сумын нутагт байрлах Бумбын орон амралтын баазын хоолны газрын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн, тодруулбал нэхэмжлэгч нь тухайн баазын хоолны газрын тааз, шалыг шинээр хийж, сийлбэр гарган хана, тейк, мөн цонхны дээд доод тавиурыг хийсэн, гал тогоог тусгаарлаж, модоор хана босгох зэрэг ажлуудыг хийсэн болох нь тогтоогдсон байна.

 

Зохигч ажил гүйцэтгэх талаар бичгийн гэрээ байгуулаагүй ба ажил гүйцэтгэх тохиролцоо хийсэн тухайд маргаагүй, харин нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр, хариуцагч 1,200,000 төгрөгөөр тохирсон гэж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг тогтоолгохоор Далайван Аудит ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлсийг 10,800,000 төгрөг гэж тогтоожээ.

 

Нэхэмжлэгч ******* анх ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 10,800,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн, шүүхүүд ...шинжээчийн дүгнэлт нь дангаараа талуудын тохирсон ажлын хөлсийг тодорхойлж чадахгүй гэж дүгнэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох зохигчийн тайлбар, Донойн бар ХХК-ийн мужаан цехэд мөрддөг үнийн тариф, урчуудын уран бүтээлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан зурган мэдээлэл зэргийг үнэлж, ажлын хөлсийг нэхэмжлэгчийн анх тодорхойлсон 5,000,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчид 1,200,000 төгрөг өгсөн, ажлаа дуусгаагүй явсан... гэж маргасан боловч татгалзлын энэ үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт буруу биш, хоёр шатны шүүх ...нэхэмжлэгч *******ын нэхэмжилж буй 5,000,000 төгрөгөөс ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчид өгсөн 1,200,000 төгрөгийг хасч, үлдэх 3,800,000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасантай нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00007 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН